| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2024/0099/э |
| Дугаар | 2024/ШЦТ/102 |
| Огноо | 2024-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч .... овогт .... .... холбогдох эрүүгийн 2417000000102 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ...дугаар сарын ...-ны өдөр .... аймгийн ... суманд төрсөн, .... настай, ...боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хамт ... аймгийн ... сумын... дугаар баг, ....тоотод оршин суух, урьд Дорноговь аймгийн сум дундын хоёрдугаар шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Дорноговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2018/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, .... овогт .... .... /РД:.../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч ....нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчим ... аймгийн ... сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн Андууд гэх нэртэй дэлгүүрийн зүүн талд “архи авч өг гэж шаардан өшиглөсөн” хохирогч .... үйлдэлд дургүйцэн, маргалдаж улмаар гартаа чулуу атган түүний араас очиж, нүүрэн тус газар нь чулуу атгасан гараараа нэг удаа цохиж, биед нь духанд няцарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч ....шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр 22 цаг өнгөрч байхад дэлгүүр орж пиво авсан. Цуг явж байсан хүнийг танидаг учир юм яриад байж байтал хохирогч гэх танихгүй нөхөр хажуунаас орж ирээд пиво аваад өг гээд байхаар нь би чамайг танихгүй, чи яахаараа надаас архи нэхдэг юм гэсэн. Найз нь чи одоо боль, наадах чинь тэртээ тэргүй чамд авч өгөх гэж байна гэтэл намайг заамдаж аваад 2-3 удаа өшиглөсөн. Намайг унахад гарт юм баригдсан. Босоод духан дээр нь цохисон. Архи авч өг гээд олон хүний өмнө дарамтлаад байхаар нь нэг л удаа цохисон. Би яг чулуугаар цохисноо мэдэхгүй байна, гартаа бөгжтэй байсан. Тухайн үед гараараа цохисон. Хохирогчийн биед гэмтэл учруулснаа би өөрөө мэдэхгүй байна. Цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Юм уусны л буруу. Гол нь согтуу хүн амьтнаас зугтаах нь зөв, уурандаа очсон нь миний алдаа. Тэр хүн намайг хэл амаар доромжлоод зодоод байсан гэв.
2. Хохирогч .... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 19-20 цагийн орчимд гадаа гэгээ арай тасраагүй байх үед би өөрийн найз .... хамт дэлгүүр ороод харихаар явж байтал яг Андууд дэлгүүрийн зүүн талын засмал дээр ....тэй тааралдаад мөрлөлцсөн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн согтуу байсан ба .... ч бас архи уусан согтуу байсан. ....тэй зам дээр таараад мөрлөлцөөд бид хоёр бие биеэ түлхээд муудалцаж эхэлсэн. Тэр үед би согтуу байсан болохоор яг бие биетэйгээ цохилцож зодолдсон эсэхээ санахгүй байна, ямар ч байсан ....тэй муудалцаж байгаад салаад цаашаа явж байхад .... миний араас дуудахаар нь эргээд хартал миний зүүн дух орчимд ямар нэг хатуу зүйлээр цохисон. Яг юугаар цохисныг би хараагүй болохоор мэдэхгүй байна, магадгүй чулуу гартаа атгаж байгаад цохисон байх. .... би дух руугаа цохиулснаас үүдэн дух язарч цус гарсан. Тухайн үед .... намайг цохиод шууд Андуудыг чиглээд яваад өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21 хуудас/
3. Иргэний нэхэмжэгч ... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон ....нь 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчилгээ авсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 106 190 төгрөг гарсныг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/
4. Гэрч .... мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 23 цагийн үед .... над руу залгаад би айлаас хөөгдчихлөө гэсэн. Тухайн үед .... надтай ярихдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ярихаар нь би Дэнжийн Андууд дээр хүрээд ир, би чамайг гэр лүү чинь дөхүүлээд өгье гэсэн. Би Андууд руу ороод гараад иртэл .... гадаа ирчихсэн ....тэй муудалцаж маргалдаад байгаа бололтой зогсож байсан. Яг юу гэж муудалцаж маргалдаж байсныг би мэдээгүй. Би ....ыг аваад Дэнжийн Андуудаас хойшоо явж байтал араас .... хэрүүл хийгээд орилоод байхаар нь би ....ийг цаашаа яваа гэж хэлэх гээд буцаад очсон бөгөөд .... бас араас дагаад хүрээд ирсэн. .... бас над дээр хүрээд ирсэн бөгөөд .... гэнэт ....ийг түлхээд өшиглөөд байгаа харагдсан ба .... ....ийг өшиглөж байхдаа хөл алдаад өөрөө газар унасан. Тухайн үед би ....ыг салгаад гэр лүү нь аваад явсан. Гэтэл .... .... бид хоёрын араас ирээд хэрүүл маргаан хийж байснаа ....ын зүүн талын дух орчим гараараа нэг удаа цохисон. .... .... цохиулсандаа уурлаад араас нь хөөсөн ба .... ч урагшаа зугтаасан. .... .... сүүлд зүүн дух орчим цохиулснаас үүдэн духнаас нь цус гарч язарсан байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/
5. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 218 дугаартай дүгнэлтэнд: “....биед духанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтоги алдагдахгүй.”
Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 33-34 хуудас/
6. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 240 дугаартай дүгнэлтэнд: “Б.....ийн биед гэмтэл тогтоогдсонгүй”
Дүгнэлт гаргасан: ахлах шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 39 хуудас/
7. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтолтын зэрэг тогтоосон тэмдэглэл /х.х-ийн 2, 4-7, 8-9 хуудас/
8. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан зардлын түүх /х.х-ийн 11-13, 14-17, 92 хуудас/
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /х.х-ийн 52-79 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч ....нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчим ... аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн Андууд гэх нэртэй дэлгүүрийн зүүн талд архи авч өг гэж шаардан өшиглөсөн ....үйлдэлд дургүйцэн маргалдаж улмаар түүний араас очиж, нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, биед нь духанд няцарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.....ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ....нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч М....., гэрч ....нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 240 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Шүүгдэгч Б..... холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч ....нь өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гарган оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь архидан согтуурсан үедээ хоорондоо маргалдснаас үүдэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч Б..... эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Т.Түмэнжаргал эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б..... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлахдаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож өгнө үү. Шүүгдэгч Б.....ийн хувьд гэмт хэрэг үйлдэхдээ согтуугаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа торгох ялаар шийтгэгдэж байсан боловч дахин гэмт хэрэг үйлдсэн. Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэсэн саналыг,
Шүүгдэгч ....эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Ажил хийхэд хэцүү юм байна. Торгуулийн ял оногдуулж өгөөч гэсэн саналыг тус тус гэжээ.
Шүүгдэгч Б..... эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Б..... эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас гаргасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ....нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй боловч хохирогч ....нь хохирол нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.
Харин хохирогч ....эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 106 190 төгрөг гарсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч Б.....ээс 106 190 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ....нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн “/КБ-1/” гэсэн бичиглэл бүхий DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалахаар тогтоолоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт ........ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.....ийг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б..... зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б..... шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ....нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн “/КБ-1/” гэсэн бичиглэл бүхий DVD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.....ээс 106 190 /нэг зуун зургаан мянга нэг зуун ерэн/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б..... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА