| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0320/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/335 |
| Огноо | 2024-10-15 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/335
2024 10 15 2024/ШЦТ/335
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Ерөнхий шүүгч Ю.Энхмаа, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,
Иргэдийн төлөөлөгч Э.Б,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг /томилолтоор/,
Шүүгдэгч З.Ц, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.З.Ц холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Төв аймгийн Б суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа Төв аймгийн Б сумын Б 0 дугаар багийн 00 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 0 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Төв аймаг дахь Сум дундын 0 дугаар шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар,
2.Сум дундын 00 дүгээр шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 13 жил 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгэгдэж, С аймгийн М сум дахь Сум дундын шүүхийн 0000 оны 000 дугаар сарын 000-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б.З.Ц, ФФ00000000 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч 3.Ц согтуурсан үедээ Төв аймгийн Б сумын Баянгол 0 дугаар багийн Баянголын задгайд 0000 оны 000 дугаар сарын 000-ны өдөр гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох Д.О нүүр, нүд, нуруу, хөл хэсэгт нь хөлөөрөө өшиглөж, үснээс нь зулгааж зодон эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 00000000000 дугаартай хэрэгт авагдсан:
Хохирогч Д.О өгсөн: “Өчигдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажлаа тараад гэр лүүгээ явж байтал том хүү О.М утсаар залгаад "аав надад машин авч өгсөн, аав тантай уулзаж болох уу гээд байна" гэхээр нь би "тэгээ тэг" гээд гэртээ харьсан. Тэгсэн манай хүү амьжиргаа машин уначихсан Ц гэрт ирсэн. Тэгээд хүү "машин мялаа" гээд байхаар нь би дэлгүүрээс нэг шил 0,5 граммын архи авч Ц хамт хувааж уусан. Тэгээд өнгөрсөн амьдралаа ярьж, тэгсхийгээд машинтай хүү бид хоёр ахынх нь гадаа буулгаж өгөөд буцаад гэр лүүгээ явж байтал араас Ц өөр машинтай хүрч ирээд хүүгээ "чи явж бай" гэж явуулчхаад "чи намайг хаяад явлаа" гээд машиндаа суулгаад гэрийн гадна хүрч ирээд "чи ойр хавийнхантайгаа янхандах гэж нүүж ирсэн үү, залгахаар утсаа авдаггүй" гээд сандал дээр сууж байтал зүүн нүд рүү 1 удаа өшиглөсөн. Мөн үснээс зулгаахаар нь "чи миний нүдийг тэс цохичихлоо би чамд ямар ч хамаагүй хүн биз дээ" гээд "боль чи намайг зодох эрх байхгүй" гэж хэлсэн. Тэгсэн больсон. Тэгээд өглөө болтол элдэв хоёроор хэлж үглэж байгаад ахынх руугаа явсан. Ц бид хоёр 2000 онд танилцаж 13 жил хамт амьдарч байгаад дагавар охиныг минь хүчиндэж тэр жилээ шоронд орж 13 жил суугаад нодлин суллагдсан. Тэгээд хоёр тийшээ болж шоронгоос гарч ирээд ахындаа байж хааяа хүүхдүүд дээрээ ирдэг. Тэрнээс хамт нэг гэрт орж амьдарсан зүйл байхгүй. Гэр бүлээ батлуулсан зүйл байхгүй. Дундаасаа 20 настай, 11 настай хоёр хүүхэдтэй. Хүүхдүүдийн эцэг болохоор л гомдол саналгүй гэж байгаа. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Би зүгээр болно. Би Ц хохиролд 900 000 төгрөг дансаар авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх 6, 10/,
хохирогчийн дахин өгсөн "...Тухайн өдөр хүү М машин жолоодоод Ц бид хоёр арын суудалд суугаад манай гэрийн гадаа ирээд би машинаас буухдаа хий гишгэж газар унах үед хүү Мөнхбилэг намайг татаж босгосон. Тэгээд бид гурав гэрт орох үед Ц хүү М "ахынх руугаа яв, машин аваачиж тавь" гэж хэлээд гэрээс гаргасан. Тэгээд гэрт Ц над руу дайраад намайг анзаараагүй жижиг сандал дээр сууж байхад миний зүүн нүд рүү 1 удаа өшиглөсний улмаас зүүн нүд бүрэн хараа алдаж хамар яс, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт зулгаралт бүхий гэмтлүүд нь учирсан. Харин намайг өшиглүүлээд газар унах үед миний нүүр, ам, нуруу, хөл рүү олон удаа өшиглөсөн. Үүний улмаас миний 23-р шүдний түүшингийн хугарал, нуруу, баруун дал, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд учирсан. Би машинаас буугаад унахдаа бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Мөн машинаас унасан байхад Ц цохиж зодоогүй гэрт болсон асуудал. Би эрүүл саруул байсан." гэх мэдүүлэг /хх 94/,
Иргэний нэхэмжлэгч Б.Г өгсөн: “Иргэн Д.О нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулаторийн үзлэгээр 20 000 төгрөг, мөн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжид үзүүлж 124 762 төгрөг, мөн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэс засалд 1 927 680 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ойрын дуудлагаар 49 920 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн үзлэгээр 28 350 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээнд 55 300 төгрөгөөр тус тус эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд нийт 2 206 012 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан болно. Тухайн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан дээрх төгрөгийн хөнгөлөлтийг нэхэмжилж байна." гэх мэдүүлэг /хх 16/,
Гэрч Т.О өгсөн: "Тухайн өдөр яг юу болсон талаар бол би мэдэхгүй байна. 5 дугаар сарын 13-ны өглөө 08:30 цагийн ажлын цахим групп дээр дүү Д.О хүнд зодуулчихлаа ажилдаа очиж чадахгүй нь гээд нүүр нүд нь хөхөрч хавдчихсан нүд нь тагларчихсан зургаа хүнээр хэлж тавиулсан байхаар нь гэр лүү нь шууд яваад очсон. Тэгсэн бага хүү М нь нүднийх нь нулимсыг арччихсан хичээлдээ яваагүй гээд байж байхаар нь "яагаад ийм болчихвоо хэн ингэсэн" гэтэл Ц өчигдөр шөнө Сөгнөгөрт архи ууж байгаад замдаа ирээд хаалга нүдээд байхаар нь онгойлгож өгөхгүй байтал хаалга хуу татаад орж ирэнгүүтээ шал согтуу хэнтэйгээ заваараад байгаа юм бэ гээд хардаж ажлын хатуу ултай гутлаар нүд рүү өшиглөж зодсон гэж хэлсэн. Тэгээд өөр юу ч яриагүй." гэх мэдүүлэг /хх 22/,
Гэрч М.Д өгсөн: "2024 оны 5 дугаар сарын 13-ны өглөө 07 цагийн үед танил Цэрэнпүрэв манай гэрт орж ирээд надад хэлэхдээ "О чамайг дуудаж байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ц хамт гэрийн гадаа гараад юу болсон талаар асуухад Ц хэлэхдээ "О машинаас уначихлаа" гэхээр нь би хэлэхдээ "битгий худлаа яриад бай, чи цохио биз" гэж хэлсэн. Тэгээд Ц бид хоёр О гэрт хамт ороход найз О зүүн талын нүднээс нь цус гоожиж хавдсан, зүүн хөмсөг язарч цус гарсан байдалтай орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд би Ц хандаж "Чи ажил төрөл хийдэг хүнийг яаж байгаа юм бэ" гэхэд Ц нь өөрийгөө зүхээд, би буруу юм хийлээ гэж хэлж байсан. Би Ц хандаж "Цаг хугацаа алдаж байхаар чи энэ хүнийгээ унаа тэрэг олоод эмнэлэгт үзүүл" гэж хэлэхэд Ц нь "за" гэж хэлээд гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би гэртээ харисан. Дараа нь О над руу залгаад хоёулаа ханиндаа эмнэлэг яваад ирье гэж дуудсан. Тэгээд би найз О хамт сумын эрүүл мэндийн төвд очиж эмчид үзүүлсэн. Тэгэхэд эмч яаралтай Улаанбаатар хот руу очиж үзүүл гэж хэлж байсан. Тэгээд би эмнэлгээс гэр рүүгээ харисан. О нь манай дотнын найз. Харин Ц нь найз О нөхөр гэдгээр нь мэддэг. Ц нь О цохиж зодож байхыг хараагүй ч найз О асуухад "Ц миний нүд рүү өшиглөж зодсон" гэж хэлсэн. Манай найз О зүүн нүднээс цус гоожиж хавдсан, мөн зүүн хөмсөг язарч цус гарсан байдалтай байсан. Мөн хамаг бие нь хөндүүр зовуурьтай орон дээрээ хэвтэж байсан. Би 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед Отгончимэг нь 7 настай охин С дагуулаад манай гэрт ирсэн. Тэгээд О нь охин С Улаанбаатар хот руу явуулахаар манай хөрш айлын хүнд охиноо суулгаж явуулсан. Тэр үед найз О нь эрүүл, саруул биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй." гэх мэдүүлэг /хх 136/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 6553 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.Д.О биед зүүн нүдний бүрэн хараа алдалт, хамар яс, 23-р шүдний түүшингийн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун дал, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Зүүн нүдний бүрэн хараа алдалт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт, 23-р шүдний түүшингийн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах цус гэмтлийн хүндэвтэр, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун дал, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт нь тус журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. 3.6.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. 4.Зүүн нүдний бүрэн хараа алдалт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулна." гэх /хх 29-31/,
яллагдагч 3. Ц өгсөн: "...Би О эмчилгээтэй холбоотой мөнгө гэж нийт 900 000 төгрөг дансаар шилжүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх 44/,
хохирогч Д.О Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүдний эмгэг судлал, мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүхийн хуулбар /хх 35-56/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч 3.Ц нь Төв аймгийн Б сумын Баянгол 00 дугаар багийн Баянголын задгайд 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох Д.О архидан согтуурч хохирогч Д.О "чи намайг хаяад явлаа, ойр хавийнхантайгаа янхандах гэж нүүж ирсэн үү, залгахаар утсаа авдаггүй" гэх зэрэг үг хэлээр доромжлон сандал дээр сууж байхад нь зүүн нүд рүү 1 удаа өшиглөж, үснээс зулгаахаар зэргээр эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь зүүн нүдний бүрэн хараа алдалт бүхий хүнд хохирол, 23-р шүдний түүшингийн хугарал бүхий хүндэвтэр хохирол, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун дал, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан нь
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Улсын яллагч шүүгдэгч З.Ц тухайн гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэр бүлийн хамаарал бүхий хүн гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 31.1 дэх хэсгийн 3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд; 3.3.2.Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна гэж заасан бөгөөд шүүгдэгч, хохирогч нар 13 жилийн өмнө хамтран амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч З.Ц дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.
Шүүгдэгч З.Ц холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болохыг дурдаж шүүгдэгч З.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэдийн төлөөлөгч шүүгдэгч З.Ц гэм буруутай гэж дүгнэснийг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдаанд талуудын тавьсан мэтгэлцээнээс хүлээн авч шийдвэрлэв.
Хохирогч Д.О гэм хорын хохиролд баримтаар 652 534 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 900 000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч өөрөөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 2 206 012 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хохирогч Д.О гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хохирогч Д.О нь сэтгэцэд учирсан хохирлын талаарх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч З.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 жил хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 жил 9 сар 11 хоног хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,
шүүгдэгч З.Ц түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарын зүгээс “Хохирол нөхөн төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн буруутай үйл үйлдлийн улмаас үүссэн. Хор уршгийн хувьд хохирогчийн хараа сэргэж байгаа. Иймд миний үйлчлүүлэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж өгнө үү." гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч З.Ц нь 0000 оны 000 дугаар сарын 00-ны өдөр Төв аймгийн Б суманд төрсөн, 0000 настай, бага боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа Төв аймгийн Б сумын Баянгол Минжиний 00-00 тоотод оршин суудаг талаарх багийн засаг даргын тодорхойлолт, төрийн үйлчилгээний нэгдсэн системийн тодорхойлолт /хх 48, 83-85/,
урьд 2 удаагийн ял шийтгэлтэй;
1.Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар,
2.Сум дундын 21 дүгээр шүүхийн 0000 оны 00 дугаар сарын 000-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 13 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 0000 оны 000 дугаар сарын 000-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө суллагдсан талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 6-115/ зэрэг баримтууд авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч З.Ц үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдалд дүгнэлт хийж гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар 6 жил хорих ял оногдуулж, шүүгдэгч нь өмнөх Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 13 жил 10 хоногийн хорих ялаас Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийн захирамжаар 1 жил 9 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан байх бөгөөд уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн/ бүгдийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил 9 сар 11 хоногийн хорих ялаар тогтоож, эдлэх ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлах саналыг тавьсан бөгөөд хохирогч хэдийгээр хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн хэдий ч түүнд учирсан хохирлын хэр хэмжээ, мөн шүүгдэгч өмнө тогтоолоор оногдуулсан ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаа дуусаагүй байхдаа санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн 00000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг,
шүүгдэгч З.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.З.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц 6 /зургаа/ жил хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З.Ц энэ тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ял дээр өмнөх Сум дундын 21 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 13 жил 10 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 9 /ес/ сар 11 /арван нэг/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ жил 9 /ес/ сар 11 /арван нэг/ хоногийн хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ц оногдуулсан 7 жил 9 сар 11 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц 2 206 012 /хоёр сая хоёр зуун зургаан мянга арван хоёр/ төгрөг гаргуулж Эрүүл мэнд даатгалын Ерөнхий газарт олгосугай.
6.Хохирогч Д.О гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн 000000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ю.ЭНХМАА
ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН