Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2021/03134

 

2021 оны 12 сарын 21 өдөр           Дугаар 183/ШШ2021/03134           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Махатма ганди гудамж Романа ресиденз 2 000 тоот хаягт байрлах Д ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Ажилчдын соёлын ордонгийн зүүн талд Хаан банктай байрны 4 давхар 000 тоот хаягт байрлах М.Д ХХК /РД:0000000/-д холбогдох,

Ажил гүйцэтгэх аман хэлцлийг цуцалж, ажил гүйцэтгэх гэрээний хохиролд

64,871,334 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, О.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Талуудын хооронд 2018 оны 4 сарын 27-ны өдөр 67 м.кв талбайтай байрыг гоо сайхан, мэс заслын эмнэлгийн зориулалтаар байрны дотор засал, засвар үйлчилгээг хийлгэхээр ажил гүйцэтгэх гэрээг мэйлээр явуулж, амаар байгуулсан. Хариуцагч нь засварын ажлыг хугацаандаа эхлүүлсэн боловч гэрээнд заасан хугацаанд ажлыг дуусгаж, хүлээлгэж өгөөгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийг шаардаж, ажлаа хүлээлгэж өгөхийг удаа дараа хариуцагчид нэхэмжлэгч мэдэгдсэн. Хариуцагчийн хийсэн ажил гэрээнд заасан зургийн дагуу хийгдээгүй, агааржуулалтыг буруу хийж эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Агааржуулалт, цахилгааны монтаж угсралт буруу хийгдсэнээс ажлыг дахин шинээр зайлшгүй хийх нөхцөл байдал үүссэн. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, ирж уулзахгүй байсан тул нэхэмжлэгч талаас ажлын хэсэг гаргаж хариуцагчаар хийлгэсэн ажлыг дүгнэсэн. Д ХХК-ийн хүсэлтээр хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг Мэргэжлийн хяналтын газраар шалгуулж дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтээр цахилгаан буруу хийгдсэн дотор заслын ажиллагаа чанар хангахгүй байна гэж дүгнэсэн. Үүний дагуу хариуцагчтай холбогдож, байгаа байдлаар нь ажлаа хүлээлгэж өг эсхүл дуусгахыг шаардсан боловч ирээгүй. Тийм учраас ажил гүйцэтгэх аман хэлцлийг цуцалж, ажил гүйцэтгэх гэрээний хохиролд 64,871,334 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.

Хариуцагч М.Д ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Зохигчид нь анхнаасаа эмнэлгийн зориулалттай барилгын засварын ажил хийлгэхээр тохиролцоогүй. Интереэр зургийн дагуу барилгын дотор заслын ажил хийхээр тохиролцсон бөгөөд уг ажилд барилгын дотор интерьер дизайны зураг төсөл боловсруулж, зураг төсөл шийдлийн дагуу өнгө замаск хийх ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Агааржуулалтын ажлыг нэхэмжлэгч, хариуцагч талууд харилцан тохиролцож, Хаш констракшн ХХК-ийг сонгосон. Хаш констракшн ХХК нь агааржуулалтын ажлыг хийж дуусгаад, нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тухайн барилгад ус алдсаны улмаас засвар хийсэн ажлын эд зүйл гэмтэж замаск хуурч, цахилгаан хэрэгслийн масс үүссэн. Энэ нь тухайн цаг хугацаанд нь ус алдсанаас үүссэн доголдлыг засварлаж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжтой байсан. Доголдол үүссэн гэж байгаа боловч хэр хэмжээний доголдол үүссэн нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй болно. Мэргэжлийн хяналтын газар шалгалт явуулж дүгнэлт гаргуулсан гэж тайлбарладаг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээдийг оролцуулах ёстой байсан боловч уг ажиллагаанд хариуцагчийг оролцуулаагүй. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр замаск ховхорсон, чанаргүй гэж байгаа боловч яг аль хэсэг нь чанаргүй, ямар доголдол үүссэн талаар тусгаагүй хэт нэг талыг барьсан дүгнэлт гарсан. Хариуцагчийн зүгээс хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч М.Д ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх аман гэрээг цуцалж, гэрээний хохиролд нийт 64,871,334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Д ХХК гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр, тодруулсан шаардлагыг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тус тус гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн байна.

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... М.Д ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 67 м.кв талбайтай байрыг гоо сайхан мэс заслын эмнэлгийн зориулалтаар дотор засал, интерьерийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх аман гэрээ байгуулсан. М.Д ХХК нь ажлыг хугацаандаа эхлүүлсэн боловч гэрээний хугацаанд ажлаа дуусгаж өгөлгүй алга болсон. Хариуцагчийн хийсэн ажил гэрээнд заасан зургийн дагуу хийгдээгүй, буруу, дутуу хийгдсэн, чанар, стандартын шаардлага хангаагүй. Агааржуулалтыг буруу хийж эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Агааржуулалт, цахилгааны монтаж угсралт буруу хийгдсэнээс ажлыг дахин шинээр зайлшгүй хийх нөхцөл байдал үүссэн. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, ирж уулзаагүй тул нэхэмжлэгч тал ажлын хэсэг гаргаж ажлыг дүгнэсэн. Мөн Мэргэжлийн хяналтын газраар шалгуулж дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтээр цахилгаан буруу хийгдсэн дотор заслын ажил чанар хангахгүй байна гэж дүгнэсэн. Иймд ажил гүйцэтгэх аман хэлцлийг цуцалж, гэрээний хохиролд нийт 64,871,334 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.

Хариуцагч М.Д ХХК ...Д ХХК нь манай компаниар анхнаасаа эмнэлгийн зориулалттай барилгын засварын ажил хийлгэхээр тохиролцоогүй. Интерьер зургийн дагуу барилгын дотор заслын ажил хийхээр тохиролцсон бөгөөд уг ажилд барилгын дотор интерьер дизайны зураг төсөл боловсруулж, зураг төсөл шийдлийн дагуу өнгө замаск хийх ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Манай компани нь зураг төслийг бэлтгэн захиалагчаар баталгаажуулсан. Үүнд: өрөөний дизайн, түүнийг хийх материалын өртөг зэрэг багтдаг ба захиалагчтай тохиролцсон бүхий л материал дизайны дагуу ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Агааржуулалтын ажлыг нэхэмжлэгч, хариуцагч талууд харилцан тохиролцож, Хаш контакт ХХК-ийг сонгосон. Хаш контакт ХХК нь агааржуулалтын ажлыг хийж дуусгаад, нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Захиалагчийн байранд 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ус алдсаны улмаас засвар хийсэн ажлын эд зүйл гэмтэж замаск хуурч, цахилгаан хэрэгслийн масс үүссэн. Энэ нь тухайн цаг хугацаанд нь ус алдсанаас үүссэн доголдлыг засварлаж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжтой байсан. Доголдол үүссэн гэж байгаа боловч хэр хэмжээний доголдол үүссэн нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй. Мэргэжлийн хяналтын газар шалгалт явуулж дүгнэлт гаргуулсан гэж тайлбарладаг боловч эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээдийг оролцуулаагүй хэт нэг талыг барьсан дүгнэлт гарсан. Хариуцагчийн зүгээс хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргадаг.

Нэхэмжлэгч Д ХХК-ийн захиалгаар хариуцагч М.Д ХХК нь Хан-Уул дүүрэг 15 хороо Махатма Гандигийн гудамж Romana residence Dermaesthitc гоо заслын эмнэлгийн өргөтгөлийн интерьерийн гүйцэтгэлийн ажил буюу интерьерийн зураг төсөлд нийцүүлэн загвар дизайны өндөр түвшинд, тухайн үйлчилгээний хэсэгт тохирох стандарт хэмжээг баримтлан ажлын 20 хоногт, хавсралтад заасан 63,276,523.78 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон хэлцлийг шүүх 2019 оны 9 дүгээр сарын 23-нд хийсэн үзлэгээр бэхжүүлж, хэрэгт авагдсан байна. /3х.х-ийн 17-22 хуудас/

Хэрэгт авагдсан дээрх бичгийн баримт, талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, үйл баримт, гэрээнд заасан эрх, үүрэг, хариуцлага, зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд тэдний хооронд үүссэн эрх зүйн харилцаа ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг агуулсан байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ

Хоёр талын эрх бүхий этгээдүүд дээрх гэрээнд гарын үсэг зураагүй боловч гүйцэтгүүлэх ажлын захиалгын талаар и-мэйл болон фэйсбүүк чатаар ярилцаж үнийн санал болон гэрээний нөхцөлүүдийг зөвшөөрсөн байгаагаас үзэхэд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т зааснаар гэрээний нэг тал нөгөө талд гэрээ байгуулах саналаа илэрхийлж, 195.2-т заасан гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөлийг тохирсон байх ба мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.2-т ...Бусдад үйлчилгээ үзүүлэх аж ахуй эрхлэгч нь ажил төрлийн байнгын холбоо бүхий этгээдээс тухайн төрлийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх тухай саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу явуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол түүнийг гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ... гэж зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Зохигчид гэрээний нөхцөлийн талаар тохирсон, М.Д ХХК нь Romana residence Dermaesthitc гоо заслын эмнэлгийн өргөтгөлийн интерьерийн гүйцэтгэлийн ажил буюу гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д ... интерьерийн зураг төсөлд нийцүүлэн загвар дизайны өндөр түвшинд, тухайн үйлчилгээний хэсэгт тохирох стандарт хэмжээг баримтлан интерьерийн зураг төслийн дагуу засварын ажлыг гүйцэтгэх үүргийг, Захиалагч нь засал чимэглэлийн ажлыг бүрэн хүлээн авсны дараа төлбөрийг бүрэн нэхэмжлэгч Д ХХК төлөх үүргийг хүлээсэн байна.

Зохигч нэхэмжлэлийн шаардлагын үнэ болох интерьер загварын үйлчилгээнд 35,575,000 төгрөг, цахилгааны болон агааржуулалт, бараа материалын зардалд 29,296,334 төгрөг нийт 64,871,334 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, уг гарсан тооцоололд маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээгээр цахилгааны болон агааржуулалтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон уг ажлыг эмнэлгийн зохих чанар стандартын дагуу хийгээгүйгээс эмнэлэг үйл ажиллагаагаа явуулах боломжгүйгээс уг ажлыг зайлшгүй нурааж, дахин мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн, засварын ажлын бараа материалыг эмнэлгийн зохих чанар стандартын шаардлага хангаагүй материалаар хийснээс доголдол үүссэн гэж маргаж, хариуцагч нь гэрээний дагуу барилгын дотор заслын ажил хийхээр тохиролцсон бөгөөд уг ажилд барилгын дотор интерьер дизайны зураг төсөл боловсруулж, зураг төсөл шийдлийн дагуу өнгө замаск хийх ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Агааржуулалтын ажлыг нэхэмжлэгч, хариуцагч талууд харилцан тохиролцож, Хаш констракшн ХХК нь агааржуулалтын ажлыг хийж дуусгаад, нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Цахилгааны ажил хийхээр тохиролцоогүй, бараа материалыг захиалагч өөрөө сонгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Эндээс үзвэл зохигчид ажлын хэмжээ, материалын болон ажлын чанарын талаар маргаж байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл М.Д ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Хаш контакт ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж гоо сайхан, мэс заслын өрөө тус бүрт агааржуулах системийг байгуулах ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан нь агааржуулалтын ажлыг гүйцэтгэхээр хариуцагч нэхэмжлэгчтэй тохиролцож, уг ажлыг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчээр Хаш контакт ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, тус компаниар агааржуулалтын системийг байгуулах ажлыг гүйцэтгүүлсэн байна. /2 х.х-ийн 72-73 хуудас/

Мөн цахилгааны ажлыг гүйцэтгэсэн болох нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ний үзлэгт ... Хариуцагчийн төлөөлөгч : Төгсөө ах чамтай холбогдъё гээд байсан. Агааржуулалт одоо байгаа дээрээ 2,5 болж байгаа. Цахилгаан дээр цахилгааны материал гэрэл унтраалга разетика, генератор угсрах зэрэг ажлууд орсон.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Цахилгаан ямар компани юм. Нөгөө Деко дээр хийсэн 5 гаран сая болсон.Тэднийхийг асуувал зүгээр юм.

Хариуцагчийн төлөөлөгч: Дотор цахилгаанаас гадна генератор тог баригч холбоно. Гадна монтаж хийнэ.... гэх харилцсан зурвасаас үзвэл хариуцагч мөн цахилгааны ажлыг гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож байна. /3х.х-ийн 10 хуудас/

Дээрхээс дүгнэвэл талууд 3 дугаар хавтаст хэргийн 17-22 хуудаст авагдсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын хэмжээнээс гадна нэмж агааржуулалтын болон цахилгааны ажлыг хариуцагч хийхээр нэхэмжлэгчтэй тохиролцож, уг ажлыг хийсэн болох нь тогтоогдож байх тул цахилгааны болон агааржуулалтын системийн ажлыг хийгээгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иймээс хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний дагуу гоо заслын эмнэлгийн өргөтгөлийн интерьерийн загварын зураг төслийн ажил, дотоод засал чимэглэлийн ажил, цахилгааны болон агааржуулалтын системийг байгуулах ажлыг гүйцэтгэхээр тус тус нэхэмжлэгчтэй тохиролцсон байна гэж шүүх ажлын хэмжээг дүгнэлээ. Мөн ажлын хэмжээ талуудын зурвасаар илгээсэн гэрээний хэмжээнээс ихэссэнтэй холбогдуулан, хавсралтаар тохиролцсон гэрээний үнэ 63,276,523.78 төгрөг байхаар боловч уг гэрээний төлбөрт нийт 64,871,334 төгрөгийг хариуцагчид төлсөн талаар зохигчид маргаагүй байх тул 63,276,523.78 төгрөгийг гэрээний шууд үнэ, ажлын хөлс гэж шүүх үзээгүй болно.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргийг ажил гүйцэтгэгч хуулиар хүлээсэн байна.

Хэрэгт авагдсан баримтаар цахилгааны угсралтын ажлыг М.Д ХХК гүйцэтгэсэн байх ба цахилгааны холболтыг дутуу, буруу хийснээр гэмтэл үүссэн, дотор заслын ажлыг чанаргүй гүйцэтгэсэн байна гэж Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02-07-119/48 дугаар дүгнэлтээр дүгнэсэн байна.

Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-д Гүйцэтгэгч нь Захиалагч талд Гэрээт ажлыг хүлээлгэн өгөхдөө холбогдох акт, баримтуудыг бүрэн бүрдүүлж хүлээлгэн өгнө гэж зааснаар хариуцагч гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэж өгсөн холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн дүгнэлтийг хэт нэг талыг баримталсан хуульд нийцээгүй гэж тайлбарлаж, татгалзаж байх боловч хуулиар хүлээсэн үүрэг болох ажлыг доголдолгүй Захиалагчид хүлээлгэн өгсөн болох баримтыг шүүхийн өмнө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээ нотлохоор ирүүлсэн Мэргэжлийн хяналтын байцаагчийн уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзлээ. Иймээс ажил гүйцэтгэгч буюу М.Д ХХК нь цахилгааны ажлыг доголдолтой хийж гүйцэтгэн Захиалагчид хүлээлгэн өгсөн байна гэж үзэхээр байна. /1х.х-ийн 9-10 хуудас/

Мөн агааржуулалтын ажлыг хариуцагч хийж гүйцэтгэн актаар нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн уг үндэслэлийг няцааж нотлох үүргээ хариуцагч биелүүлээгүй, агааржуулалтын ажлыг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн холбогдох баримтыг ирүүлээгүй тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар няцаагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн агааржуулалтын доголдолтой холбоотой гэрээнээс учирсан хохирлыг шаардах эрхтэй юм.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан байна.

Нэхэмжлэгч Д ХХК-ийн хуульч 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 01/102 дугаар мэдэгдэл, шаардлагыг хариуцагчид хүргүүлж, буруу хийгдсэн ажлуудыг засаж дуусган 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн дотор ажлыг хүлээлгэн өгөхийг шаардсан албан бичиг хүргүүлснийг хариуцагч М.Д ХХК-ийн захирал Б.Н 2018 оны 9 дүгээр сарын 21-ний 14 цаг 50 минутад хүлээн авсан болох нь тогтоогдож байна. /1х.х-ийн 7-8 хуудас/

Иймээс ажил гүйцэтгэгч буюу М.Д ХХК-нд ажлын доголдол, зөрчлөө арилгах нэмэлт хугацааг нэхэмжлэгч тогтоож өгсөн боловч хариуцагч доголдлыг заасан хугацаанд арилгаагүй байх тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй юм.

Хариуцагч М.Д ХХК нь өнөөдрийг хүртэл ажлыг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүйгээс ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа дуусгавар болоогүй байх тул гэрээний хэрэгжсэн хэсгийг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгож, гэрээг цуцалж, гэрээнээс учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т ажлын явцад шаардлагатай чанарын шаардлага хангасан материал, сэлбэг хэрэгсэл, тавилга, хурдан шуурхай нийлүүлэх, 4 дүгээр зүйлийн 4.1-т Гэрээт ажлын явц, чанарт хяналт тавих үүргийг Захиалагч буюу Д ХХК хүлээсэн байх бөгөөд ажлыг эмнэлгийн бус бараа материалаар хийсэн нь чанарын шаардлага хангаагүй гэж хариуцагчийн гүйцэтгэсэн гоо заслын эмнэлгийн өргөтгөлийн интерьер загвар дизайны зураг төслийг боловсруулах ажил, дотоод засал, чимэглэл, засварын ажлыг бүхэлд нь нурааж дахин шинээр гүйцэтгүүлснийг шүүх бүхэлд нь зөвтгөх үндэслэлгүй байна. Гэрээгээр Захиалагч өөрөө материалаар хангах үүрэг хүлээсэн нь зохих чанарын шаардлага хангасан материалаар нэхэмжлэгч өөрөө ажил гүйцэтгэгч М.Д ХХК-ийг хангах, ажлын явцад тухайн материал зохих чанарт нийцэж байгаад хяналт тавих үүрэгтэй байна.

Мөн нэгдүгээр хавтаст хэргийн 22-30 дугаар хуудаст гүйцэтгэх ажлын интерьер зургийг гаргаж, уг интерьер зургийн дагуу ажил хийгдсэн болох нь хоёрдугаар хавтаст хэргийн 48-69 дүгээр хуудаст авагдсан фото зураг, талуудын тайлбараар тогтоогдож байна. Иймээс Захиалагчийн захиалсан интерьер зургийн дагуу интерьерийн засал чимэглэлийн зураг боловсруулагдан, ажил нь хийгдсэн байх тул уг ажлыг шүүх доголдолтой ажил гэж үзэх үндэслэлгүй тул гэрээний хэрэгжсэн энэ хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч Захиалагчийн буюу Д ХХК-ийн интерьерийн зургийн дагуу М.ДХХК ажлыг гүйцэтгэсэн байх тул энэ хүртэлх ажлын хөлсийг нэхэмжлэгч шаардах эрхгүй байх тул уг ажилд төлсөн ажлын хөлс 35,575,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэрээ цуцалж, гэрээнээс учирсан хохиролд 29,296,334 /64,871,334-35,575,000/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /1 х.х-ийн 31 хуудас/

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл ажил гүйцэтгэх аман хэлцлийг цуцалж, гэрээнээс учирсан хохирол 29,296,334 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,575,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч М.Д ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н-д тус товлогдсон шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн байна. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б гүйцэтгэх захирал Б.Н тус шүүх хурлын тов мэдсэн, эзгүйд хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт надаар дамжуулж гаргасан тул түүний эзгүйд хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 355.1, дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Д ХХК-иас 29,296,334 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,575,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482,307 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 304,432 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                               Ц.ОЮУНБИЛЭГ