Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 8

 

“Д У С” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00741/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1218 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Д У С” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Д Т” ХХК,

                   Б.Мишиг нарт холбогдох

“19.200.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Нэхэмжлэгч “Д У С” ХК-аас:

“Д Т” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Д У С” ХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээгээр “Д Т” ХХК нь 19.200.000 төгрөгийн үнэ бүхий гадна гэрэлтүүлгийн ажлыг 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дотор гүйцэтгэхээр болж, гэрээ байгуулсан боловч одоог хүртэл гэрээнд заасан ажил хийгдээгүй байдаг. “Д Т” ХХК нь “Д У С” ХК-аас гэрээний дагуу 19.200.000 төгрөгийг хүлээн авсан. Хариуцагч компани 19.200.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг. “Д У С” ХК-ийн тухайн үеийн захирал Б.Мишигийг байгууллагын мөнгийг үр ашиггүй шамшигдуулсан үндэслэлээр Цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газраас шалгуулсан. Үүнийг хэрэгт нотлох баримтаар судлуулахаар татсан эрүүгийн хэрэгт “Д Т” ХХК-ийн захирал Б.Тогтохсүрэн нь “Д У С” ХК-д 19.200.000 төгрөгийг төлж барагдуулах болно гэж албан тоот болон мэдүүлэгтээ удаа дараа мэдүүлсэн байдаг. Хариуцагч Б.Мишиг, “Д Т” ХХК-аас 19.200.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. 

Хариуцагч “Д Т” ХХК-ийн төлөөлөгч Б.Тогтохсүрэнгээс:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа, зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь гэрээ бол байгуулагдсан, төв цэвэрлэх байгууламжийн гадна гэрэлтүүлгийг нийлүүлэхээр тохиролцсон байдаг. Манай компанийн зүгээс гэрээний хугацаанд гэрэлтүүлгийг худалдан авч угсрахад бэлэн болгож гэрээний үүргээ биелүүлэх гэсэн боловч захиалагч тал болох “Д У С” ХК гэрээний үүргийг биелүүлэх боломж нөхцөлийг хангахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Учир нь “Д У С” ХК-ийн удирдлага 2016 оны сонгуулийн дараагаар солигдож шинэ удирдлагууд буюу тэр тусмаа ерөнхий инженер Удвал гэх хүн шинээр томилогдон орж ирж улс төржиж хуучин удирдлагаа ажлаас нь халж байсан гэсэн өс хонзонгийн сэдлээр хийж байсан ажлуудыг санаатайгаар зогсоох гацаах, үйлдэл гаргаж гэрээ хэлцлийг үгүйсгэж эхэлсэн, энэ байдлаас болж манай байгууллага гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байдалд хүрсэн. Гэрээгээр гэрлийн зөвхөн толгойг хийж гүйцэтгэхээр тохиролцсон байхад “Д У С” ХК-ийн удирдлагаас өөр газарт тухайн гэрлийн шон буюу гэрлийг хамтад нь босгож кабель татаж шинээр угсарч хийхийг шаардаж сүүлдээ өмнөх удирдлагаа Авилгатай тэмцэх газар болон Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт тус тус гомдол гаргасны улмаас шалгагдаж 2 жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд манайх  гэрээний үүргээ биелүүлэх боломж нөхцөлөөр хангахыг хүссэн бичгийг амаар болон бичгээр удаа дараа тавьж байсан. Иймээс “Дархан -Ус суваг” ХК нь гэрээний үүргээ биелүүлэх боломжоор хангаагүй учраас манай компани өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбар гаргажээ.

Хариуцагч Б.Мишигээс:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие 2016 оны 4 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд “Д У С” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа хууль тогтоомжийг баримтлан ажиллаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан асуудлаар 19.200.000 төгрөгийг хариуцан төлөх хууль зүйн болон бусад ямар ч үндэслэл байхгүй. “Д Т” ХХК болон нэхэмжлэгч “Д У С” ХК-ийн хооронд байгуулагдсан гэрээгээр энэхүү маргаан шийдвэрлэгдэх ёстой. Б.Мишиг миний хувьд 19.200.000 төгрөгийг хууль бусаар өөртөө авч ашигласан зүйл огт байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 19.200.000 төгрөгтэй холбоотой асуудал мөн шалгагдаж хэрэгсэхгүй болсон. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийнхээ шаардлагыг гэрээтэй холбоотой асуудлаар тодорхойлсон байгаа бөгөөд миний хувьд тус гэрээний харилцааны оролцогч биш тул нэхэмжлэлийн шаардлага надад хамаарахгүй гэж үзэж байна. Иймд шүүх “Д У С” ХК-ийн нэхэмжлэлтэй “Д Т” ХХК, Б.Тогтохсүрэн, Б.Мишиг нарт холбогдох 19.200.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийн Б.Мишиг надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбар гаргасан байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1218 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “Д Т” ХХК-аас 19.200.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д У С” ХК-д олгож, хариуцагч Б.Мишигт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Д Т” ХХК-аас 253.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч “Д Т” ХХК-ийн зүгээс гэрээний хугацаандаа гэрэлтүүлгийг удалдан авч угсрахад бэлэн болгон гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх гэсэн боловч “Д У С” ХК-ийн удирдлага 2016 оны сонгуулийн дараагаар солигдсоны шинэ удирдлагууд нь шинээр томилогдон орж ирээд улс төржиж, хуучин удирдаж байсан удирдлагуудынхаа хийж байсан ажлуудыг нь зогсоож, гэрээ хэлцлүүдийг нь үгүйсгэж эхэлсэн. Нэхэмжлэгч тал болох “Д У С” ХК-ийн зүгээс гэрээний үүргийг биелүүлэх боломжоор хангаагүйгээс гэрээний үүрэг биелэгдээгүй. Гэтэл анхан шатны шүүх үүнийг харгалзаж үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Д Т” ХХК нь гэрэл худалдан авах зорилгоор БНХАУ руу явсан замын зардал, гэрлээ буцаагаад зарж борлуулахад гарсан үнийн алдагдал зэргийг тооцоолоход 1.500.000 төгрөгийн хохирол учирсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 төгрөгийг хасч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Д У С” ХК нь хариуцагч “Д Т” ХХК, Б.Мишиг нарт холбогдуулан гэрээний дагуу нийлүүлэх байсан гэрэлтүүлгийн үнэ 19.200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Д Т” ХХК нь “Дархан ус суваг” ХК нь гэрээний үүрэг биелүүлэх бололцоо олгоогүй, гэрээнээс өөр ажил хийхийг шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Б.Мишиг нь гэрээний оролцогч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх “Д Т” ХХК-аас 19.200.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д У С” ХК-д олгож, хариуцагч Б.Мишигт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч тал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй, “Д Т” ХХК нь гэрэл худалдан авах зорилгоор БНХАУ руу явсан замын зардал, гэрлээ буцаагаад зарж борлуулахад гарсан үнийн алдагдал зэргийг тооцоолоход 1.500.000 төгрөгийн хохирол учирсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 төгрөгийг хасч өгөхийг хүсч давж заалдах гомдол гаргасан байна.

Хуульд зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч “Д У С” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мишиг, хариуцагч “Д Т” ХХК-ийн захирал С.Мөнх-Оргил нар 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2016/43 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулж гэрээгээр:

  • ...төв станцын гадна гэрэлтүүлгийг сольж угсрах, нийлүүлэх ажлыг 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 09-ний дотор нийлүүлэх,
  • гэрээний дагуу нийлүүлэх гадна гэрэлтүүлгийн үнэ 19.200.000 төгрөг гэж тогтсон бөгөөд 2 хувааж  өгөхөөр тохирчээ.

Гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр дууссан үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч тал гэрээний дагуу нийт төлбөр болох 19.200.000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр “Д Т” ХХК-д бэлнээр олгосон бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа талууд өөрсдөө шүүхэд  нотлох үүрэг хүлээхээр  зохицуулжээ.

Хариуцагч “Д Т” ХХК нь Д У С ХК  гэрээний үүрэг биелүүлэх бололцоо олгоогүй, гэрээнээс өөр ажил хийхийг шаардсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг дээрх хуулийн дагуу шүүхэд ирүүлээгүй, нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзнэ.

Мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 б-д заасан “ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр, ажил гүйцэтгэгчээс үл хамаарах ямар нэгэн нөхцөл байдал бий болсон бол захиалагчид нэн даруй мэдэгдэх” гэсний дагуу захиалагч талд гэрээний үүргээ биелүүлэхэд саад болж байгаа талаар мэдэгдэж байсан нь тогтоогдоогүй байна. 

Хариуцагч талын хүсэлт гаргаж шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан хятад хэл дээрх 2 хуудас баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй байна.

Хариуцагч “Д Т” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй байна.

Энэ талаар Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д гэрээний үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзах, мөн 225 дугаар зүйлд талуудын аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол... нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй болохыг зохицуулжээ.

Нэхэмжлэгч талд Иргэний хуулийн 205 дугаар зүйлд 205.1-д зааснаар гэрээнээс татгалзаж түүнээс үүсэх үр дагаврыг шаардах эрх үүссэн байна.

Хариуцагч тал гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан.

Гэрээнээс татгалзсаны үр дагавар болох гэрээний үнэ 19.200.000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардсаныг шүүх гаргуулж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг хэрэглээгүй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч “Д Т” ХХК-ийн гэрэл худалдан авах зорилгоор БНХАУ руу явсан замын зардал, гэрлээ буцаагаад зарж борлуулахад гарсан үнийн алдагдал зэргийн үнийг хариуцагч тал нэхэмжилж баримтаар нотлоогүй байхад давж заалдах шатны шүүх гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн гаргасан хууль хэрэглээний алдааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн гомдлыг хангаагүй тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1218 дугаар шийдвэрийн 1 дэх заалт:

“Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “Д Т” ХХК-аас 19.200.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д У С” ХК-д олгож, хариуцагч Б.Мишигт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэснийг

“Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “Д Т” ХХК-аас 19.200.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Д У С” ХК-д олгож, хариуцагч Б.Мишигт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

           

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                     Л.АМАРСАНАА

                                                                                                                      С.ОЮУНЦЭЦЭГ