| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0329/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/345 |
| Огноо | 2024-10-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 26.1.1., |
| Улсын яллагч | Б.Долгор |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/345
2024 10 25 2024/ШЦТ/345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Долгор,
Хохирогч Д.Э,
Шүүгдэгч Ц.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ц.Э-д холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 000-ний өдөр Д аймгийн С суманд төрсөн, 000 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч, үсчин мэргэжилтэй, ам бүл 00, ............. хамт Улаанбаатар хот .........дүүрэг 0000 дүгээр хороо00-000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/574 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг удирдлага болгон оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж өршөөн сольж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрхий бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 24/35 дугаар тогтоолоор дуусгавар болсон, Д.Ц.Э, 0000000 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Э нь Төв аймгийн Сэргэлэн сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө иргэн Д.Э эзэмшлийн Samsung S20 маркийн гар утсыг бусдын өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч яван, гар утасны интернэт банканд буюу цахим төхөөрөмж, мэдээллийн системд нэвтэрч, түүний Хаан банкны 5720413151 дугаартай данснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2 770 000 төгрөгийг шилжүүлэн авч, улмаар Samsung S20 гар утсыг худалдан борлуулж иргэн Д.Э нийт 3 332 800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Энэ нь эрүүгийн 000000000000 дугаартай хэрэгт авагдсан:
Хохирогч Д.Э өгсөн: "2024 оны 5 дугаар сарын 06-ны шөнө 00 цагийн үед би өөрийн найз З-н хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг Архивын Ерөнхий газрын ертөнцийн зүгээр урд талд замынхаа баруун талд байрлах CU сүлжээ дэлгүүр орох үед миний ажилладаг 016-р цэргийн ангид алба хааж байсан 25-28 орчим насны нэг залуутай таарсан. Тэр залуу найз охин болон хоёр эрэгтэй найзтайгаа явж байсан. Тэгээд тэндээсээ гараад тухайн хүмүүсийн машинтай өөрийн амьдардаг Төв аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багийн нутаг 40 айлын орон сууцны 1-13 тоотод нийт өөртэйгөө нийлээд 6 хүн ирсэн. Тэгээд гэртээ ирээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад унтацгаасан. Тухайн үедээ би нэлээд согтсон байсан учир тухайн хүмүүс манайд унтсан үгүйг мэдэхгүй байна. Тэгээд унтаад маргааш өглөө нь буюу 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед найз З бид хоёр сэрэх үед найзын болон миний гар утас байхгүй болсон байсан. Тэгээд тэр өдрөөс хойш нэг их юм бодолгүй явж байгаад 2024 оны 5 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Хаан банкны 0000000 тоот данснаас 2024 оны 5 дугаар сарын 07-ны өглөө 05 цаг 32 минутад 2 770 000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. Тухайн гүйлгээг би хийгээгүй. Хохирлоо барагдуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
Гэрч Г.Б өгсөн: "Би тухайн Хаан банкны 0000000000000 тоот дансыг ойролцоогоор 3 жил орчмын өмнө Улаанбаатар хотын нутаг Яармагийн Хаан банкны салбарт очиж харилцах дансаар нээлгэж байсан. Тухайн дансаа одоо ч мөн ашиглаж байгаа. Би өөрийн хүү болох Э өөрийн виза картаа өгчихдөг байсан. Өөр хэн нэгэн хүнд ашиглуулсан зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 12- 13/,
"Гарьд Гүрү Үнэлгээ" ХХК-ийн шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №07/152 дугаартай "... Samsung S20 маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнэ 562 800 / таван зуун жаран хоёр мянга найман зуу/ төгрөг." гэх үнэлгээний тайлан /хх-ийн 20-33/,
Шүүгдэгч Ц. Э өгсөн: "Би 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн үед Улаанбаатар хотын Хорооллын эцсээс Өлзийт хороолол хотын хоёрын хооронд таксинд явдаг цэнхэр өнгийн Тоёота Приус 20 маркийн такситай Галхүү ахад манай найз охин Д хамт суугаад Архивын Ерөнхий газрын урд талд үйл ажиллагаа явуулдаг СИ сүлжээ дэлгүүр орох үед касс дээр миний мөнгө дутсан байсан учир миний хажуу талд худалдан авалт хийж байсан нэг ах миний дутсан тооцоог төлж өгсөн. Тэгээд тухайн ах нэг ахтай хамт явж байсан бөгөөд гадаа гарч ирээд надаас хаа хүрэх гэж байгаа талаар асуухаар нь би Өлзийт хороолол орно гэж хэлсэн чинь нэлээд яриа өрнүүлж байгаад би 016-р нэгтгэлд цэргийн алба хааж байсан гэсэн чинь ах нарыгаа Төв аймгийн 016-р нэгтгэлд хүргээд өгөөч гэхээр нь би таксины жолооч ахтай 10,000 төгрөг нэмж өгье гэж хэлээд Төв аймаг руу хөдөлсөн. Тэгээд 016-р нэгтгэлийн хашаа руу машинтайгаа ороод зогссон. Тэгээд би тухайн ахтай хамт цэргийн гал тогоо руу буцаж машиндаа суугаад гараад нэгтгэлийн баруун талд байх алба хаагчдын байр руу очход орчхоод тухайн ах нар оруулаад өг гэхээр нь өөрийн найз Д оруулаад өгчих гэж хэлээд сууж байгаад яаж эмэгтэй хүнийг ганцааранг нь оруулах билээ гэж бодоод араас нь ороход хамт пиво ууя, гадна байгаа машинаа явуулчих гэхээр нь би "үгүй" гэж хэлээд буцаад гарсан. Тэгээд машиндаа орж ирэх үед тухайн ахын сууж байсан газар гар утас нь үлдсэн байсан. Тэгээд би гар утсыг нь аваад нээх үед түгжээгүй байсан тул зургийг нь үзэж байгаад иргэний үнэмлэхийн зургийг нь харсан. Тэгээд би регистрийн дугаараар нь интернэт банк руу нэвтэрч ороод өөрийн аав Баярбатын Хаан банкны 5071684435 тоот данс руу 2 770 000 төгрөг АТМ-ээс шилжүүлсэн. Тэгээд аавын Хаан банкны карт нь надад байдаг учир Өлзийт хороолол 14-р хорооны АТМ-ээс гаргуулан авсан. Тэгээд гар утсыг нь Хэнтий аймагт 250 000 төгрөгөөр зарсан ямар хүнд зарснаа одоо сайн мэдэхгүй байна. Би одоогоор хохирлоо барагдуулаагүй байгаа. Цаашид хохирлыг бүрэн барагдуулна." /хх-ийн 48-49/ гэх мэдүүлгүүд,
мөн гэмт хэргийн талаарх хохирогч Д.Э гаргасан гомдол мэдээлэл /хх-ийн 4/,
Хохирогч Д.Э Хаан банкны 00000000 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 5/,
2023 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 63-65 /, хяналтын камерын бичлэгийг хуулбарласан DVD бичлэг,
Хаан банкны 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 24/587 дугаартай "...000000000 дансны эзэмшигч нь Г.Б /РД: 00000000/ байна." гэх албан бичиг, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 58/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Э холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.
Шүүгдэгч Ц.Э нь Төв аймгийн С сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 5 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө иргэн Д.Э тээврийн хэрэгслээс буухдаа орхисон Самсунг Эс20 маркийн гар утсыг гээдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж авч, улмаас гар утасны интернэт банкинд гар утсан дээрх хохирогчийн иргэний үнэмлэхийн зургийг ашиглан түлхүүр кодыг тайлан банкны харилцах дандсанд хууль бусаар нэвтэрч 2 770 000 төрөгийг өөрийн эцгийн данс руу шилжүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв. Иймд шүүгдэгч Ц.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг "Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно." журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Э Самсунг Эс20 маркийн гар утасны зах зээлийн үнийг 562 800 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд тухайн үнэлгээнд оролцогч талууд маргаан гаргаагүй байна. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан гар утасны үнэ 562 800 төгрөг болон данснаас алдагдсан 2 770 000 төгрөгөө нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:
Улсын яллагч шүүгдэгч Ц.Э үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хор уршиг, хохирол нөхөн төлөөгүй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг баримтлан нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялыг түүний оршин суугаа газар буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох санал,
Шүүгдэгч ямар нэг нэгэн санал хүсэлт гаргаагүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Ц.Э нь 0000 оны 000 дүгээр сарын 000-ний өдөр төрсөн, 000 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч, үсчин мэргэжилтэй, ах дүү нартайгаа барилга дээр ажилладаг гэх, ам бүл 00, ........ хамт Улаанбаатар хот ...... дүүрэг 000 дүгээр хороо, 00000 тоотод оршин суух хаягтай, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, үүнд: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/574 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг удирдлага болгон оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж өршөөн сольж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрхий бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 24/35 дугаар тогтоолоор дуусгавар болсон талаарх төрийн үйлчилгээний нэгдсэн системийн лавлагаа, тодорхойлолт /хх 66-70/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 79-83/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Ц.Э үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангилалд хамаарч, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал өөрт ногдох хөрөнгө байхгүй, тогтсон орлого байхгүй, хохирлыг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан улсын яллагчийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4-т заасныг журамлан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил хорих ялаар тогтоож, түүний гэм буруу дээрээ маргаагүй, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн 0000000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг DVD-ийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Ц.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн системд нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Ц.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасныг журамлан шүүгдэгч Ц.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-с 3 332 800 /гурван сая гурван зуун гучин хоёр мянга найман зуу/ төгрөг гаргуулж, Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 23-р байрны 13 тоотод оршин суух хохирогч Х.Д.Э /РД:0000000000/-т олгосугай.
6.Эрүүгийн 00000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “DVD”-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ