| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2022/00359/И |
| Дугаар | 182/ШШ2022/01078 |
| Огноо | 2022-04-18 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2022/01078
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НЗДБУБХЗ-д холбогдох,
Ажилгүй байсан 2021.05.10-ны өдрөөс 2021.12.31-ний өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 18 279 472 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Дагвадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б-өөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ... ОНӨААТҮГ-ын даргаар томилогдон ажиллаж байгаад 2020.12.07-нд ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдсөн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.17-ны өдрийн 182/ШШ2021/01073 дугаартай шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.07.09-ний өдрийн 1090 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр баталсан. Миний бие шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд томилуулах тухай хүсэлтийг 2 удаа очиж амаар гаргаж байсан бөгөөд одоог хүртэл ажилдаа орж чадахгүй миний эрх ашиг зөрчигдсөөр байна.
Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, надад шүүхийн шийдвэрээр олгогдсон 9 529 753 төгрөгийн цалинг байгууллагаас өгсөн. Харин ажилд томилоогүй байгаа. Иймд миний бие 2021.05.10-наас 2021.12.31-ний дуустал хугацаанд олгогдох ёстой цалинтай тэнцэх хэмжээний олговорт 163 ажлын өдөөр тооцон 18 279 472 төгрөг нэхэмжилж байна. 2021.10.14-нд Улсын дээд шүүхийн хэргийг хэлэлцүүлэхээс татгалзсан гомдлыг хүлээж аваад тус шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхийн хэмжээгээр “ковид-19” өвчинтэй холбоотой хөл хорио тогтоосон байсан учир өгч чадаагүй, дараа нь шуудангаар нэхэмжлэлээ явуулсан тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, хугацаа дуусаагүй гэж ойлгож байна. Иймд хариуцагчаас 18 279 472 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч НЗДБУБХЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяраас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.
1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар болон шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2.-д зааснаар ажлаас халсан, өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулснаас бусад тохолдолд 90 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй, энэ хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй. Нэхэмжлэгч Б.Б-ийг өмнөх ажилд нь томилоогүй, одоо өөр хүн ажиллаж байгаа. Нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргатай 2 удаа очиж уулзсан гэж байгаа боловч баримтгүй байна гэв.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.17-ны өдрийн 182/ШШ2021/01073 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.07.09-ний өдрийн 1090 дугаартай магадлал, 2021.10.01-ний өдрийн 001/ШХТ2021/00606 дугаартай Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоол, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.11.10-ны өдрийн 182/ШЗ2021/10469 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, шүүхийн 182/ГХ2021/00740 дугаартай гүйцэтгэх хуудас /хх 4-12/, Б.Баянмөнхийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн лавлагаа, 0045060 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ..ын 2019.04.03-ны өдрийн Б/59 тоот “Б.Б-г ажилд томилох тухай” захирамж, 2020.12.07-ны өдрийн Б/226 тоот “Б.Б-г ажлаас чөлөөлөх тухай” захирамж, “Ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилсон тухай” хавсралт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 21, 28-29, 31-34/, Улсын дээд шүүхийн 2021.10.14-ний өдрийн 3/4225 тоот албан бичиг, шүүхийн тогтоол гардуулсан тухай баримт-7, ... ОНӨААТҮГ-ын 2020.12.17-ны өдрийн 603 тоот тодорхойлолт /хх 43- 45 / зэргийг,
Хариуцагч талаас нотлох баримтаар, ...ын 2022.02.14-ний өдрийн 01/644 тоот, 2022.03.14-ний өдрийн 01/1108 тоот итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон албан бичиг /хх 18, 41/ зэргийг тус тус шүүхэд ирүүлсэн.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч НЗДБУБХЗ-д холбогдуулан ажилгүй байсан 167 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 18 723 038 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан 163 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 18 279 472 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасган тодруулсан бөгөөд шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, хариуцагч нь “... ОНӨААТҮГ-ын даргын ажилд эгүүлэн тогтоосон тус шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад уг шийдвэрийг биелүүлэхгүй миний эрх ашгийг зөрчиж байх тул 2021.05.10-ны өпрөөс 2021.12.31-ний өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан 163 хоногийн цалинд 1 өдрийн цалинг 112 114 төгрөгөөр тооцож, нийт 18 279 472 төгрөг төлөх үүрэгтэй гэж тайлбарлан мэтгэлцсэн.
2.Хариуцагч байгууллагаас, нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1.-д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг харилцан тохиролцож шийдвэрлэх, 154.2.2.-т зааснаар уг нэхэмжлэлийг 90 хоногт гаргах, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар 3 сарын дотор гомдол гаргах ёстой бөгөөд энэ хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.
3.1.Нэхэмжлэгч Б.Б нь ... ОНӨААТҮГ-ын даргын ажил үүргийг гүйцэтгэж байгаад ...-ын 2020.12.07-ны өдрийн Б/226 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгч гомдол гаргаснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.17-ны өдрийн 182/ШШ2021/01073 дугаартай шийдвэрээр Б.Б-г урьд эрхэлж байсан ... ОНӨААТҮГ-ын даргын ажилд нь эгүүлэн тогтоож, НЗДБУБХЗ-аас 9 529 753 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн.
Хариуцагч байгууллага гомдол гаргаж, хэргийг давж заалдах шатны шүүхээс хянан, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.07.09-ний өдрийн 1090 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Улмаар дээрх магадлалыг хариуцагч тал эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд 2021.10.01-ний өдрийн 001/ШХТ2021/00606 дугаартай Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор хариуцагч талын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзан шийдвэрлэжээ.
Эдгээр шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
3.2. Ажилтан Б.Б-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсноос хойш хариуцагч нь ажилтныг ажилд томилоогүй буюу шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасан “...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэсэн заалтыг хариуцагч тал одоог хүртэл зөрчиж хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн хэвээр байна.
3.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ажил олгогчоос ажилгүй байлгасан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй.
Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.05.17-ны өдрийн 182/ШШ2021/01073 дугаартай шийдвэрээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтад зааснаар, Б.Б-ийн ... тоот нийгмийн даатгалын дэвтэрт бүртгэгдсэн цалин хөлсийг үндэслэн түүний сарын дундаж цалин хөлсийг 3 155 906 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлох шаардлагагүй болно.
Нэхэмжлэгч Б.Б нь ажил олгогчоос ажилгүй байсан 2021.05.10-ны өдрөөс 2021.12.31-ний өдрийг дуусталх 163 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 1 өдрийн цалин хөлсийг 112 114 төгрөгөөр тооцон, нийт 18 279 472 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 1 сарын дундаж цалин хөлс 3 155 906 төгрөгөөс тооцоход нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 18 279 472 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлтэй.
4.Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах байгууллага буюу шүүхэд гомдол гаргахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан бөгөөд нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэл нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд хамаарагдаж байна.
Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.11.10-ны өдрийн 182/ШЗ2021/10469 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, 182/ГХ2021/00740 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, зохигчдын тайлбар зэргээр нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй хөдөлмөрлөх эрх зөрчигдсөөр байгаа нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг бүхий этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 79.2.-т “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Б ажилгүй байлгасан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шаардаж 2022.01.20-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д заасан хугацааг хэтрүүлээгүй, уг заалтыг зөрчөөгүй байна.
5.Дээрх үндэслэлүүдээр хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийг ажилгүй байлгасан хугацааны буюу 2021.05.10-ны өдрөөс 2021.12.31-ний өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 18 279 472 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
6.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар ажил олгогч нь нэхэмжлэгчид олгогдсон дээрх цалинтай тэнцэх олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцож, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийж баталгаажуулах үүрэгтэй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдав.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 566 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 249 397 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан хариуцагч НЗДБУБХЗ-аас 18 279 472 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1.,60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 566 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгон, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 249 347 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА