Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 10

 

ХХААХҮЯ-ны МХС-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01131/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1180 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХХААХҮЯ-ны МХС-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б Т” ХХК-д холбогдох

“Зээлийн үлдэгдэл төлбөр 325.000.000 төгрөг, алданги 161.700.000 төгрөг нийт 486.700.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хулангийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бат-Өлзий, Я.Отгонбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хулан, Ё.Ринзаан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч МХС-гаас:

           “Б Т” ХХК нь ХХААХҮЯ-наас зарласан “малын тэжээлийн хангамжийг сайжруулах” төсөл сонгон шалгаруулах шалгаруулалтад тэнцээд МХС-тай 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 201729 тоот зээлийн гэрээ байгуулж 400 сая төгрөгийн хүүгүй зээл авсан. Энэ зээлийн гэрээгээр авсан мөнгөө 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаанд тэнцүү хувааж төлөх байсан. Хариуцагч компани нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 75.000.000 төгрөг төлсөн байдаг. Өөр ямар ч төлбөр хийгээгүй, үлдсэн зээл 325.000.000 төгрөг, алданги 161.700.000 төгрөг, нийт 486.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргажээ.                          

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хулан, Ё.Ринзаан нараас:

“Б Т” ХХК нь нэхэмжлэгчтэй 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ хийж 400 сая төгрөгийн зээл авсан. Оросын холбооны улсын Русэкспорт компаниас малын тэжээл импортлон худалдан авахаар 420 орчим сая төгрөгийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш нэг удаа 40 орчим сая төгрөгийн нийлүүлэлт хийгээд түүнээс хойш ахин нийлүүлэлт хийгээгүй. Энэ гэрээний дагуу манай компани монгол мөнгөөр 393.740.000 төгрөг, оросоор бол 9.335.000 рублыг шилжүүлсэн байдаг. Нэхэмжилж байгаа алдангийн хэмжээ 161.700.000 төгрөгийг төлөхөд манай компанид хэт хохиролтой байна.. Гэрээ байгуулагдсан нь үнэн зээл авсантай маргахгүй, 75.000.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 325.000.000 төгрөгийг төлөх гэж байгаа. Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу алдангийг багасгаж өгөөч гэж хүсэж байна гэж тайлбар гаргажээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1180 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Б Т” ХХК-аас 435.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МХС-д олгож, 51.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Бат дэлгэр трейд ХХК-аас 2.335.450 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Хулан давж заалдсан гомдолдоо:

            ...Манай байгууллага нь ХХААХҮЯ-ны МХС-тай байгуулсан гэрээнд заасан зорилгын дагуу өвс тэжээл худалдан авахад тухайн хөрөнгийг зарцуулсан боловч хариуцагч байгууллага маань гэрээний үүргээ зөрчсөний улмаас өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийж чадахгүй хүндрэл учраад зогсохгүй үйл ажиллагаа маань доголдоод байна.

Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс 161.700.000 төгрөгийн алданги тооцсон нь анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан алдаатай байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт 110.500.000 төгрөг болгон өөрчилсөн нь манай байгууллагын хувьд хэт хохиролтойгоор тогтоогдоод байна. Иймд манай байгууллагын гэрээний дагуу үйл ажиллагаа явуулахаар авсан арга хэмжээг үнэлж, түүний дагуу гуравдагч этгээдээс хамааран үүргийн гүйцэтгэл маань доголдож, үйл ажиллагаа маань хэвийн бус болоод байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт "анзын хэмжээ" илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно" гэж заасны дагуу алдангийн хэмжээг багасган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ХХААХҮЯ-ны МХС- нь хариуцагч “Б Т” ХХК-д холбогдуулан зээлийн төлбөр 325.000.000 төгрөг, алданги 161.700.000 төгрөг, нийт 486.700.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч зээлийн үлдэгдэл төлбөр 325.000.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, анзын хэмжээ хэт их байгаа тул хэргийн нөхцөл байдлыг харгалзан алданги 161.700.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг хүссэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч тал  “...анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно" гэсний дагуу анзын хэмжээг багасгаж өгөхийг хүсч давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийг зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Мал хамгаалахтай сантай хариуцагч “Б Т” ХХК нь зээлийн гэрээ байгуулан ОХУ-аас малын өвс, тэжээл импортлон оруулж ирж борлуулах зорилгоор 400.000.000 төгрөгийг, 9 сарын хугацаатай, хүүгүй, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг зээлдүүлэгч талд төлөхөөр тохирчээ.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дууссан үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 400.000.000 төгрөгийг авсан, хариуцагч тал 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр зээлийн төлбөрт 75.000.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй холбоотой ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулжээ.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч нь ОХУ-ын Русэкспорт ХХК руу малын тэжээл авах  гэрээний дагуу  Төрийн банкны нэхэмжлэгчийн дансаар дамжуулан 9.335.100 рубль шилжүүлсэн бөгөөд өөрийн нэрийн дансаар малын тэжээлийн үнийг дамжуулж ОХУ руу шилжсэнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг.

Дээрх байдлаас дүгнэхэд хариуцагч тал зээлийн гэрээнд заасан малын тэжээл бэлтгэх зээлийн зориулалтыг өөр зохицуулалтаар ашиглаагүй, хилийн худалдаанд гэрээний зориулалтын дагуу өөрөөр хэлбэл малын тэжээл бэлтгэх зорилгоор мөнгө шилжүүлжээ.

Гэтэл биелүүлэх гэрээний үүрэг зөрчигдсөнөөс зээлдэгч зээлээ төлж чадахгүйд хүрсэн нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд хариуцагч талд цаг хугацааны хувьд гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээг багасгаж  хариуцагчаас анхан шатны шүүхийн гаргаж шийдвэрлэсэн 110.500.000 төгрөгийн алдангийн 50 хувийг багасгаж 55.250.000 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасан тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар гаргаж хариуцагчид олгохыг дурьдаж шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1180 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын:

“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Б Т” ХХК-аас 435.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МХС-д олгож, 51.200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Б Т” ХХК-аас 379.750.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МХС-д олгож, 106.950.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”  гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.335.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар хариуцагчид буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                     С.ОЮУНЦЭЦЭГ