| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0794/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/829 |
| Огноо | 2024-10-21 |
| Зүйл хэсэг | 23.2.2., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/829
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уугантамир,
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,
шүүгдэгч Г.Т*********х, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхим “Б” нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Ц****н г*****д овогт Г*******н Т******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 240300483**** дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1*** оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, халх, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөө аж ахуйн хүнд машин механизм ашиглалт мэргэжилтэй, А*****х т*****д ХХК-д засварчин ажилтай, ам бүл 2, ээжийн хамт, Баянгол дүүргийн * дугаар **-** тоотод оршин суух хаягтай, 2023 оны 09 дүгээр сарын 12-ны Хан-Уул дүүргийн ЭХАШШ-ийн №593 тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 2 жил тэнссэн, Ц*********д овогтой Г*********н Т*********, /РД:************/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.Т нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх "Б сургалтын төв"-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад "туслах машинч" мэргэжлээр төгсөөгүй атлаа "Төмөр замын замчин" хуурамч үнэмлэхийг бусдаас авч, улмаар 2021 оноос Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг У********* Т******З**** Улаанбаатар татах хэсгийн А*********н 3 дугаар цуваанд зүтгүүрийн туслах машинчаар ажиллаж хуурамч үнэмлэх ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т**********: “...Би хууль зүйн мэдлэг дутмагаас болж эгчээсээ хуурамч бичиг баримт авч ажилд орсон нь миний буруу маш их гэмшиж байна...”гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б***********н өгсөн:
“...Манай байгууллага нь У********** Т****З****, З****н даргын 2020 оны 474 дугаартай сул ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах журмаар баримтлан сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг явуулдаг. Ажлын байрны зарыг 7 хоногийн өмнө тавиад бүртгэгдсэн иргэдийн материалыг хүлээн авч шалгалт явуулдаг. Замын даргын тушаалыг үндэслэн манай байгууллагын даргын тушаал гардаг. Сонгон шалгаруулалтын комиссын бүрэлдэхүүнд ерөнхийдөө 7-9 хүн багтдаг. Комиссын ажлын хэсгийн ахлагчаар манай татах хэсгийн ерөнхий инженер ахлан гишүүдэд чиглэл хариуцсан орлогч дарга нар, ашиглалт болон засварын инженер, хөдөлмөр аюулгүй байдлын инженер, хүний нөөцийн тасгийн дарга, сургалтын инженер нар ажлын хэсэгт орж сул орон тооны сонгон шалгаруулалтыг явуулж, нээлттэй ажлын байранд томилох болон нөөцөд авч гэрээ байгуулан ажилд томилдог. Тухайн сонгон шалгаруулалтын мэдээ, тайланг улирал бүр Хүний нөөцийн албанд хүргүүлэн ажилладаг. Замын даргын тушаалаар анх Улаанбаатар төмөр замын байгууллагад ажилд орж байгаа ажилтны хувийн хэргийг 12 төрлөөр бүрдүүлж архивын нэгж үүсгэдэг. Харин сонгон шалгаруулалтад орохдоо ажил горилогчийн хувьд өргөдөл, зураг, мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн хуудас зэргээр материал бүрдүүлэн авдаг. Манай замын даргын тушаал дээр боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэхийг нотариатаар батлуулан авч хувийн хэргийн бүрдүүлэлт хийгдэж байна. Бидний зүгээс ажил горилогчийн мэргэжлийн үнэмлэхийг шалгуулж байгаагүй. Ажилтан Г.Т нь 2024 оны 02 дугаар сарын 05-нд манай байгууллагад ажилд орох хүсэлт гаргасан өмнө 2015-2022 оны хооронд Улаанбаатар төмөр замд Вагон үзэгч, Вагоны мастераар ажиллаж байсан гэж өргөдөл дээрээ тусгасан байсан. 2011 онд Х*****-г 2011 онд машин механизмын инженерийн бакалавр боловсролтой, 2020 онд Төмөр замын дээд сургуулийг Вагоны техникч мэргэжлээр төгссөн байна. "Б" сургалтын төвийг 2021 онд Туслах машинч мэргэжлээр тус тус төгссөн байна. Төмөр замын дээд сургуулийн Вагон техникч мэргэжил нь манай байгууллагад ажиллахад хамаарахгүй тул Б сургалтын төвд туслах машинч мэргэжлээр сурсан байх. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс дагалдан туслах машинч, 2024 оны 04 дүгээр сарын 03-ний өдрөөс Туслах машинчаар жинхэлсэн байна. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул 2024 оны 05 дугаар сарын 02-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээ цуцалж сахилгын арга хэмээ авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120-122 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Ч.Д************н өгсөн:
"...Би Багшийн техникком сургуулийг 1975 онд төгссөн. Би 1985онд Улсын багшийн их сургуулийн Физикийн ангийг төгсөж Физикийн багш, физикч гэдэг мэргэжлээр төгсөж, 1997 онд боловсрол судлалын магистр зэргээр тус тус төгссөн. Миний хувьд чадамжийн сургалтад 3 удаа хамрагдсан. Улсын байгууллагад 41 жил ажилласан. Үүнээс боловсролын байгууллагад 39 жил ажилласан байна. Одоо тэтгэвэртээ гарсан. Би 2018 онд "Б” сургуулийн сургалтын төвийг байгуулсан. Манай байгууллага 2022 оны 05 дугаар сар хүртэл манай байгууллагын гэрчилгээ хүчинтэй байсан. Би У*********** Т******* З****** Д***д сургуульд ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад 2018 онд "ЯБГУ" ХХК-ийн дэргэдэх "Б" нэртэй сургалтыг төвийг байгуулан үйл ажиллагаа, сургалт явуулж байсан. Манай сургалтын төв тухайн үедээ сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөө хугацаанд авч явдаг байсан. Энэ үйл ажиллагааг явуулахаа больсон. Манай байгууллагын сургалт явуулах гэрчилгээ 2022 оны 05 дугаар сард дуусах байсан тэгээд больсон. Манай байгууллага 2018-2019 оны хооронд Төв шуудангийн арын "Б” цамхгийн 14 дүгээр давхарт үйл ажиллагаа анх тэнд явуулж байсан. Тэр байрнаас 2019 оны 03 дугаар сараас эхлэн Монгени сургуулийн шинэ байрны 5 дугаар давхарт сөн үйл ажиллагаа явуулж тухайн ондоо тэр газраас гараад манай сургалтын хичээл тасраад 2020 оны 10 дугаар сараас эхлээд Баруун 4-н замын "Э" төвийн 8 дугаар давхарт үйл ажиллагаа явуулж байсан. Миний бие ч өвдөөд манай компанийн түрээс төлөгдөөгүй гэх шалтгаанаар манай сургалтыг тухайн байрнаас гаргасан. Манай сургалтын төв төмөр замын чиглэлээр анхан шатны мэдлэг, мэргэжил олгох чиглэлээр явдаг байсан. Би гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан. Ачаа вагон хүлээлцэгч кассер, өртөөний жижүүр холбогч найруулагч, илчит тэрэгний засварчин, туслах машинч, вагон үзэгч, вагон засварчин, замчин гэх мэргэжлүүдээр сургалт явуулан мэргэжлийн үнэмлэх олгож байсан. Манай сургалтын хугацаа бүгд 5 сарын хугацаанд тухайн хүний суралцагчийн чадамжид суурилан гэрчилгээ олгодог байсан. Манай сургалт нь 20/80 харьцаатай буюу онолыг 20 хувь оруулан дадлагыг 80 хувьд оруулдаг онцлогтой байсан. Тухайн үед сургалтын төлбөр мэргэжлээрээ ялгаатай байсан. Сүүлд 750,000 мянган төгрөг байсан. Төлбөрийг манай компанийн дансанд ордог байсан. Манай сургалтын төвийн хувьд мэргэжлийн 4 багш байдаг байсан. Сүүлдээ манай компани цалингаа тавьж чадахаа больсон. Гаднаас ерөнхий мэргэжлийн багш нараар хичээл сургалтыг оруулдаг байдаг. Манай сургалтын төвийн хувьд үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаггүй фото цаасан дээр гаргадаг байсан. Манай байгууллагын хувьд архивын нэгж гэж хадгалаагүй. Манай захирал гэх эмэгтэй их сэргэлэн хүн байсан. Манай сургалтын төв суралцагчдын архивын материалаа "Э" төвийн байранд үйл ажиллагаа явуулж байхдаа түрээсийн төлбөрөөс болоод тэндээ орхиод авч чадаагүй алга болсон. Одоо хүнд үзүүлэх баримт бичиггүй болсон. Манай сургалтын төв суралцагч элсүүлэх, төгсөх үед тушаал гаргаж байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 90-94 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч С.Х************н өгсөн:
“...Манай байгууллага нь богино хугацаанд чадвар эзэмшүүлдэг буюу мэргэжлийн сургалтын төвд бүртгэлийн гэрчилгээ олгодог байсан. Богино хугацаа гэдэг нь чиглэлээсээ хамаараад 1 жил хүртэлх хугацаанд тухайн иргэний хэрэгцээнд тулгуурлан чадвар, чадамжийг олгож байгааг хэлж болно. Энэ тухайн мэргэжлийн сургалтын байгууллага нь иргэдийн чадвар, чадамжид суурилан мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ олгохыг ойлгож болно. Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээ олгох нь манай институт дээр 2021 оны 05 дугаар сард Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас шилжин ирсэн. Тухайн "Б" гэх нэртэй мэргэжлийн сургалтын байгууллага нь өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн бүртгэл хийгдэж, гэрчилгээгээ сунгуулсан мэдээлэл байхгүй байна. Манай институт нь өмнө нь Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, төгсөгч нарт чадамжийн гэрчилгээг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/97, А/231 дугаартай "Журам шинэчлэх тухай" тушаалын дагуу олгодог байсан. Одоо 2023 оны 07 дугаар сард Боловсролын багц хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор зохих журмын дагуу чадамжийн гэрчилгээ олгож байна. Харин зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах үүднээс бүртгэлийн гэрчилгээ олголт 2023 оны 04 дүгээр сараас зогссон. "M.mn" буюу цахим бүртгэлийн нэгдсэн системд мэргэжлийн сургалтын төвүүд маань анх манай институтээс нэвтрэх нэр, нууц үгээ үүсгүүлэн авч сургалтын байгууллагынхаа дэлгэрэнгүй мэдээллийг оруулдаг. Үүнд сургалтад хамрагдсан суралцагчдын мэдээлэл, төгсөгчийн мэдээлэл бас ордог. Өөрөөр хэлбэл төгсөлтийн үнэлгээгээ манай байгууллагаар хийлгээд тэгээд төгсөлтийн гэрчилгээ буюу чадамжийн гэрчилгээг дээрх нэгдсэн бүртгэлийн системээр дамжин бүртгэл үүсгэгдэж авдаг. "M.mn" нэгдсэн цахим мэдээллийн сан нь 2020 онд ашиглагдан 2016 оноос хойш иргэдийн мэдээллийг дутуу бүртгэгдсэн байх магадлалтай. Уг асуудал нь манай байгууллагын нэгдсэн бүртгэлд ороогүй тохиолдолд хуурамч, бүртгэлгүй гэж ойлгож болно...” / хавтаст хэргийн 97-99 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Ч.Д************н дахин өгсөн:
“...Би "Б" сургалтын төвд 2018-2021 оны хооронд захирал, сургалтын төвийн захирал, хүний нөөцийн менежер, аж ахуйн дарга, зэрэг албан тушаал дээр захирлын тушаал шийдвэргүйгээр солигдоод ажиллаж байсан. Тухайн сургалтын төвийг анх нээгдсэн цагаас эхлэн ажиллаж байсан. Манай сургалтын төв анх тусгай зөвшөөрлөө 2018 оны 03 дугаар сараас эхлэн Хөдөлмөр, нийгэм халамжийн газраас сургалт зохион байгуулах тусгай зөвшөөрлөө гаргуулан авч сургалт зохион байгуулан үйл ажиллагаа явуулж байсан. Сургалтын төвийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл 2023 оны 05 дугаар сард үйл ажиллагаа явуулах эрх дуусгавар болсон. Манай сургалтын төв нь үйл ажиллагаа явуулах 5-6 удаа сургалт зохион байгуулсан. Миний санаж байгаагаар 2018 онд 2020 онд 1-2 удаа, 2021-2022 онуудад 1-2 удаа сургалтын цахим хэлбэр удаа, танхимаар сургалтыг зохион байгуулан нийт 300 гаруй суралцагч, элсүүлэн 1 удаа, 2019 онд 1-2 мэргэжлийн сургалт олгож байсан. Манай сургалтын төвийн сургалтын төлбөр 750,000 /Долоон зуун тавин мянга/ төгрөг байсан. Манай элсэгч, суралцагчдаас төлбөрийг бэлнээр авдаг байсан. Манай байгууллагад яг санхүүгийн ажилтан гэж дагнасан ажилтан байгаагүй. Манай сургалтын төв нь "ЯБГУ" ХХК-ний дэргэд анх үүсгэн байгуулагдсан манай компанийн захирлын туслах бэлнээр хураан авдаг байсан. Кассын орлогоор баримт бичиж авдаг сургалтын төв данс байгаагүй болохоор бэлнээр төлбөрийг авч байсан. Анх манай сургалтын төв 2018 онд Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагад бүртгүүлж байсан. Түүнээс хойш явуулсан сургалтыг төгссөн суралцагч, иргэдийн мэдээллийг хүргүүлэн бүртгэлд оруулж байгаагүй. Энэ нь миний алдаа юм. Бүртгэлд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл нь ороогүй мэргэжлийг үнэмлэхийг хуурамч гэж ойлгож болно. Төмөр замын байгууллагын ажилтан нар л дандаа ажлын байр өөрчлөх эсвэл засварчин, туслах машинч болох ажлын байрны шалгуур, шаардлагыг хангахаар авдаг байсан. Тухайн иргэд мэддэг байсан. Танил талаар гуйлган авсан иргэдэд миний зүгээс асуудалд орох талаар хэлдэг байсан. Тухайн мэргэжлийн үнэмлэх гаргуулан авсан төмөр замын байгууллагын ажилтан, иргэд асуудлаа өөрсдөө хариуцна гэж хэлээд гаргуулан авч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-110 дугаар хуудас/,
- Улаанбаатар хотын Зүтгүүрийн депогийн даргад АЖИЛД ОРОХ ТУХАЙ бичгээр гаргасан өргөдөл / хавтаст хэргийн 167 дугаар хуудас /,
- УБТЗ Улаанбаатар татах хэсгийн даргын Б/254 дугаартай 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Ашиглалтын 3 дугаар цуваанд зүтгүүрийн туслах машинчийн дагалднаар АЖИЛД АВАХ ТУХАЙ ТУШААЛ / хавтаст хэргийн 165 дугаар хуудас /,
-2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 46-61 дүгээр хуудас/,
-2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 62-70 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 156 дугаар хуудас/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 142 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.Т нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх "Б сургалтын төв"-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад "туслах машинч" мэргэжлээр төгсөөгүй атлаа "Төмөр замын замчин" хуурамч үнэмлэхийг бусдаас авч, улмаар 2021 оноос Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг У******* Т**** З**** Улаанбаатар татах хэсгийн Ашиглалтын ** дугаар цуваанд зүтгүүрийн туслах машинчаар ажиллаж хуурамч үнэмлэх ашигласан гэмт хэрэг үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Г.Т************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн нь гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт Г.Энхтүвшин: “...Миний үйлчлүүлэгч 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хуурамч бичиг баримт ашиглаж Улаанбаатар төмөр замд ажилд орох хүсэлтээ өгөөд 02 дугаар сарын 14-ний өдрөөс зүтгүүрийн туслах ажилтнаар ажилд орсон. 2024 оны 05 дугаар сард энэ ажилд тэнцэхгүй гэдэг зүйлийг ухамсарлаад өөрөө ажлаасаа гарсан. Үүнийг Т***** З**** байгууллага ажил тасалсан гэх шалтгаанаар ажлаас халсан. Т*******х Хуурамч баримт ашигласан тухайд хүлээн зөвшөөрч байгаа .Энэ хэргийг Б сургалтын төвийн шалгагдаж байгаа хэргээс тусгаарлаж өнөөдөр шийдвэрлэх нь зүйтэй Т******ийн ашигласан хуурамч гэрчилгээ эх хувиараа болон хуулбар нь хавтаст хэрэгт авагдаагүй байсан. Улсын яллагчийн зүгээс оногдуулсан ялын саналыг дэмжиж байна...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Г.Т нь Олон улсын зам харилцаа, аж үйлдвэрийн институтийн дэргэдэх "Б сургалтын төв"-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад "туслах машинч" мэргэжлээр төгсөөгүй атлаа "Т З З-н" үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж бусдаас авч ашиглан 20** оны * дугаар сарын **-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн Ашиглалтын * дугаар цуваанд зүтгүүрийн туслах машинчаар ажилд орж 20** оны * дугаар сарын *-ны өдөр ажлаас халагдах хүртэл хуурамч үнэмлэх ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад хохирогчийн төлөөлөгч Б.Б***********н өгсөн:
“...Замын даргын тушаалаар анх У******Б*********Т байгууллагад ажилд орж байгаа ажилтны хувийн хэргийг 12 төрлөөр бүрдүүлж архивын нэгж үүсгэдэг. Манай замын даргын тушаал дээр боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэхийг нотариатаар батлуулан авч хувийн хэргийн бүрдүүлэлт хийгдэж байна. Бидний зүгээс ажил горилогчийн мэргэжлийн үнэмлэхийг шалгуулж байгаагүй. Ажилтан Г.Т нь 2024 оны 02 дугаар сарын 05-нд манай байгууллагад ажилд орох хүсэлт гаргасан өмнө 2015-2022 оны хооронд У********Т********З Вагон үзэгч, Вагоны мастераар ажиллаж байсан гэж өргөдөл дээрээ тусгасан байсан. 2011 онд Х*****С-г 2011 онд машин механизмын инженерийн бакалавр боловсролтой, 2020 онд ТЗ дээд сургуулийг Вагоны техникч мэргэжлээр төгссөн байна. "Б" сургалтын төвийг 2021 онд Туслах машинч мэргэжлээр тус тус төгссөн байна. Төмөр замын дээд сургуулийн Вагон техникч мэргэж л нь манай байгууллагад ажиллахад хамаарахгүй тул Б сургалтын төвд туслах машинч мэргэжлээр сурсан байх. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс дагалдан туслах машинч, 2024 оны 04 дүгээр сарын 03-ний өдрөөс Туслах машинчаар жинхэлсэн байна. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул 2024 оны 05 дугаар сарын 02-ний өдрөөр хөдөлмөрийн гэрээ цуцалж сахилгын арга хэмээ авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120-122 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Ч.Д***********н өгсөн:
"... Би УТЗ ******** сургуульд ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад 2018 онд "ЯБГУ" ХХК-ийн дэргэдэх "Б" нэртэй сургалтыг төвийг байгуулан үйл ажиллагаа, сургалт явуулж байсан. Манай сургалтын төв тухайн үедээ сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөө хугацаанд авч явдаг байсан. Энэ үйл ажиллагааг явуулахаа больсон. Манай байгууллагын сургалт явуулах гэрчилгээ 2022 оны 05 дугаар сард дуусах байсан тэгээд больсон. Манай байгууллага 2018-2019 оны хооронд Төв шуудангийн арын "Бодь” цамхгийн 14 дүгээр давхарт үйл ажиллагаа анх тэнд явуулж байсан. Тэр байрнаас 2019 оны 03 дугаар сараас эхлэн М********** сургуулийн шинэ байрны 5 дугаар давхарт үйл ажиллагаа явуулж тухайн ондоо тэр газраас гараад манай сургалтын хичээл тасраад 2020 оны 10 дугаар сараас эхлээд Баруун 4-н замын "Э" төвийн 8 дугаар давхарт үйл ажиллагаа явуулж байсан...Манай сургалтын төвийн хувьд үнэт цаасан дээр гэрчилгээ гаргадаггүй фото цаасан дээр гаргадаг байсан. Манай байгууллагын хувьд архивын нэгж гэж хадгалаагүй. Манай захирал гэх эмэгтэй их сэргэлэн хүн байсан. Манай сургалтын төв суралцагчдын архивын материалаа "Э" төвийн байранд үйл ажиллагаа явуулж байхдаа түрээсийн төлбөрөөс болоод тэндээ орхиод авч чадаагүй алга болсон. Одоо хүнд үзүүлэх баримт бичиггүй болсон. Манай сургалтын төв суралцагч элсүүлэх, төгсөх үед тушаал гаргаж байсан...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 90-94 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч С.Х***************н өгсөн:
“...Манай байгууллага нь богино хугацаанд чадвар эзэмшүүлдэг буюу мэргэжлийн сургалтын төвд бүртгэлийн гэрчилгээ олгодог байсан. Богино хугацаа гэдэг нь чиглэлээсээ хамаараад 1 жил хүртэлх хугацаанд тухайн иргэний хэрэгцээнд тулгуурлан чадвар, чадамжийг олгож байгааг хэлж болно... "M.mn" нэгдсэн цахим мэдээллийн сан нь 2020 онд ашиглагдан 2016 оноос хойш иргэдийн мэдээллийг дутуу бүртгэгдсэн байх магадлалтай. Уг асуудал нь манай байгууллагын нэгдсэн бүртгэлд ороогүй тохиолдолд хуурамч, бүртгэлгүй гэж ойлгож болно...” / хавтаст хэргийн 97-99 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Ч.Д************н дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 107-110 дугаар хуудас/,
- Улаанбаатар хотын Зүтгүүрийн депогийн даргад АЖИЛД ОРОХ ТУХАЙ бичгээр гаргасан өргөдөл / хавтаст хэргийн 167 дугаар хуудас /,
- У*******Т********З Улаанбаатар татах хэсгийн даргын Б/254 дугаартай 2024 оны * дугаар сарын **-ний өдрийн Ашиглалтын * дугаар цуваанд зүтгүүрийн туслах машинчийн дагалднаар АЖИЛД АВАХ ТУХАЙ ТУШААЛ / хавтаст хэргийн 165 дугаар хуудас /,
-2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 46-61 дүгээр хуудас/,
-2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 62-70 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тээврийн прокурорын газрын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 705 дугаартай яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг 2021 оноос гэж тусгасан боловч хэрэгт авагдсан Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн даргын 2024 оны 2 дугаар сарын 14-ний шүүгдэгч Г.Т*********г ажилд авсан тушаал, Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн даргын 2024 оны 5 дугаар сарын 02-ний шүүгдэгч Г.Т*********г ажлаас халсан тушаал зэргээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хуурамч шүүгдэгч нь хуурамч болохыг мэдсээр байж үнэмлэхийг авч ашигласан үеэс гэмт хэрэг үйлдэгдэж эхлэх бөгөөд ажлаас халагдах буюу цаашид ашиглах боломжгүй болсноор гэмт хэрэг болсноор төгссөнд тооцож яллах дүгнэлтэд бичигдсэн гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй.
Цаашид улсын яллагч нь гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаа зэрэгт хуульд нийцүүлэн хууль зүйн дүгнэлт хийж хуулийг чанд сахих нь шаардлагатай.
Үүнтэй холбоотой шүүгдэгч болон түүний өмгөөлөгч ямар нэгэн санал гаргаагүй тул хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой юм.
Шүүгдэгч Б.Т нь "Б сургалтын төв"-ийн мэргэжлийн сургалтын байгууллагад "туслах машинч" мэргэжлээр төгсөөгүй атлаа "Т З З" хуурамч үнэмлэхийг бусдаас авч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр Улаанбаатар төмөр замын Улаанбаатар татах хэсгийн Ашиглалтын * дугаар цуваанд зүтгүүрийн туслах машинчаар ажилд орохын тулд хуурамч үнэмлэх гэдгийг мэдсээр байж авч ашигласан идэвхтэй гэмт үйлдэл хийсэн байна.
Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Г.Т*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, боловсролын үнэмлэх хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Т нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Гэмт хэргийн улмаас бусдад хохирол хор уршиг учраагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...шүүгдэгч Г.Т********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар өмнөх эдлээгүй үлдсэн 10 сар 21 хоногийг нэмж нэгтгэн нийт 11 сар 21 хоногийн хугацаагаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин: “...Улсын яллагчийн Зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг дэмжиж байна. Шүүгдэгч ээждээ тус болох гэсэн зорилго, өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа зэргийг харгалзаж 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргалаа.
Шүүхээс шүүгдэгч Г.Т*********д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд шүүгдэгч нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 593 дугаар шийтгэх тогтоолоор 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил тэнсэж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8,6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна. ” гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 593 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Г.Т********д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар Баянгол дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Т********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар “Баянгол дүүргийн бүсчлэлээс” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2,3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Т*******д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар Баянгол дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар “Баянгол дүүргийн бүсчлэлээс” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар “Баянгол дүүргийн бүсчлэлээс” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц****н г***д овогт Г*********н Т********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, боловсролын үнэмлэх хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т**********г 1 /нэг/ сарын хугацаагаар “Баянгол дүүргийн бүсчлэлээс” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/593 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар Баянгол дүүргийн бүсчлэлээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2,3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Т***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар “Баянгол дүүргийн бүсчлэлээс” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар “Баянгол дүүргийн бүсчлэлээс” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар Баянгол дүүргийн бүсчлэлээс гарахгүй зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Т********д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг оногдуулсан үеэс тоолж, шүүгдэгчид оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар “Баянгол дүүргийн бүсчлэлээс” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож солихыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Т********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ