Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 104

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын   яллагчаар  Төв  аймгийн   Прокурорын   газрын  хяналтын  прокурор М.Үүрийнтуяа, 

шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Отгонбаяр, Г.Батцэцэг

шүүгдэгч Д.Мөнхбат, Д.Лхагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаарТөв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Мөнхбат, Д.Лхагвадорж нарт холбогдох эрүүгийн 201719000078 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол улсын иргэн 1983 оны 01 дүгээр сарын 26- ны өдөр Булган аймагт
төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын ашиглалтын инженер
мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Рашаант сумын 1-р баг, 11-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бэрх овгийн Даваасүрэнгийн Лхагвадорж /РД:ГП83012619/,

 

Монгол улсын иргэн 1977 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймагт төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт галч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Хилчины 22-р хороо 15-09 тоотод оршин суух, урьд 2007 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Хиа овгийн Дашжамцын Мөнхбат /РД:ГЕ77042811/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Яллагдагч Д.Лхагвадорж, Д.Мөнхбат нар нь бүлэглэн, машин механизм буюу Д.Мөнхбатын эзэмшлийн 63-19 УНЦ улсын дугаартай Приүс-11 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Төв аймгийн Зуунмод сумын 1-р багийн нутаг Манзушир хорооллын гаднаас 2017 оны 01 дүгээр 18-аас 19-нд шилжих шөнө 7 ширхэг дулааны худагын тагыг хулгайлж 840.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн Төв аймгийн Зуунмод сумын 1-р багийн нутаг Манзушир хорооллын гаднаас 2017 оны 01 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө 4 ширхэг дулааны худагын тагыг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч Д.Лхагвадорж: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Алтангэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Зуунмод сумын 1-р багийн нутаг Манзушир хорооллын байрны гадаах дулааны худгийн 7 ширхэг таг алдагдсан тэгээд дуоааны худгийн таг алдагдаад эхлэхээр нь Зуунмод сумын хэмжээнд тавиатай байгаа бүх худгийн тагуудыг шалгаж үзэхэд нийт 26 ширхэг худгийн таг алдсан байсан яг зам дагуух газруудын худгийн таг алдагдаад байсан юм. Тэгтэл 2017 оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө 2 этгээд Манзушир хорооллоос дулааны худгийн таг хулгайлж байгаад газар дээрээ баригдаж нэг хүн нь зугтсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх 16-17 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Ж.Өлзийбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн өглөө 09-10 цагийн орчимд би эмнэлэгт хэвтэх гээд ажлын байрнаасаа юм авах гээд иртэл нэг залуу зогсож байсан ба лүүк /дулааны худгын таг/ авах уу гэхээр нь хэдээр би 40.000 төгрөг арай хүрэхгүй гэсэн чинь авчих гэсэн тэгэхээр нь би мөнгөгүй байсан учир өөрийн зүүж явсан бөгжөө ломбарданд тавиад 7 ширхэг дулааны худгийн тагыг нийтэд нь 220.000 төгрөг тэр залууд өгсөн. 220.000 төгрөгөө нэхэмжилнэ...”гэх мэдүүлэг/хх 18 тал/,

 

Гэрч А.Ганбадрах мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... 2017 онэы 01 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын нутаг Манзушир өргөө хорооллын дулааны шугамын тагнаас 7 ширхэг алдагдсан байсан ба тухайн үед алдсан тухай тэмдэглээд орхисон тэгтэл 2017 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө Манзушир өргөө хорооллын 4 ширхэг дулааны шугамын тагыг суллаж хулгайлан авч байсан хүмүүс цагдаад баригдчихлаа гэж сонсоод Манзушир өргөө хороололд очиж үзэхэд Манзушир өргөө хорооллын бэхэлгээтэй худагны таглаануудаас 4 ширхэгийг суллаж авсан байсан ба цагаан өнгийн 63-19 гэсэн дугаартай машинтай хүмүүс авч байгаад баригдсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-19-20 тал/,

 

Гэрч Д.Жанчивдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “... Би бол бохирын шугамыг хариуцдаг юм Манзушир өргөө хороололоос алдагдсан 11 ширхэг дулааны худгын таг гээд байгаагын 2 ширхэг нь бохирын шугам байсан юм уг хэсэг 10-р уурын зуухны харъяанд байдаг ба хариуцдаг хүн Галбадрах дулааны шугамны таг алдагдсан талаар хэлж байсан жижиг цагаан машинтай 2 хүн хулгайлж байгаад баригдсан гэхээр газар дээр нь очиж үзэхэд нийтдээ 7 ширхэг худгын таг алдагдаж 4 ширхэг тагыг нь суллаж авч байгаад баригдсан гэсэн ба уг 7 таглааны 2 ширхэг нь бохирын худагны таг байсан...” гэх мэдүүлэг /хх-21-22 тал/,

 

Гэрч Ч.Мөнхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Урд нь Манзушир хорооллын орчмын дулааны худгийн таг алдагдаад байна гэдгийг сончисхон байсан юм. 2017 оны 01 дүгээр сарын 25-нд шилжих шөнө 01 цагийн үед би ажил дээрээ байж байсан чинь манай ажилтан Доржсүрэн, Загиржүүсэн нар 2 хүн дулааны шугамны тагыг хүзүүвчтэй нь аваад байрны урд талын замын урд аваачаад тавиад бэлдээд байна гэхээр нь би цонхоор харсан чинь хоёр хүн худгийн тагнуудыг зөөж авч байгаа харагдсан тэр хоёр хүний нэг нь туранхай биетэй нэг нь намхан ийм хоёр залуу байсан тэгээд 63-19 УНЦ цагаан өнгөтэй приүс машин манай байрлаж байгаа байрны үүдэнд тавьчихсан байхаар нь машины хаалгыг татаж үзээд онгойлгоход онгорхой байсан уг машин нь манай байранд байдаггүй машин байсан тэгээд тэр хоёр дулааны худгийн таг хулгайлж байгаа нэг хүнийг нь барьж авахад нөгөө хүн нь зугтаачихсан энэ хоёр хүний нэг нь туранхай нөгөө нь намхан биетэй хүн байсан намхан биетэй хүнийг нь барьсан энэ үед надтай хамт Доржсүрэн, Загиржүүсэн нар байсан тэгээд би цагдаад дуудлага өгч цагдаагийн ажилтангууд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-23-24 тал/,

 

Гэрч   Ц.Загаржүүсэн   мөрдөн  байцаалтад  өгсөн  мэдүүлэгтээ: 2017  оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө би ажилтай байж байгаад оройтож унтсан юм. Тэгсэн шөнө 2 цагийн орчимд 2 хүн Манзушир хорооллын орчмын траншейны тугнуудыг зөөгөөд аваад байгаа нь харагдсан. Тэгээд Мөнхбаяр, Доржсүрэн бид гурав тэр хоёр хүнийг харж байгаад нэг хүнийг нь барьж авсан ба тэр хүмүүсийг машинтай байх ёстой гээд машины нь замын хажуугын 1-р орцны үүдэнд байхыг нь олсон. Тэр бидний барьж авсан хүн намхан биетэй махлагдуу хүн байсан машин нь 63-19 УНЦ улсын дугаартай цагаан өнгийн приүс маркий нмашин байсан тэгээд цагдаад уг хүнийг хүлээлгэн өгсөн. Энэ хүмүүс 5 ширхэг траншейны тагийг аваад зуухны ар талын машин замын хажуу талд хурааж бөөгнүүлээд давхарлаад тавьчихсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-25 тал/,

 

Гэрч Г.Доржсүрэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017  оны 01 дүгээр сарын 24-25-нд шилжих шөнө 02 цагийн үед ажил дээрээ байж байхад 2 эрэгтэй хүн Манзушир хорооллын урд талын уурын зуухны хойд хэсгээс юм зөөгөөд байгаа юм шиг харагдахаар нь Загиржүүсэн бид хоёр харж хараад байсан тэр хоёр хүн юм зөөж тавиад хавь орчиноо хараад сүүдэр хэсэг бараадаад яваад байхаар нь яг юм хулгайлж байгаа юм байна гэдгийг ойлгоод Мөнхбаярт хэлээд Мөнхбаяр, Загиржүүсэн бид гурав гарч харсан тэгээд нэг хүнийг нь барьж авсан чинь яасан гэрлүүгээ орох гэж байна гээд байсан тэр хүний хувцас хунар нил шороо болчихсон байсан та нөгөө хүнээ дуудаач гэсэн нөгөө хүн нь ирэхгүй байсан тэгээд орцны үүдэнд тавьсан машиныг нь олсон тэр машин нь 6319 УНЦ гэсэн дугаартай цагаан приүс машин байсан тэр машин нь баригдсан хүний машин байсан тэр хүмүүс уурын зуухны ойр орчмийн траншейны тагнуудыг хулгайлан авч байсан траншейны тагнуудаас 5 ширхэгийг давхарлаад авч явахад бэлдээд тавьчихсан байгаа харагдсан тэгээд цагдаа дуудаж уг хүнийг хүлээлгэн өгсөн. Урьд өмнө Манзушир хороололоос траншейны тагнууд алга болсон гэж сонсож байсан болохоор энэ хүмүүсийг барьж авсан юм... гэх мэдүүлэг /хх-26 тал/,

 

БУСАД БАРИМТ

  • Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-6, 7-8 тал/,
  • Төв аймгийн Төв Чандмань- ДЭХГ орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2017 оны 02 сарын 23-ны өдрийн 147 тоот албан бичиг /хх-14 тал/,
  • Эд зүйлийн үнэлгээ /хх-31 тал/,
  • Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-38 тал/,
  • Өвөрхангай аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1/114 тоот шийтгэх тогтоол /хх-65 тал/,
  • Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 сарын 20-ны өдрийн 311 тоот албан бичиг /хх-73 тал/,
  • Автотээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-75 тал/,
  • Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-77-78 тал/
  • Эд зүйлийн үнэлгээ /хх-80 тал/,
  • Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ /хх-83 тал/,
  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлэг /хх-84 тал/,
  • Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-89-90, 91-92 тал/
  • Эд зүйлийн үнэлгээ /хх-94 тал/,

 

шүүгдэгч Д.Лхагвадоржийг 2017 оны 01 сарын 25-ны өдөр сэжигтнээр /хх-48-49 тал/. 2017 оны 02 сарын 13-ны өдөр яллагдагчаар /хх-53 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

шүүгдэгч Д.Мөнхбатыг 2017 оны 01 сарын 25-ны өдөр сэжигтнээр /хх-50-51 тал/, 2017 оны 02 сарын 13-ны өдөр яллагдагчаар /хх-55 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

Д.Лхагвадоржийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "үгүй" гэх лавлагаа /хх-56 тал/,

Д.Мөнхбатын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад "Өвөрхангай аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1/114 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн" гэх лавлагаа /хх-63 тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч бүлэглэн, машин механизм буюу Д.Мөнхбатын эзэмшлийн 63-19 УНЦ улсын дугаартай Приүс-11 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Төв аймгийн Зуунмод сумын 1-р багийн нутаг Манзушир хорооллын гаднаас 2017 оны 01 дүгээр 18-аас 19-нд шилжих шөнө 7 ширхэг дулааны худагын тагыг хулгайлж 840.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн Төв аймгийн Зуунмод сумын 1-р багийн нутаг Манзушир хорооллын гаднаас 2017 оны 01 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө 4 ширхэг дулааны худагын тагыг хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхбат, Д.Лхагвадорж нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Алтангэрэл, иргэний нэхэмжлэгч Ж.Өлзийбат, гэрч А.Ганбадрах, Ч.Мөнхбаяр, Ц.Загаржүүсэн, Г.Доржсүрэн нарын мэдүүлсэн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Мөнхбат, Д.Лхагвадорж нарыг гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.Мөнхбат нь Өвөрхангай аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 1/114 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ял шийтгэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтай байдал нь арилсан байна

 

Шүүгдэгч Д.Мөнхбат, Д.Лхагвадорж нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал гаргаагүй байдал зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Д.Мөнхбат, Д.Лхагвадорж нарын эд хөрөнгийг хураахгүйгээр хорих ял оногдуулан, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Хохирлын талаар

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Алтангэрэл, иргэний нэхэмжлэгч Ж.Өлзийбат нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх гэм хорын хохиролын асуудал байхгүй байна.

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар

2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Приүс 11 маркийн автомашин, 2017 оны 01 сарын 29-ний өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Д.Мөнхбатын эзэмшлийн Киа маркийн 32 инчийн LCD телевиз, Д.Лхагвадоржийн эзэмшлийн Шарп маркийн хөргөгч зэргийн битүүмжлэлийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна

 

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 63-19 УНЦ улсын дугаартай Приүс-11 маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Д.Мөнхбатынх болох нь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасны дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 6.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 63-19 УНЦ улсын дугаартай Приүс-11 маркийн тээврийн хэрэгсэлийг улсын орлого болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, 63-19 УНЦ улсын дугаартай Приүс-11 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ хураагдан ирээгүй, шүүгдэгч Д.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Лхагвадорж нь 15 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283. 284, 286. 290. 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                            ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Бэрх овгийн Даваасүрэнгийн Лхагвадорж, Хиа овгийн Дашжамцын Мөнхбат нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбат, Д.Лхагвадорж нарын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Мөнхбат, Д.Лхагвадорж нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

    

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Мөнхбат, Д.Лхагвадорж нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Мөнхбатад тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст, ялтан Д.Лхагвадоржид тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Мөнхбат. Д.Лхагвадорж нар нь тэнсэгдсэн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биөчлэн эдлүүлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон Д.Мөнхбатын 63-19 УНЦ улсын дугаартай "Приүс-11" маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ хураагдаж ирээгүй, шүүгдэгч Д.Мөнхбат, Д.Лхагвадорж нар нь бусдад төлөх төлбөргүй, ялтан Д.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, ялтан Д.Лхагвадорж нь 15 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр эүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Приүс 11 маркийн автомашин, 2017 оны 01 сарын 29-ний өдрийн Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн Д.Мөнхбатын эзэмшлийн Киа маркийн 32 инчийн LCD телевиз, Д.Лхагвадоржийн эзэмшлийн Шарп маркийн хөргөгч зэргийн битүүмжлэлийг тус тус хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49 1. 49 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Мөнхбатын эзэмшлийн 6.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 63-19 УНЦ улсын дугаартай "Приүс-11" маркийн тээврийн хэрэгслийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Сугармаад даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мөнхбат, Д.Лхагвадорж нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Д.Мөнхбат, Д.Лхагвадорж нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ю.ЭНХМАА