Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Д.Лхагвын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 153/ШШ2018/00688 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо, 53 дугаар байрны 138 тоотод оршин суух, Цэцэгт олхонод овогт Дамдиндоржийн Лхагвын нэхэмжлэлтэй, хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Лхагва түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал,/онлайнаар/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхчиг түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага:Гэм хорын хохирол 8,594,031 төгрөг гаргуулах үндсэн шаардлагатай, 5,083,450 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагатай, нийт 13,677,481 төгрөг гаргуулах тухай .

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний хүүхэд цэрэгт татагдахдаа эмчийн үзлэгээр ороод, эрүүл явсан. Нэг жилийн хугацаанд цэргийн алба хаасан. Эхний 3-4 сар цэргүүдийнхээ дунд явсан. Магнайбаяр гэдэг офицер 12 сарын сүүлээр согтуу орж ирж зодсон. Цэргийн штабын ба рапортын дэвтэр дээр бичигдсэн. Наад хүмүүс чинь мэдэж байгаа. Түүнийг одоо хүртэл нуун дарж байгаа. Түүнийг зөндөө олон цэргүүд мэдэж байгаа. Офицерүүд нь утсаар хүртэл цэргүүдийг дарамталсан байсан. Түүнийгээ надад хэлсэн. Ингэж явсаар байгаад өнөөдрийг хүрч байна. Би эрүүл хүүхэд цэрэгт явуулсан. Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр ороод, эрүүл гэж тэнцсэн. Цэрэгт яваад өвчтэй болсон....2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,900 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Солонгос улс руу 3 сарын курс эмчилгээ 1233 доллар болсон бөгөөд нэг долларыг 1450 төгрөгөөр тооцож 1,787,850 төгрөг, Орхоноос Баян-Өндөр лүү хоёр хүний тасалбар 30,400 төгрөг, галт тэрэгний тасалбарын үнэ 24,600 төгрөг, өмгөөлөгч Ж.Энхжаргалд өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улмын тэмдэгтийн хураамж 316,900 төгрөг, Ховд аймгаас Улаанбаатар хот руу яваад, буцаж ирсэн автобусны зардал 132,000 төгрөг, өмгөөлөгч Ц.Даваасүрэн онгоцоор Дээд шүүхийн хуралд оролцсон онгоцны тийзний үнэ 346,800 төгрөг, Ц.Даваасүрэн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсөнд төлсөн 600,000 төгрөг, эрүүгийн хэргээс бүх материалыг хуулбарлаж авахад төлсөн 40,000 төгрөг, өмгөөлөгч Ж.Энхжаргалд сүүлийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцоход төлсөн 240,000 төгрөг, Улаанбаатар хотоос Ховд аймагт ирсэн автобусны тийзний үнэ 71,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,400 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Үлэмж өнгө ХХК Солонгос хэлнээс орчуулга хийлгэсэн баримт үнэ 15,500 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Мед эмнэлэгт хийлгэсэн шинжилгээний дүгнэлтийн үнэ 60,000 төгрөг, 2013 оны 01 сарын 15-наас 01 сарын 25-ны өдөр Улаанбаатараас Солонгос улс руу зорчсон билетний үнэ 1,206,752 төгрөг, 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 01 дүгээр сарын 22-ны өдрийн Солонгос улсад эмнэлэгт байсан эмчилгээний зардал 5,761,779 төгрөг /1 вон-1 төгрөг 64 мөнгө/, солонгос хэлнээс орчуулга хийлгэсэн баримтын үнэ 25,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Сонгдо эмнэлгийн үзлэг эмчилгээний төлбөр 16,000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр эмнэлгийн хэрэгсэл багаж тоног төхөрөөмж нийлүүлэх газраас авсан Шунт бэлэн мөнгөний орлогын баримт 180,000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ганжин эмнэлэгт тархины цахилгаан бичлэг хийлгэсэн баримт 30,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Ганжин эмнэлэгт тархины цахилгаан бичлэг хийлгэсэн баримт 30,000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 04-ний өдрийн Энх ундарга эмнэлэгт нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн баримт 355,000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 28-наас 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл сахиурын зардал бэлэн мөнгөний орлогын баримт 355,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын дүгнэлт гаргуулсан орлогын баримт 30,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Улсын Дээд шүүхийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн өмгөөллийн хөлс 350,000 төгрөг, Д.Лхагва болон Дарьсүрэн нарын автобусны билет 132,000 төгрөг, Лхасүрэнгийн Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд явсан автобусны билет 66,000 төгрөг, Солонгос улсаас эмчилгээ хийлгэж байсан гэх баримтууд авахуулсан 11,000 төгрөг, нийт 13,677,481 төгрөгийгнэхэмжилж байна....Сүүлд надад нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн чинь материалууд алга байна гэж хэлсэн. Улсын дээд шүүх дээр ирээд Нямцэрэн өмгөөлөгч чи юу нэхэмжлээд байгаа юм бэ. Чиний материал алга байна. Чиний жагсаалтад бичсэн материалууд алга байна гэж хэлсэн. Тэгээд би хөөцөлдөж эхэлсэн.Зарим нь өмнөх иргэний хэргийн шүүх хуралдаанаас хойш гарсан зардал байгаа. Мөн Улаанбаатар хотоос Эрдэнэт рүү явсан зардал 49,200 төгрөг гэж бичсэн. Энэ нь 24,600 төгрөг юм. Түүнийг бас залруулж байна...13,677,481 төгрөгөөс 24,600 төгрөгийг хасаад 13,652,881 төгрөг болгож,нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Манайх шүүхийн шийдвэрийн дагуу 3.900.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Лхагвын данс руу шилжүүлсэн. Нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 153/ШШ2018/00688 дугаар шийдвэрээр:” 1. Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.2, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Лхагвын нэхэмжлэлтэй, хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдох гэм хорын хохирол 13,652,881 /арван гурван сая зургаан зуун тавин хоёр мянга найман зуун наян нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Лхагвын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,747 /хоёр зуун дөчин найман мянга долоон зуун дөчин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ. 

 

  Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана хуулийн дагуу Зэвсэгт хүчний 123 дугаар анги хариуцан арилгах үүрэгтэй байхад Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Лхагва нь хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдуулан гэм хорын хохиролд 8.594.031 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 5.083.450 төгрөгөөр нэмэгдүүлж, 13.677.481 төгрөгийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 13.652.881 төгрөг гаруулахыг шаарджээ.  Шүүх нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийвэрлэснийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

 Хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар анги нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн үндсэн шаардлагаар гэм хорын хохиролд 16 төрлийн 8.594.031 төгрөг  гаргуулах тухай шаардлага гаргаж, /1 дүгээр хх-ийн 2-5 дугаар тал /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 13 төрлийн шаардлага буюу 5.083.450 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлж, /1 дүгээр хх-ийн 246-248 дугаар тал/ 13.677.481 төгрөгийн шаардалага гаргасан байх ба шүүх хуралдаанд шаардлагаа багасгаж 13.652.881 төгргийг хариуцагч Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас гаргуулах тухай шаардлага гаргасан гэж тайлбарласан байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан дараах журмыг зөрчжээ. Үүнд:

1.Нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 5.083.450 төгрөгөөр нэмэгдүүлсэн тухай шаардлага гаргажээ. Шүүх уг нэмэгдүүлсэн шаардлагыг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр    тэмдэглэгээ хийж дардас дарж бүртгэж хүлээн авсан байна./1 дүгээр хх-ийн 246-248 дугаар тал/  Шүүх  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч талд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гардуулсан талаарх баримт нэгдүгээр хавтас хэргийн 250 дугаар талд авагджээ.

Анхан шатны шүүх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг гардуулснаас хойш  хуульд зааснаар 14 хоног болоогүй байхад буюу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдаан хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн,эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх” үүргээ биелүүлэх боломжоор хангаагүй байхаас гадна түүний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1.-д заасан эрхийг зөрчжээ.

            2.Шүүх нэхэмжлэгчийн үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэхдээ шаардлагын үндэслэлийг зөв тодорхойлоогүй байна.Тодруулбал,  хариуцагчаас гэм хорын хохирол 13.652.881 төгрөг гаргуулахаар шаардаж буй шаардлагын үндэслэл, шалтгаан, зорилго үр дагавар зэргийг тодоруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй  байна.

            Шүүх нэхэмжлэгчээс 13.652.881 төгрөгийг ямар үндэслэлээр хариуцагчаас шаардаж байгааг тухайн шаардлагыг нэрлэн заасан төрөл тус бүрээр нэг бүрчлэн тодруулаагүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч Д.Лхагвын хүү Л.Лхаасүрэн нь 2011 оны 10 сараас 2012 оны 10 дугаар сарын хооронд хугацаат цэргийн алба хаасан ба цэргээс халагдахад “усан тэнэгрэл” оноштой сэтгэцийн өвчтэй болсны улмаас Улаанбаатар, Орхон, Солонгос улсад эмчилгээ хийлгэсэн боловч биеийн байдал нь сайжрахгүй улмаар 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нас барсан бөгөөд 2017 онд гэм хорын хохиролыг Зэвсэгт хүчний 123 дугаар ангид холбогдуулан нэхэмжилж 3 шатны шүүхийн шийдвэр гарсан, гэхдээ одоо нэхэмжилж байгаа гэм хорын хохирол 13.652.881 төгрөгийн баримт урьд нь шүүхээр шийдвэлэсэн баримтуудтай давхардахгүй байгаа талаар тайлбарлажээ.

 Шүүх нэхэмжлэгчийн шаардаж буй гэм хорын хохиролыг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эсэх, дээрх үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрийг    тодруулаагүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлгчийн дээрх хоёр шаардлагын үндэслэл, шалтгаан, зорилго үр дагаварыг тус бүрийг нэг бүрчлэн нягтлан тодруулах байжээ.

Иймд   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3.-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа тул маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226.338 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгох нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 153/ШШ2018/00688 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Лхагвын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226.338 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.НЯМБАЯР

          

                                            ШҮҮГЧИД                                  Б.ДАМБА

                                   

                                                                                               Н.ТУЯА