Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2022/00656

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Төгөл хаус, 00  байр, 0 тоот хаягт оршин суух, М овогт С-ийн Г /РД:0000000000/-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Буянт-Ухаа, өөрийн байранд байрлах И /РД:000000/-д холбогдох,  

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 19 041 618 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов. Нэхэмжлэгч эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт шүүхэд ирүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Н-ын даргын 2019.11.01-ний өдрийн Б/470 дугаар тушаалаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/00000 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан намайг Н-ын  Аюулгүй байдал, хамгаалалтын албаны төлөвлөлт, сургалтын хэсгийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговор, урамшуулалд 13 715 292 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч дээд шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзсан. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд эгүүлэн томилсон. Иймд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс ажилд томилсон өдрийг хүртэл ажилгүй байсан 6 сар 11 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор 19 041 618 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч тал маргахгүй. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн өдөр хүртэл буюу 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажлын нийт хэдэн хоног байгааг тооцоод дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу цалин хөлсийг нөхөн олговор олгохыг хариуцагчаас хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч Нтөвд холбогдуулан ажилгүй байсан хугацаа 6 сар 11 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 19 041 618 төгрөгийг гаргуулах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.Г нь Н-ын  Аюулгүй байдал, хамгаалалтын албаны төлөвлөлт, сургалтын хэсгийн даргаар ажиллаж байгаад 2019 оны 11 сарын 01-ний өдрийн Б/470 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнийг хууль бус гэж үзэж, шүүхэд гомдол гаргаснаар шүүх хэргийг хянан хэлэлцэж, С.Гыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж шийдвэрлэсэн нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/00000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 сарын 10-ны өдрийн 000 дугаар магадлалаар тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна.

 

Монгол улсын зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 12 сарын 26-ны өдрийн Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай 387 дугаар тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын нисэх буудлуудын удирдах газрыг И болгон өөрчилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгодог. Өөрөөр хэлбэл ажил олгогч түүнийг ажилд нь эгүүлэн авах үүрэгтэйгээс гадна түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг төлөх үүрэгтэй тул анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 02 сарын 21-ний өдрөөс нэхэмжлэгч С.Гыг ажилд эгүүлэн томилсон 2020 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцож гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/00000 дугаар шийдвэрээр нэг хоногт ногдох цалин хөлс 133 158 төгрөгөөр тогтоосон хэмжээгээр тооцон ажилгүй байсан 128 хоногийн цалинтай тэнцэх олговорт нийт 17 044 224 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. Харин нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 1 997 344 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч С.Г-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Нтөвд үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Нтөвөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17 044 224 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Гад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 997 344 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тогтоон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч С.Гын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Н-          д даалгасугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253 158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжд 243 172 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ