Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2022/00783

 

 

 

 

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2022/00783

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н Сөх холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага:Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3.250.000 төгрөг гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгч Б.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г ,

 

Хариуцагч Н СӨХ-ны гүйцэтгэх захирал Ю.Э , хариуцагчийн өмгөөлөгч О.О ,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д  Н СӨХ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3.250.000 төгрөг гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М , өмгөөлөгч Б.Г  нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Д нь Н СӨХ-д 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр харуулын албан тушаалд томилогдон ажилласнаас хойш үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэж, ажиллаж байх хугацаандаа хариуцлага алдаж байгаагүй бөгөөд удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь үнэнч шударгаар хийж гүйцэтгэж байсан. Б.Д 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Ковид-19 цар тахлын халдвар авч ойрын хавьтал болсноос хойш ажиллуулаагүй ба халдвар тараах боломжит хугацаа дуусч ажилдаа орох гэтэл ажлаас халагдсан гэсэн хариу хэлсэн. Ажлаас халсан тухай тушаалаа гаргаж өгөөгүй, үндэслэлээ тайлбарлаагүй бөгөөд удаа дараа холбогдож ажлаа хийе, эсвэл тушаалаа гаргаж өг гэж хэлсний үндсэн дээр 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх тушаал гаргаж өгсөн. Уг тушаалд Б.Д- ыг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш удаа дараа ажлын байраа орхиж явсан, ээлж гарааг дур мэдэн сольсон гэх үндэслэлийг зааж ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ тушаалыг өмнөх гүйцэтгэх захирал гаргасан. Нэхэмжлэгч ажлын байраа удаа дараа орхисон болон ажил тасалж байгаагүй бөгөөд гагцхүү ойрын хавьтал болсон ба энэ талаар удирдлагадаа мэдэгдэхэд харуулын өрөөний түлхүүрийг өөрөө ирж хүлээн авч, үүнээс хойш ажилдаа очоогүй. Б.Д эхнэртэйгээ бүрэн эдгэсний дараа ажлаа хийх гэтэл ажлыг нь хийлгээгүй бөгөөд тэр хоёрыг хоёуланг нь ажлаас халсан. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт ...Хорио цээр, хөдөлгөөний тусгаарлалт, хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах... гэж заасан байдаг. Гэвч байгууллага Б.Д-ын ажлын байрыг хадгалаагүй бөгөөд ажлаас нь халсан. Мөн Ковид-19 цар тахлын ойрын хавьтал болж тусгаарлалтын хугацаа дууссаны дараа хууль бусаар ажлыг маань хийлгээгүй ба үндэслэлгүйгээр ажлаа орхиж явсан, ээлж гараа сольсон гэж гүтгэсэн. Иймд Б.Д-ыг харуулын ажилд эгүүлэн тогтоож, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх ажилласан хугацааг тооцвол нэг сарын дундаж цалин 500.000 төгрөг, нэг гарааг 50.000 төгрөгөөр тооцож нийт 65 гарааны мөнгө болох 3.250.000 төгрөгийг гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа: Б.Д 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд нийт албан тушаалтан ажиллаж буй даатгуулагчдын 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 6 сар хүртэл нийгмийн даатгалын бичилт болон ажилчдын цалин бодолтын цагийн хүснэгтэд Б.Д гэж огт бичигдээгүй байна. Харин 2021 оны 6 дугаар сарын сүүлээр Б.Д-ын 9 сарыг дуустал хугацааны цалин бичигдсэн байна. Үүнээс үзэхэд тэрээр тус СӨХ-д хоёр сар гаруй хугацаагаар ажилласан гэж харагдаж байна. Миний хувьд тус СӨХ-ны даргаар 2021 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн ажиллаж байгаа бөгөөд намайг ажилд ороход энэ хүн ажиллаагүй байсан. Гэвч Б.Д  эхнэртэйгээ ажиллаж байсан гээд 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэв журмын зөрчил гаргаж, манай харуулын өрөөнд эхнэртэйгээ орж ирж ээлжинд гарч байсан харуулаас түлхүүрийг хулгайлж, харуулын ажил хүлээлцдэг дэвтрийг булааж аваад ажилдаа орно гэж хүмүүс рүү дайрч хэл амаар доромжилсон. Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст дуудлага өгч цагдаагийн ажилтан харуулын дэвтрийг Б.Д-ын гэрт орж авч өгсөн. Б.Д-ын гэр нь манай хотхоны 3 дугаар байранд байдаг бөгөөд түүнд тус СӨХ-ны дарга байсан Б.Э  гэж хүн харуулын 1 дүгээр ээлжинд харуулын ажил санал болгоход татгалзсан. Ковидтой холбоотойгоор Б.Д , Р.Б хоёр 8 дугаар сард Ховд руу нутагтаа очно гээд 7 хоногийн чөлөө аваад сар гаруй ажилдаа ирээгүй бөгөөд тэр хугацаанд Р.Б ковид туссан байсан бөгөөд Б.Д-ын хувьд ковид тусаагүй, ковидтой холбоотойгоор энэ хүнийг ажлаас халаагүй. Учир нь манай ажлын газрынхан бүгд ковид туссан. Б.Д  дээр дурдсан хугацаанд ажил хийсэн бол нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар бүх татварыг төлөх ёстой байсан. Иймд Б.Д-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр олгосон итгэмжлэл, Н СӨХ-ны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 08/21 тоот тушаал,

Хариуцагчаас Н СӨХ-ны 19/28 дугаартай гэрчилгээний хуулбар, Н СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тушаал, Н СӨХ-ны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаал, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын баримт, Н СӨХ-д ажиллаж буй даатгуулагчдын 2020 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримт, Нью гарден СӨХ-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын баримт, Н СӨХ-ны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 1 дүгээр сарын тайлан, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ажилд орохыг хүссэн өргөдөл, рапорт гэх гараар бичсэн тэмдэглэлийн дэвтрийн хуулбар, О.О өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Б.Д-ын нэхэмжлэлтэй Н СӨХ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3.250.000 төгрөг гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Ковид-19 цар тахлын ойрын хавьтал болж, халдвар тараах боломжит хугацаа дуусч ажилдаа орох гэтэл ажлаас халагдсан гэсэн хариу хэлсэн. Ажлаас халсан тухай тушаалаа гаргаж өгөөгүй, үндэслэлээ тайлбарлаагүй бөгөөд удаа дараа холбогдож ажлаа хийе, эсвэл тушаалаа гаргаж өг гэж хэлсний үндсэн дээр 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх тушаал гаргаж өгсөн. Уг тушаалд намайг 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш удаа дараа ажлын байраа орхиж явсан, ээлж гарааг дур мэдэн сольсон гэх үндэслэлийг зааж ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй, тушаал хуульд нийцээгүй гэж урьдхи ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны цалин олговорт 3.250.000 төгрөг гаргуулж, гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах гэж шаардсан.

 

3.Хариуцагч хариу тайлбартаа: Б.Д-ыг харуулын ажлын байраа дураараа орхиж, ээлж гарааг дур мэдэн сольж, хариуцлагагүй ажилласнаас миний өмнөх гүйцэтгэх захирал ажлаас нь чөлөөлснийг хуульд нийцсэн гэж үзэж байна. Б.Д 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байсан. Нийт албан тушаалтан ажиллаж буй даатгуулагчдын 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 6 сар хүртэл нийгмийн даатгалын бичилт болон ажилчдын цалин бодолтын цагийн хүснэгтэд Б.Д-ын нэр байхгүй, харин 2021 оны 6 дугаар сарын сүүлээс 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалин бичигдсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараахь үйл баримт тогтоогдов.

5.Нэхэмжлэгч Б.Д  нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилд орохыг хүссэн өргөдөл өгч, мөн өдрөөс эхлэн Н  СӨХ-д харуулаар ажиллаж, нэг сарын 500.000 төгрөгийн цалин хөлстэй ажиллахаар тохирсон байх ба ажил олгогчоос түүнийг ажилд авсан тушаал гаргаагүй, ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.

6.Хариуцагч Нью гарден СӨХ-ны гүйцэтгэх захирал Ю.Энхчимэг нь өмнөх удирдлага ажилтанг ажилд авахдаа тушаал гаргаагүй, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулж байсан нь үнэн, энэ талаар маргахгүй гэж тайлбарлаж байгаа болно.

7.Б.Д тус СӨХ-д хоёр сар ажиллаж, 2020 оны 12 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг үндэслэн Н СӨХ-ны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас нь чөлөөлөх тушаал гаргаж байжээ.

8.Гэвч дээрх тушаал гарснаас хойш удалгүй мөн л Б.Д-ыг дахин ажилд авсан, томилсон тушаал гаргалгүйгээр харуулын ажил хийлгэж байгаад 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/21 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байна.

9.Уг тушаалд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.2-т заасныг үндэслэн Б.Д-г 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс удаа дараа ажлын байр орхиж явсан, ээлж гараа дур мэдэн сольсон тул ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсүгэй... гэж дурджээ. 

10.Б.Д Н СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай 08/21 дүгээр тушаалыг гардан авч, тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэлээ 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ...Ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана... гэсэн хуулийн заалттай нийцэж байна.

 

11.Хариуцагч нь Б.Д-г 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, СӨХ-ны нийт албан тушаалтан ажиллаж буй даатгуулагчдын 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 6 сар хүртэл нийгмийн даатгалын бичилт болон ажилчдын цалин бодолтын цагийн хүснэгтэд Б.Д-ын нэр байхгүй, харин 2021 оны 6 дугаар сарын сүүлээс 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалин бичигдсэнээс үзэхэд тэрээр тус СӨХ-д хоёр сар гаруй хугацаагаар ажилласан нь харагдаж байна гэж тайлбарлаж маргаж байна.

12.Гэтэл Б.Д  нь 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд Н СӨХ-д ажиллаж байсан болох нь харуулын ажил хүлээлцсэн рапортын дэвтэр, Б.Д-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр тогтоогдож байгаагаас гадна ажил олгогч түүнийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь Б.Д-ыг тус СӨХ-д ажиллаагүй гэх хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна.

13.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 24 дүгээр зүйлийн 24.1-т ...Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно...  гэж заасан ба хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах нь ажил олгогчийн үүрэг юм.

Ажилтанг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 38 дугаар зүйлийн 38.1.1 ажилтан санаачилсан, 38.1.2 ажил олгогч санаачилсан гэх зүйл заалтыг баримталж, үндэслэлээ ...удаа дараа ажлын байр орхиж явсан, ээлж гарааг дур мэдэн сольсон гэж дүгнэн ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлснөөс үзэхэд дээрх тушаал нь зөрчилтэй, алдаатай, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн тушаал шийдвэр болж чадаагүй байна.

Тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бий болсон тохиолдолд ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтанг ажлаас чөлөөлөх тушаал шийдвэр гаргах эрхтэй боловч уг тушаал нь ажилтны эрх ашгийг хөндсөн байхад дээрх тушаалыг гаргасан ажил олгогчийн үйл ажиллагааг зөвтгөх боломжгүй байх тул Б.Д-ыг Н СӨХ-д харуулын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нээж, зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж зааснаар 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажлын 6 сар 9 хоногоор тооцож, 3.209.310 төгрөгийг хариуцагч Н СӨХ-ноос гаргуулан нэхэмжлэгч Б.Д-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40.600 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Д-г Н СӨХ-ны харуулын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3.209.310 төгрөг /гурван сая хоёр зуун есөн мянга гурван зуун арван/ төгрөгийг хариуцагч Н СӨХ-ноос гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 40.698 төгрөг /дөчин мянга зургаан зуун ерэн найман/ төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Н СӨХ-д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагчаас 66.298,9 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН