Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 106

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг,

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амгалан,

шүүгдэгч Б.Батхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Батхуягт холбогдох эрүүгийн 201619000687 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын харьяат, 1972 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сум, 4 дүгээр баг “Хүйс” гэх газарт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Хэнтий аймаг, Биндэр сум, 4-р багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 1. Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 05 жилийн хугацаагаар хорьж шийтгэснийг Хэнтий аймгийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2000 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаартай захирамжаар 9 сар 3 хоногийн хугацааны өмнө тэнсэн сулласан, 2. Хэнтий аймгийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 05 жил хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 28 дугаартай захирамжаар 1 жил 10 сар 1 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 3. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148, 261 дүгээр зүйлийн 148.3, 261.1 дэх хэсэгт зааснаар 06 жил хорих ялаар шийтгүүлсэнийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 573/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148, 261 дүгээр зүйлийн 148.3, 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай. Боржигон овогт Батсүхийн Батхуяг РД:СЖ72102617 гэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Батхуяг нь 2016 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө иргэн О.Энхбаяраас авсан жижүүтэй хэт хутганы төлбөрийг өгөх зорилгоор өөрийн эзэмшлийн “Ба үсгэн” тамгайтай шарга морьтой Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн нутаг Дэлбэрхий гэх газраас иргэн Д.Мөнхтүшигийн 43 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 19.800.000 /арван есөн сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Батхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2016 оны 08 сарын 21-ний өдөр гэрээсээ гараад Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Галуут гэх газраас шарга халзан азаргатай 38 тооны адууг туугаад Хэнтий аймгийн Хэрлэн баян улаан сангийн аж ахуйн хойд талын Шинэ толгой гэдэг газар очиж дотроос нь 15 тооны адууг ялгаж аваад туугаад Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд Чунаг гэх хүнд аваачиж өгсөн. Үлдсэн шарга халзан азаргатай унага даага нийлсэн 20 гаран адууг гол өгсүүлж орхиод явсан. Чунагаас жижүүтэй хэт хутга авсан байсан. Тэр мөнгөө нэхээд байхаар нь Чунагт адуу аваачиж өгсөн гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 08 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 1 тамгатай, 1 азаргатай унаган адуунаадаа алдсан. Тэгээд өөрсдийнхөө зардалаар Төв аймгийн зүүн талын сумдууд, Хэнтий аймгийн наад талын сумд, Дундговь аймаг, Дорноговь аймгийн Сайншанд сум хүртэл 4 тийшээ 4 өөр машин, 3 мотоцикльтой сар гаруй хайж байгаад Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Чунаг гэх агтны адуутай хүний адуунаас манай тамгыг дээрээс нь дараад тамгалсан байхад нь олж авсан. Одоог хүртэл Б.Батхуяг нэг ч төгрөг өгөөгүй. Бид нар үржих малаараа хохирсон. Малаа өсгөж хэрэгцээндээ хэрэглэдэг. Б.Батхуяг 38 тооны адуу гэж байгаа бид нар бол нэг тамгатай, нэг газраа бэлчээрлэдэг 43 тооны адуугаа нэхэж байгаа. Б.Батхуягаас бид нар нэг ч адуу илүү нэхээгүй, Цагдаа, Прокурор, эрэл хайгуулсан болсон зардал багаар бодоход 2.355.000 төгрөг. Бид нарт өвөл унадаг 8 тооны адуу бол онгоц, жийпнээс илүү үнэтэй. Энэ өвөл хоёр хөлөөрөө малаа хариулсан. Өөртөө дүгнэлт хийхгүй байна гэж үзэж байна гэв.

Иргэний нэхэмжлэгч О.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би 2014 оны 09 сард Б.Батхуяг гэдэг хүн манай гэрт байсан манай аавын үе дамжиж ирсэн жийжүүтэй мөнгөн хэт хутгыг анх үзээд сайхан хутга байна гээд явсан юм. Тэрнээс хойш манайд хоёроос гурван удаа ирээд сүүлийн ирэлтэн дээрээ 20 тооны адуу өгье гэхээр нь би хэт хутгаа өгөөд явуулчихсан юм...Тэгээд би та одоо найдвартай өгөөрэй гээд тухайн үед салаад явсан, тэрнээс хойш би байнга утас руу нь залгаад та яасан бэ? гэж асуухаар ах нь ажилтай явж байна удахгүй очно, морины ажил хийж байна гэх зэргээр шалтаглаж байгаад сүүлд 2016 оны 08-р сарын хорьдоор Б.Батхуяг нь 18-н тооны адууг морьтой тууж ирсэн тэгээд тэндээсээ Саарал зүсмийн 3 сар тамгатай азарга, бор зүсмийн нар буруу эргэсэн хас тамгатай бор морь, шарга зүсмийн, хул зүсмийн 2 тооны морь байсан тамгыг нь сайн санахгүй байна аль нэг нь монгол үсгэн тамгатай, нэг нь саран тамгатай байсан санагдаад байна. Тэгээд үлдсэн 15 тооны адууг надад хэт хутганы төлбөрт өгөөд дээр нь нэмж 2 тооны адуу яваандаа дариухан өгнө гээд явсан... Тэгээд цагдаа нар ирж надаас дээрх 15-н тооны адууг хураан авч явсан...” гэх мэдүүлэг /хх-49-50 тал/,

Гэрч Б.Цоггэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “.. 2016 оны 08 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дэлбэрхий гэдэг газраас ус ууж гараад галуут чиглэлтэй гараад алга болсон... гэх мэдүүлэг /хх-51 тал/,

Гэрч Г.Эрдэнцогтын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “... 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 74-24 УБӨ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Б.Батхуяг гэх ангилал тохирохгүй эрхийн үнэмлэхтэй тээврийн хэрэгсэл жолоодож явахад нь саатуулан шалгахад Цагдаагийн байгууллагын АСАП санд сэрдэгдэж буй этгээдээр Төв аймгийн Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсныг эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгч тээврийн хэрэгслийг нь саатуулан ажилласан..” гэх мэдүүлэг /хх-61 тал/,

Гэрч Р.Бат-Отгоны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “.. Өнгөрсөн намар 08 сарын 20-ны үед миний нөхөр Энхбаяр бид хоёр гэртээ байж байхад Батхуяг гэх хүн манайд хэт хутганы өрийг өгч байна гээд 15 тооны адууг авчирч өгчөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-67 тал/,

 

БУСАД БАРИМТ

- Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангийн оргодол эрэн сурвалжлах лавлагаа /хх-18-20 тал/,

- Мал амьтан хураан авсан тэмдэглэл /хх-21 тал/,

- Мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-22-26 тал/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-27-28 тал/,

- Сэжигтэн Б.Батхуягийн явсан гэх маршрутыг ерөнхийд нь харуулсан лавлагаа /хх-29-32 тал/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-33-35 тал/,

- Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-36-36 тал/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-41 тал/,

- Эд зүйлийн үнэлгээ /хх-71 тал/,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 573А дугаартай шийтгэх тогтоол /хх-94-103 тал/,

- Хэнтий аймгийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоол /хх-104-106 тал/,

- Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2005 оны 01 сарын 27-ны өдрийн 28 дугаартай захирамж /хх-106-н ар тал/,

- Батсүх овогтой ялтан Батхуягийн зан байдлын тодорхойлолт /хх-107 тал/,

- Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 03 сарын 01-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоол /хх-108-109 тал/,

- Хэнтий аймгийн шүүхийн 2000 оны 10 сарын 20-ны өдрийн 132 дугаартай шүүгчийн захирамж /хх-110 тал/,

- Суллагдсан хүмүүст олгодог справка /хх-111 тал/,

- Төв аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 251 тоот лавлагаа /хх-113 тал/,

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 09 сарын 15-ны өдрийн 1022 тоот лавлагаа /хх-116 тал/,

- Хэнтий аймгийн Биндэр сумын 4-р багийн засаг даргын 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 73 тоот тодорхойлолт /хх-117 тал/,

- Юнител ХХК-ий 2016 оны 09 сарын 21-ний өдрийн 05-01/4057 тоот албан бичиг, хавсралт /хх-119-127 тал/,

- Хаан банкны 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 16/440 тоот албан бичиг, хавсралт /хх-129-131 тал/,

- Хан үнэлэмж ХХК-ий үнэлгээний тайлан /хх-142-146 тал/,

- Төв аймаг дахь Цагдаагийн газрын 2016 оны 12 сарын 08-ны өдрийн 49/02-4813 тоот албан бичиг /хх-153 тал/,

- Мөнгөн цахиурт ХХК-ий 2016 оны 12 сарын 15-ны өдрийн 1/2246 тоот албан бичиг /хх-154-155 тал/,

- Итгэмжлэл /хх-164 тал/,

 

-шүүгдэгч Б.Батхуягийг 2016 оны 11 сарын 12-ны өдөр сэжигтнээр /хх-87-88 тал/, 2016 оны 11 сарын 24-ний өдөр яллагдагчаар /хх-89-90, 91, 156 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

- Б.Батхуягийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “1. Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 05 жилийн хугацаагаар хорьж шийтгэснийг Хэнтий аймгийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2000 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаартай захирамжаар 9 сар 3 хоногийн хугацааны өмнө тэнсэн сулласан, 2. Хэнтий аймгийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 260 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 05 жил хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 28 дугаартай захирамжаар 1 жил 10 сар 1 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 3. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148, 261 дүгээр зүйлийн 148.3, 261.1 дэх хэсэгт зааснаар 06 жил хорих ялаар шийтгүүлсэнийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 573/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148, 261 дүгээр зүйлийн 148.3, 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэх лавлагаа /хх-92 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Батхуяг нь 2016 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө иргэн О.Энхбаяраас авсан жижүүтэй хэт хутганы төлбөрийг өгөх зорилгоор өөрийн эзэмшлийн “Ба үсгэн” тамгайтай шарга морьтой Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн нутаг Дэлбэрхий гэх газраас иргэн Д.Мөнхтүшигийн 43 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 19.800.000 /арван есөн сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батхуягийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хохирогч Д.Амгалангийн мэдүүлсэн “2016 оны 08 сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 1 тамгатай, 1 азаргатай унаган адуунаадаа алдсан. Тэгээд өөрсдийнхөө зардалаар Төв аймгийн зүүн талын сумдууд, Хэнтий аймгийн наад талын сумд, Дундговь аймаг, Дорноговь аймгийн Сайншанд сум хүртэл 4 тийшээ 4 өөр машин, 3 мотоцикльтой сар гаруй хайж байгаад Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Чунаг гэх агтны адуутай хүний адуунаас манай тамгыг дээрээс нь дараад тамгалсан байхад нь олж авсан.” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч О.Энхбаярын “...Тэрнээс хойш манайд хоёроос гурван удаа ирээд сүүлийн ирэлтэн дээрээ 20 тооны адуу өгье гэхээр нь би хэт хутгаа өгөөд явуулчихсан юм...Тэгээд би та одоо найдвартай өгөөрэй гээд тухайн үед салаад явсан, тэрнээс хойш би байнга утас руу нь залгаад та яасан бэ? Гэж асуухаар ах нь ажилтай явж байна удахгүй очно, морины ажил хийж байна гэх зэргээр шалтаглаж байгаад сүүлд 2016 оны 08-р сарын хорьдоор Б.Батхуяг нь 18-н тооны адууг морьтой тууж ирсэн тэгээд тэндээсээ Саарал зүсмийн 3 сар тамгатай азарга, бор зүсмийн нар буруу эргэсэн хас тамгатай бор морь, шарга зүсмийн, хул зүсмийн 2 тооны морь байсан тамгыг нь сайн санахгүй байна аль нэг нь монгол үсгэн тамгатай, нэг нь саран тамгатай байсан санагдаад байна. Тэгээд үлдсэн 15 тооны адууг надад хэт хутганы төлбөрт өгөөд дээр нь нэмж 2 тооны адуу яваандаа дариухан өгнө гээд явсан... Тэгээд цагдаа нар ирж надаас дээрх 15-н тооны адууг хураан авч явсан..” гэх мэдүүлэг, гэрч Б.Цоггэрэл, Г.Эрдэнэцогт, Р.Бат-Отгон нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг Мал амьтан хураан авсан тэмдэглэл, Мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Батхуяг нь 3 удаагийн ял шийтгэлтэй бөгөөд хамгийн сүүлд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 06 жил хорих ялаар шийтгүүлсэнийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 573/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул түүний ялтай байдал арилсан байна гэж үзэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Батхуягт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Б.Батхуягт баривчлах ялыг оногдуулах мөн 43 тооны адуунаас 2 буюу 3 тооны адууг хасаж өгнө үү гэх хүсэлт гаргасныг хүлээж авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч Б.Батхуяг нь бусдын олон тооны малыг хулгайлсан, бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулаагүй, хэдийгээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байгаа боловч урьд нь хулгайн гэмт хэргийг удаа дараа үйлдэж байсан, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргээс үзэхэд хорих ялыг оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.Батхуягт хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн 43 тооны адуунаас 2 буюу 3 тооны адууг шүүгдэгч Б.Батхуяг нь хулгайлаагүй гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох хохирогч Д.Мөнхтүшигийн малын А данс /2015 он, 2016 он/ болон хохирлын үнэлгээнд тусгагдсан малын нас, зүс тоолоход шүүгдэгч Б.Батхуяг нь шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар маргаагүй, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлж байгаа байдал зэргээр няцаагдаж байх тул дээрх 43 тооны адуунаас хасаж тооцох үндэслэлгүй байна.  

 

Хохирлын талаар

Хохирогч Д.Мөнхтүшиг нь 19.800.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Б.Батхуяг нь мөрдөн байцаалтын шатанд 15 тооны адуу буюу 6.500.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байна. Иймд үлдэх 28 тооны адуу буюу 13.300.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.Батхуягаас гаргуулах нь зүйтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амгалан нь хулгайд алдагдсан адуунуудаа эрэн сурвалжлахад гарсан замын зардалд нэхэмжилж буй 2.355.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь 1 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул 1 сая төгрөгийг шүүгдэгч Б.Батхуягаас гаргуулж, үлдэх 1.355.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, нийт 14.300.000 төгрөгийг шүүгдэгч Б.Батхуягаас гаргуулж хохирогч Д.Мөнхтүшигт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний нэхэмжлэгч О.Энхбаяр нь мөрдөн байцаалтын шатанд жижүүтэй хэт хутганы үнэ болох 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батхуяг нь иргэний нэхэмжлэгч О.Энхбаярт хохирлыг адуугаар тооцож хохирлоо барагдуулсан гэж мэдүүлдэг бөгөөд шүүх хуралдааны товыг иргэний нэхэмжлэгч О.Энхбаярт мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан, хөдөө мал дээр байдаг учир шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй” гэх тайлбар гаргасан байх тул иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлж барагдуулсан гэж үзэж, гэм хорын асуудлыг хянан шийдвэрлээгүй болно.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Sanyo маркийн 42 инчийн телевизор, XPG52  маркийн угаалгын машин, Ssang yang маркийн 74-24 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 4 ханатай монгол гэр зэргийн битүүмжлэлийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Батхуягын цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Батсүхийн Батхуягийг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батхуягийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Батхуягт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Батхуягийн цагдан хоригдсон 12 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, ялтан Б.Батхуягт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Sanyo маркийн 42 инчийн телевизор, XPG52  маркийн угаалгын машин, Ssang yang маркийн 74-24 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 4 ханатай монгол гэр зэргийн битүүмжлэлийг хүчингүй болгосугай.

 

7. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Батхуягаас 14.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Мөнхтүшигт олгож, хохирогч Д.Мөнхтүшиг нь замын зардалд 1.355.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, ялтан Б.Батхуяг нь иргэний нэхэмжлэгч О.Энхбаярын нэхэмжлэлийн шаардлага болох 15.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Батхуягт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

       

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА