| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/03492/И |
| Дугаар | 001/ХТ2026/00091 |
| Огноо | 2026-04-14 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2026/00091
М.Бын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Э.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.10.16-ны өдрийн 192/ШШ2025/08367 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.09-ний өдрийн 210/МА2026/00093 дугаар магадлалтай,
М.Бын нэхэмжлэлтэй
Н.Г, А.А, М.Б нарт холбогдох,
Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, 2017.02.20-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг
Хариуцагч М.Бийн өмгөөлөгч О.Мгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б, хариуцагч А.А, М.Б, хариуцагч М.Бийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Н.Г, А.А, М.Б нарт холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, 2017.02.20-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.10.16-ны өдрийн 192/ШШ2025/08367 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан үндэслэлгүй тул “МО” ХХК-ийн захирал А.А нь М.Бт 2017.02.20-ны өдөр хуулийн этгээдийг төлөөлөн итгэмжлэл олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатч Г.Г-гийн үйлдлийг хүчингүй болгох тухай, А.Ааас 2017.02.20-ны өдөр М.Бт олгосон итгэмжлэл буюу хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай М.Бын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.09-ний өдрийн 210/МА2026/00093 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.10.16-ны өдрийн 192/ШШ2025/08367 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нотариатч Н.Гийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “МО” ХХК-ийн захирал А.Ааас М.Бт олгосон итгэмжлэлийг гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,
тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан “МО” ХХК-ийн захирал А.Ааас М.Бт олгосон 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн итгэмжлэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосугай” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч М.Баас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагч М.Бийн өмгөөлөгч О.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3, 172.2.4-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Хоёр шатны шүүх М.Бын нэхэмжлэлтэй Н.Г, А.А, М.Б нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргааны зүйл, түүний хүрээ хязгаарыг зөв тодорхойлсон атлаа 2017.02.20-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагын талаар зөрүүтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийн 62.3, 64.2, 64.3, 56.1.1 дэх заалтуудыг хуульд заасан агуулгаас зөрүүтэй хэрэглэсэн.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 57.1, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан үндэслэлгүй гэсэн. Харин давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56.1.1-д заасныг баримтлан “МО” ХХК-ийн захирал А.Ааас М.Бт олгосон 2017.02.20-ны өдрийн “итгэмжлэл” хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон. Ийнхүү хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хуульд заасан итгэмжлэл хүчингүй болох нөхцөл, итгэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг хэргийн үйл баримт, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар дүгнэгдсэн үйл баримтуудтай харьцуулан дүгнэх замаар зөв тайлбарлан хэрэглээгүйгээс эрх зүйн дүгнэлт зөрүүтэй болжээ.
Өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримтыг илтэд үгүйсгэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж хэргийн талаар хууль бус дүгнэлт хийж мэргэжлийн хувьд ноцтой алдаа гаргасан.Иргэний хуулийн дээрх заалтуудад заасан агуулга нь итгэмжлэлээр итгэмжлэгч өөрийн нэрийн өмнөөс тодорхой үйлдэл хийх эрхийг итгэмжлэгдэгчид олгодог ба энэ нь эрх, үүрэг үүсгэх зорилготой нэг талын хэлцэл боловч дан ганц итгэмжлэгчийн хүсэл зориг дангаараа илэрхийлэгддэг онцлогтой болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй.
Давж заалдах шатны шүүхээс хариуцагч нотариатч Н.Гийг 2017.02.20-ны өдрийн итгэмжлэлийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйл болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн “... нотариатч нь итгэмжлэлийг гэрчлэх үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуульд заасан зарчим, чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хууль болон нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчиж, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан итгэмжлэлийг гэрчилсэн...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа нөгөө хоёр хариуцагчаас нэгэндээ олгосон итгэмжлэлийг хууль зөрчсөн үндэслэлээр Иргэний хуулийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцон шийдвэрлэж шийдвэрт энэ хэсгээр өөрчлөлт оруулсан нь илтэд үндэслэлгүй байна.
Шүүхээс гарч буй аливаа шийдвэр бодит байдалд хэрэгжих боломжтой, хоёрдмол салаа утга агуулаагүй байх ёстой байхад үүнийг зөрчсөн, итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж шүүх дүгнэж байгаа бол үр дагаврын асуудал хэрхэн шийдвэрлэгдэх, өмнө нь шүүхээс шийдвэрлэсэн итгэмжлэл хүчин төгөлдөр байгаа, хувьцааг шилжүүлснээр нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрх дуусгавар болсон гэх дүгнэлтийг хэрхэн няцаан үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл, итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулснаар ямар үр дагавар, ямар зөрчигдсөн эрхийг сэргээлгэх гэж байгаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээгүй.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.16-ны өдрийн 102/ШШ2023/00282 дугаар шийдвэрээр “...Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1, 56.1.8, 56.1.10, 64-р зүйлийн 64.1, 64.2, 64.3-т ... зөрчөөгүй тул 2017.02.20-ны өдрийн “МО” ХХК-ийн захирал А.Ааас М.Бт олгосон итгэмжлэл ... М.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж дүгнэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтаар шийдвэрлэсэн үйл баримт, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.17-ны өдрийн 210/МА2023/00583 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Улсын дээд шүүх хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар итгэмжлэлийн талаар өмнө нь шүүхээс хийсэн дүгнэлт хүчин төгөлдөр болсон байхад давж заалдах шатны шүүх өөрт олгогдоогүй эрхийг эдэлж итгэмжлэлийг хууль зөрчсөн үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Мөн хэрэгт Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.12-ны өдрийн 128/2024/0223 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.16-ны өдрийн 221/МА2024/0320 дугаар магадлал нотлох баримтаар авагдсан бөгөөд “...хувьцаа шилжүүлснээр нөхөрлөлийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн эрх дуусгавар болсон...”, “...2017.02.20-ны өдөр олгосон итгэмжлэл...” хууль ёсны байгаа талаар дүгнэлт хийсэн ба Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим тус хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт нотлогддог. Ер нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нар хэргийн нөхцөл байдал, өмнө нь шийдэгдсэн байдал, хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг илтэд үгүйсгэж, няцааж дахин дүгнэлт хийж байгаа нь мэргэжлийн хувьд алдаа гаргаж байна гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Давж заалдах шатны шүүхийн 00093 дугаартай магадлалаар шүүх бүрэлдэхүүн нотариатч Н.Гийн итгэмжлэлийн үнэн зөвийг гэрчилсэн үйлдлийг хууль ёсны байна гэж дүгнэсэн атлаа нотариатын үйлдлийн зүйл болж буй итгэмжлэлийг хууль бус буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байдлыг бий болгож байна. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийн гол агуулга нь хоорондоо зөрчилдсөн, итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тохиолдолд нотариатын итгэмжлэлийг гэрчилсэн үйлдэл хууль бус байх гэсэн далд утгатай эрх зүйн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэл бий болгож байна.Тус хэрэгт авагдсан байгаа иргэн болон захиргааны хэргийн шүүхүүдийн шийдвэр, магадлалд дүгнэлт хийж дурдсан үйл баримтыг үгүйсгэсэн, шүүх бүрэлдэхүүн хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар дахин дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-д заасан үндэслэл бий болгож байна гэж үзлээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.03.31-ний өдрийн 001/ШХТ2026/00367 дугаар тогтоолоор хариуцагч М.Бийн өмгөөлөгч О.Мгийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч М.Б нь нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, 2017.02.20-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...эцэг А.М, эх С.М нар “МО” ЗБН-ийг үүсгэн байгуулж, эцэг А.М 70 хувийг, эх С.М 30 хувийг эзэмшиж байсан. С.М нас барж түүний хөрөнгийг хүү М.Бт эзэмшүүлж, нөхөрлөлийн үүсгэн байгуулагчаар бүртгэсэн тухай “МО” нөхөрлөлийн бүх гишүүдийн 2004.08.15-ны өдрийн хурлын шийдвэр гарсан.
ТӨХ-ноос зарласан дуудлага худалдаагаар Хаягт байрлалтай “МО” ЗБН худалдаж авсан. Эцэг А.М нь өөрийн өмчлөлийн 3 өрөө байрыг, би өөрийн өмчлөлийн 3 өрөө байраа тус тус худалдаж дуудлага худалдаанд оролцсон, ТӨХ-ны 1998.05.12-ны өдрийн 342 дугаар тогтоолоор 55,920,000 төгрөгийн үнэтэй дээрх 270,1 м.кв талбай бүхий барилгыг өмчлөх эрхтэй болж, 1998.05.18-ны өдөр Эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, Х тоот гэрчилгээ авсан. 1998-2011 он хүртэл эцэг А.Мын хамтаар “МО” ЗБН-ийн эмнэлгийн үйл ажиллагааг эрхэлж байгаад А.А эмч, түүний хүү А.Б нарт шилжүүлсэн. Ийнхүү тэд “МО” эмнэлгийн эрхийг шилжүүлж авахдаа эмнэлгийн 53,500 төгрөгийн эд хөрөнгийг хүлээн авсан ба харин дээр дурдсан 270.1 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж аваагүй. Энэ байрандаа 1998 оноос хойш амьдарч байгаа. А.А 2017.02.20-ны өдөр М.Бт итгэмжлэлээр дээрх 270.1 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон. А.Ат олгогдоогүй эрхийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү.
“МО” ХХК-ийн захирал А.А нь өөрийн хуулийн этгээдийн болон хувийнх нь өмчлөлд шилжүүлж өгөөгүй үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шилжүүлсэн итгэмжлэлээр шилжүүлсэн нь хуульд нийцээгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхдээ М.Б, М.Б нарын эцэг А.Маас асуусан, тэр зөвшөөрсөн гэдэг ч нотлох баримтгүй. Эцэг А.М өвчний учир гадагшаа харилцаа муутай болсон байсан ба энэ хугацаанаас хойш удалгүй 2017.04.30-нд таалал төгссөн. “МО” ХХК-ийн захирал А.А болон М.Б нарын хооронд хийгдсэн итгэмжлэл гэх 2017.02.20-ны өдрийн хэлцэл хүчин төгөлдөр бус ...” гэжээ.
7. Хариуцагч Н.Г нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа “...Нотариатч нь нэхэмжлэлд дурдсан итгэмжлэлийг гэрчлэхдээ Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011.10.07-ны өдрийн 171 тоот тушаалаар батлагдсан “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасныг үндэслэл болгон нотариатын үйлдэл хийсэн, нотариатчийн 2017.02.20-ны өдөр итгэмжлэл гэрчилсэн үйлдэл нь хууль зөрчөөгүй гэдгийг 2023.01.16-ны өдрийн 102/ШШ2023/00282 дугаар шийдвэр, 2023.03.17-ны өдрийн 210/МА2023/00583 тоот магадлалаар тус тус тогтоосон ...” гэжээ.
8. Хариуцагч А.А нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: “2011 онд анх “МО” ХХК-ийг нөхөрлөл байхад нь авсан. Дараа жилээс нь эхлээд Баянгол дүүргийн татварын газраас татвар төлөхийг шаардахад энэ хөрөнгийн тухай мэдсэн. Түүнээс биш би энэ хөрөнгийг худалдаж аваагүй, над дээр шилжиж ирснийг нь ч мэдээгүй. Татварыг нь 1-2 жил төлсөн, М.Бт “энийгээ буцааж аваач ээ” гэж хэлсэн. Баянгол дүүргийн татвар дээр хамт очоод “байранд нь сууж байгаа юм чинь чи өөрөө төл” гэсэн. А.М гуайг би таньдаг байсан, надтай ирж уулзахад нь үл хөдлөх эд хөрөнгө нь байгаа гэдгийг би ойлгуулсан. А.М гуайн бие нь тааруу байсан. “Манай охины нэр рүү шилжүүл” гэж өөрийнх нь хэлсний дагуу би охинтой нь холбогдоод шилжүүлсэн. М.Б өөрөө сайн мэдэж байх ёстой.” гэжээ.
9. Хариуцагч М.Б нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч өмнө нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ үл хөдлөх эд хөрөнгийн 30 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, 2017.03.11-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан, шүүхийн 2023.01.16-ны өдрийн 102/ШШ2023/00282 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8, 2016.01.06-ны өдрийн Компанийн дүрмийн 6, 7 дугаар зүйлд зааснаар А.А нь компанийг үүсгэн байгуулагч цор ганц гишүүний хувьд компанийн гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй этгээд тул компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах, хэлцэл хийх, гэрээ байгуулах эрх бүхий этгээд гэж үзнэ, нэхэмжлэгч М.Б нөхөрлөлийн эрх болон хөрөнгөө шилжүүлж нөхөрлөлөөс гарсан, “МО” ХХК-ийн захирал А.Ааас 2017.02.20-ны өдрийн М.Бт олгосон итгэмжлэлийг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хууль бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй, хэлцлийн үндсэн дээр хийгдсэн Орон сууц бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлтэй” гэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.17-ны өдрийн 210/МА2023/00583 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.05.04-ний өдрийн 001/ШХТ2023/00496 дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзсан. Үүний дараа нэхэмжлэгч нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2017.03.23-ны өдрийн Б.Г, М.Б нарын нэр дээр Ү-ХХХ дугаарт бүртгэгдсэн ХХХ дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.12-ны өдрийн 128/ШШ2024/0223 дугаар шийдвэрээр дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээр М.Б нь тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч биш болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.16-ны өдрийн 211/МА2021/0320 дугаартай магадлалаар дээрх захиргааны хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар иргэний болон захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалууд байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “... А.А нь “МО” ХХК-ийн захирал буюу тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд, “МО” ХХК-ийн захирал А.А нь “2017.02.20-ны өдөр Хаягтай, гэрчилгээ Х, бүртгэлийн ХХХХХХ дугаарт бүртгэгдсэн, эмнэлэг үйлчилгээний зориулалттай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагааг Эд хөрөнгийн эрхийн улсын газраас авах, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, бэлэглэх, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрх”-ийг итгэмжлэлээр М.Бт олгосон, итгэмжлэлийг нотариатч хууль, журмын дагуу гэрчилсэн. А.А, М.Б нарын хооронд хийгдсэн 2017.02.20-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.16-ны өдрийн 102/ШШ2023/00282 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.17-ны өдрийн 210/МА2023/00583 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, магадлалд “... компанийн дүрэм, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаагаар А.А нь компанийг үүсгэн байгуулагч, ганц гишүүний хувьд компанийн гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй этгээд тул компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах, хэлцэл хийх, гэрээ байгуулах эрх бүхий этгээд, энэхүү эрхийнхээ хүрээнд М.Бт олгосон итгэмжлэл нь хууль ёсны байх бөгөөд уг итгэмжлэлийг үндэслэн төлөөлөгчийнх нь хийсэн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдсонгүй гэж дүгнэсэн, нэхэмжлэл үндэслэлгүй” гэжээ.
11. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ: “ ... 270.1 м.кв талбай бүхий, 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “МО” ЗБН бүртгэлтэй, нөхөрлөл нь хуулийн этгээдийн хэлбэрээ өөрчлөн компани болсон, “МО” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь А.А тул нотариатч Н.Гийн итгэмжлэлийг гэрчилсэн үйлдэл хууль зөрчөөгүй болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн, нотариатч Н.Гт холбогдох итгэмжлэл гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай маргааныг өмнө нь шүүх шийдвэрлээгүй. А.М, М.Б нар нь 2011.01.20-ны өдөр “МО” ЗБН-ийг А.А, А.Б нарт шилжүүлэхдээ Хаягт байрлалтай шилжүүлээгүй, тухайн барилга нь “МО” ХХК-ийн болон А.Аын өмчлөлийн хөрөнгө биш, гэрээнд өөрөөр заагаагүй бол нөхөрлөлөөс гарсан буюу хасагдсан гишүүний нөхөрлөлд оруулсан хөрөнгийг гарсан өдрөөс нь хойш 3 сарын дотор буцаан олгох тул “МО” ЗБН-ийг төлөөлөх А.А “МО” ЗБН-ийн нэр дээр бүртгэгдсэн 270.1 м.кв талбай бүхий 2 давхар барилгыг А.М, М.Б нарын өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэгтэй боловч 2017.02.20-ны өдрийн итгэмжлэлээр барилгыг бусдад шилжүүлэх, бэлэглэх эрхийг М.Бт олгосон, тэрээр А.М, М.Б нарын өмчлөлийн хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй, “МО” ЗБН барилгын өмчлөгчөөр бүртгэгдсэн бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч М.Б, А.А, Б.Г нарт холбогдуулан 270.1 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 30 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, 2017.03.11-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.16-ны өдрийн 102/ШШ2023/00282 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 210/МА2023/00583 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар нэхэмжлэгч М.Быг “МО” ХХК, А.А, М.Б нарт холбогдуулан 2017.02.20-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шаардлага гаргаж, энэ талаар зохигч мэтгэлцсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй” гэжээ.
12. Хоёр шатны шүүх нотариатын үйлдэлтэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч итгэмжлэлтэй холбоотой маргааны талаар эрх зүйн зөрүүтэй дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн тул хариуцагч М.Бийн өмгөөлөгч О.Мгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхино.
13. Хоёр шатны шүүх дараах үйл баримтыг тогтоосон.
13.1. “МО” ЗБН-ийг С.М 19,500 төгрөг, А.М 34,000 төгрөгийн хөрөнгө оруулж 1998.01.18-ны өдөр байгуулж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.
13.2. ТӨХ-ны 1998.05.12-ны өдөр 342 дугаар тогтоолоор Барилгын өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагч “МО” ЗБН-ийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн
13.3. “З” эд хөрөнгийн үнэлгээний төвийн 001/98 дугаар гэрчилгээгээр “МО” нөхөрлөлийн дүрмийн сан 53,500 төгрөг болохыг тодорхойлсон. Үүнд: Даралтын аппарат 1 ширхэг 6,500 төгрөг, чагнуур 1 ширхэг 3,500 төгрөг, үзлэгийн ор 1 ширхэг 9,500 төгрөг, эмнэлгийн ор 1 ширхэг 24,000 төгрөг, ширээ, сандал 1 ширхэг 10,000 төгрөг гэжээ.
13.4. “МО” ЗБН-ийг 1998.05.13-ны өдрийн Өмчлөх эрхийн ААА тоот гэрчилгээгээр Барилгыг 55,920,000 төгрөгөөр худалдан авч үнийг бүрэн төлсөн гэж өмчлөгч болсныг гэрчлэв гэжээ.
13.5. “МО” ЗБН-д 1998.05.18-ны өдөр олгосон Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Х тоот гэрчилгээнд улсын бүртгэлийн ХХХХХХ дугаарт бүртгэгдсэн Хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай 55,920,000 төгрөгийн үнэтэй хоёр давхар барилгын өмчлөгчөөр бүртгэсэн байна.
13.6. Өв залгамжлах эрхийн 2005.08.24-ний өдрийн гэрчилгээгээр М.Мартын 19,500,000 төгрөгийн үнэ бүхий нөхөрлөлийн эд хөрөнгийг төрсөн хүү М.Б өвлөн авжээ.
13.7. А.М нь А.Ат 2011.01.20-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр “МО” ЗБН-н дүрмийн сангийн өөрийн эзэмшлийн 70 хувь буюу 36,750 төгрөгтэй тэнцэх хэмжээтэй ногдох хувийг хариу төлбөргүй шилжүүлсэн.
13.8. “МО” нөхөрлөлийг ХХК болгож өөрчлөн байгуулагдсаныг улсын бүртгэлд 2011.01.25-ны өдөр бүртгэсэн.
13.9. А.А М.Бт 2017.02.20-ны өдөр итгэмжлэл олгосон ба уг итгэмжлэлээр маргаан бүхий 270.1 м.кв талбайтай эмнэлэг үйлчилгээний зориулалттай хоёр давхар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас авах, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, бэлэглэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг 1 сарын хугацаатайгаар олгосон.
13.10. М.Б нь А.Аыг төлөөлж М.Б, Б.Г нартай 2017.03.11-ний өдөр Орон сууц бэлэглэх гэрээг байгуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг М.Б, Б.Г нарын өмчлөлд шилжүүлсэн
13.11. А.М 2017.04.30-ны өдөр нас барсан.
13.12. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2017.03.23-ны өдөр Б.Г, Б.Б нарын өмчлөлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон.
13.13. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.16-ны өдрийн 102/ШШ2023/00282 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.17-ны өдөр 210/МА2023/00583 дугаар магадлалаар М.Б, А.А, Б.Г нарт холбогдох Хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн 30 хувийн өмчлөгчөөр тогтоолгож, 2017.03.11-ний өдрийн Орон сууц бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай М.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, М.Бт холбогдох орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай М.Б, Б.Г нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
13.14. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.12-ны өдрийн 128/ШШ2024/0223 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024.05.16-ны өдрийн 221/МА2024/0320 дугаар магадлалаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт холбогдох Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2017.03.23-ны өдрийн Б.Г, М.Б нарын нэр дээр Ү-ХХХ дугаарт бүртгэгдсэн 0ХХХ дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай М.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
14. Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ. Хуулийн этгээдээс итгэмжлэл олгосон тохиолдолд Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ”, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан “Нотариатын үйлдэл хийх заавар”-ын 7 дугаар зүйлийн 7.1-д “Итгэмжлэлийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийг баримтлана”,7.2-т “Итгэмжлэлд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байх бөгөөд олгосон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болох бөгөөд төлөөлүүлэгч нь хэдийд ч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг нотариатч нь тэдгээрт тайлбарлана” гэж тус тус заажээ.
Нотариатч Н.Г 2017.02.20-ны өдөр “МО” ХХК-ийн захирал А.Ааас М.Бт олгосон итгэмжлэлийг гэрчилсэн үйлдэл хийжээ. Уг итгэмжлэлд маргаан бүхий 270.1 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс авах, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, бэлэглэх гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгожээ. Нотариатч Н.Г уг үйлдлийг хийхэд маргаан бүхий 270.1 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө “МО” нөхөрлөлийн өмчлөлд бүртгэлтэй, “МО” нөхөрлөлийн хэлбэрийг өөрчилж ХХК болгосон, компанийн захирал нь А.А байгаа, төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх тодорхой байгаа нөхцөлд итгэмжлэлийг гэрчилсэн үйлдлийг буруутгах үндэслэлгүй. Нотариатч “МО” нөхөрлөлийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нөхөрлөлийн өмнөх гишүүд өмчлөлийг шилжүүлээгүй гэдгийг мэдэх боломжгүй юм. Иймд энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв.
15. Өмчлөх эрх хууль буюу гэрээнд зааснаар үүснэ.
Маргаан бүхий 270.1 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ТӨХ-ны 1998.05.12-ны өдөр 342 дугаар тогтоолоор Барилгыг 55,920,000 төгрөгөөр худалдан авч үнийг бүрэн төлсөн, өмчлөгч болсныг гэрчлэв гэж “МО” ЗБН-д Өмчлөгчийн эрхийн ААА тоот гэрчилгээг олгож, улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-ХХХ дугаарт, Хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай 55,920,000 төгрөгийн үнэтэй хоёр давхар барилга гэж тодорхойлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Х тоот гэрчилгээ олгожээ.
16. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй.”, Нөхөрлөлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг нөхөрлөлийг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ”, 27 дугаар зүйлийн 1-д “Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг наад зах нь нэг гишүүн нөхөрлөлд оруулсан хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө бүрэн хариуцдаг, бусад гишүүд нь гагцхүү нөхөрлөлд оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцдаг нөхөрлөлийг зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ” гэж тус тус заагаад мөн хуулийн 23 дугаар зүйлд “Нөхөрлөлд орох, нөхөрлөлөөс гарах, хасагдах” талаар зохицуулсан байна.
“МО” ЗБН нь татан буугдаж байгаагүй тул хуульд зааснаар 2011 онд гишүүн А.М, М.Б нар нөхөрлөлөөс гарч гишүүдээр А.А, А.Б нар бүртгэгдсэн. Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-д “Гишүүд үйл ажиллагаа явуулахад шаардагдах мөнгө, эд хөрөнгө, ажиллах чадвараа үнэлж нэгтгэн нөхөрлөлд оруулна.” гэж зааснаар нөхөрлөлд оруулсан хөрөнгийг хувьцаанд хуваадаггүй. Иймд А.Маас А.Ат 2011.01.20-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн “36,750 төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцаа” гэж тодорхойлсон зүйл нь “МО” нөхөрлөлийг үүсгэн байгуулахад гаргасан “Эхлэлтийн тайлан тэнцэл” гэх баримтад хөрөнгийн эх үүсвэрийг С.Мын хөрөнгө 19,500 төгрөг, А.Мын хөрөнгө 34,000 төгрөг гэж дурдаж, энэ үнийн дүнд хамаарах үндсэн хөрөнгө болох даралтын аппарат 1 ширхэг, чагнуур 1 ширхэг, үзлэгийн ор 1 ширхэг, эмнэлгийн ор 1 ширхэг, ширээ сандал 1 ширхэг гэсэн үндсэн хөрөнгөөс ногдох хэсэг хамаарч байна.
Иймд “МО” ЗБН-ийн гишүүн А.М, М.Б нар 2011 онд нөхөрлөлөөс гарахдаа А.А, А.Б нарт маргаан бүхий 270.1 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлд “МО” ХХК-ийн нэр дээр бүртгэгдэж байгаагүй, энэ талаар хариуцагч А.А маргаагүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
17. Нөхөрлөлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд “Энэ зүйлийн 1-7 дахь хэсэгт заасан онцлогоос бусад харилцаа энэ хуулийн 2 дугаар бүлгийн холбогдох зүйл, заалтын дагуу зохицуулагдана.”, 23 дугаар зүйлийн 6-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол нөхөрлөлөөс гарсан буюу хасагдсан гишүүний нөхөрлөлд оруулсан хөрөнгийг гарсан өдрөөс нь хойш З сарын дотор буцаан олгоно.” гэж тус тус заажээ.
Иймд нөхөрлөлөөс гарсан гишүүн А.М, М.Б нарт маргаан бүхий 270.1 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан олгох байсан гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Харин уг хөрөнгийг буцаан олгох үүргээ “МО” ХХК-ийн захирал А.А нь өмчлөх эрхийг захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр олгох байдлаар гүйцэтгэсэн нь хуульд нийцээгүй байх тул уг итгэмжлэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар “хууль зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байх” хэлцэлд хамаарна. Нотариатч уг итгэмжлэлийг гэрчилснээр уг итгэмжлэл олгосон нэг талын хэлцлийг хүчин төгөлдөр болгохгүй.
18. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.16-ны өдрийн шийдвэр 102/ШШ2023/00282 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.17-ны өдрийн 210/МА2023/00583 дугаар магадлалаар хариуцагч М.Б, А.А, Б.Г нарт холбогдуулан маргаан бүхий 270.7 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 30 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, 2017.06.11-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэгч М.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, М.Бт холбогдох маргаан бүхий 270.1 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай М.Б, Б.Г нарын сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд М.Б зохигчоор буюу нэхэмжлэгч, хариуцагчаар оролцоогүй байна.
Дээр дурдсан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгч М.Б нь М.Б, А.Г нарыг төлөөлж оролцсоныг түүнд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж дүгнэхгүй.
19. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.12-ны өдрийн 128/ШШ2024/0223 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.05.16-ны өдрийн 221/МА2024/0320 дугаар магадлалаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт холбогдох “Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2017.03.23-ны өдрийн Б.Г, М.Б нарын нэр дээр бүртгэгдсэн Ү-ХХХ дугаарт бүртгэгдсэн 0ХХХ дугаар гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэгч М.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
19.1. Захиргааны хэргийн шүүхийн харьяалалд маргаан бүхий итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлыг тогтоох асуудал хамаарахгүй юм.
20. Дээр дурдсан үндэслэлээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.09-ний өдрийн 210/МА2026/00093 дугаар магадлалыг хэвээр үлдээж хариуцагч М.Бийн өмгөөлөгч О.Мгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.09-ний өдрийн 210/МА2026/00093 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч М.Бийн өмгөөлөгч О.Мгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч М.Б нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.02.12-ны өдөр нийт 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД