Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Дуламжав,

шүүгдэгч Н.Энхтөр, Б.Батсайхан, М.Чулуунбат, Х.Отгонбаяр нарыг оролцуулан Төв аймгийн шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн145.1, 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаргалжуут овогт Нямдоржийн Энхтөр, Боржигон овогт Батсүхийн Батсайхан, Төгс хайрхан овогт Хорлоогийн Отгонбаяр, Сартуул овогт Мөнхтөрийн Чулуунбат нарт холбогдох эрүүгийн 201619000806 тоот хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1982 оны 04 сарын 18-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Улаанбаатар хот, Ууж ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймаг, Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг 5-23 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Шаргалжуут овогт Нямдоржийн Энхтөр, /РД:НБ82041815/

 

Монгол Улсын харьяат, 1979 оны 04 сарын 03-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын 6 дугаар баг Баяндаваагийн 9-5 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батсүхийн Батсайхан, /РД:Т379040315/

 

Монгол Улсын харьяат, 1978 оны 09 сарын 26-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгшүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Төв аймаг, Борнуур сумын Бичигт 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 05 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай. Төгс хайрхан овогт Хорлоогийн Отгонбаяр, РД:НЙ78092619

 

Монгол Улсын харьяат, 1990 оны 10 сарын 26-ны өдөр Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын дасгалжуулагч мэргэжилтэй, Хууль сахиулахын их сургуулийн аврагчийн курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Шар хоолойн дунд төгөлийн 1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Мөнхтөрийн Чулуунбат, /РД:ИЕ90102670/  

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Н.Энхтөр, Б.Батсайхан нар нь согтуугаар, бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг “Хөгжил хотхон”-д байрлах “Өгөөж” хүнсний дэлгүүрийн урд И.Отгонбаярыг согтуу унтаж байхад нь халаасанд нь байх “Самсунг Нөөт-2” маркийн гар утсыг нь хулгайлж, 250,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Х.Отгонбаяр нь согтуугаар, шунахайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг “Хөгжил хотхон”-д байрлах “Өгөөж” хүнсний дэлгүүрийн урд И.Отгонбаярыг согтуу унтаж байхад нь хуруунд нь зүүлттэй байсан монетон бөгжийг хулгайлж, 1,200,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч М.Чулуунбат нь согтуугаар, шунахайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг “Хөгжил хотхон”-ы амрагчдын байранд Н.Энхтөрийн цэнэглэж тавьсан “Самсунг Нөөт-2” маркийн гар утсыг хулгайлж, бусдад 250,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Энхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй" гэв.

Шүүгдэгч Б.Батсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй" гэв.

Шүүгдэгч Х.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй" гэв.

Шүүгдэгч М.Чулуунбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй" гэв.

 

Хохирогч И.Отгонбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би 2016 оны 10 дугаар сарын 18-ны орой Улаанбаатар хотод гэртээ байж байхад манай найз Дуламсүрэн надруу утсаар залгаад манай гэрт төв аймагт хүрээд ир 1 шил архи аваад ирээрэй гэж хэлсэн. Ингээд би Улаанбаатар хотоос дэлгүүрээс 1 шил архи аваад 21 цаг өнгөрч байхад өөрийн хувийн машинаараа Төв аймагт Дуламсүрэнгийнд ирсэн. Намайг ирэхэд Дуламсүрэн Намжаа хоёр гэрт нь  байсан. Ингээд цай амсаад миний авчирсан 1 шил архийг задлаад тэр хоёр намайг оройтож ирсэн гээд надад арай ахиухан уулгаад байсан. Ингээд би архи даадаггүй учир согтоод унтаад өгсөн тэгтэл Дуламсүрэн намайг сэрээгээд би гарчихаад ирье гэж  хэлээд гараад явсан би унтаж байгаад нэг сэрээд босоод ирэхэд Дуламсүрэн байхгүй би ганцаараа гэрт нь унтажбайсан энэ үед Дуламсүрэнгийн утас дуугарахад би сэрсэн юм тэгээд би Дуламсүрэнд утсыг нь өгье гэж бодоод утсыг халаасандаа хийгээд гадагшаа гараад Дуламсүрэнгийн гэрийн түлхүүрээр гэрийг нь гаднаас нь түгжээд гараад салхинд цохиулаад тасарчихсан юм шиг байна лээ түүнээс хойш би юу болсоныг санахгүй байгаа юм ингээд нэг сэрэхэд өглөө болчихсон би Дуламсүрэнгийн гэрт унтаж байсан босоод ирхэд миний толгой өвдөөд толгойн урд зүүн дээд хэсэгт шалбарсан, баруун зүүн хацар шалбарсан, хүзүүний ар хэсэгт урт шархтай, хоёр гарын сарвууны ар хэсэгт шалбарсан шархтай, ар нурууны суганы араар хөхөрсөн амьсгал авч болохгүй хөндүүр байсан, хоёр өвдөг шалбарсан байсан, зүүн гуяны урд хэсэгт хөхөрсөн хоёр өвдөг халцарч шалбарсан байсан, мөн намайг согтуу байхад чирсэн бололтой өмдний хоёр өвдөг цоорсон байсан мөн баруун нүдний доод талд цохиулсан бололтой хөхөрсөн байсан. Би эд зүйлсээ бүртгэж үзэхэд миний нөте-2 маркын гар утас, бичиг баримттай түрийвч, зүүн гарын ядам хуруунд байсан солонгосын 14 кратын барын толгой дүрстэй монетон бөгж болон миний халаасанд байсан Дуламсүрэнгийн Е-7 маркын гар утас, хэлхээтэй 5 ширхэг гэрийн түлхүүр зэрэг эд зүйлс нь алга байсан. Ингээд Дуламсүрэнд энэ талаараа хэлэхэд Дуламсүрэн гэртээ эд зүйлсээ хайгаад байхгүй байсан намайг цагдаа дээрээс согтуу унтаж байхад чинь авч ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-27-28 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Ө.Дуламсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед Бүрэн сумын манай найз Отгонбаяр гэх залуу надруу утсаар залгаад Төв аймагт ирчихсэн байна танайд очъё гэртээ байна уу гэж утсаар яриад манай гэрт ирсэн юм. Тухайн үед манай гэрт манай ажлын хамт олон найз нар маань байсан ба Отгонбаярыг орж ирсэнээс хойш бид хамт сууж 1 шил архи хувааж уугаад хоол унд идэж ярьж сууж байгаад бид манай найз Намжилмаагийн гэрт очихоор болоод Отгонбаяр согтоод манай жижиг өрөөнд ороод хэвтээд өгөхөөр нь явж чадахгүй юм байна гээд явахдаа би Отгонбаяр хандаж сэрээгээд чи хаалга дотроосоо түгжээд унтаж байгаарай би Намжаагийнд очиод ирье гэж хэлээд гараад явцгаасан. Ингээд Намжаагийнд очиод байж байтал 22 цаг өнгөрч байхад намжаагийн охин гадагшаа гарч аавдаа хоол хүргэж өгчихөөд орж ирээд надад хандаж танай гэр гэрэлгүй байна шүү дээ гэж хэлээд би Намжаагийн охинтой гэртээ 22 цаг 30 минутын орчимд ирээд гаднаасаа түлхүүрээр онгойлгох гэтэл онгойхгүй байсан энэ үед Отгонбаяр гэрт согтуу унтаж байсан юм билээ ингээд хаалга нээхгүй болохоор нь цагдаа дээр ирээд жижүүрт нь манай гэрт манай нэг найз согтуу унтаж байгаа юм аа хаалга тайлж өгдөггүй ээ яах вэ та нар туслаач гэхэд эргүүлийн 2 цагдаа хамт явуулаад цагдаа нар очиж зөндөө манай хаалгыг тогшсон боловч онгойлгоогүй тэгээд цагдаа нар хүн унтаж байгаа юм чинь хаалгаа эвдээд яах юм бэ  гайгүй байлгүй гэж хэлээд явсан би Намжаагийнд очиод унтаж байсан тэгтэл 00 цаг өнгөрч сайхад Намжаагийн охин намайг сэрээгээд цагдаагаас ярьж байна танайд хүнд зодуулчихсан цагдаа дээр ирчихсэн байна гэнэ гэж намайг сэрээсэн ингээд би цагдаа дээр хүрч ирэхэд эрүүлжүүлэх байрны шалан дээр Отгонбаяр доошоо хараад хэвтчихсэн шал согтуу хурхираад унтаж байсан хувцас хунар нь нилээн шороо болчихсон байсан. Ингээд цагдаа энэ хүн танай найз мөн үү гэж асуугаад биед нь үзлэг хийхэд халааснаас нь таны ХААН банкны карт 5500 төгрөг гарч ирсэн ийм учраас таныг дуудлаа та энэ хүнээ аваад яв гэж хэлээд би цагдаа нараар гэртээ хүргүүлээд Отгонбаяр манай том өрөөний коридорт хувцастайгаа унтсан...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Э.Солонготуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ажилын байрандаа байхад гаднаас үл таних 40 орчим насны залуу орж ирээд бөгж тавъя гэж үзүүлсэн тэр бөгж нь шармал өнгийн барын толгой дүрстэй бөгж байсан ингээд би шалгаж үзээд бичиг баримтаараа үйлчлүүлэх шаардлага тавихад бичиг баримтгүй гэсэн тул би үйлчилхээс татгалзсан юм гэтэл ахад нь мөнгөний хэрэг болчихоод байна хөдөөнөөс орж ирлээ машины дугуй хагарчихаад байна чи хувиараа авчихаач гэж намайг гуйгаад би тус бөгжийг 60 мянган төгрөгөөр худалдаж авсан...” гэв.

 

Гэрч Р.Чулуунхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Би 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Лхагва ахын хамт орой ажил тарж ирээд 20 цагийн үед Хөгжил хотхоны өөр ажилчдын амьдардаг байранд хамт ажилладаг Батсайхан ах дээр очсон. Ингээд Батсайхан ах Лхагва ах бид гурав гарч дэлгүүрээс 0.75 литрийн 1 шил архи худалдаж аваад гурвуулаа байранд нь ууж байсан архи дуусч байхад Отгонбаяр, Энхтөр нар гаднаас орж ирээд үлдсэн архийг хувааж уугаад Батсайхан ах нэгэнд нь виза картаа өгөөд дэлгүүрээс дахиад 1 шил 0.75 литрийн архи авч ирээд бүгдээрээ хувааж уусан. Ингээд би үүнээс цааш согтоод сайн санахгүй байгаа юм өглөө нэг мэдэхэд байрандаа ирчихсэн өрөөндөө Лхагва ахтай хамт унтаж байсан. Ингээд Лхагва ах надад шөнө Энхтөр, Батсайхан хоёр бид хоёрыг хүргэж өгөөд буцсан гэж байсан... гэх мэдүүлэг /хх-32 тал/,

 

Гэрч Г.Лхагва мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр орой Чука буюу Чулуунхүү бид хоёр ажилаасаа 18 цагийн үед тарж ирээд 20 цагийн үед хөгжил хотхонд Батсайхан гэх хамт ажилладаг найз дээрээ Чука бид хоёр очисон.Батсайхан бид хоёрыг очиход 1 шил 0.75 литрийн архи Өгөөж дэлгүүрлүү орж бид гурав аваад байранд нь орж Батсайхан Чука би Чинсанаа бид хэд хувааж уусан. Эхний 1 шил архийг ууж дуусаад Чука 1 шил 0.75 литрийн архи аваад мөн бүгдээрээ хувааж уусан. Ингээд хоёр дахь архиа ууж дуусаад дахиад 1 шил архи авсан би тэр архийг хэн авсныг сайн санахгүй байна.Тэгээд сүүлийн шил архийг ууж дуусаад Чука бид хоёр гарсан хэдэн цагийн үед гарсанаа сайн санахгүй, бид хоёрыг Батсайхан, Энхтөр хоёр хүргэж өгөөд байрлуугаа буцсан... гэх мэдүүлэг /хх-33 тал/,

 

Гэрч О.Энх-Амгалан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа яваад орой 18 цагын үед ажлаасаа ирээд 19 цагийн үед дэнжид байдаг эгчийндээ очиж байж байгаад байрандаа 21 цагийн үед ирэхэд манай байранд хамт ажилладаг Лхагва, Чука, Чинсанаа, Батсайхан, Энхтөр, нар архи ууж байсан. Би орж ирж цай уучихаад буцаж гарч яваад компьютер тоглож байгаад 23 цаг өнгөрч байхад байрандаа орж ирхэд хүмүүс гэрлээ унтраагаад унтсан байсан ингээд би өрөөндөө ороод унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-34 тал/,

 

Гэрч Н.Бямбасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би энэ хэргийн талаар огт мэдэхгүй байна тус өдөр би 21 цагаас 00 цаг хүртэл худалдагчийн ажил хийсэн тухайн үед хэдэн цаг болж байсаныг одоо сайн санахгүй байна гаднаас нэг бор залуу орж ирээд утсаа өгч байгаа ч гадаа согтуу хүн хэвтэж байна цагдааруу яаж залгах вэ гэж асуухаар нь би тухайн үед үйлчлүүлэгч ихтэй байсан учир дэлгүүрийн утсаа өгөөд цагдаагийн утасны дугаарыг хэлж өгөхөд өөрөө залгаж байгаад утсаа авахгүй байна гэж надад хэлээд манай утсыг өгчихөөд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-35 тал/,

 

Гэрч Н.Жамбалсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт байрлах “Өгөөж” хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажилладаг юм.Энэ хэрэгт холбогдоод байгаа Отгонбаяр гэх хүн бол шинэ нисэх онгоцны буудалд ажилладаг хүн юм билээ. 2016 оны 10 дугаар сарын 15-ны үед манай дэлгүүрээс иргэний үнэмлэхээ тавиад 14500 төгрөгөөр Улаанбаатар архи авсан үүнээс хойш би дээрхи хүнийг зүс таних болсон юм надад цалингаа буухаар мөнгөө өгөөд үнэмлэхээ авна гэж хэлээд үлдээгээд явсан. Ингээд байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Отгонбаяр манай дэлгүүрт орж ирээд ахынхаа иргэний үнэмлэхийг өгч байгаачээ ах нь бөгжөө ломбарданд тавьчихаад эргүүлж авчираад өгнө гэж хэлээд гартаа шармал өнгийн бөгж барьчихсан явж байсан ингээд би үнэмлэхийг нь өгч явуулаад 20 минутын дараа болчихлоо гээд авчираад өгсөн... гэх мэдүүлэг /хх-36 тал/,

 

Гэрч С.Солонго мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр 13 цаг өнгөрч байхад Чансаа зоогийн газрын баруун талын машин зогсоолын хажуу талд гэрлүүгээ явж байгаад газарт хэлхээтэй 5 ширхэг түлхүүр байхыг олоод орой нь фэйсбүүкэд зарын сайтад түлхүүр олсон талаараа мэдээлэл оруулаад өнгөрдөг баасан гаригийн орой манай танил Дуламсүрэн гэх хүн миний хаясан түлхүүр байна гэж хэлээд утсаа үлдээсэн байсан ингээд би тухайн хүнтэй холбогдож түлхүүрийг нь өгөхөөр тохиролцсон одоогоор түлхүүрээ аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-37 тал/,

 

Гэрч Б.Ганчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 19-ний өглөө Төв аймгийн Зуунмод сум 1 дүгээр баг 10а байрнаас гэрээсээ гараад явж байгаад хөгжил хотхоны дээд үзүүрт байдаг дэлгүүрийн ертөнцийн зүгээр урд талд байрлах байшин дэлгүүр хоёрын голоос газарт хар өнгийн түрийвч байхаар нь аваад онгойлгоод үзэхэд мөнгө байхгүй баахан бичиг баримт байсан. Тэгээд би тус түрийвчийг аваад биедээ авч явж байгаад орой нь гэртээ очиод тавьсан үүнээс хойш би өглөө гэрээсээ эрт гараад орой 00 цаг гэж ордог завгүй ажилтай байгаад манай ажпын хүн нас бараад ажил явдалд оролцоод завгүй байсан юм үүнээс хойш ажил явдал дуусаад түрийвчийн эзэнийг олж өгье гэж бодоод нээж дотор нь байгаа бичиг баримтыг шалгаж үзэхэд Дуламсүрэн гэсэн нэрийн хуудас гарч ирээд тус утасны дугаараар нь залгаж үзэхэд холбогдохгүй байсан түүнээс хойш 2 хоногийн дараа утас нээгдлээ гэж мессеж ирээд би түрийвч олсон талаараа залгаж хэлээд түүний маргааш өдөр нь Дуламсүрэн эгч утсаар залгаад манай найз одоо очиж авна гээд би түрийвчийг нь Отгонбаяр гэх залууд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-38 тал/,

 

Гэрч Д.Тунгалаг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...И.Отгонбаяр гэх хүн тухайн өдөр манай эмнэлгийн утсаар надруу залгаж холбогдоод манай эмнэлгийн байршилийг асуугаад ирж уулзаад би биед нь үзлэг хийхэд тухайн хүн өөрөө ямарч бичиг баримтгүй гэж хэлээд зөвхөн гадаад паспортоо үзүүлээд амбулторийн карт манай эмнэлгээс нээлгүүлээд үзүүлсэн. Биед нь үзлэг хийхэд өөрөө 2 хоногийн өмнө би хүнд цохиулсан гэж хэлж байсан ингээд өөрийн амаар толгой ч өвдөнө, цээжээр хөндүүрлэж өвдөнө, 1 удаа гүйлгэсэн, нойронд муу гэж хэлээд үзлэг хийхэд биеийн байдал дунд зэрэг, толгойн зүүн хөмсөгний дээд зулай орчимд язарч шалбарсан, зүүн хацар нь зулгарсан, цээжин хэсгийг чагнуураар чагнаж үзэхэд зүүн ар хэсэгтээ хөхрөлт үүссэн, тэмтэрхэд нилээн эмзэглэлтэй байсан, мөн өөр хэсэгт ил шарх сорви байсан. Ингээд би эмчилгээний төлбөрийн талаар танилцуулахад өөрөө зөвшөөрч манай эмнэлэгт эмчлүүлэхийг зөвшөөрөөд би өвчний түүх нээж эмчилгээг эхлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-39 тал/,

 

Гэрч З.Мөнхмандах мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би тухайн дуудлаганд 23 цаг 30 минутанд цагдаагийн дэд ахлагч Пүрэвсүрэнгийн хамт очсон хүрч очиход тус хүн согтуу “Өгөөж” дэлгүүрийн урд талд машин зам дээр толгойныхоо хажуу талаар цас руу дэрэлчихсэн хажуугаараа хараад атиралдаад хурхираад унтаж байсан. Ингээд жижүүрийн автомашин дуудаж машинд өргөж суулгаад саатуулах байранд тээвэрлэж авчирахад сэргэхгүй унтаад л байсан их согтсон бололтой сэрэхгүй унтаад байсан ингээд хэн болохыг нь тогтоох зорилгоор гадуур хувцасны халаасанд үзлэг хийхэд 1 ширхэг оосортой түлхүүр Хаан банкны виза карт гарч ирээд шалгахад Дуламсүрэн гэх хүний виза карт байгаад энэ хүний утасны дугаарыг олж утсаар мэдэгдээд хүлээлгэж өгөөд ажилдаа гарсан...”гэх мэдүүлэг /хх-40 тал/,

 

Гэрч Ц.Намжилмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Ингээд би хүүхэдтэйгээ амарч байхад Дуламсүрэн надруу 20 цагийн үед надруу утсаар залгаад манай гэрт хүрээд ир гээд би охиноо ирэхээр нь Дуламсүрэнгийнд хүргүүлээд буугаад үлдсэн. Ингээд Дуламсүрэн бид хоёр гэрт нь 1 шил 0.75 литрийн архи хувааж уугаад сууж байтал найз нь гэх танихгүй залуу Улаанбаатар хотоос ирлээ гээд 21 цагийн орчимд 1 шил архитай ирээд авч ирсэн архийг нь задлаад гурвуулаа суугаад дээрээс нь тус тус 1 аягалж уугаад байж байтал ирсэн залуу дуламсүрэн хоёр унтлагын өрөөрүү орж ирээд гарч ирэхдээ Дуламсүрэн бухимдсан байдалтай гарч ирээд яадаг юм бэ миний найз л байна шүү дээ гэж нөгөө залууд хандаж хэлээд өрөөнөөс гарч ирэхээр нь би дотроо надад дургүй байна гэж бодоод охиноо дуудаад явахаар болоод 22 цагийн орчимд манай охин намайг авах гээд хүрч ирээд би түрүүлээд гарахад араас Дуламсүрэн би найзтайгаа хамт явна гэж хэлээд намайг дагаад гарч ирээд бид хоёр хамт машинд суугаад манайд ирсэн нөгөө залуу Дуламсүрэнгийнд үлдсэн. Ингээд манайд байж байхад Дуламсүрэн талийгаач нөхрийнхөө талаар ярьж бага зэрэг уйлж байгаад манайд унтсан. Би өрөөндөө ороод унтаж байхад Дуламсүрэн намайг сэрээгээд санаа зовоод байна гэртээ харимаар байна гэж хэлсэн тэгээд би түүнээс хойш юу болсоныг санахгүй байгаа юм маргааш өглөө нь сэрхэд гэртээ унтаж байсан...” гэх мэдүүлэг /хх-42 тал/,

 

Гэрч Н.Ганзориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Намайг ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 20 цагаас хойш гэж бодож байна би яг цаг хугацааг сайн санахгүй байна Зуунмод сумын 1 дүгээр баг “Өгөөж” дэлгүүрийн ойролцоо биеэ авч явах чадваргүй согтуу, хэвийн бус хүн хэвтэж байна гэх дуудлагаар цагдаагийн дэд ахлагч Мөнхмандах, дэд ахлагч Пүрэвсүрэн нар саатуулах байранд тус хүнийг хүргэж ирсэн. Уг хүн хүргэгдэж ирэхдээ ухаангүй согтсон, амнаас нь архи үнэртсэн байдалтай хүргэгдэн ирээд хэн болохыг нь тогтоохын тулд гадуур хувцасны халаасанд үзлэг хийхэд Өлзийбилэгийн Дуламсүрэн гэх ХААН банкны карт, 3 ширхэг түлхүүр зэрэг эд зүйлс гарч ирсэн, энэ хүн манай хамаатан учир цагдаагийн газрын жижүүрээс түрүүнд дуудлага өгсөн утасны дугаарыг нь авч Дуламсүрэн эгчтэй ярьж нэг согтуу хүнд үзлэг хийхэд таны виза карт гарч ирлээ гэж хэлэхэд эгч нь одоо очиод авъя манайд ирсэн хүн байгаа юм гэж хэлээд удалгүй хүрч ирээд манай гэрийн түлхүүр байна гэж хэлээд түлхүүрээ аваад би тухайн машинд нь суулгаж өгөөд Дуламсүрэн эгчийн хамт гэрт нь хүргэж өгсөн. Учир нь Дуламсүрэн эгч тухайн хүнтэй сууж байсаныг би тухайн үед мэдээгүй юм. Ер нь бол хамгийн анх Цагдаагийн газрын 7027102 утсанд орой болж байхад Дуламсүрэн эгчийн найз нь гэх эмэгтэй утсаар манай найз Дуламсүрэнг сүүлд суусан нөхөр нь зодоод гэж дуудлага өгсөн юм билээ би үүнийг цагдаагийн газрын жижүүрээс мэдсэн юм л өмнө нь дуудлага өгсөн утсаар нь Дуламсүрэнтэй холбогдож ярьсан юм... гэх мэдүүлэг /хх-43 тал/,

 

Гэрч Б.Ариунтуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би тус өдөр цагдаагийн ахлах ахлагч Н.Ганзоригийн хамт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд эргүүлийн цагдаа дэд ахлагч З.Мөнхмандах Пүрэвсүрэн нар нэр хаяг нь тодорхойгүй биеэ авч явах чадваргүй согтуу эрэгтэй хүнийг дамжилж саатуулах байранд оруулж ирсэн. Ингээд би саатуулах байрны дотоод журмын дагуу наад хүнээ эмнэлэгт хүргэж өгөхгүй яасан юм бэ би энэ хүнийг хүлээж авахгүй гэхэд ахлах ахлагч Ганзориг би наад хүнийг чинь таних юм байна гээд хүнрүү утсаар залгаж дуудаад хамтран амьдрагч нь гээд халамцуу эмэгтэй ирээд Ганзориг хамт хүргэж өгнө гээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-44 тал/,

 

Гэрч Ч.Чинсанаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Отгонбаяр надад хандаж хөгшин нь оччихоод ирье гээд буцаад явсан оччихоод удалгүй араас хүрээд ирэхээр нь би зүгээр байна уу гэж хэлэхэд зүгээр байна гэж хэлээд хамтдаа тамхины дэлгүүр орчихоод тамхи архи авч чадалгүй буцаад шууд байрлуугаа явж очиод Отгонбаяр 1 давхарт унтана гээд үлдсэн би 2 давхарт гарч унтахаар хэвтэж байтал удалгүй Батсайхан, Энхтөр хоёр орж ирээд Энхтөр гартаа хар өнгийн гар утас барьчихсан байхаар нь би олсон юм уу хүнээс авсан юм уу гэж Энхтөрөөс асуухад Энхтөр хүнээс авсан юм гэж хэлэхэд Батсайхан бас хажуунаас хүнээс авсан юм аа гэж хэлээд өөр зүйл хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-45 тал/,

 

Шинжээч эмч Э.Дэлгэрхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Амбулаторийн картны үзлэгт тархи доргилт, зүүн талын цээжний хэсэгт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэлийг бататгаж тэмдгэлсэн бодит үзлэг мэдэрлийн үзлэг хангалттай биш, мөн багажын шинжилгээгээр нотлогдоогүй учир дүгнэлт хэсэгт тусгаагүй. Мөн толгойн зүүн хэсэгт хагарсан гэсэн нь шарх болон зулгаралтын аль нь болохыг тогтоогоогүй учир дүгнэлт хэсэгт бичигдэхгүй. Гэмтэл авсан цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй юм...” гэх мэдүүлэг /х-х54 тал/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 560 тоот акт “И.Отгонбаярын биед зүүн хацар, хүзүүнд сорви, баруун, зүүн өвдөгөнд зулгаралт зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, Уг гэмтэл нь хатуу мохоо, мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-49 тал/,

 

Бусад баримт сэлт:

   - Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-6-7 тал/,

   - Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-9 тал/,

   - Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-12 тал/,

   - Эд зүйлийн үнэлгээ /хх-13 тал/,

   - Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14-16 тал/,

   - Эд зүйлийн үнэлгээ /хх-17 тал/,

   - Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-18 тал/,

   - Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-19 тал/,

   - Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-20-21 тал/,

   - Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-22 тал/,

   - Хохирогч И.Отгонбаярын өвчний түүх /хх-24-25 тал/,

   - Эд зүйлийн үнэлгээ /хх-50-51 тал/,

   - Сэжигтэн Н.Энхтөр, Х.Отгонбаяр нарыг баривчлах тогтоол /хх-56-57 тал/,

   - Сэжигтнээр Н.Энхтөр, Х.Отгонбаяр нарыг баривчлах тухай 2016 оны 11 сарын 04-ний өдрийн шүүгчийн 124а дугаар захирамж /хх-58 тал/,

   - Сэжигтэн Н.Энхтөр, Х.Отгонбаяр нарыг цагдан хорих тогтоол /хх-60-61 тал/,

   - Сэжигтэн Н.Энхтөр, Х.Отгонбаяр нарыг цагдан хорих санал /хх-62 тал/,

   - Сэжигтнээр Н.Энхтөр, Х.Отгонбаяр нарыг цагдан хорих тухай 2016 оны 11 сарын 07-ны өдрийн шүүгчийн 124б дугаар захирамж /хх-63 тал/,

   - Х.Отгонбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох буюу өөрчлөх санал /хх-64 тал/,

   - Х.Отгонбаярын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүгчийн 2016 оны 11 сарын 18-ны өдрийн 124д захирамж /хх-66 тал/,

   -  Н.Энхтөрийн яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн 2016 оны 11 сарын 18-ны өдрийн 124в захирамж /хх-71 тал/,

   - Н.Энхтөрд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай шүүгчийн 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 124д захирамж /хх-79 тал/,

   - Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 11 сарын 16-ны өдрийн 1365 тоот албан бичиг /хх-109-113 тал/,

   - Ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архивын 2016 оны 11 сарын 10-ны өдрийн 3157 тоот албан бичиг /хх-119-123 тал/,

   -Төрийн банкны Төв аймаг салбарын лавлагаа /хх-125 тал/,

   - Хас банкны Зуунмод салбарын лавлагаа /хх-126 тал/,

   - Хаан банкны Төв салбарын лавлагаа /хх-127-134 тал/,

   - И.Отгонбаярын өвчний түүх /хх- 136-134тал/,

   - Төв аймгийн Автотээврийн төвийн лавлагаа /хх-146 тал/,

   - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн хорих ял хугацааны өмнө тэнсэн суллах тухай 2014 оны 03 сарын 14-ний өдрийн 84 тоот захирамж /хх-182 тал/

 

шүүгдэгч Н.Энхтөрийг 2016 оны 11 сарын 04-ний өдөр сэжигтнээр /хх-83-84 тал/, 2016 оны 11 сарын 17-ны өдөр яллагдагчаар /хх-86-87, 89-90 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

шүүгдэгч Б.Батсайханыг 2016 оны 11 сарын 11-ний өдөр сэжигтнээр /хх-91-93 тал/, 2016 оны 12 сарын 06-ны өдөр яллагдагчаар /хх-95 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

шүүгдэгч Х.Отгонбаярыг 2016 оны 11 сарын 04-ний өдөр сэжигтнээр /хх-96-97 тал/, 2016 оны 11 сарын 17-ны өдөр яллагдагчаар /хх-99-100 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

шүүгдэгч М.Чулуунбатыг 2016 оны 11 сарын 20-ны өдөр сэжигтнээр /хх-102 тал/, 2016 оны 12 сарын 12-ны өдөр яллагдагчаар /хх-104 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

- Х.Отгонбаярын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 05 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан” гэх лавлагаа /хх-116 тал/,

- Н.Энхтөрийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “үгүй” гэх лавлагаа /хх- 114 тал/,

- Б.Батсайханы ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “үгүй” гэх лавлагаа /хх- 115 тал/,

- М.Чулуунбатын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “үгүй” гэх лавлагаа /хх-190 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.Энхтөр, Б.Батсайхан нар нь согтуугаар, бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг “Хөгжил хотхон”-д байрлах “Өгөөж” хүнсний дэлгүүрийн урд И.Отгонбаярыг согтуу унтаж байхад нь халаасанд нь байх “Самсунг Нөөт-2” маркийн гар утсыг нь хулгайлж, 250,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Х.Отгонбаяр нь согтуугаар, шунахайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг “Хөгжил хотхон”-д байрлах “Өгөөж” хүнсний дэлгүүрийн урд И.Отгонбаярыг согтуу унтаж байхад нь хуруунд нь зүүлттэй байсан монетон бөгжийг хулгайлж, 1,200,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч М.Чулуунбат нь согтуугаар, шунахайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг “Хөгжил хотхон”-ы амрагчдын байранд Н.Энхтөрийн цэнэглэж тавьсан “Самсунг Нөөт-2” маркийн гар утсыг хулгайлж, бусдад 250,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Энхтөр, Б.Батсайхан, М.Чулуунбат, Х.Отгонбаяр нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч И.Отгонбаяр, иргэний нэхэмжпэгч Ө.Дуламсүрэн, Э.Солонготуяа нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Р.Чулуунхүү, Г.Лхагва, О.Энх-Амгалан, Н.Бямбасүрэн, Н.Жамбалсүрэн, С.Солонго, Б.Ганчимэг, Д.Тунгалаг, З.Мөнхмандах, Ц.Намжилмаа, Н.Ганзориг, Б.Ариунтуяа, Ч.Чинсанаа нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл зэргээр тус тус давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Энхтөр, Б.Батсайхан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд шүүгдэгч М.Чулуунбат, Х.Отгонбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Х.Отгонбаяр, М.Чулуунбат нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-д “Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Х.Отгонбаяр нь “2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өдрийн 22 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг “Хөгжил хотхон”-д байрлах “Өгөөж” хүнсний дэлгүүрийн урд И.Отгонбаярыг согтуу унтаж байхад нь хуруунд нь зүүлттэй байсан монетон бөгжийг хулгайлж, 1,200,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг, шүүгдэгч М.Чулуунбат нь “М.Чулуунбат нь согтуугаар, шунахайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг “Хөгжил хотхон”-ы амрагчдын байранд Н.Энхтөрийн цэнэглэж тавьсан “Самсунг Нөөт-2” маркийн гар утсыг хулгайлж, бусдад 250,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1. “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар” өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Отгонбаяр, М.Чулуунбат нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.              

 

Харин шүүгдэгч Н.Энхтөр, Б.Батсайхан нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ.” гэж зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Н.Энхтөр, Б.Батсайхан нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг нь харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр тус тус хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

      

Хохирлын талаар:

Хохирогч И.Отгонбаяр нь өөрт учирсан хохирол болох гар утас, монетин бөгжөө мөрдөн байцаалтын шатанд буцаан авсан. Хохирогч И.Отгонбаяр, иргэний нэхэмжлэгч Ө.Дуламсүрэн, Э.Солонготуяа нар нь “шүүгдэгч нарт гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтүүдийг тус тус ирүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэх гэм хор, хохиролын асуудалгүй байна.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжпэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Батсайханы Шарп маркийн 32 инчийн 600.000 төгрөгийн үнэ бүхий зурагт 1 ширхэгийг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 3 хаалгатай 300.000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч 1 ширхэгийг, шүүгдэгч Н.Энхтөрийн “Конка” маркийн 32 инчийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий зурагт 1 ширхэг, “Хонка” маркийн 3 хаалгатай 850.000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгож, шүүгдэгч Н.Энхтөр нь 68 хоног, Х.Отгонбаяр нь 39 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1 -1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.1, 298 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

 

                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Энхтөрийг  согтуугаар, бүлэглэн, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Батсайханыг согтуугаар, бүлэглэн, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Х.Отгонбаярыг согтуугаар, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч М.Чулуунбатыг согтуугаар, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Чулуунбат, Х.Отгонбаяр нарт холбогдох үйлдэл холбогдолыг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхтөр, Б.Батсайхан нарын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Энхтөр, Б.Батсайхан нарт тус тус оногдуулсан 2 /хоёр/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн ялтан Б.Батсайханы Шарп маркийн 32 инчийн 600.000 төгрөгийн үнэ бүхий зурагт 1 ширхэгийг, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 3 хаалгатай 300.000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч 1 ширхэгийг, ялтан Н.Энхтөрийн “Конка” маркийн 32 инчийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий зурагт 1 ширхэг, “Хонка" маркийн 3 хаалгатай 850.000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч 1 ширхэгийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

 

6. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, М.Чулуунбат, ялтан Б.Батсайхан нар нь цагдан хоригдсон хоноггүй, Х.Отгонбаяр нь 39 хоног, ялтан Н.Энхтөр нь 68 хоног тус тус цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

7. М.Чулуунбат, Х.Отгонбаяр нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Энхтөр, Б.Батсайхан нарт тус тус оногдуулсан 2 /хоёр/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзахаар тогтоосугай.

                  

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Энхтөрт хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт, ялтан Б.Батсайханд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

                  

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Энхтөр, Б.Батсайхан нар нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгиин байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Х.Отгонбаяр, М.Чулуунбат, ялтан Н.Энхтөр, Б.Батсайхан нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                              

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА