| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2021/03066/И |
| Дугаар | 183/ШШ2021/03066 |
| Огноо | 2021-12-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2021/03066
2021 оны 12 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2021/03066 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Гачууртын зам 000 тоот хаягт байрлах Х.Х ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Био комбинат, тоот хаягт байрлах, А.М.К ХХК /РД:0000000/-д холбогдох
Гэрээний үүрэгт 17,223,112 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компани А.М.К ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 00-000 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйлүүд болон бусад холбогдох заалтуудыг үндэслэн харилцан тохиролцож байгуулсан. А.М.КХХК нь барилгын туслах материал түрээслэх гэрээгээр булан, хэв, тулаас гэх мэтийн нийт 1,756 ширхэг барилгын туслах материалыг барилгын ажилд ашиглах зорилгоор 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл түрээсэлсэн, түрээсийн төлбөр 12,092,375 төгрөг, гэмтэл засварласан төлбөр 12,000 төгрөг, 46*150*165 материалын 1,138,500 төгрөг, 163 ширхэг бараа материалыг акталсан төлбөр 4,912,500 төгрөг, борлуулалт 143,500 төгрөг, нийт 18,298,875 төгрөгөөс 6,816,800 төгрөгийг төлж үлдэгдэл 11,482,075 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Гэрээнд хариуцагч алдангийг төлбөр авагчид төлөхөөр заасан. Иймд төлбөр барагдуулах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 11,482,075 төгрөг, алданги 5,471,037 төгрөг, гэрээний нийт үүргийн үлдэгдэл дүн 17,223,112 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч А.М.КХХК хариу тайлбараа ирүүлээгүй байна.
Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч А.М.К ХХК-д холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт нийт 17,223,112 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Х.Х ХХК гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл Х.Х ХХК-иас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ.
Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Барилгын туслах материалыг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хариуцагчид түрээсэлсэн, түрээсийн төлбөр нийт 18,298,875 төгрөгөөс 6,816,800 төгрөгийг төлж үлдэгдэл 11,482,075 төгрөгийг төлөөгүй. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээнд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алдангийг төлбөр авагчид төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд Төлбөр барагдуулах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 11,482,075 төгрөг, алданги 5,471,037 төгрөг, нийт 17,223,112 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарладаг.
Хариуцагч А.М.К ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийг хувийг гардуулсан, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж зааснаар үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдэж, тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3 шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, 25.2.4 шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүргийг тус тус зөрчсөн төдийгүй мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 зохигч хэргийн үйл баримтын, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэсэн зарчмыг хэрэгжүүлээгүй гэж дүгнэхээр байна.
Иймд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэсний дагуу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, түүний эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Х.Х ХХК нь хариуцагч А.М.К ХХК-тай 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр №00-000 дугаартай Барилгын туслах материал түрээслэх гэрээг байгуулж, гэрээний дагуу нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч нь хариуцагч А.М.К ХХК-нд барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах, аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж барилгын туслах бараа материалыг түрээслүүлж, ашиглуулах, түрээслэгч буюу хариуцагч түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан гэрээний агуулгатай нийцжээ. /хэргийн 5-7 хуудас/
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч түрээсийн гэрээний дагуу хариуцагчаас гэрээний төлбөрөө төлөхийг шаардах эрхтэй байна.
Зохигчид барилгын туслах материал түрээслэх гэрээгээр нэр бүхий 17 төрлийн барилгын туслах материалыг нэхэмжлэгч Х.Х ХХК түрээслүүлж, түрээсийн гэрээг дүгнэн хүлээн авсан бараа материалын акт, тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актаар түрээслэгч буюу А.М.К ХХК нь түрээсийн төлбөрт 11,482,075 төгрөг төлөхөөр тохиролцож, эдгээр актуудад хоёр байгууллагын эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, баталгаажуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хэргийн 10,11 хуудас/
Мөн талууд дээрх түрээсийн гэрээний дагуу төлбөр барагдуулах хэлцлийг 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, уг хэлцлээр №00-000дугаар түрээсийн гэрээний үүргийн биелэлт буюу төлбөр 11,482,075 төгрөгийг хариуцагч А.М.К ХХК нь 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл төлөхөөр, үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алдангийг А.М.К ХХК нь нэхэмжлэгч Х.Х ХХК-нд төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хэргийн 4 хуудас/
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан гэрээний 1.1-д ...№00-000дугаар түрээсийн гэрээний үүргийн биелэлт буюу төлбөр 11,482,075 төгрөгийг хариуцагч А.М.КХХК нь 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл төлөх... гэж зааснаар төлбөр төлөх хугацааг талууд тохирсон байна.
Иймд хариуцагч 11,482,075 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 29-ны өдөр төлөхөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч хариуцагчаас уг үүргээ шударгаар биелүүлэхийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар шаардах эрхтэй байх тул хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 11,482,075 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан тул нэхэмжлэгч түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-д түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож 0,5 хувийн алданги төлнө, төлбөр барагдуулах гэрээний 3.2-д гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алдангийг төлбөр авагчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул түрээсийн гэрээний дагуу хариуцагч 11,482,075 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 29-ний дотор төлж барагдуулаагүй байх тул нэхэмжлэгч гэрээнд зааснаар алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар 50 хувиас хэтрүүлэхгүйгээр хариуцагчаас шаардсан нь хуульд нийцжээ.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагчаас үндсэн үүрэгт 11,482,072 төгрөг, алданги 5,741,037 төгрөг нийт 17,223,112 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.М.К ХХК-иас 17,223,112 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Х ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.М.К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 244,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Х ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ