Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2022/00284

 

2022 оны 02 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2022/00284 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ................... оршин суух оршин суух бүртгэлтэй боловч, одоо Сонгинохайрхан дүүргийн .......... оршин суух Д овогт О-гийн Г /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...........тоотод оршин суух Шовогт Э-лын Х /РД:0000000/-т холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 9.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

Хариуцагч Э.Х-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туха хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зэгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие Э.Х-ын хүсэлтээр түүний Тоёота ист маркийн автомашиныг барьцаалан 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 9.000.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр зээлүүлж, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Ингээд 9.000.000 төгрөгийг бэлнээр өгснийг фото зургаар баталгаажуулсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Э.Х нь элдэв шалтаг хэлж аргацаасаар өнөөдрийг хүрлээ. Намайг эзгүй хойгуур барьцаанд тавьсан Тоёота ист маркийн автомашинаа ачаад явсан байдаг. Би утасдаж хэлэхэд манай авгай аваад явсан байна, түлхүүр нь танд байгаа юм чинь би хэлчихье гэж хэлээд алга болсон. Ингээд эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоосны үндсэн дээр нэхэмжлэл гаргасан. Иймд Э.Х нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлсэн мөнгөө хүүгийн хамт төлөхгүй байгаа тул зээлдэгч Э.Х-аас зээлийн үндсэн төлбөр 900.000 төгрөг, хүү 2.400.000 төгрөг, алданги 5.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэл гаргахдаа буруу тооцоолсныг зөвтгөж, үндсэн төлбөр 900.000 төгрөг, хүү 2.400.000 төгрөг, алданги 5.500.000 төгрөг, нийт 8.800.000 төгрөгийг хариуцагч Э.Х-аас нэхэмжилж байна гэв.

 

2. Нэхэмжлэгч О.Г-оос Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, мөнгө зээлсэн тухай баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2021/00000 дүгээр шийдвэр, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, гэрэл зургууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч О.Гнь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Э.Хатанбаатараас зээлийн гэрээний үүрэгт 9.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас багасган зээлийн гэрээний үүрэгт 8.800.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 900.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 7.900.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Э.Х-тай 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 900.000 төгрөгийг 10 хоногийн хугацаанд 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд өдрийн 5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр зээлдүүлсэн боловч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр үндсэн төлбөр 900.000 төгрөг, хүү 2.400.000 төгрөг, алданги 5.500.000 төгрөг, нийт 8.800.000 төгрөгийг шаардсан бол хариуцагч Э.Х нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй болно.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг үндэсгүй гэж шүүх дүгнэв.

3. Зохигчдын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдаж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 100.000 төгрөг, нийт 900.000 төгрөгийг хариуцагч Э.Хнь нэхэмжлэгч О.Г-гоос зээлдэн авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн мөнгө хүлээлгэн өгсөн баримт, гэрэл зургуудаар нотлогдож байна.

4.Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн хариуцагч Э.Х-т 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 0000УНӨ маркийн Тоёота ист маркийн машинаа барьцаанд тавьж 800.000 төгрөг зээлэв. 2021 оны 03 дугаар сарын 03-нд 100.000 төгрөг нэмж авсан гэж тус тус бичсэн баримт нь зээлийн гэрээг бичгээр байгуулагдсанд тооцох үндэслэл болж чадахгүй, уг баримт нь хүү болон алданги шаардах эрхийг үүсгэхгүй болно.

Учир нь тухайн мөнгө зээлдүүлсэн бичигт зээлийн гэрээний нөхцлийн талаар 10 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, хоног хэтэрсэн тохиолдолд өдрийн 5 хувийн алданги бодно гэж заасан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэх байх бөгөөд зээлийн хугацаа, хүү, алдангийг хуульд заасан хэмжээнээс хэтрүүлэн богино хугацаа буюу 10 хоногийн хугацаанд хэт өндөр хүү, алданги авахаар тогтоосныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.

5. Иймд нэхэмжлэгч О.Гнь хариуцагч Э.Х-аас зээлдүүлсэн 900.000 төгрөгөө Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардах эрхтэй юм.

6. Харин тэдний хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулагдаагүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хүү болон алданги авах эрхээ алддаг тул хүү болон алдангид шаардсан 7.900.000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 26.150 төгрөгийг хариуцагч Э.Х-аас гаргуулж нэхэмжлэгч О.Г-т олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Х-раас 900.000 /есөн зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.900.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг улсын хэвээр үлдээж, хариуцагч Э.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 26.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Ганзоригт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР