| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2018/03302/И |
| Дугаар | 183/ШШ2022/00159 |
| Огноо | 2022-01-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2022/00159
| 2022 оны 01 сарын 17 өдөр | Дугаар 183/ШШ2022/00159 | Улаанбаатар хот |
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Х нь Л.М-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 2011 оны 9 дүгээр сард Л.М-тэй албан ёсоор гэр бүл болж, бидний дундаас 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү М.А төрсөн. Л.М 2016 оны 7 дугаар сард Ирланд улс явсан ба явахаасаа өмнө архи согтууруулах ундаа байнгын хэрэглэж, өдөр болгон шөнийн хоёр, гурван цагийн үед ирдэг байсан. Түүнээс болж хэрүүл маргаан гарч байнга муудалцах болсон. М.М нь Ирланд улсад нэг жил 6 сар ажилласан ба ирсний дараа Компьютер Ланд төвд хувиараа ажил хөдөлмөр эрхлэх болсон. Бид хоёр олон жил тусдаа амьдарч, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү М.А-ийг миний асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.М хариу тайлбартаа бид 2010 онд танилцаж, 2011 оны 9 дүгээр сард гэрлэлтээ батлуулж, бидний дундаас 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү М.А төрсөн. Гэр бүл болсноос хойш М.Х явган хэрүүл хийж, өдөр шөнөгүй уур, уцаартай сэтгэл санааны дарамтад оруулдаг, харьцахад их төвөгтэй байдаг байсан. Би 2007 оноос Компьютер ланд төвд өрөө түрээслэж хувиараа компьютерийн засвар үйлчилгээ хийж ирсэн. 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байрны өр төлбөрөө төлж барагдуулах, өөрийн гэсэн орон байртай болох зорилгоор Ирланд улсыг зорьж нэг жил 6 сар ажиллаж байгаад ирсэн. Энэ хугацаанд М.Х байнга араас утсаар хэрүүлж хийж сэтгэл санааны дарамтад оруулдаг байсан. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй нь тодорхой болсон тул гэрлэлтээ цуцлуулах, хүү М.Аз-г эх М.Х-ийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Л.М нэхэмжлэгч М.Х-д холбогдуулан гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хүү болон өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Л.М , М.Х нар 2010 онд танилцан, 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү М.А төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Л.М М.Х нар зан харилцааны таарамжгүй байдал, бие биенээ үл ойлголцох байдлаас болж таарч тохирохгүй, 2014 оны 2 дугаар сараас хойш тусдаа амьдарч, гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд орсон боловч эвлэрүүлэн зуучлал үр дүнд хүрээгүй, амжилтгүй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан тохирсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Л.М , М.Х нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Зохигчид хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохироогүй, маргаантай байснаас шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн авч, шинжээч томилсон ба Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тус тус 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү М.А-ийг эцэг Л.М-ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн боловч дээрх дүгнэлтүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүйгээс дахин шинжээч томилж, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр хүү М.А-г эх М.Х-ийн асрамжид үлдээх саналыг гаргасан байна.
Дээрх шинжээчийн дүгнэлтээс харахад зохигчид нь эдийн засгийн болон байр орон сууц, эрхэлж буй ажил, сарын орлого, хүүхэд хүмүүжүүлэх арга барилын хувьд хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх чадвар, боломж нь ижил түвшинд байгааг тэмдэглэсэн ба хүүхдийн санал, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлт, хүүхдийн нас, эцэг эхийн халамж, зохигчдын тайлбар мэдүүлэг зэрэг баримтуудыг харьцуулан дүгнэж, 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү М.А-ийг эцэг Л.М-ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
Л.М нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу 39а-25 тоот хаягт байрлах, 38 м.кв талбай бүхий, нэг өрөө орон сууцыг гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзэж, М.Х-ийн үнэлсэн үнэлгээгээр тооцож, 60.000.000 төгрөгийг 3 хувааж өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахаар шаардсан байна.
Дээрх үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээд буюу М.Х-ийн эх Х.Т-ийн ажиллаж байсан байгууллагаас хөнгөлттэй үнээр өгч, М.Х нь ЗГХЭГ, ТЗҮААЭГ-тай 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/27/2011 тоот гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөрийг төлж, хууль ёсны өмчлөгч болсон, улмаар бэлэглэлийн гэрээгээр Х.Т-т шилжсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Гуравдагч этгээд Х.Т нь маргаан бүхий орон сууцыг өөрийн ажиллаж байсан байгууллагаас өгсөн, тухайн үед байгууллагын ажилчид хүүхдийнхээ нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ авч байсан тэр жишигийг дагасан, орон сууцыг олгох, гэрээ байгуулах үед Л.М , М.Х-т нар гэр бүл болоогүй байсан, энэ хоёр гэр бүл болоод эвтэй амьдарсан бол би орон сууцаа тэдэнд өгч болох байсан, гэвч тэд суусан цагаасаа хэрүүл маргаантай байсан, Л.М нь уг орон сууцны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй гэж тайлбарлаж байна.
Л.М маргаан бүхий орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж тайлбарлаж, орон сууцны ногдох хэсгээс хүү болон өөрт ногдох хэсгийг гаргуулахаар шаардсан боловч дээрх үйл баримт, зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд М.Х-ийн эх Х.Т өөрийн ажиллаж байсан байгууллагаас хөнгөлттэй үнээр авч, төлбөрийг шилжүүлж байсан нь мөнгө төлсөн баримтуудаар тогтоогдож байх ба Х.Т тэднийг гэр бүл болоход зориулж орон сууцыг өгөөгүй, Л.М орон сууцны төлбөрт мөнгө шилжүүлсэн талаарх баримт байхгүй, орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэдгийг нотлоогүй болно.
Иймд М.Х-д холбогдох гэр бүлийн дундын хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түүнчлэн хариуцагч Л.М хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Л.М, Хотгойд овогт М.Х нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү М.А-ийг эцэг Л.М-ийн асрамжид үлдээсүгэй.
3.Л.М хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай.
4.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар М.Х-д холбогдох гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай Л.М-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Л.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.М-өөс 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Х-д олгосугай.
6.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН