Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 183/шш2022/00758

 

 

2022 оны 3 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/00758

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А  ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 9.040.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б

Хариуцагчийн төлөөлөгч Д.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х нь А ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 9.040.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Х: нь хариуцагч Г ХХК-тай /хуучнаар/ 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаатай, 23410039 дугаар радио давтамжийг ашиглах тусгай зөвшөөрлийн гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаатай, 13400113 тоот телевиз, радиогийн олон сувгийг кабелиар дамжуулах үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрлийн гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай хугацаатай, 941/Б/ NIIM278 тоот харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрлийн гэрээг тус тус байгуулсан. Г ХХК нь нэрээ өөрчилж, А ХХК болсон. Тус компани 23410039 дугаар радио давтамжийн зөвшөөрөлд тодорхойлсон 648-686 МГц радио давтамжийн ашиглах эрхийн эрхийн тусгай зөвшөөрлийн гэрээний 2017, 2018 оны төлбөр 3.840.000 төгрөг, 13400113 дугаар телевиз, радиогийн олон сувгийн кабелиар дамжуулан үйлчилгээ эрхлэх эрхийн тусгай зөвшөөрлийн гэрээний 2017, 2018 оны төлбөр 1.600.000 төгрөг, 941/Б/ NIIM 278a дугаар цамхаг, түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралт суурилуулалтын эрхийн тусгай зөвшөөрлийн гэрээний 2014, 2015, 2016 оны төлбөр 1.600.000 төгрөг, 941/Б/ NIIM 278а дугаар гадны холбооны кабель шугамын угсралт, суурилуулалт, засварын эрхийн тусгай зөвшөөрлийн гэрээний 2014, 2015, 2016 оны 2.000.000 төгрөг, нийт 9.040.000 төгрөгний үлдэгдэлтэй байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Нэхэмжлэгчээс А ХХК-д холбогдуулан 9.040.000 төгрөг нэхэмжилсэн хэрэгт хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Манай компани тус газартай Г ХХК нэрээр гэрээгээ байгуулж байсан ба А ХХК болж нэрээ өөрчилсөн. Энэ нь улсын бүртгэлийн гэрчилгээнээс тодорхой харагдана. Нэхэмжлэгч Х нь нэхэмжлэлдээ 941/Б/NIIM278d дугаар цамхаг, түүн дээрх холбооны тоног, төхөөрөмж угсралт суурилуулалтын тусгай зөвшөөрлийн гэрээний 2014, 2015, 2016 оны төлбөр 1.600.000 төгрөг, 941/Б/NIIM278a дугаар гадны холбооны кабль шугамын угсралт суурилуулалт, засварын эрхийн тусгай зөвшөөрлийн гэрээний 2014, 2015, 2016 оны төлбөр 2.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба дээрх шаардлагын хувьд А  ХХК нь тусгай зөвшөөрлийн үйлчилгээг огт аваагүй бөгөөд энэхүү хоёр гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр дууссан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг тул дээрх тусгай зөвшөөрлийн хоёр гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Манай компани энэхүү гэрээний дагуу үйлчилгээг огт ашиглаагүй тул Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.3-т заасан нэг жилийн дотор үйл ажиллагаа явуулаагүй бол тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл болдог. Мөн 23410039 дугаар радио давтамжийн тусгай зөвшөөрлийн гэрээний 2017, 2018 оны төлбөр 3.840.000 төгрөг, 3400113 дугаар телевиз, радиогийн болон сувгийн кабелиар дамжуулан үйлчилгээ эрхлэх эрхийн тусгай зөвшөөрлийн гэрээний 2017, 2018 оны төлбөр 1.800.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Х нь иргэд, аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгосон өдрөөс хойш 30 хоногийн дотор төлбөрийг төлөхөөр тохиролцдог бөгөөд манай компанитай байгуулсан 23410039, 3400113 дугаартай хоёр гэрээний хувьд ч мөн адил гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт ...Зөвшөөрөл эзэмшигч нь шинээр зөвшөөрөл авч байгаа тохиолдолд зөвшөөрлийн төлбөрийг 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн гэрээ байгуулж, Зохицуулах хорооны Голомт банкин дахь ***** тоот дансанд нэхэмжлэлийн дагуу төлнө... гэж заасан. Манай компани Х-тусгай эрхийн үйлчилгээг авахаар тусгай зөвшөөрлийн дээрх хоёр гэрээг байгуулсан боловч манай талаас ч гэрээний төлбөрийн гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор эхний жилийн төлбөрийг төлсөн. Мөн манай зүгээс энэхүү гэрээг цуцлах тухайгаа 2017 онд гэрээ байгуулагдсны дараа маш олон удаа мэдэгдэж байсан учраас бид дээрх хоёр гэрээг цуцалсан гэж ойлгосон. Гэтэл бидний ашиглаагүй үйлчилгээний төлбөрийг нэхэмжилж шүүхэд хандсан байна. Учир нь Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.3-т үйл ажиллагаа явуулаагүй нэг жил, тайлан өгөөгүй тохиолдолд цуцлах бөгөөд цуцалсан гэдэг ойлголттой байсан. Зөвшөөрөл авсны дараа тус зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон. Одоогоор 2017, 2018 оноос хойш 21 аймагт тус оноос хойш шинээр тусгай зөвшөөрөл авч одоо үйл ажиллагаа явуулж буй газар байхгүй. Учир нь бидний 23410039 дугаар радио давтамжийн тусгай зөвшөөрөл, 34013 дугаар телевиз, радиогийн олон сувгийн кабелиар дамжуулан үйлчилгээ эрхлэх эрхийн зөвшөөрөл нь Өмнөговь аймагт DVB T2 технологоор олон сувгийн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхээр байсан. Х- Монгол сат, Юнивишн, Скаймедиа үйлчилгээг хөдөө орон нутагт оруулах зөвшөөрөл өгсөн нь энэхүү үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулах ямар ч боломжгүй болгосон. Хэрэв бид тус зөвшөөрлийн дагуу хөрөнгө оруулалт авч, үйл ажиллагаа явуулсан тохиолдолд дампуурах байсан. Одоо манайх шиг зөвшөөрөлтэй олон газар DVB T2 технологоор үйл ажиллагаа явуулахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр олгосон итгэмжлэл, Х -ын улсын бүртгэлийн гэрчилгээ, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, 23410039 тоот радио давтамж ашиглах зөвшөөрлийн гэрээ, Харилцаа холбооны зохицуулах хорооны Б ангилалын тусгай зөвшөөрөл, 13400113 тоот телевиз, радиогийн олон сувгийг кабелиар дамжуулах үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн гэрээ, З болон Г ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 13400113 тоот гэрээний хавсралт 1, тусгай зөвшөөрлийн Б ангилал, 941/Б/NIIM278 тоот харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх Б ангилалын тусгай зөвшөөрлийн гэрээ, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Х тогтоол, Б ангилал, х үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ, дугаарлалтын зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүх бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Х -ын нэхэмжлэлтэй А ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 9.040.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Х , Г ХХК-ийн /хуучнаар/ хооронд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаатай 23410039 дугаар радио давтамжийг ашиглах тусгай зөвшөөрлийн гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаатай, 13400113 тоот телевиз, радиогийн олон сувгийг кабелиар дамжуулах үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрлийн гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай 941/Б/ NIIM278 тоот харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрлийн гэрээ тус тус байгуулагдсан. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний үүрэгт 9.040.000 төгрөг гаргуулахаар шаардсан

3.Хариуцагч А  ХХК хариу тайлбартаа: Хоёр тал тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулснаас хойш манайх 30 хоногийн дотор эхний жилийн төлбөрийг төлсөн. Улмаар зөвшөөрөл авсны дараа тус зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон тул цуцлах тухайгаа 2017 онд буюу гэрээ байгуулагдсны дараа олон удаа мэдэгдэж байсан учраас гэрээ цуцалсан гэж ойлгосон. Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.3-т үйл ажиллагаа явуулаагүй, нэг жил, тайлан өгөөгүй үед гэрээг цуцлах бөгөөд цуцалсан гэдэг ойлголттой байсан. 2017, 2018 оноос хойш 21 аймагт шинээр тусгай зөвшөөрөл авч одоогоор үйл ажиллагаа явуулж буй газар байхгүй. Х  Монгол сат, Юнивишн, Скаймедиа үйлчилгээг хөдөө орон нутагт оруулах зөвшөөрөл өгсөн нь энэхүү үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулах ямар ч боломжгүй болгосон. Нөгөө талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараахь үйл баримт тогтоогдов.

 

5.Хариуцагч нь Х Г ХХК нэрээр анх гэрээгээ байгуулсан байх ба оноосон нэрээ А ХХК болгон өөрчилсөн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

6.Хариуцагч А ХХК Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх зорилгоор радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн 23410039 тоот гэрээг 5 жил, телевиз, радиогийн олон сувгийг кабелиар дамжуулах үйлчилгээ эрхлэх Б ангилалын зөвшөөрлийн 13400113 тоот гэрээг 5 жил, харилцаа холбоо үйлчилгээ эрхлэх Б ангилалын тусгай зөвшөөрлийн гэрээг 3 жилийн хугацаатайгаар Х -тай байгуулсан байна.

 

7.Талууд тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулсан талаар маргаагүй, харин Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол сат, Юнивишн, Скаймедиа үйлчилгээг хөдөө орон нутагт оруулах зөвшөөрөл өгсөн нь дээрх үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулах ямар ч боломжгүй болгож, гэрээгээ цуцлах тухайгаа мэдэгдсэн учраас гэрээ цуцалсан гэж ойлгосон. Гэтэл ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй хугацааны төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй гэж, төлбөрийн талаар маргаж байгаа болно.

8.А  ХХК-ийн гүйцэтгэх захирал зөвшөөрөл авсны дараа тус зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учраас гэрээгээ цуцлах тухайгаа 2017 онд буюу гэрээ байгуулсны дараа мэдэгдсэн гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал үгүйсгэж байх боловч нэхэмжлэгчээс гаргаж өгсөн санхүүгийн баримтад гэрээ цуцалсныг тодорхой заажээ.

9.Х Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ-г шинэчлэн батлах тухай 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаар тогтоол гарч, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3824 дугаарт бүртгэсэн, нийтэд илэрхий үйл баримт болно.

10.Нэхэмжлэгч тал хавтаст хэргийн 22,23 дугаар талд авагдсан талуудын хооронд байгуулсан 3 гэрээний үүрэг буюу үлдэлдэл төлбөрийг Х Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ-г шинэчлэн батлах тухай 58 дугаар тогтоолд үндэслэн тооцож нэхэмжилжээ.

11.Тодруулбал телевиз радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ, кабелийн телевиз нэг жилийн хөлс 800.000, гадна холбооны кабель шугамын угсралтын хөлсний хэмжээ нэг жилийн 1.000.000, цамхаг түүн дээрх холбооны тоног төхөөрөмж угсралтын нэг жилийн хөлсний хэмжээ 800.000 төгрөг гэж уг тогтоолоор баталсан хөлсний хэмжээгээр тооцож нэхэмжилсэн байх ба нэхэмжлэгчийн гаргаж өгсөн санхүүгийн баримтаас харахад гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж, 2017 оны 4 дүгээр сарын 26-нд дууссан, 2015, 2016 оны төлбөр 1.600.000 төгрөг, гадна холбооны кабель шугамын угсралт суурилуулалт засварын гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж, 2017 оны 4 дүгээр сарын 26-нд дууссан, 2015, 2016 оны төлбөр 2.000.000 төгрөг нэхэмжилсэн байна.

12.Гэвч дээрх баримтуудаас дүгнэж үзэхэд гэрээний хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 26-нд дууссан, 2015, 2016 оны хоёр үйлчилгээний ангилалын төлбөрт нийт 3,600.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр,

түүнчлэн хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан санхүүгийн баримтад гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулж, дуусах огноо нь 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр боловч гэрээ цуцлагдсан төлөвтэй, 2017, 2018 оны телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний 2017, 2018 оны төлбөрт 1.600.000 төгрөг нэхэмжилж байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тус тус шүүхэд гаргасан байна.

13.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т ...Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна... гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлж байсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

14.Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 2015, 2016 оны хоёр үйлчилгээний ангилалын төлбөр 3.600.000 төгрөг, телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээний 2017 оны төлбөр 800.000 төгрөг, нийт 4.400.000 төгрөг нэхэмжилснийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2018 оны төлбөрт 800.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчаас гаруулах нь зүйтэй.

15.Хавтаст хэргийн 23 дугаар талд авагдсан санхүүгийн баримтад тоон телевизийн үйлчилгээг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулж, дуусах огноо нь 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гэж заасан боловч гэрээ цуцлагдсан төлөвтэй, 2017, 2018 оны тоон телевизийн үйлчилгээний ангилалд нэг жилийн 1,920.000 төгрөгөөр тооцож, 2017, 2018 оны төлбөрт 3.840.000 төгрөг нэхэмжилж байх боловч Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнд нэг жилийн хөлсний хэмжээг 1.920.000 төгрөг гэж тогтоосон нь тогтоолоос харагдахгүй, ямар баримтад үндэслэснээ нэхэмжлэгч нотлоогүй болно.

16.Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөрт 800.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.240.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

17.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, Иргэний хуулийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-иас 800.000 төгрөгийг гаргуулж, Х -т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8.240.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зйүлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А ХХК-иас 23.750 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН