| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2021/04056/И |
| Дугаар | 183/ШШ2022/00924 |
| Огноо | 2022-04-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2022/00924
2022 оны 04 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2022/00965 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, Тахилт 8 дугаар гудамж, 425в тоотод оршин суух, Харчууд овогт Догоогийн Амгалан /РД:УЕ47090111/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Юу Би таун хотхон, 81б байр, 21 тоотод оршин суух, Боржигин овогт Пилмаагийн Ганзориг /НМ80100119/-т холбогдох
Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4,468,170 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Түвшинтөгс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Цэвэлсүрэн
Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Лхагвадулам
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь өөрийн охин болох А.Аръяасүрэнгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 68 дугаар байрны 9 тоот орон сууцыг П.Ганзоригт 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Орон сууц хөлслөх гэрээ”-ний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, жилийн 9.800.000 төгрөгөөр хөлслүүлсэн. П.Ганзоригт гэрээний хугацааг 1 жилээр буюу 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан. Гэрээндээ төлбөрийг 9 сарын 1, 11 сарын 1, 1 сарын 1, 3 сарын 1-ний өдрүүдэд 2.000.000 төгрөг, 5 сарын 01-ний өдөр 1.800.000 төгрөгийг тус тус төлж байхаар тохирсон. П.Ганзориг тус орон сууцыг хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар хөлсөлж байсан ба 2020 оны 2 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрөө өгөхгүй болсон. Д.Амгалан би төлбөрийг шаардан авдаг байсан ба төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаад, хэлээд ч өгөхгүй сүүлдээ ярьж ойлголцохоо больсон. Улмаар 3, 4 дүгээр саруудын түрээс болон ашиглалтын зардал буюу цахилгаан, дулаан, СӨХ-ны төлбөрийг төлөөгүй хуримтлал үүсгэсэн. Аргаа бараад байраа чөлөөлж өгөхийг гуйсан боловч хэл амаар доромжлоод түлхүүрийг хүлээлгэж өгөхгүй явсаар 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байрны хажуу дэлгүүрт орхисон байсныг хүлээн авсан. Одоо орон сууц хөлслөх гэрээний 2019 оны дутуу төлбөр болох 1.000.000 төгрөг, 2020 оны 3, 4 дүгээр саруудын төлбөр болох 2.000.000 төгрөг, дулааны төлбөр 619.452 төгрөг, цахилгааны төлбөр 11.472 төгрөг, СӨХ-ны төлбөр 265.250 төгрөг, Юнивишны төлбөр 71.996 төгрөгийг төлөөгүй. Ганзориг анх ороод хананы обой сольсон гэж 1.000.000 төгрөгийг төлбөрөөс хасаж байсан ба одоо бид байранд засвар хийж зардал мөн 1.000.000 төгрөг болоод байна. Ингээд төлбөрийн дутуу болох 3.000.000 төгрөг дээр, ашиглалтын зардлууд болох 968.170 төгрөг, засварын зардал 1.000.000 төгрөг нийт 4.968.170 төгрөг болж байгаа ба үүнээс барьцаа болох 500.000 төгрөгийг хасаад нийт 4.468.170 төгрөгийг нэхэмжилж байна. Охин А.Аръяасүрэн нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч А.Аръяасүрэн биш Д.Амгалан нь хөлслөх гэрээний оролцогч гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул өөрийн нэрээр нэхэмжлэлээ гаргаж байна. Би өндөр настай, цар тахал халдварт өвчин ихсэж байгаа тул хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд П.Ганзоригоос орон сууц хөлслөх гэрээний үүргийн дагуу 4.468.170 төгрөгийг гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.441 төгрөгийн хамтаар олгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэвэлсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч П.Ганзориг нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 68 дугаар байрны 09 тоот хаягт байрлах 94 м.кв 3 өрөө байрыг өдөр өнжүүлэх үйлчилгээний зориулалттай ашиглахаар Д.Амгалантай харилцан тохиролцож 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Дээрх байрны жилийн түрээсийн төлбөрт 9.300.000 төгрөг, барьцаа 500.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Тус байрыг өмнө нь түрээсэлдэг байсан бөгөөд өдөр өнжүүлэх үйлчилгээ явуулахад зайлшгүй засвар хийх шаардлагатай байсан бөгөөд засвартай холбоотой асуудлаар Д.Амгалантай харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээсийн төлбөрөөс 1.000.000 төгрөгийг хасаж тооцон засварыг түрээслэгч талаас хийхээр талууд харилцан тохиролцсон байдаг. Тухайн үед засварын зардал 1.400.000 төгрөг болж байсан бөгөөд 300.000 төгрөгийг ажлын хөлсөнд, үлдсэн 1.100.000 төгрөгийг обой, зураг, хана таазны эмульс, гэрэл зэргийг засварлахад зарцуулсан. Д.Амгалантай байгуулсан орон сууц хөлслөх гэрээний хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусах байсан бөгөөд бид харилцан тохиролцож 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгаж тухайн жилийн түрээсийн төлбөрийг 9.800.000 төгрөг байхаар тохиролцсон. Түрээсийн төлбөрийг Д.Амгалангийн Хаан банкны 5019424774 тоот дансанд төлдөг байсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны 2.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Өдөр өнжүүлэх /хүүхэд харах/ үйлчилгээг 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд явуулсан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд сурагчдын ээлжийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа зогссон. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр сурагчдын ээлжийн амралт дуусаж хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор өдөр өнжүүлэх үйл ажиллагаа эхэлсэн хэдий ч 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс коронавирус /ковид-19/-ын цар тахал гарсантай холбоотойгоор манай улсад өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласны улмаас бид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Дээрх нөхцөл байдлын улмаас 3 сард өгөх ёстой байсан түрээсээ өгөх боломжгүй болсон тухай Д.Амгалантай утсаар ярьж, нөхцөл байдлаа хэлэхэд ийм нөхцөл байдалтай байхад би юу авах вэ дээ. Цаашид жаахан харж байгаад болох байлгүй дээ гэж хэлсэн. Түүнээс хойш коронавирус /ковид-19/-ын цар тахал улам ихсэж хатуу хөл хорио тогтоосон. Хатуу хөл хорио тогтоож сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор ажиллах боломжгүй болсон тухайгаа Д.Амгаланд хэлээд, бид тооцоогоо нийлэхээр болж 4 дүгээр сарын эхээр Хангай хотхоны тэнд очиж Д.Амгалан болон эхнэртэй нь уулзаж тооцоогоо нийлсэн бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 12-ны орой нүүсэн. Байрны төлбөр дээр бидний дунд маргаан гарсан боловч бид төлбөрийн тооцоо хийснээр харилцан тохиролцоонд хүрсэн. Байрнаас нүүснийхээ дараа Д.Амгалантай утсаар ярьж байрны түлхүүрийг өгөх гэсэн боловч ах нь Орбитод байна, очиж авах боломжгүй байна гаражийн манаачид өгчих, ах нь байраа хүнд үзүүлэх гэсэн юм гэж байсан. Тухайн үед ажилтай байсан болохоор эхнэртээ хэлээд гаражийн манаачид үлдээчих гэнэ ээ гэж хэлсэн. Эхнэр гаражийн манаачид түлхүүрийг үлдээх гэсэн боловч би саяхан шинээр орсон, авахгүй гээд аваагүй. Д.Амгалантай утсаар ярьж энэ тухай хэлэхэд тэгвэл дэлгүүрт үлдээчих гэж хэлсэн болохоор түүний хэлснээр дэлгүүрт түлхүүрийг нь үлдээсэн. Тухайн байрыг хүлээлгэж өгөхгүй удаасан асуудал байхгүй бөгөөд хүн амьдардаггүй, үйл ажиллагаа ч явуулдаггүй байсан. Зуны 3 сард бол ямар ч ажил, үйлчилгээ явагддаггүй, тухайн байр хоосон байдаг байсан. Харин Д.Амгалан тус байрандаа орч, гарч явдаг байсныг сүүлд нь мэдсэн. Байрны зургийг аваад зарна гэсэн зарыг тавьсан байсан. Энэ тухай өөрт нь хэлэхэд тэгээд яадаг юм гэдэг хариултыг өгч байсан. Д.Амгалан нь П.Ганзоригоос 4.468.170 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлгүй юм. Харин ч Д.Амгалангаас тухайн орон сууцны төлбөрт илүү төлсөн төлбөр, гаражийн халаалт, гаражийн манаачийн зардал мөн барьцаа мөнгийг гаргуулахаар байна. Учир нь тухайн байрны түрээсийн төлбөрт 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 9.800.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон бөгөөд 6.000.000 төгрөгийг төлсөн. Түрээсийн төлбөрийн дэлгэрэнгүй задаргаа: 9.800.000:12=816.666 төгрөг, нэг сарын түрээсийн төлбөр 816.666 төгрөг гарснаас 9, 10, 11, 12, 01, 02, 03 дугаар сарыг дуустал нийт 7 сарын төлбөр төлөгдсөн. 7x816.666=5.716.666 төгрөг болж байгаа юм. П.Ганзориг миний зүгээс 6.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд Д.Амгаланд түрээсийн төлбөр 283.334 төгрөгийн илүү төлсөн. Мөн тухайн байрыг түрээслэхдээ гараж оруулаагүй бөгөөд Д.Амгалан гаражийг өөр хүнд түрээсэлдэг байсан. Байрны төлбөр дээр гражийн халаалт сарын 17.992, гражийн манаачийн зардал сарын 14.300 төгрөг гардаг байсан бөгөөд тус бүрийн зардлын мөнгийг байр түрээсэлж байсан 7 сарын хугацаанд төлж байсан. Д.Амгалан нь гаражийн халаалт, манаачийн зардлыг надаар төлүүлчхээд өөр хүнд түрээсэлдэг байсан. Тухайн үед за за хоёрын хооронд ялихгүй юман дээр юм яриад яахав гэж бодоод гаражийн урсгал зардлыг төлдөг байсан. байрны түрээсийн илүү төлөлт 283.334 төгрөг, гаражийн халаалт 125.944 төгрөг, гаражийн манаачийн зардалд 100.100 төгрөг, барьцаа 500.000 төгрөг, нийт 1.009.378 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг ч гаргах боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгч талаас Иргэний үнэмлэхийн лавлагаа, 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/03186 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/03186 дугаар шийдвэртэй иргэний хэргээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсарган өгсөн санхүүгийн болон төлөлт хийсэн тухай баримтуудыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, тус баримтыг шүүх бүрдүүлсэн болно.
Хариуцагч талаас: Итгэмжлэл, Дансны хуулга, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Д.Амгалан нь П.Ганзоригт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4.468.170 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2 Хариуцагч П.Ганзориг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, харин ч мөнгө илүү төлсөн гэж маргаж байна.
3. Талуудын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 68 дугаар байр 09 тоот 94 м.кв 3 өрөө орон сууцыг нэг жилийн 9.300.000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож, тус гэрээг 2019.09.01-нээс 2020.09.01 хүртэл сунгажээ.
4. Нэхэмжлэгч Д.Амгалангийн охин А.Аръяасүрэн П.Ганзоригт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2020/03186 дугаар шийдвэрээр А.Аръяасүрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй байх бөгөөд Д.Амгалан орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр төлбөр шаардах эрхтэй байна.
6. Хариуцагч П.Ганзориг гэрээний дагуу төлбөрийг төлсөн, харин ч илүү төлсөн гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа байдлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
7. Нэхэмжлэгч Д.Амгалан орон сууцны ашиглалтын төлбөр 619.452 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Батбаян дулаан ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхээс үзэхэд гражийн халаалтын гэж 17.992 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд зохигчдын хооронд байгуулан орон сууц хөлслөх гэрээнд гражийн түрээсийн асуудал тусгагдаагүй тул 17.992 төгрөгийг хариуцагч П.Ганзориг төлөх үндэслэлгүй байна.
8. Мөн нэхэмжлэгч байрны засварт 1.000.000 төгрөг гаргуулна гэх боловч тухайн байранд засвар хийсэн талаарх баримтгүй, энэ талаар баримтаа бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй болно.
9. Иймд П.Ганзоригийн орон сууц хөлслөж байх үеийн буюу 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл СӨХ-ны төлбөр 265.250 төгрөг, орон сууцны ашиглалтын төлбөр 619.452 төгрөгөөс гражийн үнэ 17.992 төгрөгийг хасч 601.460 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 оны 01 дүгээр сарын 31 хүртэл юнивишины төлбөр 71.995 төгрөг, түрээсийн төлбөрийн дутуу 3.000.000 төгрөг, нийт 3.938.706 төгрөгийг П.Ганзоригоос гаргуулж, Д.Амгаланд олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар хариуцагч П.Ганзоригоос 3.938.706 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Амгаланд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 529.464 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Д.Амгалангийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.441 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ганзоригоос 77.969 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Амгаланд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО