Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2021/02691

 

 

2021 оны 11 сарын 2*** өдөр         Дугаар 18***/ШШ2021/02691          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 4 дүгээр байр, 00 дугаар тоотод оршин суух Б овогт Б.А /РД:ФБ00000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан- Уул дүүрэг, 17 дугаар хороо, Кинг тауэр 000 дугаар байр 000 тоотод оршин суух Б овогт Д.Л/РД:ЦА00000000/-д холбогдох,

500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагч Д.Л нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Б.А нь байр худалдана гэсэн зарын дагуу 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Д.Л-тэй уулзсан. Д.Л нь тухайн үед худалдах гэж буй байр болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо *** байрны *** тоот нь өөрийнх нь өмчлөлийн байр, урьдчилгаа ***0,000,000 төгрөг төлөөд үлдэгдэл төлбөрийг хувь лизингээр төлж болно мөн бид одоо нүүх гэж байгаа тул мөнгө хэрэгтэй байна 500,000 төгрөг өнөөдөр яаралтай шилжүүлээд төлөх урьдчилгаа ***0,000,000 төгрөгөөсөө хасчих гэсний дагуу тус өдөр 500,000 төгрөгийг Д.Л-гийн Хаан банкны 0000000000 тоот дансанд шилжүүлж маргааш өдөр нь буюу 11-ний өдөр уулзаж урьдчилгаа ***0,000,000 төгрөгөө өгөхөөр тохиролцсон. Ингээд 11-ний өдөр Д.Л-г үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа аваад ирээрэй мөн гэрээ байгуулна гэхэд Д.Л нь маш их уурлаж гэрээ байгуулахгүй, ямар ч бичиг баримт үзүүлэхгүй гэж сүүлдээ энэ миний хүүгийн байр, байр барьцаанд байгаа дуугүй ***0,000,000 төгрөгөө өг би банкинд өрөө төлөх гээд байна гэж зүй бус авирласан тул би ***0,000,000 төгрөгөө өгөхөөс татгалзаж өмнөх өдөр нь өгсөн 500,000 төгрөгөө авъя гэхэд хэл амаар доромжлон буцаан өгөөгүй. Иймд Д.Л нь өөрийн өмчлөлийн байр худалдана, нүүх гэж байна миний мөнгийг авч өөрийн банкны өрөө төлөх сэдэлтэй байсан нь илэрхий болсон тул байрыг худалдаж авахаас татгалзсан. Мөн энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст Д.Л-д иргэн 500,000 төгрөг өгч залилуулсан гэж гомдол гаргасан өргөдлийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгаад Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0000 тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Иймд Д.Л нь 500,000 төгрөгийг одоо хүртэл буцааж өгөхгүй байгаа тул Д.Л-д шилжүүлсэн 500,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийн хамт гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү... гэв.

Хариуцагч Д.Л шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие анх өөрийн байраа зарахаар 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр зар сонин дээр зар тавьсан. Би тухайн үед гэртээ хэвтэрт байсан болохоор нэхэмжлэгчийг зарын дагуу над руу залгаж асуухаар нь манай эмчтэй яриад очоод үзчих гээд хэлсэн. Манай эмчтэй уулзахдаа хоёулаа орж ирж харчихаад гоё байр байна авъя авъя шууд сулла гэж хэлсэн гэсэн. Манай эмч шууд суллана гэж байхгүй, энд үйл ажиллагаа явуулдаг, бид нар суллаж өгөөд та нар авахгүй бол яах вэ, бид нар та нарыг танихгүй гэж хэлэхэд. Тэгвэл нүүлгэлтийн урьдчилгаа 500,000 төгрөг хийчихье гэхээр нь данс өгсөн. Над руу нүүлгэлтийн урьдчилгаа мөнгө хийчихлээ гэсэн би таны мөнгийг хүлээж авлаа, бид нар байраа суллаж өгсөн. Тэгээд би нэг дэх өдөр н.Б-той нотариат дээр уулзахаар тохиролцсон. Нотариат дээр ирээд н.Б руу залгасан чинь утсаа авахгүй, ирэхгүй байж байгаад 12:***0 гээд эхнэртэйгээ цуг ирсэн. Ирчихээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ чинь хаана байна гэхээр нь би манай хүүхдүүд 42,000,000 төгрөгөөр Хаан банканд барьцаанд тавьчихсан байгаа, миний нэр дээр байдаг, та нар ***0 хувь буюу 5***,000,000 төгрөгөөр авбал би та нарт ордер гаргаад өгчихмөөр байна гэж хэлэхэд бид нарт ***0,000,000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь энэ манай байрны түлхүүр, та нар орж бай, би та нараас 2 жилийн хугацаанд хүү авахгүй. Тийм учраас та нар нотариатаар ороод гэрчилгээгээ хийлгээд манай байранд ор би 42,000,000 төгрөгийн зээлийг дарчхаад дараа нь гэрээ байгуулж, бүртгүүлье гэж хэлсэн чинь эхнэр нь намайг чи зальтай авгай байна гээд цагдаад өгсөн. Тэгээд би хаан банк дээр очоод өөрийнхөө ордерын хуулгыг аваад, байрныхаа түлхүүртэй хамт цагдаагийн байгууллага дээр очсон. Гэтэл цагдаа нь энэ гэмт хэрэг, заль биш байна энэ хүний байр мөн байна гэж хэлээд намайг сулласан. Би нэхэмжлэгчийг залилсан, мэхэлсэн зүйл огт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ... гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Д.Л-д холбогдуулан 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Б.А гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 1***-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Шуурхай зар сонинд хариуцагч Д.Л Хотын төвд 5-р сургуулийн ард 78 м.кв маш дулаахан, том цонхтой 2 өрөө байр зарна. ***0-50 хувийн төлөөд хувь лизинг хийж болно. М.кв нь 2,*** сая. Утас:99197006 гэсэн зар гаргасны дагуу нэхэмжлэгч Б.А орон сууцны урьдчилгаа төлбөрийг өгч, худалдан авахаар тохиролцсон нь талуудын тайлбар бичгийн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 6-р хуудас/

Орон сууц худалдан авагч Б.А худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагчид үзүүлэхийг хариуцагч Д.Л-гээс шаардсан, худалдагч буюу Д.Л дээрх 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.А-т үзүүлээгүй, үзүүлэх боломжгүй байсан талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

Иргэний хуулийн 24*** дугаар зүйлийн 24***.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд худалдагч буюу Д.Л нь уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагч буюу Б.А-т танилцуулах, шилжүүлэх үүрэгтэй тул уг үүргээсээ татгалзсан тул худалдан авагч гэрээ байгуулахаас татгалзсаныг шүүх буруутгах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл орон сууц худалдан авч буй этгээд Б.Ань төлбөр төлөхөөс өмнө уг орон сууц худалдагч Д.Л-гийн өмчлөлд байгаа эсэх, эрхийн зөрчилтэй эсэхийг мэдсэний дараа худалдагчид орон сууцны урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх эрхтэй юм. Иймээс худалдах-худалдан авах гэрээ худалдагчийн буюу хариуцагч Д.Л-гийн үүргээ биелүүлээгүйгээс гэрээ байгуулагдаагүй нөхцөл байдал үүссэн байх тул тухайн орон сууц доторх эд зүйлийг шилжүүлсэн тээврийн зардлыг худалдан авагч Б.А төлөх үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тул хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул Б.А нь Д.Л-гээс 500,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв.

Иймд хариуцагч Д.Л-гээс 500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Алтанчимэгт олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Л-гээс 500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 15,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л-гээс улсын тэмдэгтийн хураамжид 15,650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-т олгосугай.

***. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                           Ц.ОЮУНБИЛЭГ