Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/081

 

Р.Т-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч  Д.Эрдэнэбилэг, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч  *******

Шүүгдэгч Р.Т

Нарийн бичгийн дарга  Д.Номингоо нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/260 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч  бичсэн прокурорын 47 дугаар эсэргүүцлээр Р.Т эд холбогдох эрүүгийн 1914000000165 дугаар хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, овогт Р.Т , ............, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Р.Т  нь 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Шандын овоо” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 48-56 БНА улсын дугаартай маяти маркийн тээврийн хэрэгслээр Б.Т ыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,  

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Р.Т эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Т эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Бүтгэр овогт Р.Т ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Р.Т ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар хасаж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Р.Т ийг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5, 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Р.Т  нь тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Р.Т эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж,

шүүгдэгч Р.Т  нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 42 хоног, 2019 оны 12 дугаар сарын 26-наас 2020 оны 5 дугаар сарын 08-ний өдрийг хүртэл 134 хоног нийт 476 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч Р.Т  нь бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1.1,1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ерөөл нэртэй архины шил нэг ширхэг/хоосон/, Ерөөл нэртэй архины шил нэг ширхэг дотор нь шингэн зүйлтэй, цус мэт зүйлээр бохирлогдсон гурван ширхэг чулуу, таван ширхэг тамхины иш, цус мэт зүйлээр зүйлээр бохирлогдсон шороо, бор өнгийн даавуун дээл нэг ширхэг, богино ханцуйтай цамц LEVIS SPORT гэсэн бичигтэй, KOLPING гэсэн бичигтэй, цэнхэр өнгийн шар оруулгатай даавуу цамц, хар өнгийн цэцгэн хээтэй дотоож нэг ширхэг, АМВLER гэсэн бичигтэй хар хөх өнгийн даавуун цамц нэг ширхгийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт, СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,

шүүгдэгч Р.Т ийн 282459 дугаартай жолоочийн үнэмлэх, 01658405 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 1030024 дугаар авто тээврийн болон өрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ 1 ширхгийг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж, Шүүгдэгч Р.Т ийн эзэмшлийн ...48-56 БНА улсын дугаартай хүйндэй маятын маркийн ачааны ....тээврийн хэрэгслийн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу Р.Т эд буцаан олгож, шүүгдэгч Р.Т эд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор  тус шүүхэд гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 47 дугаар эсэргүүцэлдээ:  

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Р.Т  нь талийгаач Б.Т ыг машинаар дайрсан үйлдлээ зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй удтал үргэлжлүүлсэн байдаг.

Р.Т  нь гэмт хэрэг үйлдэгдсэнийг эрх бүхий байгууллагад удаан хугацааны дараа мэдэгдсэний улмаас түүний согтууруулах ундаа хэрэглэсэн байдлыг тогтоох ажиллагаанд хүндрэл үүссэн байдаг.

Гэвч хэрэгт авагдсан гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр Р.Т  нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогддог.

Нөгөөтээгүүр Р.Т  нь согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан бол Б.Т ыг дайрсан даруйдаа машиныг зогсоох арга хэмжээ авч улмаар Б.Т ын амь насыг аврагдах боломж бүрэн байсан атал согтууруулах ундаа хэрэглэсний улмаас уг үйлдлийг хийж чадаагүй удтал үргэлжлүүлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн бие, хувцаст учирсан гэмтлүүд, гэрчийн мэдүүлгээс тодорхой харагддаг.

Түүнчлэн Р.Т эд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг нь шинж байдалтай тохироогүй гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагад нийцээгүй байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар хасаж...” гэж Эрүүгийн хуульд байхгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн.

Тогтоолын 7 дахь заалт болон тодорхойлох хэсэгт Р.Т  нь 176 хоногийн ял эдэлсэн атал 476 хоног гэж буруу бичсэн. Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсгүүдийг зөрчжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/260 дугаартай шийтгэх тогтоол нь дээрх байдлаар үндэслэл бүхий болж чадаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 47 тоот эсэргүүцэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Прокурор 1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй.

Тайлбарлах нь: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Р.Т ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг бөгөөд энэ төрлийн хэрэг нь хөнгөн хэлбэрийн санамсар болгоомжгүйгээр үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасанчлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх а. Анх удаа  тохиолдлын шинж чанартай хөнгөн гэмт хэрэг үйлдсэн б. Хохирогчид түргэн тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллагад мэдэгдэх ажлыг түргэн шуурхай гүйцэтгэхэд биечлэн оролцож иргэний үүргээ биелүүлсэн в. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон хохирогчийн ар гэрийг хүссэн нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулсан. г. Учирсан гэм хорыг арилгасан, цаашид гарах гэм хорыг бүрэн арилгах талаар тохиролцон гэрээ байгуулсан зэрэг нь гэмт хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож, гэмшин дүгнэлт хийж байгаа бөгөөд хувийн зан чанар, нөлөөллийн эрхэм байдал зэрэгт үндэслэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн журамлан мөн хуулийн 7.1 зүйлийг үндэслэн хууль ёсны бодит шийдвэр болсон.

2. Машинаа дайрсан үйлдлээ зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй удтал үргэлжлүүлсэн.

Тайлбарлах нь: Р.Т  хохирогчийн зүй бус үйлдлээс зайлсхийж зугтан холдох үйлдэл хийж машинаа асаан хөдлөх үед хохирогч гэрчийн дэргэдээс огцом гүйх хөдөлгөөн хийсэн нь авто осол гэмт хэрэг гарах болсон. Энэ тухай гэрч Хүчитбаатарын мэдүүлгээр нотлогдоно. Хуралдаанд дэлгэрэнгүйгээр тайлбарлана.

3. Эрх бүхий байгууллагад удаан хугацааны дараа мэдэгдсэн.

 Тайлбарлах нь: авто осол болчхоод байх тэр цаг үед таарсан гэрч Жаргалсайханд холбогдох байгууллагад мэдэгдэхийг хүссэн баримт нотолгоо хавтаст хэрэгт байгаа. Эмнэлэг, цагдаа хэргийн газарт цуг очсон байгаа.

4. Согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан бол машиныг зогсоох арга хэмжээ авч, улмаар амь насыг нь аврах боломжтой байсан атал согтууруулах ундаа хэрэглэсний улмаас уг үйлдлийг хийж чадаагүй удтал үргэлжлүүлсэн.

Тайлбарлах нь: 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №29 тоот эмч Б.Баяртогтохын “Цогцост хийсэн дүгнэлт”-ээр

5. Талийгаачид тухайн цаг хугацаанд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй.

6 Талийгаачийн цусанд хийсэн химийн шинжилгээгээр 2.1% промилль спиртын агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэж тогтоосон шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн эмч нарын 2020 оны 5 сарын 22-ны өдрийн 690 тоот дүгнэлт, мөр судлалын эмч нарын 2020 оны 5 сарын 24-ний өдрийн 2411 тоот дүгнэлтээр тус тус батлагдсаныг зориуд тэмдэглэн хэлж байна.

Эсэргүүцлийнхээ үндэслэл болгосон прокурорын эсэргүүцэлд товч тайлбар гаргахад ийм байна гэжээ.

Прокурор  ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ; Бичсэн эсэргүүцлээ дэмжин оролцож байна. Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй тул хүчингүй болгож, мөн шүүхэд нь буцаана уу гэв.

Шүүгдэгчийн  өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Р.Т ийн согтуурлын байдлыг драйгер үлээлгэж хувь хэмжээг тогтоох байсан. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор *******ын  давж заалдах шатны шүүхэд гаргасан  эсэргүүцэлд  үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Баянхонгор аймгийн прокурорын газраас Р.Т ийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Шандын овоо” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 48-56 БНА улсын дугаартай маяти маркийн тээврийн хэрэгслээр Б.Т ыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Р.Т ийн  согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон  эсэхийг  нь  мэдүүлгээс гадна цусны дээж авч шинжилгээ хийлгэх, драйгер багаж үлээлгэх зэргээр согтуурлыг нь давхар нотолж, эргэлзээгүй тогтоогоогүй зөвхөн гэрчийн болон өөрийнх нь “...нэг удаа архинаас балгасан, архи хэрэглэсэн...” мэдүүлгийг үндэслэн гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэж үзэхгүй гэх дүгнэлт хийж Прокурорын газраас шүүгдэгч Р.Т эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Бүтгэр овогт Р.Т ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл муутай болжээ.

Шүүгдэгч Р.Т  нь гэмт хэрэг үйлдсэнээ  удаан хугацааны дараа зохих байгууллагад мэдэгдсэн буруутай үйл ажиллагааны улмаас   түүний согтуурлын хэмжээг тогтоох боломжгүй болсон хэдий ч  гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурсан    байсан болох нь  1 дүгээр хавтаст хэргийн 71-77, 88-89 дүгээр талд тус тус авагдсан “...******* тэр 2 архи уугаад байж байсан бөгөөд нэг шил Ерөөл нэртэй 0,5-тай цагаан архийг уугаад дуусгасан. Дахин нэг шил Ерөөл нэртэй цагаан архийг задалсан... бага зэрэг уугаад байж байсан...”, ...нөгөө архиа...*******...нар нэг, нэг удаа шилээр нь балгаж уугаад..., Лувсанцэрэн нь...авч суусан архиа жолооч *******эд өгч болон өөрөө шилээр нь уугаад явж байсан...талийгаач Төмөрбаатар, ******* тэр хоёр архи уусан байсан гэхдээ унаж туссан зүйл байхгүй...” гэх  тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч *******ын мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 104-108 дугаар талд авагдсан”...******* ахтай нэг шил архи задалж уусан...” гэх тухайн үед хамт байсан гэрч Л.Лувсанцэрэнгийн мэдүүлэг болон талийгаач Б.Т ыг машинаар дайрсан үйлдлээ тэр даруй зогсоох  арга хэмжээ авах чадваргүй, удтал үргэлжлүүлсэн нь  талийгаач Б.Т ын  өмсөж явсан хувцас болон  биед учирсан гэмтэлт хийсэн шинжээчийн дүгнэлтүүдээр   тогтоогдсон байна гэж үзэх үндэслэлтэй юм.

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Т эд ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж байдалтай тохироогүй, эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэжээ.

 Энэ талаар “...Р.Т  нь гэмт хэрэг үйлдэгдсэнийг эрх бүхий байгууллагад удаан хугацааны дараа мэдэгдсэний улмаас түүний согтууруулах ундаа хэрэглэсэн байдлыг тогтоох ажиллагаанд хүндрэл үүссэн, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас уг үйлдлийг хийж чадаагүй удтал үргэлжлүүлсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн бие, хувцаст учирсан гэмтлүүд, гэрчийн мэдүүлгээс тодорхой  харагддаг,  хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн  шинж байдалтай тохироогүй...” гэх агуулгаар бичиж шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн Прокурорын эсэргүүцлийг   хүлээн авч  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг  бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  3 дахь заалтад  “.. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, .хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар хасаж...” гэж хуулийн заалтыг ойлгомжгүй бичиж хэрэглэсэн, 7 дахь заалтад  Р.Т ийн цагдан хоригдсон хугацаа нь  илтэд техникийн алдаатай  бичигдсэн зэргийг дурдах нь зүйтэй болно.

                                 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                                      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                           зүйлийн 1.3 -д тус тус заасныг  удирдлага болгон                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/260 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар   анхан шатны шүүхээс  шүүгдэгч Р.*******эд   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх   арга хэмжээг хэргийг  анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Г.УЛАМБАЯР

 

ШҮҮГЧИД                                                    Д.ЭРДЭНЭБИЛЭГ

 

Б.БОЛОР-ЭРДЭН