| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/00474/И |
| Дугаар | 183/ШШ2022/00644 |
| Огноо | 2022-03-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2022/00644
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант 2-3 тоот хаягт оршин суух, М овогт С-ийн Д /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Арцат 5-247 тоот хаягт оршин суух, Б овогт Д-ийн Б /РД:0000000000/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Д, хариуцагч Д.Б, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...С.Д миний бие 2012 онд Д.Б-тэй танилцаж, 2013 оны 01 дүгээр сарын 12-нд гэрлэлтээ батлуулсан. 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүү Б.Х мэндэлсэн. Бид зан харилцааны тааламжгүй байдлаас 2018 оны 12 дугаар сараас тусдаа амьдарч байна. Улмаар эвлэрүүлэн зуучлах төвд хандсан боловч эвлэрэх боломжгүй байна. Цаашид Д.Б-тэйхамтран амьдрах боломжгүй гэж үзэн гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ өөрийн асрамжид авах, эд хөрөнгийн маргаан байхгүй тул гэрлэлт цуцалж, хүүг маань асрамжид үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Хүүхэдтэйгээ уулзах гэсэн боловч Фэйсбүүк, утсаар блок хийчихсэн байсан. Өнгөрсөн жилийн 4 сард гэрлэлтээ цуцлуулмаар байна гээд холбогдсон. Гэрлэлт цуцлах шаардлагыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Д.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд цаашид эвлэрч амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Гэрлэгчид зан харилцааны таарамжгүй байдлаас болсон байх бөгөөд зохигчид цаашид хамтран амьдрах хүсэлгүй гэж тайлбарлах тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М овогт С-ийн Д /РД:0000000000/, Б овогт Д-ийн Б/РД:0000000000/ нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан бөгөөд хариуцагч нь хүү Б.Х-ын асрамжид маргаагүй тул эх С.Д-гийн асрамжид үлдээж, дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хүү Б.Х-д эцэг Д.Б-ээс тэтгэлэг гаргуулж олгох нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан М овогт С-ийн Д /РД:0000000000/, Б овогт Д-ийн Б/РД:0000000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Б.Хантулгыг эх С.Д-гийн асрамжид үлдээж, дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 1-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүү Б.Х-д эцэг Д.Б-ээс сар бүр тэтгэлэг гаргуулан олгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ээс улсын тэмдгийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ