Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2022/00612

 

й

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Мөнгөнтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Цоглог Энх тайвны өргөн чөлөө гудамж, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, Б Б Э /РД:000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж 0000 тоот хаягт оршин суух, Ш Г Э /РД:000/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б Э, хариуцагч Г Э, иргэдийн төлөөлөгч Б Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2021 оны 09 дүгээр сарын 07-ний өдрийн 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Бөхийн өргөөний хойд замд НОАХ маркийн 40-44 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Э.Энхмягмарын жолоодон явсан Субару Форестер маркийн 0000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас авто машинд 750 000 төгрөгийн хохирол учирсан. Уг осол болсон газар хэмжилт хийж замын цагдаагийн ослын актаар Г Э нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан З Т тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу мөн дүрмийн 3.7а дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн буруутай гэдэг нь тогтоогдсон. Миний зүгээс дүрмийн дагуу явж байсан. Үргэлжилсэн шугам даваагүй, тасархай шугам дээр эгнээ байр эзэлсэн. Миний жолоодож авсан авто машины эзэмшигч нь миний төрсөн хүү Э.Энхнямын нэр дээр бүртгэлтэй. Б Э би Г Эгаас хохирлоо удаа дараа шаардсан боловч өгөхгүй байгаа тул гэм хорын хохирол болох 750 000 төгрөгийг гаргуулан өгнө үү...гэв.

 

Хариуцагч Г Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргаан тайлбартаа: ...Гантулга овогтой Энхтуяа би өөрийн эзэмшлийн Toyota Noah маркийн 000 улсын дугаартай автомашинаар 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг Бөхийн өргөөний арын төв зам дээр чигээрээ шулуун явж байхад 0000 улсын дугаартай Subaru Forester маркийн автомашин гэнэт миний зүүн гар талын эгнээнээс огцом урдуур орж тоормосолсон. Би тоормосолсон боловч мөргөлдөж миний машин гэмтэж би өөрөө жирэмсэн учраас яаралтай эмнэлгийн тусламж авахаар 1 дүгээр төрөх эмнэлэг рүү явсан. Миний жолоодох эрхийн үнэмлэх хүчинтэй бөгөөд тухайн үед биедээ авч явсан. Тухайн үед урд хэтрүүлээгүй, мөн урд машин байгаагүй. Мөн намайг замын цагдаагийн акттай танилцуулаагүй тул би хүлээн зөвшөөрөхгүй. Subaru Forester маркийн 000 улсын дугаартай автомашины жолооч Б Э нь замын хөдөлгөөний дүрмийн 10.4, 11.14, 12.3 дахь заалтуудын зөрчсөнөөс уг осол болж надад эд материал болон сэтгэл санааны хохирол учирсан тул нэхэмжилсэн мөнгийг өгөхөөс татгалзаж байна... гэв.

 

Иргэдийн төлөөлөгч ...хариуцагч нь тухайн осолд 100 хувь буруутай гэж үзэхээргүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах нь зүйтэй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг гаргав.

 

Нэхэмжлэгчээс 2021 он 10 сарын 01-ний өдрийн 692 дугаар Тээврийн прокурорын газрын прокурорын тогтоол, 2021 оны 09 сарын 07-ны өдрийн тээврийн цагдаагийн албаны зам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, Сүлд үнэлгээ ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, Сүлд үнэлгээ хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ эдгээр баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Хариуцагчийн хүсэлтээр Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс тухайн үед осол бүртгэн шалгасантай холбоотой холбогдох баримтуудыг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн боловч зам тээврийн ослын хэргийн материалд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулаагүй баримтууд байхгүй гэх хариуг шүүхэд 2021 оны 12 сарын 16-ны өдрийн 000 тоот албан бичгээр ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б Эын хариуцагч Г Эд холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагчийн буруутай үйлдлээс зам тээврийн осол гарч миний жолоодож явсан 000 улсын дугаартай Субару Форестр маркийн эд анги гэмтэж, эд хөрөнгөд 750 000 төгрөгийн хохирол учирсан... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...тухайн осолд миний буруутай үйлдэл байгаагүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

4. Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газрын 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 692 дугаар прокурорын тогтоолд ...жолооч Г Э нь 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Бөхийн өргөөний хойд замд Ноах маркийн 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгон явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган, Б Эын жолоодон явсан Э.Энхнямын эзэмшлийн Субару форестр маркийн 000 улсын дугаартай авто машинд 645 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон... гэжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээдийн зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, эсхүл учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулсан.

 

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хамруулан, бүртгэлийн байгууллага тээврийн хэрэгслийг бүртгэж гэрчилгээ олгодог нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг тогтоох гол үндэслэл юм.

 

Хохирол учирсан гэх Subaru Forester маркийн 000 улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь иргэн Э.Э болох нь Сүлд үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б Эыг хохирол хүлээсэн этгээд гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчид холбогдуулан гэм хорын хохирол шаардах эрхгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч Б Эын хариуцагч Г Эд холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээд нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б Эын хариуцагч Г Эд холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХЖАРГАЛ

                                                                Д.МӨНГӨНТУУЛ