Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Н.Ундрах,

хохирогч Н.М-ын өмгөөлөгч Г.Должинсүрэн,

хохирогч Б.М,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар,

шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал, Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203001220589 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овогт Х-ийн Б, Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, *** бульдозерын операторчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суудаг гэх, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь хууль, хэлэлцээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч Н.М, Б.М нарыг хог түрэгч бульдозероор дайрч тус бүр хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг,

шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргахгүй гээд хавтаст хэргээс шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг,

хохирогчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн шинээр гаргаж өгсөн болон хавтаст хэрэгт авагдсан хохиролтой холбоотой нотлох баримтуудыг,

иргэний хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар 1 дүгээр хавтаст хэргийн 21, 33-34, 72, 89, 162, 216, 246-247, 2 дугаар хавтаст хэргийн 48, 3 дугаар хавтаст хэргийн 82, 115, 131-132, 160-166, 169-171, 183-197, 244-245, 4 дүгээр хавтаст хэргийн 1-104, 147-148, 162-164, 230-231 дэх талд авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Х.Б нь ХТГ ОНӨААТҮГ-т хог түрэгч бульдозерын жолоочоор ажиллаж байхдаа:

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.8 дахь заалтад “Ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах” гэж,

ХТГ ОНӨААТҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 8.4-т “Хог хүлээн авах талбайд ажил гүйцэтгэж байгаа үедээ хог түүж байгаа иргэд болон тэжээвэр амьтны үйлдэл хөдөлгөөний байнга анхаарч аюулгүй ажиллагааг бүрэн хангагдсан үед эргэх, урагшлах болох ухрах хөдөлгөөнийг үйлдэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Улаан чулуутын хогийн цэгт чиглүүлэгч Б.М-г өдрийн цайндаа орсон үед буюу чиглүүлэгчгүйгээр бульдозероор хог түрэх явцдаа хог түүж байсан иргэн Н.М-ыг дайрч эрүүл мэндэд нь “гавал ясны хугарал, тархи няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хоёр талын олон хавирганы хугарал, цээжний зүүн хөндийн цусан хураа, хоёр талын хоншоор, хамар яс, доод эрүү, баруун шуу, богтос, шаант, тахилзуур, зүүн сүүжний дэлбээний далд хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх, зулгаралт, цээж, хэвлий, хоёр гарын мөр, бугалгын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий” амь насанд аюултай хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан;

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.8 дахь заалтад “Ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах” гэж,

ХТГ ОНӨААТҮГ-ын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн нийт ажилчид, албан хаагчдад өгөх Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааны “Булдьдозерын операторуудад өгөх аюулгүй ажиллагааны зааварчилгааны 8-т “хог хүлээн авах талбайд зам талбайн үйлчлэгч /чиглүүлэгч/-тэй хамт ажиллах, байхгүй тохиолдолд ажилд гарахгүй байх” гэж,

Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг 1.10-т “Түрэлт хийгдэх үед орчин тойрноо бүрэн хяналтдаа байлгаж осол аваараас урьдчилан сэргийлж ажиллах” гэж заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Улаан чулуутын хогийн цэгт чиглүүлэгчгүйгээр бульдозероор хог түрэх ажил хийх явцдаа тус байгууллагын зам талбайн үйлчлэгч /чиглүүлэгч/ ажилтай Б.М-г дайрч эрүүл мэндэд нь “баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн шаант ясны ил хугарал” бүхий амь насанд аюултай хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 3-4, 14-18 дах тал),

- Хохирогч Н.М-ын “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр би хамтран амьдрагч Н, түүний найз Д нарын хамт өглөө 08 цаг өнгөрч байхад Улаан чулуутын хогийн цэг дээр мод түүх гээд очсон. Тэгэхэд барилгын хог муу байсан тул гурвуулаа ундааны сав түүсэн. Намайг хог түүгээд явж байхад хог түрдэг автомашин гэнэт гарч ирээд түрдэг автомашины чимээ гарахаар эргэх гэтэл хогийн машин намайг хогтой хамт хамаад би хогон дээр унасан. Тэгээд юу болсноо мэдэхгүй байна. Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэгт ирчихсэн байсан. Би ундааны сав түүгээд доошоо тонгойгоод буруу харчихсан байсан тул хог түрдэг бульдозерыг сайн хараагүй. Машины чимээ л сонссон. Уг хогийн цэгт байгууллагын зүгээс орж болохгүй талаар шаардлага тавиагүй. Бид гурав зүгээр л орсон...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 21-22 дахь тал),

- гэрч Г.Э-ын “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өглөө ажил дээрээ ирсэн. Ажлын цагийн хуваарь нь 08-17 цаг хүртэл байдаг. ХАБ-ын мэргэжилтэн Б чөлөөтэй байсан. ХАБ-ын зааварчилгааг У мэргэжилтнээр би, бульдозерын операторчин Б, хучилтын жолооч нар болох Д, Ц, түлшний автомашины жолооч Э, үйлчилгээний автомашины жолооч Э, эксковаторын операторчин М, чиглүүлэгч М, манаач Г, Хан бүсийн үйлчлэгч Ч, О, тогооч У, усны тэрэгний жолооч Ч нарт зааварчилгааг өгсөн. ...13 цаг 30 минутын үед ахлах мэргэжилтэн Г миний гар утас руу залгаад Улаан чулуутын хог хүлээн авах талбай дээр осол гарсан юм шиг байна, юу болсныг мэдээд хариу хэл гэсэн. ...Төв байрнаас гараад Улаан чулуутын хогийн цэг дээр автомашин дээр очтол бульдозер зогссон, хог түүгч иргэд бөөгнөрсөн байдалтай зогсож байсан. Бөөгнөрсөн хүмүүсийн дунд 30-40 орчим насны эрэгтэй хүн доошоо харсан байдалтай ганцаараа хэвтэж байсан. Бульдозерын операторчноос юу болсон талаар тодруулахад хог түүгч иргэн хүн дайрчихлаа гэхээр нь зогстол хогон дээр хүн хэвтэж байсан. Би тухайн хүнийг дайрсан эсэхийг хараагүй гэсэн.  ...Миний ажил үүргийн хуваарь дээр хог түүгч иргэдэд хяналт тавих гэсэн үүргийн дагуу би хариуцах ёстой. ...Хог түүгч иргэд хогийн цэг дээр зөвшөөрөлгүй орж ирдэг. Манай байгууллагын журамд хог түүх талбай дээр хог түүгч иргэдийг оруулахыг хориглосон. Удаа дараа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. Шаардлага тавихаар тухайн хүмүүс хогийн талбайг шатаагаад байдаг...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 26-27 дахь тал),

- гэрч Г.Б-ын “...Би ээлжийн амралттай тул хяналт тавиагүй. Бульдозерчин нь зөөвөрлөж ирсэн хогийг түрж тэгшлэх, шороон хучилт хийх ажилтай. Талбайн чиглүүлэгч нь хог тээвэрлэн ирсэн автомашинуудыг аль газарт асгахыг зааж өгдөг ажил үүрэгтэй. Цэг хариуцсан мэргэжилтэн нь ачиж ирсэн хогийн тоон хэмжээ, ажилчдыг ажил үүргээ хийж байгаа эсэхэд хяналт тавих үүрэгтэй. Манаач нь байгууллагын оффиссын аюулгүй байдлыг хангаж, газын баллон хүлээн авах, газын халаагч ажиллуулах, диспетчерийн нүүрсийг зөөх ажилтай. Миний ажил үүргийн хувьд ажилчдын аюулгүй байдлыг хангах, цэгт болж байгаа хүмүүсийн аюулгүй ажиллагааг бүрэн хангах үүрэгтэй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 37-38 дахь тал),

- гэрч Б.М-ийн “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өглөө 08-20 цаг хүртэл ажил үүрэг гүйцэтгэж байсан. 13 цаг 10 минутын үед цайны цаг болж байхаар нь бульдозерчин Б-ыг хамт цайндаа оръё гэхэд хогоо түрчхээд  цайндаа орно, намайг явж бай гэсэн. Би оффиссын өрөөнд дөнгөж ирээд цайгаа уух гэж байтал мэргэжилтэн Э над руу залгаад бульдозерчин хүн дайрчихсан байна, та хаана байна гэсэн. ...Миний ажил үүргийн хуваарь бол орж ирсэн хогийн машинуудыг бульдозерчин нь хогийг түрсний дараа цэвэрлэсэн газар дээр нь хогийг асгуулах үүрэгтэй. Бульдозерчин нь ажил үүргээ гүйцэтгэж байхад нь ойролцоо хүн байвал шаардлага тавьж холдуулах, талбай дээр хог шатсан үед бульдозерын жолоочийг дуудаж хогийг унтраах үүрэгтэй. Хэрэг гарсан өдөр түрж байсан хог нь жаахан байсан тул цайндаа орох гээд явсан. Уг нь би хогийг түрж дуустал нь хамт байх ёстой байсан. Бульдозерын жолооч намайг явж бай гэхээр нь жаахан хог байгаа юм чинь араас удахгүй хүрээд ирэх байх гэж бодсон. Би, бульдозерын жолооч бид хоёр буруутай. Тухайн үед манай байгууллагын ХАБ-ын инженер Б ээлжийн амралттай байсан. Харин Б-ын ажлыг мэргэжилтэн У тухайн өдөр хариуцах ёстой байсан. Тэр өдөр Морингийн давааны хогийн цэг дээр гал гараад ажилтай явчихсан байсан. Манай ажил дээр бульдозер, бид хоёр ажил үүргээ гүйцэтгэж байсан. Би хог түүдэг хүмүүст байнга шаардлага тавьдаг боловч тухайн хүмүүс үгэнд ордоггүй. Шаардлагыг эсэргүүцэж хог шатаадаг, эсвэл бид нарын урдаас хэрэлдээд байдаг. Ойролцоогоор 100-200 хүн байсан. Хяналтын камер байхгүй. Харин хүн гэмтсэн газраас 50 метрийн зайд хяналтын камер байдаг. Уг камер ажиллаж байгаа...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 40 дэх тал),

- гэрч Л.У-ын “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өглөө 08 цагт ажил эхэлсэн. Ажлынхаа бульдозерын операторчин Б, хучилтын 2 автомашины жолооч Ц, Д, талбайн чиглүүлэгч М, Хан бүсийн үйлчлэгч О, Э, тогооч У, манаач Г нарт ХАБ-ын чиглэлийн зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 45 дахь тал),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3746 дугаартай шинжээчийнд дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Н.М-ын биед гавал ясны хугарал, тархи няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хоёр талын олон хавирганы хугарал, цээжний зүүн хөндийн цусан хураа, хоёр талын хоншоор, хамар яс, доод эрүү, баруун шуу, богтос, шаант, тахилзуур, зүүн сүүжний дэлбээний далд хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх, зулгаралт, цээж, хэвлий, хоёр гарын мөр, бугалгын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 болон 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна...” гэсэн (1-р хавтаст хэргийн 67-69 дах тал),

- албан тушаалын тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 72-75 дахь тал, 3-р хавтаст хэргийн 119-122 дахь тал),

- 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ХАБ-08/22 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

“...Асуулт 1. Аюулгүй ажиллагааны журам хэн зөрчсөн эсэх?

Хариулт-1. ...Г.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.Энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 27.3.3. /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах/, 27.3.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах;/ гэж заасан хуулиар хүлээсэн чиг үүрэг болон Ажлын байрны тодорхойлолтын 1.3. /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, зааварчилгааг батлагдсан журмын дагуу чанартай зохион байгуулах, 1.5. Шинээр орсон ажилтан, ажилчдад сургалт зохион байгуулах, ажиллуулах зөвшөөрөл олгох, 6.1. /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль болон бусад хууль тогтоомж, холбогдох тушаал тушаал шийдвэрүүд, стандартуудыг мөрдөж ажиллах/ гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

Мөн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг хариуцсан мэргэжилтэн Г.Э нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг үүрэгтэй байна: 18.2.1./хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, 18.2.8. /ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах/-ыг заасан чиг үүрэг болон Ажлын байрны тодорхойлолт: /2. Хог хаягдлын тухай хууль, тогтоомжийг ажилдаа хэрэгжүүлэх хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэнд хяналт тавих, 5. Хоёрдогч түүхий эд цуглуулагч иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавих, машин техникээс зай барьж ажиллах талаар зөвлөмж тараах, 6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон бусад хууль тогтоомж, холбогдох тушаал шийдвэрүүд, стандартуудыг мөрдөж ажиллах/ гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

Гэрч: Г.Э /Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн өдөр тутмын үйл ажиллагааг саадгүй явуулах, миний ажил үүргийн хуваарь дээр хог түүгч /иргэдэд хяналт тавих гэсэн үүргийн дагуу би хариуцах ёстой/

Нийслэлийн ХТГ ОНӨААТҮГ-т ажиллаж байгаа нийт ажилтан, ажилчдад 2021, 2022 онуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулаагүй, шалгалт аваагүй байна.

Асуулт 2. Бульдозерчин аюулгүй ажиллагааны журам зөрчсөн эсэх?

Хариулт 2. Бульдозерчин Х.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна: 18.2.8. /ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах/-д заасан чиг үүрэг болон Ажлын байрны тодорхойлолт: Нийслэлийн хот тохижилтийн газар ОНӨААТҮГ-ын даргын баталсан “Хот тохижилтийн газар ОНӨААТҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”-ийн 8. Эксковатор, Булдозерийн операторууд нарт өгөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа: 8.4. /Хог хүлээн авах талбайд ажил гүйцэтгэж байгаа үедээ хог түүж байгаа иргэд болон тэжээвэр амьтны үйлдэл, хөдөлгөөнийг байнга анхаарч аюулгүй ажиллагааг бүрэн хангагдсан үед эргэх, урагшлах болон ухрах хөдөлгөөнийг үйлдэнэ/ гэсэн зааварчилгааг биелүүлээгүй байна.

Асуулт 3. Чиглүүлэгч аюулгүй ажиллагааны журам зөрчсөн эсэх?

Хариулт 3. Нийслэлийн ХТГ ОНӨААТҮГ-ын Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн талбайн чиглүүлэгч Б.М нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараах нийтлэг үүрэгтэй байна: 18 2.1 ,/хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх/, 18.2.7. /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ гэж заасан чиг үүрэг болон Ажлын байрны тодорхойлолт: 1.6. /Талбай дээр бульдозер түрэлт хийж байгаа үед ойр орчимд аюулгүй байдлыг хангаж, хог түүгч иргэдийг ойртуулахгүй байхад анхаарч ажиллах/ гэж заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Асуулт 4. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн эсэх?

Хариулт 4. Нийслэлийн ХТГ ОНӨААТҮГ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3. /үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт/, 17.3. /Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна./, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8./аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/ гэж заасныг зөрчиж аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгаа өгөөгүй, сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй ажилтнуудаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна.

Мөн Хог хаягдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5. /Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах байгууламжийн ажилтан тухайн ажлын байрны шаардлагад нийцсэн сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн байна./, 17 дугаар зүйлийн 17.1.Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах байгууламж дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

17.1.1./байгууламжид зөвшөөрөлгүй хүн нэвтрэх, мал, амьтан орохоос хамгаалсан хашаатай/; 17.1.9,/хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжтэй/ гэж заасныг зөрчсөн байна...” гэсэн (1-р хавтаст хэргийн 96-99 дэх тал),

- 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ХАБ-08/22+01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Асуулт 1. Хохирогч Н.М нь орохыг хориглосон бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, “үйлдвэрлэлийн орчин”-д орсон нь осол гарахад нөлөөлсөн эсэх? Хохирогчийн буруутай үйлдэл байгаа эсэх?

Хариулт 1. Нийслэлийн ХТГ ОНӨААТҮГ нь Хог хаягдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах байгууламж дараах нийтлэг шаардлагыг хангасан байна: 17.1.1./байгууламжид зөвшөөрөлгүй хүн нэвтрэх, мал, амьтан орохоос хамгаалсан хашаатай/ гэж заасан шаардлагын дагуу энгийн хог хаягдал устгах байгууламжид зөвшөөрөлгүй хүн нэвтрэх, мал амьтан орохоос хамгаалсан хашаатай байсан боловч энэхүү шаардлагын 17.1.9./хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжтэй/ гэж зааснаар ажлын аюултай бүсийг хязгаарлалт хийж, анхааруулах, хориглох, санамж тэмдэг тэмдэглэгээ тавьж ашиглах байсан.

Хохирогч Н.М нь аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин /энгийн хог хаягдал устгах байгууламж/-д зөвшөөрөлгүй нэвтэрч орсон нь Хог хаягдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3. /Зөвшөөрөлгүй иргэн болон мал, амьтны хог хаягдлыг хүлээж авах, булшлах талбайд оруулахыг хориглоно./ гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн байна.

Асуулт 2. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 32/03 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журмын 9.7.10-т заасан “дахин боловсруулах хог хаягдал түүгч иргэдийг хог хаягдлын төвлөрсөн цэгийн талбайд нэвтрүүлэхгүй, хог түүх үйл ажиллагааг эрхлүүлэхгүй” гэж хориглосон заалтыг хог түүгч иргэн биелүүлэх үүрэгтэй эсэх?

Хариулт 2. Нийслэлийн ХТГ ОНӨААТҮГ-ын Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн талбайн чиглүүлэгч нь Нийслэлийн ХТГ ОНӨААТҮГ-ын даргын баталсан “ХТГ ОНӨААТҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”-ийн 9.Талбайн чиглүүлэгч нарт өгөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа 9.8./ Хоёрдогч түүхий эд цуглуулагч иргэдэд зохих ёсны заавар өгөх.../ гэсэн дүрмийг дагаж мөрдөх, мөн Ажлын байрны тодорхойлолт: 1.6. /Талбай дээр бульдозер түрэлт хийж байгаа үед ойр орчимд аюулгүй байдлыг хангаж, хог түүгч иргэдийг ойртуулахгүй байхад анхаарч ажиллах/, 1.9. /Хог түүгч иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавих, тэдэнд зохих зааварчилгаа газар дээр нь тухай бүр өгөх/ гэсэн үүргээ биелүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Хог түүгч иргэд нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 2-р сарын 20-ны өдрийн 32/03 дугаар тогтоолоор баталсан “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, булшлах журам”-ын 9.7.10. /Дахин боловсруулах хог хаягдал түүгч иргэдийг хог хаягдлын төвлөрсөн цэгийн талбайд нэвтрүүлэхгүй, хог түүх үйл ажиллагааг эрхлүүлэхгүй байх/ 9.8.2. /Хог хаягдал хүлээн авах ажлын талбайд хог хаягдлыг ангилан ялгах, цуглуулах үйл ажиллагаа эрхлэхгүй байх/ гэж заасан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

Асуулт 3. Бульдозерын “сохорын бүс”-ийг тогтоож, уг осол болох шалтгаан нь бульдозерчинд үл үзэгдэх “сохор бүс”-д орсон эсэх ?

Хариулт 3. Бульдозерчин Нийслэлийн ХТГ ОНӨААТҮГ-н даргын баталсан “ХТГ ОНӨААТҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”-ийн 8. Экскаватор, Бульдозерын операторууд нарт өгөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа: 8.4. /Хог хүлээн авах талбайд ажил гүйцэтгэж байгаа үедээ хог түүж байгаа иргэд болон тэжээвэр амьтны үйлдэл, хөдөлгөөнийг байнга анхаарч аюулгүй ажиллагааг бүрэн хангагдсан үед эргэх, урагшлах болон ухрах хөдөлгөөнийг үйлдэнэ/ гэсэн зааварчилгааг мөрдөх, мөн ажлын байрны тодорхойлолтын 1.10./Түрэлт хийгдэх үед орчин тойрноо бүрэн хяналтдаа байлгаж, осол аваараас урьдчилан сэргийлж ажиллах/ үүрэг хүлээсэн байна.

...Осол болсон энэ тохиолдол нь бульдозерчны үзэгдэх орчин, талбай хязгаарлагдмал байсан гэж үзвэл тухайн ажиллах орчны бүсийг шалгасны дараа тэмдэг, тэмдэглэгээгээр хязгаарлаж, уг тэмдэг, тэмдэглэгээний зохицуулалтаар механизмыг хөдөлгөөн оруулах, эсхүл дохиочин, чиглүүлэгчийн удирдлагаар ажил гүйцэтгэвэл ослоос урьдчилан сэргийлэх боломжтой байсан...” гэсэн (1-р хавтаст хэргийн 246-247 дахь тал),

- шинжээч Г.Г-ийн “...Х.Б нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан ажилтны нийтлэг үүрэг 18.2.8 ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан аюулгүй ажиллагааны шаардлагыг биелүүлж ажиллах гэсэн үүрэг ажлын байрны тодорхойлолтын хот тохижилтын газрын Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмийн 8 дахь хэсэг Экскаватор, бульдозерын оператор нарт өгөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа 8.4 хог хүлээн авах талбайд ажил гүйцэтгэж байгаа үедээ хог түүж байгаа иргэд тэжээвэр амьтны үйлдэл хөдөлгөөнийг байнга анхаарч аюулгүй ажиллагааг бүрэн хангагдсан үед эргэх урагшлах ухрах хөдөлгөөнийг үйлдэнэ гэсэн зааварчилгааг биелүүлээгүйн улмаас хохирогч М-ын биед болгоомжгүй хүнд хохирол учруулсан гэж үзэхээр байна. Харин Нийслэлийн хот тохижилтын газрын нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг хариуцсан хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн Г.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 3.3-т заасан хууль тогтоомжийн шаардлага стандарт салбарын болон байгууллага мөрдөх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмийн хэрэгжилтийн байдалд үзлэг шалгалт хийгээгүй мөн 27.3.4-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт зохион байгуулаагүй гэсэн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг хариуцсан мэргэжилтэн Г.Э нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-т заасан Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага стандарт дүрэм технологийн горимыг чанд мөрдөх ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд тавьсан шаардлагыг биелүүлж ажиллах гэсэн чиг үүргээ биелүүлээгүй, чиглүүлэгч Г.М нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.1-т заасан Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага дүрэм технологийн дүрмийг чанд мөрдөх ажлын байрны тодорхойлолтын 1.6-т заасан талбай дээр бульдозерчин түрэлт хийж байгаа үед ойр орчимд аюулгүй байдлыг хангаж хог түүгч иргэдийг ойртуулахгүй байхыг анхаарч ажиллах гэсэн үүргээ биелүүлээгүй нь осол гарах үндсэн шалтгаан болохгүй. Харин бульдозерчин Х.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуульд заасан чиг үүрэг, гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас уг осол гарч хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан үндсэн шалтгаан болж байна.

Чиглүүлэгч Б.М нь хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу цайндаа орж байсан бөгөөд Х.Б нь өөрийн дураар чиглүүлэгчгүй ажил үүргээ гүйцэтгэж байгаад уг осол гарсан байх тул чиглүүлэгч Б.М нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18.2.1-т заасан Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага дүрэм технологийн дүрмийг чанд мөрдөх ажлын байрны тодорхойлолтын 1.6-т заасан талбай дээр бульдозерчин түрэлт хийж байгаа үед ойр орчимд аюулгүй байдлыг хангаж хог түүгч иргэдийг ойртуулахгүй байхыг анхаарч ажиллах гэсэн үүрэгтэй боловч тухайн цаг үед цайндаа орчихсон байсан тул чиглүүлэгч Б.Мг үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 44-45 дахь тал),

- ХТГ ОНӨААТҮГ-ын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм (1-р хавтаст хэргийн 130-155 дахь тал),

- Дуудлагын лавлагааны хуудас (3-р хавтаст хэргийн 64 дэх тал),

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (3-р хавтаст хэргийн 65-70 дахь тал),

- хохирогч Д.М-ийн “...Би Улаанбаатар хот тохижилтын Нарангийн энгэрийн хогийн цэгт талбайн чиглүүлэгч ажил хийгээд 12 жил болж байна. 2022 оны 12 дугаар сарын 07-ны өглөө би өмнөх ээлжид гарсан Я гэх хүний гар утас руу залгаад “Би эмнэлэгт цаг авчихсан байгаа. ХАБ-ын ажилтан Ц, талбайн зохицуулагч У-д хэлчихлээ” гэсэн. Тэгээд би эмнэлэгт үзүүлчхээд 10 цаг 30 минутад ажил дээрээ очиход байгууллагын менежер З “эгчээ яаралтай ажил дээрээ гараарай” гэхээр нь ажлын хувцсаа өмсөөд дохиураа аваад талбай дээрээ гарсан. Тэр үед хогийн машинаа зохицуулаад овгор шороо буюу далан дээр зогсож байгаад цайндаа явъя гэж бодоод буух гэж байгаад халтираад бөгсөөрөө гулгаад унах үед баруун талаас бульдозер ухраад ирсэн. Би “зогсооч ээ” гээд орилсон чинь миний үгийг сонсоогүй бульдозерын гинж миний хоёр хөлийн урд талын шилбэн дээр гараад буцаад бульдозероо урагшлуулж байгаад жолооч Б гарч ирээд “би таныг харсангүй” гэсэн. Одоо миний хоёр хөлийн урд талын шилбэ хугарсан байна. Би бульдозерын жолоочийг чиглүүлэх үүрэггүй. Ойр орчимд нь хүн явж байвал анхааруулаад холдуулах үүрэгтэй. Намайг ажилдаа ирэхэд ХАБ байхгүй байсан. Надад зааварчилгаа бичиж гарын үсэг зуруулаагүй юм...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 79-80 дахь тал),

- гэрч Г.Ц-ийн “...Миний бие Нарангийн энгэрийн хогийн цэгийг хариуцсан ХХАБЭА байдал хариуцсан ажилтан хийдэг юм. 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төвлөрсөн хогийн цэгийн талбайн зам талбайн үйлчлэгч, чиглүүлэгч ажилтай М нь ажилдаа 11 цагийн байдлаар ирээгүй байсан. Гэтэл 11 цагт манай байгууллагаас баярын хуралтай холбоотой зар ирж Бөхийн өргөөнд байрлах тохижилт үйлчилгээний албан дээр нэр бүхий хүмүүсийг групп чатаар дамжуулж ахлах мэргэжилтэн Буяндэлгэр дуудсан. ...Ингээд би ардах ажилдаа инженер У, ахлах мэргэжилтэн З нарт үлдээсэн ба талбайн ажилтан М ирээгүй, ирэхээр нь зааварчилгаа өгөөрэй гэж хэлээд зааварчилгааны дэвтрээ үлдээгээд явсан. Гэтэл 12 цаг өнгөрөөгөөд М хогийн цэгт ажиллаж байсан жолооч Б-ын унаж байсан хог түрэгч бульдозерт дайруулсан тухай мэдээ ирсэн. Би Улаан чулуут дээр ирээд юу болсон талаар асуухад инженер У, ахлах мэргэжилтэн З нар нь М-г хэзээ ажилдаа ирсэн талаар огт мэдээгүй байсан. М нь мөн хаагуур яаж ирсэн талаар тодорхойгүй, цагаа бүртгүүлээгүй байсан. Уул нь манай байгууллага ажиллаж буй алба хаагчдаа аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр бүр танилцуулж, гарын үсэг зуруулж, мөн 7 хоногт 1 удаа давтан зааварчилгаа өгдөг. Ер нь манай ажилтан М нь аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцахгүй тохиолдол гаргаж байсан ба баримт нь надад байгаа. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа дээр хогийн цэгт ажиллаж байгаа хүмүүс техник хэрэгсэлтэй хэрхэн харьцах талаар тусгадаг. Давтан зааварчилгаа болон нийт ажилчдын тус бүрийн албан тушаалтны зааварчилгаа дээр мөн байгаа. Болсон асуудал нь М замын хажуу талын өндөрлөсөн шороон дээр сууж байхдаа дайруулж гэмтсэн байсан. Уг шороон дээр хүн суух ёсгүй ба дээрх зааварчилгаанууд дээр байгаа. М нь танилцаж гарын үсэг зурсан. Харин өнөөдөр бол өдөр тутмын зааварчилгаа  дээр гарын үсэг зураагүй ба хоцорч ирсэн мөн цагаа бүртгүүлээгүй байсан. М нь чиглүүлэгч, зам талбайн үйлчлэгч албан тушаалтай ба энэ ажилд 10 жил орчим ажиллаж байгаа. Тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож ажил үүргээ гүйцэтгэж байхад чиглүүлэгч нь тод өнгийн хантааз өмсөж, жолоочид харагдахуйц газар зогсох ёстой...” гэсэн мэдүүлэг (3-р хавтаст хэргийн 82 дахь тал),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Дүгнэлт 1. Б.М-ийн биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн шаант  ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт (3-р хавтаст хэргийн 90-91 дэх тал),

- Нийслэлийн ХТГ ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/324 дугаартай “Х.Б-ыг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал (3-р хавтаст хэргийн 118 дахь тал),

- Хөдөлмөрийн гэрээ (3-р хавтаст хэргийн 123-131 дэх тал),

- ХТГ ОНӨААТҮГ-ын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн нийт ажилчид, албан хаагчдад өгөх Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгаа (3-р хавтаст хэргийн  160-166 дахь тал),

- 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2023/02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Б.М нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажлын цагаасаа хоцорч ирээд ажлын байрны аюулгүй ажиллагааны зааварчилгааг авахгүйгээр шууд ажилдаа орсон, тухайн осол гардаг өдөр ажлын хувцас өмссөн боловч хог тээврийн машин болон бульдозерын операторт харагдахуйц тод өнгийн хантаазаа өмсөөгүй, овоолсон шороон далан дээр гарч зогссон нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, төхнологийн горимыг чанд мөрдөх/, 18.2.6 /ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших/, 18.2.7. /өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ заалт, мөн Хот тохижилтын газрын /ОНӨААТҮГ/ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны даргын баталсан Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн нийт ажилчид, албан хаагчдад өгөх “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа”-ны өдөр тутмын зааварчилгааны /Зам талбайн үйлчлэгч (Талбайн чиглүүлэгч) нарт өгөх аюулгүй ажиллагааны зааварчилгааны 2 дахь /Хог тээврийн машинуудын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, зорчих хэсгийг чөлөөлөн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллана/ заалт, 3 дахь /Зам талбайн үйлчлэгч (Талбайн чиглүүлэгч) нь оператор болон хог тээврийн машинуудад харагдахуйц газар тод өнгийн хантаазтай зогсох, шороон далан болон хогон дунд зогсохыг хориглоно/ заалтуудыг зөрчсөн байна.

Жолооч Х.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т /Ажил,хөдөлмөр эрхэлж байгаа иргэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх, өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх/ заасан үүргээ биелүүлж ажиллаагүй байна.

Бульдозерчин Х.Б нь албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн 1.10-д /Түрэлт хийгдэх үед орчин тойрноо бүрэн хяналтдаа байлгаж осол аваараас урьдчилан сэргийлж ажиллах/ заалтыг зөрчсөн байна.

...ХТГ ОНӨААТҮГ чиглүүлэгч зам талбайн үйлчлэгч (Талбайн чиглүүлэгч) Б.М-д 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа гарахад нь ажлын байрны онцлогт тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт /.... аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх....зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/-ыг зөрчсөн байна.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн урьдчилсан зааварчилгааг  Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм МNS 4969:2000 стандартын 4.5 /Урьдчилсан зааварчилгааг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн кабенит, сургалтын техник хэрэгслээр тусгайлан тоноглогдсон анги, танхимд уг асуудлыг хариуцсан удирдах буюу инженер техникийн ажилтан өгнө./-т заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан удирдах буюу инженер техникийн ажилтан өгнө. Ажлын байран дээрх анхан шатны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.9 /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө./-д дагуу ажпын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө.

Нийслэлийн ХТГ ОНӨААТҮГ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.2-т /Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг томилон ажиллуулна/ заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг томилон ажиллуулж байсан байна.

Нийслэлийн Хот тохижилтын газрын /ОНӨААТҮГ/ Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Ц нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3-т заасны дагуу “Албан тушаалын тодорхойлолт”-д заасан албан тушаалын гүйцэтгэл чиг үүргийн 1.2-д /Хариуцсан алба нэгжийн ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг өгөх/; 2.1-д /Ажилчдад нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ажлын хувцсыг ажлын байранд хэрэглүүлж хэвшүүлэх/ заалтыг хангаж ажиллаагүй байна...” гэсэн (4-р хавтаст хэргийн 162-164 дэх тал),

-  шинжээч М.Э-ын “...Би дүгнэлтээ гаргахдаа хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар гаргасан. Тухайн өдөр Б.М нь хэрэг гардаг өдрийн өглөө ажилдаа цагтаа ирээгүй хоцорч ирээд ажил дээрээ ирсэн талаар холбогдох ажилтанд мэдэгдээгүй, өөрөө дур мэдэн аюулгүй ажиллагааны зааварчилга авахгүйгээр ажилдаа гарахдаа тод өнгийн хантааз өмсөөгүй овоолсон шороон далан дээр гарч зогссон. Тухайн үед Б.М нь тод өнгийн хантааз өмссөн байсан бол бульдозерын жолооч хойшоо ухрахдаа хойно байсан Б.М харагдах байсан. Хот тохижилтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын албан даргын баталсан нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн нийт ажилтан алба хаагчдад өгөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгаанд “хог тээврийн машинуудын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зорчих хэсгийг чөлөөлөн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллана.”, “оператор болон хог тээврийн машинуудад харагдахуйц газар тод өнгийн хантаазтай зогсох шороон далан болон хогон дунд зогсохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

...Хот тохижилтын газрыг төлөөлж Г.Ц нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулах ёстой байсан боловч хэрэг гардаг өдөр Г.Ц нь байгууллагын баярын хуралд суух ёстой байсан тул Б.Мд зааварчилга өгч чадаагүй. Нөгөөтэйгүүр Б.М нь ажлын байран дээрээ ирсэн гэж холбогдох ХАБ-ын ажилтан Г.Ц-д мэдэгдээгүй учраас зааварчилга өгөгдөөгүй байна. Жолооч Х.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан үүргээ биелүүлж ажиллаагүй байна. Бульдозерчин Х.Б нь албан  тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн 1.10-т заасан заалтыг тус тус зөрчсөний улмаас Б.М-ийн биед хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулж осол гарах үндсэн шалтгаан болсон байна...” гэсэн мэдүүлэг (4-р хавтаст хэргийн 230-231 дэх тал) зэрэг болно.

 Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс 4-р хавтаст хэргийн 176-184 дэх талд авагдсан нотлох баримтуудыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь 4-р хавтаст хэргийн 176-184 дэх талд иргэний хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд авагдсан нь хэрэгт хамааралгүй болох нь илэрхий бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

Түүнчлэн талуудаас дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлах хүсэлт гаргаагүй тул нотлох баримтаас хасах боломжгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд нотлох баримтаар тооцохгүй байх хүсэлтийг гаргаагүй болно.

Харин иргэний хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар нь өөрийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасантай холбоотой гомдлоо холбогдох журмын дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах, шалгуулах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг зааж, уг гэмт хэргийн улмаас хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 3746, 52 дугаартай дүгнэлтээр хохирогч Н.М, Д.М нарын биед амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Хохирогч Н.М, Д.М нарт учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрийн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байх бөгөөд шүүгдэгч Х.Б-ын жолоодож байсан бульдозерт дайрагдах үед үүссэн нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Х.Б нь ХТГ ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/324 дугаартай “Х.Быг шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалаар тус газарт бульдозерын жолоочоор ажиллаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

Шүүгдэгч Х.Б, Нийслэлийн ХТГ ОНӨААТҮГ-ын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнээр шүүгдэгч Х.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан эрх, үүргийг хүлээнэ.

Хохирогч Н.М-ын биед хүнд гэмтэл учруулсан үйлдлийн тухайд:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.8 дахь заалтад “ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах” гэж ажилтанд хамаарах нийтлэг үүргийг заасан.

Нийслэлийн ХТГ ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/27 дугаар тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмийг баталсан байна. Уг дүрмийн эксковатор, бульдозерын операторууд нарт өгөх аюулгүй ажиллагааны зааварчилгааны 8.4-т “Хог хүлээн авах талбайд ажил гүйцэтгэж байгаа үедээ хог түүж байгаа иргэд болон тэжээвэр амьтны үйлдэл хөдөлгөөнийг байнга анхаарч аюулгүй ажиллагааг бүрэн хангагдсан үед эргэх, урагшлах болох ухрах хөдөлгөөнийг үйлдэнэ” гэжээ.

Мөн “бульдозерчин”-ы ажлын байрны тодорхойлолт /2019 оны 06 дугаар сарны 29-ний өдөр батлагдсан/-д “...албан тушаалын зорилго ландфилл[1] талбайд буулгасан хог хаягдлыг түрж тэгшлэх, нягтруулах, шороогоор дарж булах. ... чиг үүрэг 1.10-т “Түрэлт хийгдэх үед орчин тойрноо бүрэн хяналтдаа байлгаж, хог түүгч иргэдийг ойртуулахгүй байх...” гэж заасан байна.

Шүүгдэгч Х.Б нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм заасан үүргээ биелүүлэлгүй зөрчиж, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Улаан чулуутын хогийн цэгт чиглүүлэгчгүйгээр бульдозероор хог түрэх явцдаа хохирогч Н.М-ыг харалгүй дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Хохирогч Д.М-ийн биед хүнд гэмтэл учруулсан үйлдлийн тухайд:

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.8 дахь заалтад “ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах” гэж ажилтанд хамаарах нийтлэг үүргийг заасан.

2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод “...албан тушаалын зорилго ландфилл талбайд буулгасан хог хаягдлыг түрж тэгшлэх, нягтруулах, шороогоор дарж булах. ...чиг үүрэг 1.10-т “Түрэлт хийгдэх үед орчин тойрноо бүрэн хяналтдаа байлгаж, осол аваараас урьдчилсан сэргийлж ажиллах...” гэж,

Мөн ХТГ ОНӨААТҮГ-ын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн нийт ажилчид, албан хаагчдад өгөх Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааны “Бульдозерын операторуудад өгөх аюулгүй ажиллагааны зааварчилгааны 8-т “хог хүлээн авах талбайд зам талбайн үйлчлэгч /чиглүүлэгч/-тэй хамт ажиллах, байхгүй тохиолдолд ажилд гарахгүй байх” гэж тус тус заасан.

Гэвч шүүгдэгч Х.Б дээр дурдсан хууль, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Улаан чулуутын хогийн цэгт чиглүүлэгчгүйгээр бульдозероор хог түрэх ажил хийх явцдаа тус байгууллагын зам талбайн үйлчлэгч /чиглүүлэгч/ ажилтай Б.М-г мөн адил харалгүй дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Улсын яллагчийн яллах дүгнэлт, шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2023/02 дугаартай дүгнэлтэд шүүгдэгч Х.Б-ыг хохирогч Б.М-ийн биед хүнд хохирол болгоомжгүйгээр учруулахдаа “Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн нийт ажилчид, албан хаагчдад өгөх Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааны “Бульдозерын операторуудад өгөх аюулгүй ажиллагааны зааварчилгааны 8-т “хог хүлээн авах талбайд зам талбайн үйлчлэгч /чиглүүлэгч/-тэй хамт ажиллах, байхгүй тохиолдолд ажилд гарахгүй байх” гэж заасныг зөрчсөн талаар дүгнээгүй боловч шүүхээс шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, хэрэгт авагдсан нотлох баримт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.

Ийнхүү шүүгдэгч Х.Б-ыг “Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн нийт ажилчид, албан хаагчдад өгөх Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааны “Бульдозерын операторуудад өгөх аюулгүй ажиллагааны зааварчилгааны 8-т “хог хүлээн авах талбайд зам талбайн үйлчлэгч /чиглүүлэгч/-тэй хамт ажиллах, байхгүй тохиолдолд ажилд гарахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн гэж хэргийн үйл баримтыг сэргээн дүгнэсэн нь хэргийн зүйлчлэл гэм буруугийн хэлбэрт нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд шүүгдэгч Х.Б-ын жолоодож байсан бульдозер нь механикжсан тээврийн хэрэгсэл буюу том оврын, хүнд даацын тээврийн хэрэгсэл болох нь илэрхий бөгөөд чиглүүлэгчгүйгээр ажиллах нь орчин тойрондоо аюултай, учирч болох аюулыг урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэнэ.

Мөн ХТГ ОНӨААТҮГ-ын газраас Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгаандаа “...Хог хүлээн авах талбайд ажил гүйцэтгэж байгаа үедээ хог түүж байгаа иргэд болон тэжээвэр амьтны үйлдэл хөдөлгөөнийг байнга анхаарч аюулгүй ажиллагааг бүрэн хангагдсан үед эргэх, урагшлах болон ухрах хөдөлгөөнийг үйлдэнэ” гэж, “...хог хүлээн авах талбайд зам талбайн үйлчлэгч /чиглүүлэгч/-тэй хамт ажиллах, байхгүй тохиолдолд ажилд гарахгүй байх...” гэж тусгайлан заасан байтал шүүгдэгч Х.Б нь чиглүүлэгчгүйгээр ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хохирогч нарыг харалгүй дайрч хүнд хохирол тус тус учруулсан байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэргийн шинж хангагдсан байх тул шүүгдэгч Х.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргаагүй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн ба өөр бусад этгээд, аж ахуй нэгж байгууллагын гэм буруугийн асуудлыг шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

​​​​​​​1.3. Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

Хохирогч Н.М-т учирсан хохирлын тухайд:

Хохирогчийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгээс хавтаст хэрэгт баримтаар авагдсан 18,324,192 төгрөгийн хохирол, шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтаар 1,695,440 төгрөгийг хохирол, нийт 20,019,632 төгрөгийг иргэний хариуцагч ХТГ ОНӨААТҮГ-аас нэхэмжилсэн.

2-р хавтаст хэргийн 48-аас 3-р хавтаст хэргийн 27 дахь тал авагдсан хохирлын баримтуудаас 428,595 төгрөгийн баримт нь хэрэгт хамааралгүй буюу кофе, пицца, архи, гар утасны төлбөр, нэгж, чихэр, хүнсний бүтээгдэхүүн, таваг, ахуйн хэрэглээний бараа зэрэг баримтууд байх тул хасч тооцох нь зүйтэй.

Мөн шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтуудаас 233,637 төгрөгийн баримт хүүхдийн эм, өөр хүний нэр дээр бичигдсэн эмийн жороор олгогдсон баримтууд авагдсан байх тул мөн адил хасч, 20,019,632-428,595-233,637=19,357,400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хохирогч Б.М-д учирсан хохирлын тухайд:

Хохирогч Б.М-ээс эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс зэргийг нэхэмжилсэн.

4-р хавтаст хэргийн 1-105 дахь талд авагдсан хохирлын баримт, хохирлын тооцоогоор нийт 4,210,366 төгрөгийн хохирол баримтаар авагдсан байна.

Үүнээс шүүгдэгч Х.Б-ын зүгээс хохирогч Б.М-д мөрдөн байцаалтын шатанд 613,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул хохирогч Б.М-ийн хохирлын баримтаас хасч тооцов. Харин шүүгдэгч Х.Б-ын биет байдлаар авч өгсөн эд зүйл, эмчилгээний төлбөр төлсөн зэрэг зардлыг хасах хууль зүйн үндэслэлгүй.

Хохирогч Б.М-ийн 4-р хавтаст хэргийн 104 дүгээр талд гараар бичсэн 1,135,750 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхив.

 Мөн хохирогч Б.М-ийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх боловч урьд авч байсан цалингийн карт, нийгмийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас хэдэн төгрөгийн тэтгэмж авч байсан баримт, хэдэн сарын хугацаанд хөдөлмөр эрхлээгүй талаарх баримт тус тус хэрэгт авагдаагүй, түүний гэмт хэргийн улмаас дутуу авсан цалин хөлсний хэмжээг тогтоох боломжгүй тул мөн адил хэлэлцэхгүй орхив.

Бусад хохирлын тухайд:

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Н.М-ын авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 10,910,505 төгрөгийн зардал, хохирогч Б.М-ийн авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд 11,217,508 төгрөгийн зардал тус тус гарсан байх тул Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд буцаан олгох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээдийн тухайд:

Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдээр ХТГ ӨНӨААТҮГ-ыг иргэний хариуцагчаар татах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

Шүүгдэгч Х.Б нь ХТГ ОНӨААТҮГ-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн гэм буруутай үйлдлээр хохирогч Н.М, Б.М нарын биед хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ХТГ ОНӨААТҮГ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хариуцлагыг хүлээнэ.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгчөөс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно.” гэж зааснаар иргэний хариуцагч ХТГ ОНӨААТҮГ-ыг хариуцлагаас чөлөөлөх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Гэмт хэрэг гарах үед хохирогч Н.М төвлөрсөн хогийн цэгт зөвшөөрөлгүй нэвтэрсэн боловч Хог хаягдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Зөвшөөрөлгүй иргэн болон мал, амьтныг хог хаягдлыг хүлээж авах, булшлах талбайд оруулахыг хориглоно” гэж заасан.

Мөн хохирогч Б.М нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа авалгүй, олгосон ажлын хантаазыг өмсөлгүй ажилд гаргасан боловч иргэний хариуцагч байгууллагаас аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй, ажлын хувцас бүрэн өмсөөгүй ажилтныг ажлын талбарт гаргасан байна.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгч Х.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон учирсан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч ХТГ ОНӨӨТҮГ-ыг хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн боломжгүй юм.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч ХТГ ОНӨААТҮГ-аас нийт 45,083,779 төгрөг гаргуулж, хохирогч Н.М-т 19,357,400 төгрөг, хохирогч Б.М-д 3,598,366 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 22,128,013 төгрөг тус тус олгож шийдвэрлээ.

Хохирогч Н.М, Б.М нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Х.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шинжээчийн зардал 420,000 төгрөгийн зардлыг шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...” гэв.

Хохирогч Н.М-ын өмгөөлөгч Г.Должинсүрэн: “…Эрүүгийн хариуцлагын талаар хэлэх дүгнэлт байхгүй…” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал: “…Гэм буруу дээр маргаагүй. Эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй, шинжээчийн зардал 420,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан 5,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,300,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү…” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн: “…Тэгшмандал өмгөөлөгчийн дүгнэлтийг дэмжиж байна…” гэв.

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Хэрэгт авагдсан шүүгдэгч Х.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 187 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 196 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 197 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хавтаст хэргийн 198 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (3-р хавтаст хэргийн 232, 4-р хавтаст хэргийн 189-190 дэх тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (3-р хавтаст хэргийн 233 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 186 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (3-р хавтаст хэргийн 235 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (3-р хавтаст хэргийн 236 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (3-р хавтаст хэргийн 237 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хавтаст хэргийн 239-241 дэх тал), Хур системийн лавлагаа (3-р хавтаст хэргийн 126-128 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 188 дахь тал), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (4-р хавтаст хэргийн 191 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай хавлагаа (4-р хавтаст хэргийн 192 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (4-р хавтаст хэргийн 209 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Х.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч нарын биед хүнд хохирол учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 9,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Б-т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

Гэмт хэрэг гарах үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж тус тус заасан.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын тухайд шүүгдэгч Х.Б нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр механикжсан тээврийн хэрэгсэл болох бульдозер жолоодож байхдаа гэмт хэрэгт холбогдсон атлаа 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дахин бульдозер жолоодож байхдаа гэмт хэрэгт холбогдсон байх тул шүүхээс гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгч Х.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Иймд шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхийн ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолж шийдвэрлэлээ.

​​​​​​​​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч Г.Г-өөс шинжээчийн зардалд 420,000 төгрөг нэхэмжилсэн (2-р хавтаст хэргийн 15 дахь тал) нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарч байна.

Шүүхээс шүүгдэгч Х.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-аас 420,000 төгрөг гаргуулж шинжээч Г.Г-т олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Д овогт Х-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль, хэлэлцээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 9,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т оногдуулсан торгох ялыг 02 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч ХТГ ОНӨААТҮГ-аас нийт 45,083,779 төгрөг гаргуулж, хохирогч Н.М-т 19,357,400 төгрөг, хохирогч Б.М-д 3,598,366 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 22,128,013 төгрөг тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-аас 420,000 төгрөг гаргуулж, шинжээч Г.Г-т олгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Н.М, Б.М нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАР

 

 

[1] Хог хаягдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.22 “ландфилл" гэж хог хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр газарт булшилж хадгалах байгууламжийг” ойлогоно.