Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/341

 

                 

 

                                   

 

 

 

  2024         10           16                                                         2024/ШЦТ/341

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Улсын яллагчаар Төв  аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Солонго,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,

Шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц. Н.Б холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 0-ний өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 00, ................... нарын хамт Төв аймгийн Б сумын 00 дугаар баг, Ногоо тасгийн 000-00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:  

1.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 0000/ШЦТ/00000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

2.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Ц Н.Б, НЙ00232418 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч Н.Б нь 2024 оны 5 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Төв аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутагт байх Нартын ам гэх газарт иргэн Л.А аргамжаатай байсан 1 тооны адууг хулгайлж, 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Хохирогч Л.А өгсөн: "...2024 оны 5 дугаар сарын 16-ны шөнө Төв аймаг Борнуур сумын Нартын ам гэх газар хаваржиж байгаад саарал зүсмийн давхар саран тамгатай саарал шүдлэн үрээ аргамжаанаас нь хулгайд алдсан. Тухайн үед ойр орчмын айлуудаас асуугаад хайгаад олоогүй. Тэгээд би Дээгийг хардаж залгахад би машинаараа ачиж явсан гэж хэлсэн. Мөн миний саарал үрээг гаргаад эмээлт зах руу маханд өгсөн гэж хэлсэн. Бас миний алдсан үрээг өөр хүн надад авчирч өгсөн гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 10/

Гэрч Л.Д өгсөн: "...2024 оны 5 дугаар сарын 16-ны шөнө Төв аймаг Б сумын Нартын ам гэх газар хаваржиж байгаад саарал зүсмийн давхар саран тамгатай саарал шүдлэн үрээ аргамжиж хоноод өглөө нь босоход саарал шүдлэн үрээ аргамжаанаасаа хулгайд алдсан. Тэгээд миний нөхөр Д гэдэг Төв Борнуурт оршин суух хаягтай залуу авсан байж магадгүй гэж хардаж залгахад би машинаар ачиж явсан гэж хэлсэн байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Гэрч П.А өгсөн: "...2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр би өөрийнхөө 3 адуутай хамт Б сумын малын эмч Ж гарал үүслийн гэрчилгээ гаргуулж аваад Улаанбаатар хотын эмээлтийн бойнд Н гэдэг хүнд 700 000 төгрөгөөр зарсан. Тэгээд замын зардлаа хасаад Б 600 000 төгрөг бэлнээр өгсөн, тухайн адуу нь зөв талын гуя дээрээ давхар саран тамгатай саарал шүдлэн байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

Гэрч А.Д өгсөн: "...2024 оны 5 дугаар сарын 16-ны шөнө Төв аймгийн Б сумын Нартын ам гэх газар хаваржиж байгаад саарал зүсмийн давхар саран тамгатай саарал үдлэн үрээ аргамжиж хоноод өглөө нь босоход саарал шүдлэн үрээ аргамжаанаасаа хулгайд алдсан. Аав Л.А Д гэдэг Төв Б оршин суух хаягтай залуу авсан байж магадгүй гэж хардаж залгахад би машинаар ачиж явсан гэж хэлсэн байсан. Миний саарал зүсмийн шүдлэн үрээгээ 2 000 000 төгрөгөөр үнэлж байна. Мөн Б гэх залуу миний алдсан саарал үрээг өөрөө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

"Дамно Үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ТЦ-24-129 дугаартай алдагдсан гэх 1 тооны адуу 1 200 000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 30-31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч Н.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Н.Б нь 2024 оны 5 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Төв аймгийн Борнуур сумын 4 дүгээр багийн нутагт байх Нартын ам гэх газраас иргэн Л.А аргамжаатай байсан 1 тооны адууг хулгайлж, 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч Н.Б гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.А 1 200 000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Хохирогч Л.А нь шүүгдэгчээс 2 000 000 төгрөгийн хохирол авч, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох талаар хавтаст хэргийн 114 дүгээр хуудаст авагдсан түүний хүсэлт, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн утсаар ярьсан тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.

  

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жил тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 00000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц. Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Мал хулгайлах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Б тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.  

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б нь тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч Н.Б тэнссэн хугацаанд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Т.БАТЖАРГАЛ