Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/342

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

                                   

 

 

 

 

   2024        10            16                                             2024/ШЦТ/342

                                                                                                                         

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Долгор,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т Б А холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 0000 оны 000 дүгээр сарын 00-ны өдөр Д аймгийн Л суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 0, ........... хамт Х аймгийн Б сумын 0 дугаар багт засаг захиргааны бүртгэлтэй, У хот Ч дүүрэг 00 дугаар хорооны задгайд оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Т Б А, 000000000 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь иргэн Т.Б малчнаар ажиллаж байхдаа 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн С сумын Х 3 дугаар багийн нутаг дэвсгэр "........" гэх газраас иргэн Т.Б эзэмшлийн адуунаас 1 тооны адууг буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 683 300 /зургаан зуун наян гурван мянга гурван зуу/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 00000000 дугаартай хэрэгт авагдсан:

 

Хохирогч Т.Б өгсөн: "...Би Төв аймгийн Сэргэлэн Хайрхан 3 дугаар багийн нутаг урд "Жаран нэг" гэх газарт өөрийн эзэмшлийн 19 тооны адууг туслах малчин Н.А гэх хүнээр харуулдаг. 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хурдан удмын 1 тооны охин адуугаа хулгайд алдаад Цагдаагийн байгууллагад хандсан. Энэ хугацаанд манай малчин А 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш архи согтууруулах ундааны зүйл уугаад малаа харахгүй гадуур тэнээд явж байсан. Миний хулгайд алдсан 1 тооны адуу нь хондлой цоохор зээрд буурал зүсмийн 2 настай, хурдан удмын, тойруулга угшилтай, зөв талын гуяндаа "Төвд А" үсгэн тамгатай адуу байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

Гэрч Б.А өгсөн: "... Б.А гэх залуутай 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сэргэлэн сумын төвд 12 цагийн үед таарсан. Б.А сумын төвийн дэлгүүрээс Нийслэл нэртэй 2,5 л хэмжээтэй хоёр ширхэг пиво авсан. Б.А цэнхэр өнгийн мотоциклтой явж байсан. Бид хоёр мотоцикл дээр нь сундалж яваад сумын хойно байх жижиг уулын овоон дээр очиж пиво уусан. Пиво ууж дуусаад Б. яваад өгсөн. Тэр оройдоо эргээд 17 цагийн үед Б.А гудамжинд дахин таарсан. Б.А надад хандан би өөрийнхөө хээр азаргатай адуугаа нутаг гүйх гээд байхаар хашчихлаа. Нэг даага зармаар байна. Миний өөрийнх байгаа юм зараад өг гэсэн. Би чиний өөрийнх мөн юм уу гэж асуухад минийх мөн гээд надад зүс болон тамгыг нь хэлсэн. Тэгээд сумын төвд байх Ганаа гэх залууг гуйгаад 1 тооны адуу ачаад өг 30 000 төгрөг өгье гэж гуйсан. Тэгээд Н.Г, Б.А, Залуу гэж дуудаг Н.О бид дөрөв Н.Г цагаан өнгийн портер машинтай хамт сумын төвөөс зүүн тийш явж, "Жаран нэг" гэх газрын наад талд байдаг худгийн хажууд байсан хээр азаргатай, хул алаг гүүтэй 10 гаран тооны адуу байснаас Б.А манай адуу мөн байна гээд худгийн хойд талд байсан айлын хашаанд хашиж байгаад дотроос нь Б.А цоохор, буурал зүсмийн 1 тооны адууг барьж ачаад буцаад сумын төв явсан. Ачиж ирсэн 1 тооны адуугаа Залуу буюу н.О гэх залууд 350 000 төгрөгөөр зарсан. Б.А адуу зарсан мөнгөө аваад мотоциклоо унаад явсан. Б.А бусдад зарж борлуулсан буурал, цоохор зүсмийн 1 тооны адуу нь Сэргэлэн сумын төвд Залуу буюу О гэх хүний хашаанд байгаа." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

Иргэний нэхэмжлэгч Н.О өгсөн: "...Би 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 10 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр баг сумын төв орчимд худаг дээр адуугаа услаад зогсож байтал Б.А гэх бор дээлтэй цэнхэр хүрэм өмссөн үл таних хүн хажууд нь Б.Х гэх хүнтэй цуг над дээр ирж уулзсан. Тэр Б.А гэх хүн надад хандаж "Нэг даага зарах гэж байна авах уу" гэж асуусан. Би хэдээр зарах вэ гэж асуусан чинь Б.А 400 мянган төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь би хариуд нь за тэгвэл би худалдаж авъя гэж хоорондоо тохиролцоод салсан. Ингээд тэр өдрийнхөө 15 цагийн орчим Сэргэлэн сумын Жаран нэгийн гарам гэх газрын наана бэлчээрт байсан адуун дундаас Б.А ах надад буурал зүсмийн даага барьж өгөөд хариуд нь надаас 360.000 төгрөг бэлнээр авсан. Тэгсэн чинь 2023 оны 10 сарын 27-ны өглөө манай гэрт Л.Б гэх хүн ирээд Б.А гэх хүнээс даага худалдаж авсан уу гэж асуугаад би уг дааганы эзэн байгаа юм хулгайд алдчихсан юм гэж хэлсэн. Би хариуд нь тийм хүнээс хэзээ хаанаас худалдаж авсан талаараа хэлсэн. Надад Б.А уг даагыг миний өөрийн эзэмшлийн даага ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлж надад зарсан. Би хэрвээ Б.А гэх хүнээс худалдаж авсан уг буурал даага хулгайд алдсан өөр хүний эзэмшлийн даага байх юм бол би Б.А гэх хүнд өгсөн 360.000 төгрөгөө буцааж авмаар байна." гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

Гэрч Н.Г өгсөн: "Би 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 15-16 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул 4 дүгээр багийн нутаг дэвсгэр сумын төв орчимд хогийн цэг дээр малын бууц асгачхаад Хюндай Портер маркийн 28-13 УБО улсын дугаартай ачааны машин жолоодоод явж байтал өөдөөс Б.Х гэх хүн үл таних нэг эрэгтэй хүн одоо тэр Б.А гэх хүнийг сундалчихсан мотоциклтой замд тааралдаад "Энэ хүн нэг манай сумын нэг залууд адуу зарж байгаа юм байна энүүхэнд ойрхон 61-ын гарамын наана байдаг айлаас очиж авах юм байна чи машинаараа ачаад өгөөч мөнгө төгрөгийн өгнө шүү гэж гуйсан юм. Би тэгээд зөвшөөрөөд түлшний мөнгө гэж 30.000 төгрөг авахаар тохироод сумын төвөөс зүүн тийш 4-5 км зайтай 61-ын гармын наана байх хашаа саравчтай айлын гадаа тэр Б.Х тэр Б.А хоёр мөн адууг нь худалдаж авч байгаа Н.О гэх залуутай цуг очсон. Тэнд очиход хашаа саравчинд нэг буурал зүсмийн даага хашчихсан байсныг Б.А гэх залуу өөрөө бугуйлдаж барьж аваад миний машины тэвш дээр хүлж байгаад өргөж тавиулаад намайг тэр Н.О гэх залуутай цуг сумын төв рүү буцаасан. Тэр Н.О гэх залуу нь тэр адууг худалдаж авч байгаа гэж замдаа надад хэлж байсан. Сумын төвд нэг н.Ганаа гэх айлын хашаанд оруулаад Н.О тэр даагаа буулгаж аваад үлдсэн." гэх мэдүүлэг хх-ийн /17-18/,

"Гарьд гүрү" ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 07/311 дугаартай "...Монгол Улсын иргэн Т.Батчулууны өмчлөлийн 1 тооны адууны зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 683,300 /зургаан зуун наян гурван мянга гурван зуу/ төгрөг болно." гэх үнэлгээний тайлан /хх 20-29/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.А холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Эд хөрөнгө завших гэмт хэргийн онцлог нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрөө хүсэж эд зүйлс, өмч хөрөнгөө гэмт этгээдэд сайн дураараа шилжүүлсэнд байдаг. Энэхүү гэмт хэргийн бүрдэл нь хохирогчийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгө юмсыг завшсанаар төгсөнө. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив тал нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, хадгалагч нь эд зүйлс, эд хөрөнгийг хадгалуулах буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн эд хөрөнгө, эд зүйлийг гэмт этгээд өөрийн юм шиг ашигласан буюу зарцуулсан идэвхтэй үйлдэл байдаг. Гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй.

 

Шүүгдэгч Б.А нь хохирогч Т.Б тохиролцож 2023 оны 5  дугаар сарын 20-ноос эхлэн сарын 600 000 төгрөгийн цалингаар малласан байх бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Жаран нэг" гэх газраас Т.Батчулууны эзэмшлийн адуунаас 1 тооны адууг өөрийн адуу мэтээр бусдад бусдад итгүүлж 350 000 төгрөгөөр зарсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  Иймд шүүгдэгч Б.Анхтүвшинг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Хохирогч Т.Б 1 тооны даагыг 683 300 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 69-р хуудсанд хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тэмдэглэлээр тогтоогдсон.

 

Хавтаст хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Н.О өгсөн: А гэх хүнээс 2023.10.25-ны өдөр 1 тооны буурал зүсмийн даага аваад хариуд нь 360 000 төгрөг өгсөн. Б гэх хүн 11 дүгээр сарын 15-ны өдөр ирээд даагаа аваад явсан. Иймд 360 000 төгрөгөө авмаар" гэх мэдүүлгээс шүүгдэгч Б.А 360 000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Одонбаатарт олгох нь зүйтэй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч шүүгдэгч Б.А эрхэлсэн тодорхой ажилгүй тул торгох ял оногдуулах боломжгүй гэм буруутайд тооцсон зүйл хэсгээр 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,

Шүүгдэгч Б.А өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар ял шийтгэл заавал биелэгдэх учиртай, оршин суух хаяггүй тул 1 жилийн хугацаанд төлүүлэхээр 2 700 000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх санал тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б.А нь 00000 оны 000 дүгээр сарын 000-ны өдөр Д аймгийн Л суманд төрсөн, 000 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл , .............. хамт Хэнтий аймгийн Б сумын 2 дугаар багт засаг захиргааны бүртгэлтэй, үл хөдлөх болон тээврийн хэрэгслийн бүртгэлгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн системийн лавлагаа, тодорхойлолт /хх 51-55/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 56-66/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Б.А үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын хамаарч, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал өөрт ногдох хөрөнгө байхгүй, тогтсон орлого байхгүй зэргийг харгалзан түүний өмгөөлөгчийн торгуулийн ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн асуудалд маргаагүй, хохирогч өөрт учирсан хохирлыг биет байдлаар эргүүлэн авсан, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн 0000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.     

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т Б А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.  

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А 360 000 /гурван зуун жаран мянга/ төгрөг гаргуулж Т аймгийн С сумын Э 00 дүгээр багт оршин суух иргэний нэхэмжлэгч Б Н О /РД:00000000000/-т олгосугай.

 

5.Шүүгдэгч Б.А оногдуулсан нь нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Эрүүгийн 000000000 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

 

            7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

            8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Т.БАТЖАРГАЛ