Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2026/00134

 

А.Гийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батчимэг, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.12.02-ны өдрийн 311/ШШ2025/00595 дугаар шийдвэр,

 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.05-ны өдрийн 205/МА2026/00007 дугаар магадлалтай,

 

А.Гийн нэхэмжлэлтэй

ЗАУСЗАд холбогдох,

 

ЗАУСЗАД-гын 2025.07.01-ний өдрийн Б/01 дугаартай “Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Аийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Г, түүний өмгөөлөгч Б.А /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч ЗАУСЗАд холбогдуулан ЗАУСЗАД-гын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай “Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

2. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.12.02-ны өдрийн 311/ШШ2025/00595 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ЗАУСЗАд холбогдох, тус ЗД-гын 2025.07.01-ний өдрийн Б/01 дугаартай “Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, А.Гийг урьд эрхэлж байсан У хот тохижилт үйлчилгээний алба орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14,755,162 /арван дөрвөн сая долоон зуун тавин тав нэг зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Гт олгож, уг олговроос эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч ЗАУСЗАас 70,200 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн.

 

3. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.05-ны өдрийн 205/МА2026/00007 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.12.02-ны өдрийн 311/ШШ2025/00595 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2 дахь зааснаар нэхэмжлэгч А.Гийн ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, давж заалдах шатны шүүх нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаагүй, хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн172.2.1-д “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, 172.2.4-т “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14,755,162 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн  шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтад “Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2 дахь зааснаар нэхэмжлэгч А.Гийн ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн. Ингэхдээ хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагчаар цуцална гэдэг нь ажил олгогч тухайн ажилтантай хөдөлмөрийн харилцааг бүр мөсөн дуусгавар болгохыг зорьсон байдаг бол албан тушаал бууруулж, өөр ажилд шилжүүлэх ойлголт нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохыг зорьдоггүй, харин ажил үүрэг, ажлын байр, цалин хөлс өөрчлөгдөх зэрэг үр дагавар гардгаараа хоорондоо ялгаатай, ажил олгогч нь А.Гтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг цуцлах зорилго бүхий шийдвэр гаргаагүй, түүнийг өөр ажилд тушаал бууруулан томилсон, А.Гтэй байгуулагдсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан гэж үзэхгүй тул тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан олговор шаардах үндэслэлгүй, үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлэн томилсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар ажилтны цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгох, нэхэмжлэгч шаардах эрхтэй” гэж дүгнэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15.”хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ.

Мөн хөдөлмөрийн гэрээг хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтны хооронд хийдэг. Гэвч уг иргэний хэргийн тухайд У сумын Хот тохижилт үйлчилгээний алба орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар /цаашид У сумын Хот тохижилт үйлчилгээний алба ОНӨТҮГ гэх/-ын хувьд ажил олгогч нь У сумын ЗД-га, харин У сумын Хот тохижилт үйлчилгээний алба ОНӨТҮГ-ын менежерийн хувьд ажил олгогч нь У сумын  Хот тохижилт үйлчилгээний алба ОНӨТҮГ-ын дарга байх тул ажил олгогч У сумын ЗД-га болон ажилтан У сумын Хот тохижилт үйлчилгээний алба ОНӨТҮГ-ын дарга нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсны дараа У сумын Хот тохижилт үйлчилгээний алба ОНӨТҮГ-ын менежерийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа шинээр үүсэх юм. Өөрөөр хэлбэл, тус даргын хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр менежерийн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах боломжгүй.

Давж заалдах шатны шүүх нь ажил олгогч нь А.Гтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг цуцлах зорилго бүхий шийдвэр гаргаагүй, түүнийг өөр ажилд тушаал бууруулан томилсон тул тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан олговор шаардах үндэслэлгүй гэж тайлбарлаж нэхэмжлэгч А.Гийн ажилгүй байсан хугацааны цалин, нэмэгдэл хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх шаардлагыг хангаагүй байна. Ажил олгогч нь би халаагүй гэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцсон ажил үүргийг гүйцэтгүүлэхгүйгээс гадна нийгмийн даатгалын болон нийгмийн баталгаагүй болгож ажилтны хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн зөрчлүүд тасрахгүй гарахаар байна.

Шүүхийн шийдвэр нь хэрэг, маргааныг эцэслэн шийдвэрлэж буй шүүх эрх мэдлийн акт учир түүний тогтоох хэсэгт шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан дүгнэлтийн үр дагаврыг тусгахаас гадна шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх бүх нөхцөлийг заасан байвал зохино гэж заасныг баримтлаагүй шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.05.07-ны өдрийн 001/ШХТ2026/00586 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Аийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Аийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

7. Нэхэмжлэгч А.Г нэхэмжлэлийн үндэслэлээ “...  2024.02.07-ны өдөр Завхан аймгийн У сумын Хот тохижилт, үйлчилгээний албаны даргаар томилогдсон, ажлаа шударгаар хийж байсан, өмнөх жилүүдээс ажил сайжирсан, гаргасан зөрчил, дутагдал байхгүй. Гэтэл ЗАУСЗАД-гын 2025.07.01-ний өдрийн Б/01 тоот захирамжаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг зөвшөөрөхгүй.” гэж тодорхойлжээ.

 

8. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: “...У сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2024.12.25-ны өдрийн хуралдаанаар А.Гийн ажлыг хангалтгүй гэж дүгнэж ажлаа сайжруулах үүрэг өгч, 2024.12.30-ны өдөр албан тушаалын тодорхойлолтыг шинээр баталсан. Мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025.02.11-ний өдрийн 3 дугаар хуралдаанаар ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж ажлаа сайжруулж тайлангаа дахин тавих талаар чиглэл өгсөн. Иргэдийн төлөөлөгчдийн удаа дараагийн хурлаар хэлэлцэгдэж үүрэг чиглэл авсан ч ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлэхгүй байсан тул түүнд 2025.01.08, 2025.06.20-ны өдрийн албан бичгээр хугацаатай үүрэг даалгавар өгсөн боловч өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй тул 2025.07.01-ний өдрийн Б/01 тоот захирамжаар албан тушаал бууруулах арга хэмжээ авсан” гэжээ. 

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “... ажилтныг Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг хариуцагч буюу ажил олгогч нь нотлоогүй тул нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасантай нийцээгүй, ажил олгогч албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах талаар ажилтанд мэдэгдэж, сонсох ажиллагаа хийгдсэн талаарх баримтгүй, тушаал хуульд нийцээгүй…” гэж дүгнэжээ. 

 

10. Давж заалдах шатны шүүх  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “ ... ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг цуцлах зорилго бүхий шийдвэр гаргаагүй, түүнийг өөр ажилд тушаал бууруулан томилсон, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасан олговор шаардах эрхгүй, ажилтан албан тушаал бууруулж сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх хугацаанд ажил эрхлэхгүй байх зайлшгүй нөхцөл үүсээгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдэл хөлстэй тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно…” гэсэн дүгнэлтийг хийжээ. 

 

11. Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл буруу ногдуулснаас үүсэх үр дагавар болох ажилтанд ажилгүй байсан хугацаанд олговор олгох талаар хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд хамаарах тул хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаас хэлэлцүүлэв. 

 

12. ЗАУСЗАД-гын 2024.02.07-ны өдрийн тушаалаар А.Гийг Хот тохижилт үйлчилгээний алба ОНӨТҮГ-ын даргаар томилж, 2025.07.01-ний өдрийн Б/01 дугаар тушаалаар түүнийг дээрх албан тушаалаас нь чөлөөлж, менежерийн албан тушаалд шилжүүлэн томилж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан боловч ажил олгогч өөрт байхгүй эрх хэмжээг хэтрүүлсэн, сахилгын шийтгэлийн төрлийг буруу сонгосон, ажилтнаас тайлбар авах ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож, ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. ...” гэж заасныг ажил олгогч зөрчиж, ажиллагаа хийгээгүй байна.

 

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.”, 127.2-т “Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно.” гэж тус тус заажээ.

13.1. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцлах болон ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлснээс үүсэх үр дагаврыг хууль тогтоогч өөрөөр зохицуулжээ.

Энэ хэргийн хувьд ажил олгогч тушаал гаргахдаа ажилтанд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан боловч өөрт нь байхгүй эрх хэмжээг эдэлсэн тул уг шийтгэл ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсантай адил үр дагаварт хүргэсэн гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл ЗАУСЗА Хот тохижилт үйлчилгээний алба ОНӨТҮГ-ын даргын эрх хэмжээ эдлэхгүй тул уг байгууллагын ажилтнуудад ногдуулж болох сахилгын шийтгэлээс албан тушаал бууруулах шийтгэлийг сонгож хэрэглэх боломжгүй. 

13.2. Дээрх үндэслэлээр ажилтан А.Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан олговрыг шаардах эрхтэй.

Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байхад давж заалдах шатны шүүх буруу өөрчилсөн тул магадлалыг хүчингүй болгоно.

Анхан шатны шүүх ажилтны ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос гаргуулж, уг олговрыг 1 сарын дундаж цалин хөлс болох 3,079,973 төгрөгөөр тооцож нийт 14,755,162 төгрөгөөр тодорхойлсныг буруутгахгүй юм. 

 

14. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 205/МА2026/00007 дугаар магадлалыг хүчингүй болгож, Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар 02-ны өдрийн 311/ШШ2025/00595 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

                 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.БАТЗОРИГ

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Н.БАЯРМАА

                                       ШҮҮГЧИД                                           Н.БАТЧИМЭГ

                                                                                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН