| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 102/2023/00626/И |
| Дугаар | 001/ХТ2026/00170 |
| Огноо | 2026-06-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2026/00170
“Х” ХХК дахь банкны
эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч М.Батсуурь, Н.Батчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2026/00551 дүгээр магадлалтай
“Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
“А” ХХК, “Г” ХХК-д тус тус холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К” ХХК,
Үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрх бүхий газрыг хариуцагч “А” ХХК болон “Г” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, эрх хүлээн авагчид шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У, хариуцагч “Г” ХХК-ийн өмгөөлөгч М нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор, шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г, хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У, хариуцагч “А” ХХК-ийн өмгөөлөгч Д, хариуцагч “Г” ХХК-ийн өмгөөлөгч М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч “А” ХХК, “Г” ХХК нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрх бүхий газрыг хариуцагч “А” ХХК болон “Г” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, эрх хүлээн авагчид шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/10613 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 265 дугаар зүйлийн 265.1-д заасныг баримтлан “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагч “А” ХХК, “Г” ХХК-д холбогдуулан гаргасан *** газрын эзэмших эрх, *** үйлдвэрийн барилга, *** үл хөдлөх хөрөнгө, *** газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2026/00551 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/10613 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** үйлдвэр, *** үл хөдлөх эд хөрөнгө, *** газруудыг хариуцагч “А” ХХК, “Г” ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид шилжүүлэхийг даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэг, 172.2.1, 172.2.3-т заасныг үндэслэн шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, Шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гаргаж буй нэхэмжлэл, түүний үндэслэл, шаардлагууд холбогдох үйл баримтуудыг тогтоон, хянан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар атал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 179 дүгээр зүйлийг зөрчиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан тухай давж заалдах шатны шүүхийг магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 6-д “Хариуцагч “А” ХХК-ийн гаргасан хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.12.24-ний өдрийн 00016 дугаар магадлалаар худалдагч талыг Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д заасны дагуу эд хөрөнгийг буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгосон гэж үзэхээр байх ба уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхгүй” гэжээ.
Нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа талаар: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.26-ны өдрийн 182/ШШ2019/01625 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.06-ний өдрийн 2048 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2021.05.20-ны өдрийн 001/ХТ2021/00502 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.12-ны өдрийн 182/ШШ2021/02198 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.12.24-ний өдрийн 00016 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр байгаа болно.
Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолтой холбоотой иргэний хэргийн оролцогч, нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн талаар: Дээр дурдсан иргэний маргаантай хэргийн зохигчид нь үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг 2011.06.15-ны өдрийн Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэл болгож маргасан. Хүчин төгөлдөр 0016 дугаартай магадлалаар “Төлбөрийн асуудлыг шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд шударга эзэмшигчийн зүгээс гэрээтэй холбоотой үүссэн үүргийн талаар харилцан шаардлага гаргаж байгаа учраас сөрөг нэхэмжлэлд нэрлэн заасан үл хөдлөх эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч талын эзэмшлээс чөлөөлүүлэх боломжгүй. Түүнчлэн гэрээний зүйл нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө байгаа боловч уг эд хөрөнгүүдийг барьцааны зүйлийн хэмжээгээр тусад нь өр төлбөрт тооцож тогтоогоогүй, нийт үнийн дүнгийн хэмжээгээр зээлийн өр төлбөрт тооцсон байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд туссан зохицуулалтыг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх явдлыг хангах зорилгоор Монгол Улсын дээд шүүхийн 2006.04.24-ний өдрийн 21 дугаартай тогтоолын 2.2.3 дахь заалтын А.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий байхаас гадна тухайн үйл баримтын талаар мэдээлэлтэй байх боломжтой тодорхой хүрээний хүмүүст илэрхий байхыг хэлнэ, Б.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар өөр хэрэгт дахин нотлох шаардлагагүй, Иргэний болон захиргааны хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг иргэний болон захиргааны өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцно.” гэж заасныг давж заалдах шатны шүүх ноцтой зөрчсөн.
4.2. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 4.8-д “...үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болон эзэмшигч нь “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болсон байх тул дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй” гэжээ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийн тулд тэрээр маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэлээр олж авсан байх, мөн хариуцагч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдсон байхыг шаарддаг. Учир нь 2021.12.24-ний өдрийн 00016 дугаар магадлалаар “Шударга эзэмшигч өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй талаар Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6 дахь хэсэгт заасан. Талууд Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой худалдах-худалдан авах гэрээг байгуулж, нэхэмжлэгч тал буюу эд хөрөнгөө буцаан худалдан авах эрхтэй байсан этгээдийн хувьд тодорхой мөнгөн төлбөрийг төлсөн байна. Өмчлөгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр нэхэмжлэгч талын эд хөрөнгүүдийг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч нэхэмжлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргээс тодорхой хэсгийг биелүүлсэн” гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч “А” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө, газрыг хууль бусаар эзэмшээгүй бөгөөд шударга эзэмшигч юм. Нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрх бүхий газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, эрх хүлээн авагчид шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 4.6-д “...хуульд заасан 5 жилийн хугацаа хэтэрч өнгөрсөн, ...улмаар буцаан худалдах авах эрхээ өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй байна” гэж хуульд нийцэхгүй дүгнэлтийг хийж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлох, тухайн тодорхойлсон шаардлагаа нотлох баримтыг гаргаж өгөх шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон тухайн шаардлагын хүрээнд л хэрэг маргааныг хянан шийдвэрлэнэ. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хянаж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хянах хуулийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлээр зохицуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх уг хуулийн заалтыг ноцтой зөрчиж хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин дүгнэсэн.
Шүүх гаргасан шийдвэртээ тухайн хэрэг, маргааны талаарх дүгнэлтээ илэрхийлдэг. Шүүхээс гарч буй шийдвэрүүдийн дундаас хэрэг маргааныг агуулгынх нь хувьд дүгнэж шийдвэрлэдэг. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг агуулгаар нь харахад хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу шүүхийн эцсийн шийдвэрийг хянаж, дүгнэлт хийн шийдвэр гаргаж, хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Давж заалдах шатны шүүх эцэслэн шийдвэрлэгдсэн шийдвэр, магадлалыг тайлбарлаж үнэлэлт дүгнэлт өгч, хянаж, шүүхээр шийдэгдсэн хэргийг дахин шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2-т Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ гэснийг ноцтой зөрчлөө. Иймд давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд зөрүүтэй байдал гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр буюу зөрүүтэй байдлаар тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн зэргээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч “Г” ХХК-ийн өмгөөлөгч М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
5.1. Нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийг “Г” ХХК-ийн хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх шаардлага гаргасныг манай компани эс зөвшөөрөхдөө тухайн объектууд нь манай компанийн эзэмшил, ашиглалтад цаасан дээр болон бодит байдлаар байхгүй бөгөөд эзэмшиж ашигладаггүйгээ тайлбарласан. Өөрөөр хэлбэл, тус шаардлага манай компанийн хувьд хууль зүйн үндэслэлгүй, мөн биелэгдэх боломжгүй гэдгийг давж заалдах шатны шүүхэд тайлбарласан боловч анхаарч үзсэнгүй.
5.2. 2011.06.15-ны өдрийн “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-ээр тохиролцож нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн хөрөнгө нь “К” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийнх байсан бөгөөд “Г” ХХК бодитойгоор эзэмшдэггүй гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны үед нэхэмжлэгч болон хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрсөн байдаг.
5.3. 2011.06.15-ны өдрийн 1159 дугаартай “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-ний 2.2-т “гэрээний 2.1-т заасан нөхцөл биелэгдсэнээр төлбөр төлөгчийг банканд төлөх өрөө бүрэн төлсөнд тооцно гэсний дагуу “Г” ХХК нь гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг барагдуулж дууссан буюу Х-ны эрх хүлээн авагчид ямар нэгэн өр төлбөргүй болсон. Үүнтэй холбоотойгоор зээлийн өр төлбөргүй талаарх тодорхойлолт, лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн.
5.4. Шүүхээр өмнө нь нэхэмжлэгчийн гаргасан шаардлага, үйл баримттай холбоотой хэргийг шийдвэрлэж байсныг давж заалдах шатны шүүх харгалзан үзэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
5.5. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан, шүүхийн шийдвэр, магадлалаас харвал “Г” ХХК нь нэхэмжлэгчийн шаардаад байгаа хөрөнгүүдийг эзэмшиж, ашиглаж байгаа гэсэн дүгнэлт огт хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн нөхцөл байдал тогтоогдсонтой холбоотой бөгөөд нэхэмжлэгч манай компанийн эзэмшил, ашиглалтад байгаа гэдгийг нотлоогүй байхад давж заалдах шатны шүүх манай компанийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх, шаардлага нь хариуцагчид хамааралтай эсэх шалган тогтоох зарчимтай зөрчилдөж байна. Учир нь нэхэмжлэлийн шаардлага нь манай компанид холбогдолгүй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
6. Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.05.14-ний өдрийн 001/ШХТ2026/00665 дугаар тогтоолоор хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У, хариуцагч “Г” ХХК-ийн өмгөөлөгч М нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
7. Хяналтын журмаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
8. Нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч хариуцагч “А” ХХК, “Г” ХХК-уудад холбогдуулан нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ: “...хариуцагч “А” ХХК нь Ш-тай 2010.06.03-ны өдөр 45 дугаартай зээлийн гэрээ байгуулж 4,620,000,000 төгрөгийг сарын 1.8 хувийн жилийн 21.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай, мөн 2010.06.03-ны өдөр 46 дугаартай зээлийн шугам нээх гэрээг байгуулж 650,000,000 төгрөгийг сарын 1.8 хувийн жилийн 21.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээлүүдийг тус тус авсан. Хариуцагч “Г” ХХК нь Ш-тай 2009.08.27-ны өдөр ЗГ/96 дугаартай зээлийн гэрээг байгуулж 1,200,000,000 төгрөгийг сарын 1.2 хувийн жилийн 14.4 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатайгаар, мөн 2010.01.15-ны өдөр НЗГ/01 дугаартай нэмэлт зээлийн гэрээгээр зээлийг 460,000,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 1,660,000,000 төгрөгийн зээлийг авсан. “А” ХХК болон “Г” ХХК-уудын Хнаас авсан зээлийн үлдэгдэл 2010.06.10-ны өдрийн байдлаар “А” ХХК-ийн өр ...нийт 5,816,069,781.74 төгрөг, “Г” ХХК-ийн өр ...1,973,517,583.2 төгрөгийн, нийт 7,789,587,364.94 төгрөг байсан.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр ...2011.06.15-ны өдөр Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. ...Гэрээний дагуу *** газар, *** үйлдвэрийн барилга, *** үйлдвэрийн барилга, *** газрын өмчлөх эзэмших эрхийг “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид шилжүүлэн өгсөн.
Гэрээний үүргийн биелэлтийн хүрээнд хариуцагч нь хэсэгчлэн төлбөр хийж, өнөөгийн байдлаар нийт үлдэгдэл төлбөр болох 3,595,305,258.92 төгрөг байна. ...Гэрээний 3.1.4-т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд банкны өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг суллаж, банкинд хүлээлгэн өгөх, 4.2.2-т гэрээний 1.2.б-д заасан хугацаанд төлбөр төлөгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд банк өмчлөлд шилжсэн хөрөнгийг захиран зарцуулна гэж заасан.
...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу ...“А” ХХК болон “Г” ХХК нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас дээрх хөрөнгийг чөлөөлүүлж, “Х” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхийг даалгаж өгнө үү...” гэж тайлбарласан,
Хариуцагч “Г” ХХК хариу тайлбартаа: “...нэхэмжлэгч нь аль эд хөрөнгө, газрыг “Г” ХХК-аас шаардаж байгаа нь тодорхойгүй байх хэдий ч дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрууд нь манай компанийн эзэмшил, ашиглалтад байхгүй бөгөөд ямар нэгэн байдлаар хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй. Тодруулбал, 2011.06.15-ны өдрийн 1159 дугаартай төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсэгт дурдсан үйлдвэрийн зориулалттай, *** барилгыг “Х” ХХК-ийн өмчлөлд 2013.12.31-ний өдрөөс өмнө шилжүүлсэн. Энэ утгаараа 2011.06.15-ны өдрийн 1159 дугаартай төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний 2.2-т гэрээний 2.1-т заасан нөхцөл биелэгдсэнээр төлбөр төлөгчийг банканд төлөх өрөө бүрэн төлсөнд тооцно гэсний дагуу өр төлбөргүй болсон. Мөн тус гэрээ байгуулах үед ч түүнээс хойших хугацаанд ч нэхэмжлэгчийн шаардсан үл хөдлөх эд хөрөнгө, газрыг манай компани бодитойгоор эзэмшиж, ашиглаж байгаагүй тул хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх Хны эрх хүлээн авагчид шилжүүлэхийг даалгах нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Иймд “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж,
Хариуцагч “А” ХХК хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаарх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021.10.12-ны өдрийн 02198 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2021.12.24-ний өдрийн 00016 дугаар магадлал өнөөдрийн хувьд хуулийн хүчин төгөлдөр байна.
Дээрх шүүхийн шийдвэртэй иргэний хэргийн нэхэмжлэгч нь “А” ХХК, “Алтан аураг констракшн” ХХК, хариуцагч нь “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч, хариуцагч нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай адил сөрөг нэхэмжлэл гаргаад талууд маргалдаад, үйл баримт нь авагдаад, хамгийн эцсийн байдлаар шүүхийн магадлал гарсан байдаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэх боломжтой...” гэж,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “К” ХХК тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй...” гэж тус тус тайлбарласан.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаас үзэхэд өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийн тулд тэрээр маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэлээр олж авсан байх, мөн хариуцагч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдсон байхыг шаарддаг. “Х” ХХК болон “А” ХХК, “Г” ХХК-тай байгуулсан 2011.06.15-ны өдрийн 1/2-159 дугаартай “Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-гээр “А” ХХК нь “Х” ХХК-д 5,816,069,781 төгрөгийн, “Г” ХХК 1,973,517,583 төгрөгийн зээлийн өр төлбөртэй болохыг баталгаажуулж, “А” ХХК нь зээлийн өр төлбөртөө тооцож өөрийн өмчлөлийн *** объектыг, *** газрыг, “К” ХХК-ийн эзэмшлийн *** газар, “Г” ХХК-ийн өр төлбөрт тооцож “К” ХХК-ийн өмчлөлийн *** объект, *** зөвшөөрөл зэргийг тус зээлийн төлбөрийг 2013.12.31-ний өдрийн дотор графикийн дагуу төлж барагдуулах хүртэл хугацаагаар Хны өмчлөл, эзэмшилд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна.
Талууд дээрх гэрээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ банкны нэр дээр гарснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг банкны өмчлөлд шилжүүлсэнд тооцох, төлбөр төлөгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд банкны өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгийг суллаж банканд хүлээлгэж өгөх, гэрээний үүргээ биелүүлсэн бол банкны өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэн авахаар тохиролцож, *** дугаартай объектыг 2011.07.21-ний өдөр, 100,000 м.кв талбайтай газар эзэмших эрхийг 2012.02.13-ны өдөр Хны эрх хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлжээ. ...“Х” ХХК, “А” ХХК, “Г” ХХК, “К” ХХК-ийн 2011.06.15-ны өдөр байгуулсан 1/2-1159 дугаартай төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээний агуулга нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ байна гэж дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байгаа, талууд энэ талаар маргахгүй байна. ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.12-ны өдрийн 182/ШШ2021/02198 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.12.24-ний өдрийн 00016 дугаар магадлалаар ...нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй бөгөөд эд хөрөнгөө буцаан худалдан авах эрх бүхий этгээд болох хариуцагч нарыг үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ байлгаж байна гэх үндэслэлгүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн;
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ: “...Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой, ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.12-ны өдрийн 182/ШШ2021/02198 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.12.24-ний өдрийн 00016 дугаар магадлалаар талуудын байгуулсан гэрээ нь төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэж нэрлэгдсэн байгаа боловч зохигчдын хэн алиных нь тайлбар, гэрээний агуулгыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч тал эд хөрөнгийг буцаан худалдан авах нөхцөлтэйгөөр Х-ны эрх хүлээн авагчид тус банканд төлөх өр төлбөрийн хэмжээгээр эд хөрөнгө худалдаж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөлд нь шилжүүлсэн гэж дүгнэхээр байна. Уг гэрээний агуулга нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах, худалдан авах гэрээ байна. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.7-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах хуульд заасан бусад арга гэдэгт эд хөрөнгө буцаан худалдах-худалдан авах гэрээ хамаарах бөгөөд гэрээний зүйлийн талаар хуулиар хязгаарлалт тавиагүй тул уг гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг төрөл болох боломжтой гэж дүгнэжээ. ...Дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр хариуцагч нарыг Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө буцаан худалдан авах худалдагчийн эрхээ хэрэгжүүлэх эсэх нь түүний хүсэл зоригоос хамаарна гэж дүгнэсэн байх боловч хариуцагч нар уг шүүхийн шийдвэрийг гаргасан цаг хугацаа буюу 2021.12.24-өөс хойш ч гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийн үнээс нэмж нэг ч төгрөг төлөөгүй, төлбөр бүрэн төлөгдөөгүй хэвээр байгаа болох нь тогтоогдож байна. ...Хариуцагч “А” ХХК-ийн, “Х” ХХК-аас авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “Б” ХХК-ийн эзэмшлийн *** газраар хангах талаар талууд гэрээ байгуулсан байдаг. ...Талуудын байгуулсан 2011.06.05-ны өдрийн төлбөр барагдуулж эд хөрөнгө шилжүүлэх гэрээнд тохиролцсон 7,789,587,364.94 төгрөгийн үлдэгдэл зээлд дээр дурдсан зээлүүд нь хамаарч байх ба, “Б” ХХК-ийн эзэмшлийн *** газар нь уг гэрээнд тусгагдаагүй боловч хариуцагч “А” ХХК-ийн зүгээс уг газрын эзэмшлийг нэхэмжлэгч талд дээрх гэрээний үүрэгт тооцон шилжүүлсэн болох нь “А” ХХК-ийн 2018.10.19, 2019.01.25, 2019.02.04-ний өдрийн “Х” ХХК-ийн эрх хүлээн авагчид өгсөн албан бичгүүдээр тогтоогддог. ...Иргэний хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт ... эрх хэрэгжүүлэх хугацааг талууд тохиролцон тогтоох боловч энэ хугацаа таван жилээс хэтрэхгүй байхаар зохицуулжээ. ...талууд 2011.06.15-ны өдрийн 1/2-1159 дугаартай төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр буцаан худалдан авах хугацааг 2 жил байхаар хугацааг тогтоосон боловч уг хугацаанд эрхээ хэрэгжүүлж төлбөрийг бүрэн төлөөгүй, хэсэгчлэн төлснөөр хуульд заасан 5 жилийн хугацаа хэтэрч, өнгөрсөн. Мөн хамгийн сүүлд 2015 оны 8 дугаар сард төлбөр төлснөөс хойш нэмж төлбөр төлөөгүй, улмаар буцаан худалдан авах эрхээ өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй байна. Буцаан худалдах-худалдан авах гэрээ агуулгын хувьд хоёр талдаа харилцан худалдагч болон худалдан авагчийн аль алины эрх, үүргийг үүсгэсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний нэг төрөл учраас тус гэрээ хэрэгжих урьдач нөхцөл нь худалдагч тал хөрөнгөө буцаан худалдан авах мэдэгдэл буюу хүсэл зоригийг худалдан авагч талдаа илэрхийлсэн байх явдал юм. ...Хэргийн баримтаар “А” ХХК, “Г” ХХК нар үл хөдлөх эд хөрөнгөө буцаан худалдан авах мэдэгдлийг өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй, хуульд заасан хугацаа хэтэрсэн, улмаар болзол бий болохгүй гэдэг нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ирээдүйд хөрөнгийг буцаан худалдан авах болзол хүчин төгөлдөр бус болох бөгөөд ийнхүү болзол хүчин төгөлдөр бус болж хэрэгжээгүй явдал үндсэн хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй. ...төлбөр барагдуулж өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу дээрх эд хөрөнгийн эрхийг нэг талаас зээлдэгчийн зээл төлөх үүрэг, нөгөө талаас худалдан авагчийн үнийг төлөх үүргээ солих замаар шилжүүлэн авч, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болон эзэмшигч нь “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч болсон байх тул дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.-д зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. ...Хариуцагч нар нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болон газрыг хууль бусаар эзэмшээгүй гэх боловч уг эд хөрөнгүүдийн өмчлөл, эзэмшил улсын бүртгэлийн хувьд шилжсэн, бодит байдлаар эд хөрөнгийг хүлээлцсэн баримтууд хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч талаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан болох нь тогтоогдож байх тул эдгээр хөрөнгүүдийг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг хангаж шийдвэрлэнэ. ...Хариуцагч “А” ХХК-ийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.12.24-ний өдрийн 00016 дугаар магадлалаар худалдагч талыг Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1-д заасны дагуу эд хөрөнгийг буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгосон гэж үзэхээр байх ба уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхгүй...” гэж дүгнэжээ.
9. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх үйл баримтыг адил тогтоосон боловч нотлох баримтыг үнэлэхдээ эрх зүйн өөр өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хянан хэлэлцлээ.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.
11. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзлээ.
11.1. Нэхэмжлэгч “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагч хариуцагч нарт холбогдуулан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргасан.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь маргаж буй хөрөнгийн өмчлөгч байхыг шаардахаас гадна тус хөрөнгө хариуцагчийн эзэмшилд байх, улмаар эзэмшил хууль бус тохиолдолд нэхэмжлэлийг хангах үндэслэл бүрдэнэ.
Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үл хөдлөх эд хөрөнгүүд нь нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй талаар зохигчид маргаагүй, харин хариуцагч “А” ХХК-ийн эзэмшил хууль зөрчөөгүй, хариуцагч “Г” ХХК-ийн эзэмшилд шаардаж буй хөрөнгө байхгүй гэж зохигч маргасан.
11.2. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч “Г” ХХК нь нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдоогүй байна.
Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, “Г” ХХК-д нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүдийг чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхийн энэ шийдвэр хэрхэн биелэгдэх нь тодорхойгүй болох нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзнэ.
Иймд, нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүдийг чөлөөлөх шаардлага “Г” ХХК-д хамаарахгүй тул “Г” ХХК-д хамаарах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, энэ талаар гаргасан хариуцагч “Г” ХХК-ийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.
11.3. Нэхэмжлэгч нь 4 тооны үл хөдлөх эд хөрөнгө буюу *** үл хөдлөх эд хөрөнгө, *** газрын эзэмших эрх, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205032944 дугаартай, *** үл хөдлөх эд хөрөнгө, *** газрын эзэмших эрхийг чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч “А” ХХК эс зөвшөөрч, маргааны үйл баримтыг урьд шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул дахин нотлохгүй гэж маргажээ.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.10.12-ны өдрийн 182/ШШ2021/02198 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.12.24-ний өдрийн 210/МА2022/00016 дугаартай магадлалаар “А” ХХК, “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Х” ХХК дахь банкны эрх хүлээн авагчид холбогдуулан гаргасан *** газрын хамтран эзэмшигчээр тогтоолгох, *** газрын эзэмшигчээр тогтоолгох, *** үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө буцаан шилжүүлэхийг даалгуулах үндсэн нэхэмжлэлтэй, *** газар, *** газар, *** үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Дээрх хэргийн оролцогч нь өөр, мөн нэхэмжлэлийн шаардлагатай нь холбогдуулан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байх тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг өмнө шийдвэрлэсэн гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй, энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв боловч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
Зохигчийн хооронд байгуулагдсан 2011.06.15-ны өдрийн 1/2-1159 дугаартай Төлбөр барагдуулж, өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр хариуцагч нар нь зээлийн төлбөр 7,789,587,364.94 төгрөгийн үүрэгт гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлэхээр, гэрээнд заасан хугацаанд буцаан худалдаж авахаар харилцан тохиролцсон бөгөөд зээлдэгч нь эд хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг бүртгэлээр зээлдүүлэгчид шилжүүлсэн, улмаар 4,479,719,606 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтыг зээлдүүлэгч үгүйсгээгүй.
Талууд гэрээнд эд хөрөнгийн үнэлгээг тухайлан тохиролцоогүй тул зээлдэгч нь аль эд хөрөнгийн үнийг төлсөн, алийг нь хууль бусаар эзэмшиж байгаа болох нь тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.
Иймд хариуцагч “А” ХХК нь гэрээний үүрэгт шилжүүлсэн ямар хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа болохыг нэхэмжлэгч нотлоогүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д нийцээгүй байна.
12. Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шийдэл зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан байх тул шийдвэрт дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын гомдлыг хангана.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 210/МА2026/00551 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/10613 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...265 дугаар зүйлийн 265.1...” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос, хариуцагч “Г” ХХК-ийн өмгөөлөгч М нарын гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “А” ХХК-аас 2026.04.10-ны өдөр төлсөн 140,400 төгрөгийг, хариуцагч “Г” ХХК-ийн өмгөөлөгч М-аас 2026.04.13-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Н.БАТЧИМЭГ
Б.УНДРАХ
Х.ЭРДЭНЭСУВД