Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2022/00643

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Бага тойруу 00 өөрийн байранд байрлах, Т  ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, аш 00 байр, 00 тоот хаягт оршин суух, Ц-ийн Ц /РД:000000/-д холбогдох,

 Зээлийн гэрээний үүрэг, хохиролд нийт 4 255 864,80 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар: ...Зээлдэгч Ц.Ц нь Т  ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 0000000000 тоот кредит карт эзэмших зээлийн гэрээ байгуулсан 3 000 000 төгрөгийг бэлэн гүйлгээний жилийн 36 хувийн, сарын 3 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувийн сарын 2,0 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан. Банк Ц.Ц-д 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 3 000 000 төгрөгийн зээлчих эрхийг олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш үндсэн хүү 720 543,64 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 70 000 төгрөг нийт 790 543 64 төгрөгийг төлсөн. 2018 оны 3 дугаар сарын 29-ны өдөр 00000000000 тоот кредит карт эзэмших зээлийн гэрээний 2.8, 3.4.3-т заасан эргэн төлөлтийг удаа дараа зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлээгүй тул энэ нь тухайн зээлийг нэг талын санаачлагчаар цуцлах бүрэн үндэслэл болж байна. Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 2 939 588.71 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 902 658,55 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 404 517,54 төгрөг, бусад шимтгэл 100 төгрөг, нотариатын зардал 900 төгрөг нийт 4 255 864,80 төгрөгийг Ц.Цээс гаргуулж өгнө үү... гэв.

 

Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ц.Ц-ийн гэрээ байгуулах хүсэлт, зээлдэгчийн анкет, Ц.Ц-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2018 оны 03 сарын 29-ний өдрийн 00000000000 дугаар кредит карт эзэмших гэрээ, хүүгийн тооцооллын хүснэгт, дансны хуулга, эдгээр баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, баримт гаргаж өгөөгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т  ХХК хариуцагч Ц.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 246 865 төгрөг, нотариатын зардал 9 000 төгрөг, нийт 4 255 865 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Ц.Ц нь Т  ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 00000000000 тоот кредит карт эзэмших зээлийн гэрээ байгуулсан 3 000 000 төгрөгийг бэлэн гүйлгээний жилийн 36 хувийн, сарын 3 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувийн сарын 2,0 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 2 939 588.71 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 902 658,55 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 404 517,54 төгрөг, бусад шимтгэл 100 төгрөг, нотариатын зардал 900 төгрөг нийт 4 255 865 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч Ц.Ц нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 4. Хэрэгт авагдсан баримтаар, зохигч 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 00000000000 тоот кредит карт эзэмших гэрээ байгуулж, уг гэрээгээр 3 000 000 төгрөгийг бэлэн гүйлгээний жилийн 36 хувь, сарын 3 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь, сарын 2,0 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай, зээлийн лимит хэтрүүлсний шимтгэл буюу нэмэгдүүлсэн хүү нь хэтрүүлэн ашигласан дүнгээс хамгийн багадаа 2 000 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувь байхаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан ба зээлийн гэрээний хугацаа 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр дууссан байна.

 5. Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээнд хамаарч байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй талаар, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 452 дугаар зүйлийн 452.1-т тус тус зээлдүүлэгчээс олгох зээл хүүтэй байж болохоор, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээгээр тохиролцож болохоор, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тохиролцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 00000000000 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Т  ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 9 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нотариатын зардал төлсөн баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар нэхэмжлэгч дээрх зардлыг хохиролд тооцон шаардах эрхтэй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Т  ХХК-ийн хариуцагч Ц.Ц-д холбогдуулан гаргасан 4 255 865 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Шүүх, хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй, зээлийн тооцоололтой маргаагүй. Мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2022.03.04-ний өдөр хариуцагчийн 89898932 дугаарын утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Ц-ээс 4 255 865 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т  ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 899,83 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамж 82 899,83 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Д.МӨНХЦЭЦЭГ