Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2026/00164

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Э.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/09880 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2026/00613 дугаар магадлалтай,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б-д холбогдох

240,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б-, түүний өмгөөлөгч Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор, шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Б-д холбогдуулан 240,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2025/09880 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б-д холбогдох 240,000,000 төгрөг гаргуулах “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2026/00613 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 192/ШШ2026/09880 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,357,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Б-, түүний өмгөөлөгч Ц нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж хариуцагч талаас үзэж байгаа юм. Ингэхдээ нэхэмжлэгч талаас удаа дараа шүүх хуралдаан дээр холбогдох хүсэлтүүд гаргаж, түүнийг шүүх тухай бүр нь хангаж шийдвэрлэж байсан, өөрөөр хэлбэл анхан шатны шүүх зохигчдын эдэлбэл зохих хуульд заасан бүхий л эрхийг эдлүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлж явуулсан.

Харин давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч талаас гомдол гаргасан бөгөөд тэрхүү гомдлыг гаргасан талаар хариуцагч талд мэдээгүй, мөн давж заалдах шатны шүүхэд холбогдох гомдлыг гаргасныг мэдээгүй, танилцаагүй, биечлэн оролцож, гадаад улсад ажлаар явж байгаа тухайгаа холбогдох нотлох баримтуудын хамт хүргүүлсээр байхад хариуцагч талыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байгаа юм.

Мөн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг хүчингүй болгосонд гомдолтой байгаа, өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг зөв хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй атал давж заалдах шатны шүүх магадлалдаа анхан шатны шүүхийн яг ямар хууль буруу хэрэглэсэн, журмыг хэрхэн яаж зөрчсөн, эсвэл зохигчдын эдэлбэл зохих эрхийг эдлүүлээгүй, хэргийн үйл баримттай ямар байдлаар нийцээгүй талаар холбогдох дүгнэлтийг бүрэн дүүрэн хийж чадаагүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн гомдлын хүрээнд бус бүхэлд нь хянан магадлах учиртай атал магадлалынхаа гол үндэслэлдээ “нэхэмжлэгчийн гол үндэслэл болох худалдан авсан тээврийн хэрэгслийн моторын хүч муутай, хүч алдаж байгаа шалтгааныг тодорхойлуулах нь маргааны зүйлд хамааралтай байхад уг асуудлаар шинжээч бүрэн дүүрэн хариулт өгсөн гэж үзэх боломжгүй юм...” гэх хууль зүйн үндэслэлгүй, механик дүгнэлт өгч байгаад туйлын гомдолтой байна.

Учир нь анхан шатны шүүхэд нэхэмжлэгч талын эдэлбэл зохих бүхий л эрхийг эдлүүлж, тэдгээрийн хүсэлтийн дагуу шинжээч томилж холбогдох дүгнэлтийг гаргасан. Шинжээчийн дүгнэлт гэдэг бол тусгай мэдлэг шаардлагатай, эрх бүхий субъект л гаргадаг хуультай. Харин гагцхүү дүгнэлт хуулийн дагуу хараат бусаар гарах учиртай болохоос биш нэхэмжлэгчид, өөрөөр хэлбэл хэн нэгний асуултад нийцүүлэх гэж гардаггүй гэдгийг энэхүү гомдолдоо онцлон дурдаж байна.

Өөрөөр хэлбэл, зөвхөн нэхэмжлэгч л нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүрэгтэй, түүнийхээ нотолж чадахгүй бол үгүйсгэгдэх хуультай атал шүүх түүнийг нь нотлох, шинжээчийн дүгнэлт асуулт хариултдаа бүрэн дүүрэн хариулт өгсөн гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэх нь хуулийг буруу хэрэглэж, зохигчдын өмнөөс асуух асуулт, заавал тэгж хариулах ёстой гэх байдлаар дүгнэлт өгч байгаа нь давж заалдах шатны шүүхийн магадлал өөрөө анхан шатны шүүхээс хууль хэрэглээний хувьд илт зөрүүтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн магадлал гаргасан хэмээн үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагч Б-, түүний өмгөөлөгч Ц нарын гаргасан гомдлыг хэлэлцээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2026.05.14-ний өдрийн 001/ШХТ2026/00627 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Б-д холбогдуулан 240,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Манай компани нь үйл ажиллагаандаа хэрэглэх зорилгоор 7,000 километрийн гүйлттэй, 2016 онд үйлдвэрлэсэн, хэвийн үйл ажиллагаатай, 2023.12.28-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн, түлшний чиргүүлтэй Хово /Howo/ буюу Синотрак /Sinotruck/ маркийн тээврийн хэрэгсэл зарна гэсний дагуу иргэн Б-тай холбогдож худалдан авахаар тохиролцож, 2024.04.24-ний өдөр 240,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах 001 тоот гэрээг байгуулж худалдан авсан. Гэрээнд зааснаар төлбөр болох 240,000,000 төгрөгөөс 100,000,000 төгрөгийг худалдагч талд шилжүүлж, үлдэгдэл төлбөр 140,000,000 төгрөгийг тухайн үеийн зах зээлийн ханшийг харгалзан дизель түлш нийлүүлэхээр заасны дагуу төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Гэрээгээр тохирсон тээврийн хэрэгсэл нь худалдан авсан цагаасаа эхлэн хүч муутай, хүч алддаг, моторын эд ангиас тос, масло гоожих зэргээр үйл ажиллагаа нь доголдож, 7,000 километр буюу бага явсан, чанарын шаардлага хангасан эсэхэд эргэлзээ төрүүлж эхэлсэн бөгөөд энэ талаар Б-тай утсаар холбогдоход би тээврийн хэрэгсэл дээрээ баталгаа гаргаагүй, чиргүүл дээр баталгаа өгсөн, шүүхээр яваад мөнгөө аваарай гэсэн. Иймд худалдагч нь биет байдлын доголдолтой, хэвийн үйл ажиллагаа нь алдагдсан тээврийн хэрэгслийг “...хэвийн үйл ажиллагаатай, бага явсан тээврийн хэрэгсэл...” гэж худалдан, гэрээнд заасан үүргээ зөрчсөн байх тул 2024.04.24-ний өдрийн 001 дугаартай худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөр болох 240,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна...” гэж тайлбарласан.

Хариуцагч хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлд дурдсан бүрэн бус доголдолтой автомашин шилжүүлээгүй. ...миний зарсан гэх автомашин Хятад улсад үйлдвэрлэгдсэн, Монголд орж ирээд ашиглаж байгаагүй, шууд орж ирсэн шинэ автомашиныг би тухайн үед нь мэргэжлийн байгууллага болох Авто тээврийн үндэсний төвийн үзлэг оношилгоонд орж, холбогдох норм, стандартыг хангаж тэнцэж, хөдөлгөөнд оролцох бүрэн боломжтой гэж дүгнэгдэж улмаар Монголд явах боломжтой шинэ, хэвийн ямар нэгэн биет байдлын доголдолгүй автомашиныг шилжүүлэн өгсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэж тайлбарласан.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Нэхэмжлэгч “С” ХХК болон хариуцагч Б- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй боловч 26,462 км замд ашигласан тээврийн хэрэгслийг буцааж, хариу төлбөрөө эргүүлэн авах хүсэл зориг илэрхийлэхдээ гэрээнээс татгалзах ерөнхий журмыг баримтлах шаардлагатай гэж үзлээ. Гэрээнээс татгалзах журмыг дагах нь процессын шинжтэй шаардлага бөгөөд уг шаардлагыг хангасны дараа эд хөрөнгийн солилцоо хийгдэж, хэрэгжсэн гэрээний тухайд эдийн засгийн үр ашигтай, харилцан тэнцвэртэй байдлыг хангахад ач холбогдолтой юм. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан боловч нэмэлт хугацаа тогтоож, доголдлын талаар хариуцагчид мэдэгдэх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмыг баримтлаагүй байна. Гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа хариуцагчид мэдэгдэж, үүрэг гүйцэтгэх /солиулах, засварлуулах гэх мэт/ нэмэлт хугацаа тогтоосноор үндэслэлийн талаар тайлбар гаргах, гэрээ биелснээс олсон ашиг болон тээврийн хэрэгслийн элэгдэл, хорогдлыг харилцан тооцох боломж бүрдэх тул нэхэмжлэгч “С” ХХК-ийн гэрээнээс татгалзаж, түүний үр дагаварт 240,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж дүгнэсэн,

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ: “...Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба зохигчид хүлээн авсан тээврийн хэрэгслийн эд хөрөнгийн доголдлын талаар маргасан байна. Анхан шатны шүүхээс шинжээчид тавигдсан асуултуудын 6-д “тухайн автомашин бусад хэвийн үйл ажиллагаатай автомашинтай харьцуулахад хүч муутай байгаа эсэх, хэрэв хүч муутай байгаа бол юунаас шалтгаалах вэ?” гэсэн асуултыг тавьсан. Шинжээч уг асуултад “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн, Howo Sinotruk маркийн, *** улсын дугаартай, *** арлын дугаартай автомашины хөдөлгүүр асна, явах боломжтой. Үзлэг зориулалтын лаборатори орчинд явагдаагүй, шинжилгээ хийх нөхцөл хангаагүй тул хөдөлгүүрийн хүч муутай эсэхийг тогтоох боломжгүй” гэжээ. Дээрхээс үзвэл нэхэмжлэлийн гол үндэслэл болох худалдан авсан тээврийн хэрэгслийн моторын хүч муутай, хүч алдаж байгаа шалтгааныг тодорхойлуулах нь маргааны зүйлд хамааралтай байхад уг асуудлаар шинжээч бүрэн дүүрэн хариулт өгсөн гэж үзэх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхээс, шинжээчийн дүгнэлт бүрэн бус, тодорхойгүй байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар нэмэлт эсхүл дахин шинжилгээ хийлгэх боломжтой байгааг анхаараагүй байна. ...Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх ба нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн шинжээчийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарч байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй...” гэж дүгнэжээ.

9. Хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хянан хэлэлцлээ.

10. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь зохицуулалтыг үндэслэл болгожээ.

Тухайлбал, давж заалдах шатны шүүх “…шинжээчийн дүгнэлт бүрэн бус, тодорхойгүй байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт зааснаар нэмэлт эсхүл дахин шинжилгээ хийлгэх боломжтой байгааг анхан шатны шүүх анхаараагүй байгаа нь хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан дахин шинжилгээ хийлгэх асуудалд хамаарна. Иймд тус ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, шинжээчийн дүгнэлт гаргуулах нэхэмжлэгчийн хүсэлт нь хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлд хамаарна…” гэж дүгнэлт хийсэн байна.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор зохицуулсан бөгөөд хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж зохицуулсан.

Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2025.01.22-ны өдрийн 192/ШЗ2025/04733 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж, шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан шинжээчийг оролцуулан маргааны зүйлийн талаар мэтгэлцсэн, нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо шинжээчийн дүгнэлтийн талаар дурдаагүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д нийцсэн гэж үзэхгүй.

Нэгэнт давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт болон эрх зүйн талаар дүгнэлт хийгээгүй тул хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлын давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хэсгийг хангахгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 210/МА2026/00613 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б-гаас 2026.04.22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАТЧИМЭГ

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Н.БАЯРМАА

                                 ШҮҮГЧИД                                                     Э.ЗОЛЗАЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД