Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/083

 

Р.А-т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн даргаар Д.Номингоо  нарыг оролцуулан;

Анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/254 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор Р.А холбогдох эрүүгийн 1914007240122 дугаар хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, 1981 оны 4 дүгээр сарын 03-нд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүний бага эмч мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

Р.******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Угдай гэх газарт 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 сарын 22-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг явуулж байгаль орчинд 1.233.322 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Р.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч *******гийн *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Р.А оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.А мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Р.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан портер маркийн 05-07 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 төгрөг, 2 ширхэг ковш маркийн тээврийн хэрэгслийн үнэ нийт 7.000.000 төгрөг, хуурай аргаар шороо угаах төхөөрөмжийн үнэ 1.000.000 төгрөг, цахилгаан моторын үнэ 800.000 төгрөг, экскаватор 2900 маркийн тракторын үнэ 12.000.000 төгрөг нийт 23.300.000 төгрөгийг шүүгдэгч Р.*******аас хураан авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Р.*******аас хураан авсан 23.300.000 төгрөгөөс байгаль орчинд учруулсан хохирол болох 3.737.489 төгрөгийн хохирлыг гаргуулж Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргын дэргэдэх Байгаль орчин уур амьсгалын санд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3.000.000 төгрөг гаргуулж Нуман-Алтай” ХХК /5063302898 тоот данс/-нд тус тус олгож, илүү гарсан 16.562.511 төгрөгийг улсын орлого болгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн иргэний нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн монгол гэр 2 ширхэг, портер маркийн 05-07 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ковш маркийн тээврийн хэрэгсэл 2 ширхэг, хуурай аргаар шороо угаах төхөөрөмж, цахилгаан мотор зэргийг *******д буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Р.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гэрэлмаа даргалж уг хурлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон *******гийн *******т холбогдох хэргийг хянан хэлэлцээд үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд тооцож, 5.400.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 23.300.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг 2020 оны 08-р сарын 31-ний өдөр гардаж аваад шийтгэх тогтоолын 4 дэх заалт буюу Эрүүгийн хуулийн 7.5.4-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийн үнэ 23.300.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхээс Р.*******ыг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Угдай гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 16-наас 22-ныг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1 233 322 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон.

1. Р.*******ын хувьд 2019 оны 10 дугаар сарын 16-22 хүртэлх хугацаанд тасралтгүй ажиллаагүй бөгөөд зөвхөн 1 өдөр ажиллах гэж байгаад тог гаргагч мотор нь эвдэрсэн тул ажиллаагүй гэдгийг гэрчүүд мэдүүлдэг.

2. Нуман-Алтай ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 15 ны өдрийн 1\09 тоот дүгнэлтээр хэргийн материалд битүүмжлэгдэн ирсэн тээврийн хэрэгслүүдийг бүгдийг ажиллаж байсан гэж тогтоогоогүй бөгөөд хэргийн газрын үзлэгээр хаана хаана байрлаж байгааг тодорхойлсон дүгнэлтийн 2 т эвдэрсэн газрыг мөрдөгчийн тогтоосноор 3 м гэж тооцвол 1 233 322 төгрөгийн хохирол учирсан байна гэсэн. Гэтэл хэргийн материалын 16 дугаар хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд мөрдөгч эвдэрсэн талбайн гүнийг 3 м гэж тогтоосон баримт байхгүй.

 

3. Шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг зэрэгт Угдай гэх газарт 2002 оноос хойш иргэд гар аргаар алт олборлон их хэмжээгээр эвдэгдсэн, өмнө нь эвдэгдсэн учир хөрсөн бүрхэвчийн хохирол гарахгүй гэжээ. Тэгэхээр дээрх олон техникийг бүрэн хүчин чадлаар нь ашиглахад 3 м газар олборлон их хэмжээгээр эвдэгдсэн, өмнө нь эвдэгдсэн учир хөрсөн бүрхэвчийн хохирол гарахгүй гэжээ. Тэгэхээр дээрх олон техникийг бүрэн хүчин чадлаар нь ашиглахад 3 м газар эвдэгдэх, түүнийг нөхөн сэргээхийн тулд 37523 төгрөг буюу 20 л дизелийн түлш зарцуулахуйц хэмжээний газар эвдэгдсэн гэвэл тухайн тээврийн хэрэгслүүд ажиллаагүй гэдэг нь ойлгогдож байна.

4. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 д гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл       нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэжээ. Хэргийн материалд авагдсан тээврийн хэрэгслүүд нь бүгд хүнийх бөгөөд тээврийн хэрэгслийн лавлагаагаар Р.*******ын өмчлөлийн , эзэмшлийн зүйл биш болох нь тогтоогдсон. Дээрх хуулийн зүйл заалтаар тээврийн хэрэгслийн өмлөгч биш бол үнийг гаргуулах зохицуулалт байхгүй байгаа тул 23.300.000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 254 тоот шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг зөв хэрэглэх үүднээс гомдлоо гаргасан, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслүүд нь  гэмт этгээдийн  өмч биш бол үнийг гаргуулах зохицуулалт байхгүй байхад 23.300.000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй болсон тул шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү гэв.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн давж заалдах шатны шүүхэд   гаргасан гомдолд  үндэслэн  хэргийг хянан шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар    гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянахад :

Шүүгдэгч Р.*******ыг Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Угдай гэх газарт 2019 оны 10 сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 сарын 22-ны өдрийн хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг явуулж байгаль орчинд 1.233.322 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж улмаар  яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ./ хэргийн 1-2,161-163 дугаар тал/

Ашигт малтмалын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.5-д “ашигт малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг, 4.1.6-д “ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийн тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц баялгийг ашиглах боломжийг судлан техник,эдийн засгийн үнэлгээ хийхийг,4.1.7-д “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй  холбогдсон бусад үйл ажиллагааг тус,тус ойлгохоор заасан хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг хэргийн үйл баримттайгаа уялдуулан яллаж байгаа гэмт хэргийн   товч  агуулга  болох  хэргийн үйл баримтад зөв  дүгнэлт хийх шаардлагатай болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас  тухайн сум орны  байгаль орчин, нутаг хохирсон тохиолдолд тэднийг төлөөлөх эрх бүхий хуулийн этгээдийг хохирогчоор тогтоогоогүй, энэ талаарх шийдвэр хэрэгт авагдаагүйгээс хохирогчгүй болсон,     Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-т заасан “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заасан зохицуулалтыг  мөрдөгч буруу хэрэглэж хувь хүний нэрээр, албан тушаалын байдлаар нь иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн тогтоол хэрэгт авагджээ.

 Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт  ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах хуулийн этгээдийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тухай  тогтоолыг  мөрдөгч гаргаж улмаар тухайн  хуулийн этгээдийг шууд төлөөлөх эрх бүхий этгээд эсвэл түүний томилсон этгээдийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах нь хуульд нийцэх юм.

Мөн  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслүүдээс “..05-07ӨВО HYUNDAI маркийн Porter машины эзэмшигч нь *******...” гэх Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа хавтаст хэргийн 127 дугаар талд авагдсан бусад тээврийн хэрэгслүүдийн талаар холбогдох баримт бичиг хэрэгт авагдаагүй байхад “... миний техникүүд юм...” гэх иргэний нэхэмжлэгч *******ий мэдүүлэгт үндэслэн  түүний эзэмшлийнх гэж үзэж  шийдвэрлэх нь  хууль ёсны бөгөөд  үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй юм.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан олон улсын болон энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээг гаргаагүй  харин баруун бүс худалдааны төвийн ханш, унаа болон үнэгүй мн сайтын ханш, гомдол гаргасан иргэний мэдээлэл, өөрийн байгууллагын мэдээллийн сан зэргийг үндэслэн  магадалгаа хийсэн нь  учир дутагдалтай, эргэлзээтэй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, тээврийн хэрэгсэл нь  бусдын өмчлөлийнх болох нь тогтоогдсон бол  шаардлагатай  тохиолдолд  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцон хурааж байхаар зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, гэмт хэрэгт ашиглахаар завдсан эсэх талаар хэргийн үйл баримтад үндэслэн дүгнэлт хийсний эцэст хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг гэмт хэрэгт ялангуяа  хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцон хураах нь цаашид гэмт хэрэг дахин үйлдэгдэхээс сэргийлэх, дээрх байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заажээ.

Анхан шатны шүүх  Прокурор болон  мөрдөгчийн   гаргасан алдааг анхааралгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж,  шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэн эцэслэн шийдвэрлэсэн нь  шүүхийн шийдвэр    хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  шаардлагыг хангаагүй байх тул  шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг  дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж,   шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн  бичсэн гомдолд дүгнэлт хийх   боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

                       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн   1.3  -т заасныг тус тус  удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/254 дүгээр шийтгэх тогтоолыг  бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг Прокурорт буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол  шүүгдэгч  Р.*******т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.