Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/965

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа,

Улсын яллагч Н.Энхтулга,   

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б д холбогдох эрүүгийн 2409000001278 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто плаза” төвийн “...” хоолны газарт “олон нийтийн газарт биеэ зөв авч явах талаар шаардлага тавьсан” хохирогч Г.Э тай маргалдаж, улмаар уруул хэсэгт нь толгойгоороо мөргөж, нүүр хэсэгт нь гараараа цохих, баруун гарын шуу хэсэгт нь сандлаар цохих зэргээр биед нь дээд уруулд язарсан шарх, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...шүүгдэгч Б.Б нь 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто плаза” төвийн “...” хоолны газарт “олон нийтийн газарт биеэ зөв авч явах талаар шаардлага тавьсан” хохирогч Г.Э тай маргалдаж, улмаар уруул хэсэгт нь толгойгоороо мөргөж, нүүр хэсэгт нь гараараа цохих, баруун гарын шуу хэсэгт нь сандлаар цохих зэргээр биед нь дээд уруулд язарсан шарх, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Г.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдөр найзууд болох Л.М, М нартай 02 цаг өнгөрч байхад уулзаад пабад суусан. Тэгээд Тэнгис кино театрын ойролцоох Америта нэртэй баар ороод гурав гурван пиво авч ууцгаасан. Ууж дуусаад гэр гэр лүүгээ харихын өмнө гурваа Авто плазагийн хажуу талын ... орж хоол идчихээд салахаар тохиролцсон. ...д 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр үүрийн 04 цаг 53 минутын хавьцаа орж хоолоо захиалчхаад баруун хойд талын 2 дахь ширээн дээр сууцгаасан. Суугаад байж байхад манай яг урд талын ширээний /нэг эрэгтэй, нэг эмэгтэй нь нэг насанд хүрээгүй хүүхэд/ эрэгтэй хүн /гадуураа саарал цамц, саарал футболк, сандаалтай, тарган биетэй хүн байсан/ захиалгын хоолоо авч ирж байсан эмэгтэй/ эхнэр, нөхөр хоёр бололтой байсан/-н паднуустай хоолыг гараараа савж унагаагаад шалаар нэг хоол асгаад, нөгөө эмэгтэй дахиж хоол авч ирэхэд дахин нөгөө авчирсан хоолыг нь гараараа саваад унагаасан. Тэгээд эмэгтэй нь яагаад хоол саваад асгаад байгаа юм бэ гэхэд намайг зодсон гэх эрэгтэй “чи гичий минь, зулбасга та хоёрыг тэжээхгүй шүү, аятайхан хоол өгчихгүй” гэх мэт тэр хоёр ... даяар чанга чанга дуугаар хэрэлдсэн. Тухайн үед хүүхэд нь чихээ таглаад суучихсан. Тэгээд аймар хэлэх хэлэхгүй үгээр хараагаад байхаар нь би тэсэхээ болиод “чи болиоч ээ, энэ олон нийтийн газар, чи жаахан хүүхэд, эмэгтэй хүнийг тэгж хэлж болох юм уу, жаахан хүүхэдтэй явж байна, болиоч ээ” гэж хэлэхэд над руу эргэж хараад миний уруул хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд миний уруулын зүүн дээд хэсэг сэтэрсэн. ...Хойшоо ухраад баруун гараараа дээрээ хаагаад байж байхад сандал аваад миний хааж байсан баруун гар руу цохисон. Тэгээд манай найзууд болиоч гэж хэлээд холбогдогчийг надаас салгасан. Хэсэг гайгүй болоод байж байгаад дахиад над руу дайрсан. Миний хацар руу мөргөсөн. Намайг зодох гэж дахиж ширээ тойрч гүйсэн. Дахиад сандал авч хоёр гурван удаа над руу дайрсан. “Чи хэдэн төгрөг авах юм, би аймар том артай, чи зүгээр хэлсэн үнээ хэл” гэж байсан. Би зугтаасан. Тэгээд манай найз цагдаа дуудаад, нөгөө найз маань салгаад, удалгүй цагдаад ирээд нөгөө нөхрийг аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар тал/,

 

Гэрч Т.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн өдөр үүрээр 05 цагийн үед найзууд болох Э, М  нарын хамт 3 дугаар сургуулийн замын эсрэг талд байх ...  нэртэй хоолны газарт орсон. Ороод бид хоолоо захиалаад хүлээгээд сууж байсан юм. Тэгтэл бидэнтэй залгаа ширээнд сууж байсан эрэгтэй хүн эхнэр, хүүхэдтэйгээ явж байсан бололтой байсан. Тэр эрэгтэй согтуу байсан бөгөөд эхнэр лүү гээ шөлтэй хоол цацчихсан юм. Тэр үед нь манай найз Э  тэр залууд хандаж “Чи болиоч эмэгтэй хүн рүү” гэсэн үг хэлсэн бөгөөд тэр хоол цацдаг залуу босож ирээд манай найз Э тай барилцаад авсан. Тэр залуу Э ыг босож ирмэгц уруул хэсэг рүү нь толгойгоороо нэг удаа мөргөчихсөн. Тэгээд манай найз М  бид хоёр салгаад тэр 2 ширээ ширээн дээрээ суусан боловч ширээний наана цаанаас маргалдаад байсан. Тэгтэл тэр залуу босож ирээд манай найзыг сууж байх үед нь нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Дараа нь хажууд байсан сандал аваад Э ын нүүр хэсэгт цохих гэсэн боловч Э  гараараа хаасан. Тэгээд М  бид хоёр тэр залууг болиулаад бариад зогссон ба цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 10935 дугаартай “...Г.Э ын биед дээд уруулд язарсан шарх, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар тал/,

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр Г ын Э ын сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлийг тогтоов" гэх хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн талаарх тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр тал/,

 

Шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 8 дугаар сарын 18-ны шөнө гэж санаж байна, эхнэр, болон хүүхдийн хамт 3 дугаар сургуулийн эсрэг талд байх ...  нэртэй хоолны газарт орсон. Тэгээд би хоолоо захиалаад сууж байгаад ширээн дээрээ хоёр гараа дэрлээд унтаад өгсөн. Манай эхнэр хоол авч ирж байгааг мэдээгүй, цочоод сэрэхдээ хоолыг нь санаандгүй цохиод асгачихсан юм. Тэгээд манай эхнэр яаж байгаа юм гэхээр нь би цочсондоо санаандгүй ийм зүйл болчихлоо гээд байж байтал ард талын ширээнд сууж байсан залуучуудын нэг нь босож ирээд “Чи писда минь болиоч” гэж хэлээд маргаан эхэлсэн. Тэр залуу намайг хараалын үгээр харааж доромжлоод байсан. Би тэр залуугийн урд очоод зогссон. Тэгтэл тэр залуу намайг хэл амаар доромжлоод зүй бусаар хэлээд байсан. Тэгээд миний уур хүрээд тэр залууг би баруун гараараа нэг удаа алгадсан. Тэр залуу ширээ тойроод яваад байсан бөгөөд намайг доромжлоод байсан. Тэгэхээр нь би хажууд байсан сандлыг аваад цохих гээд далайсан бөгөөд сандлаар бол цохиогүй. Тэгээд цагдаа нар ирээд бид хоёрыг аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдож байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд би маш их харамсаж, сэтгэл санаагаар унаж, гэмшиж байсан. Энэ хүнтэй маргалдах болсон шалтгаан нь намайг хэл амаар доромжилсон. Би эхнэртэйгээ, охин дүүтэйгээ цайны газар хоол идээд сууж байсан. Цайны газар байсан хүмүүс тэр хүнд чи амнаасаа болов, болиоч ээ гэж хэлсэн. Тэр хүн чи эхнэрээ жаргааж чадахгүй бол би жаргаагаад өгье гэж хэлээд салтаанд нь гараа хүргээд байсан. Намайг гаднах үзэмж, тарган, бүдүүнээр нь доромжлохоор нь би тэсэхгүй, аргагүй эрхэнд энэ үйлдлийг хийсэн. Гэхдээ би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад тэр доромжлолын үгсийг сонсох хэцүү байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Авто плаза” төвийн “...” хоолны газарт “олон нийтийн газарт биеэ зөв авч явах талаар шаардлага тавьсан” хохирогч Г.Э тай маргалдаж, улмаар уруул хэсэгт нь толгойгоороо мөргөж, нүүр хэсэгт нь гараараа цохих, баруун гарын шуу хэсэгт нь сандлаар цохих зэргээр биед нь дээд уруулд язарсан шарх, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчоос гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтыг ирүүлээгүй. Хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж, Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна....” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 10935 дугаар дүгнэлтээр хохирогч Г.Э ын биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хөнгөн хохирол учруулсан, эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг хөндсөн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б ын уруул хэсэгт нь толгойгоороо мөргөж, нүүр хэсэгт нь гараараа цохих, баруун гарын шуу хэсэгт нь сандлаар цохих зэргээр хохирогч Г.Э ын биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, шинжээчийн дүгнэлтэд дурдсан хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүхээс тогтоосон үйл баримт болох шүүгдэгч Б.Б ын “...хохирогч Г.Э тай маргалдаж, биед нь дээд уруулд язарсан шарх, баруун шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол...” учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул түүнийг “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Уг гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг хоёрдугаар зэрэглэл гэж тогтоосон, түүнийг хохирогч Г.Э  хүлээн зөвшөөрсөн баримт хэрэгт авагджээ.  

Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №25 дугаартай тогтоолоор “...нөхөн төлбөрийн жишиг аргачлал...”-ыг баталсан. Хоёрдугаар зэрэглэлд нөхөн төлбөрийн хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гэж тогтоож өгсөн байна.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 10935 дугаартай дүгнэлт, уг гэмт хэргийн улмаас үүсэх сөрөг үр дагавар, цаашид эмчилгээ хийлгэх биеийн байдал зэргийг харгалзан нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоож, сэтгэцэд учирсан хор уршигт тооцон хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Б аас 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э ад олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Б нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр тал/, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 43 дугаар тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 45 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. 

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд  төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б аас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Э ад олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТСАЙХАН