Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга П.Э,

улсын яллагч Б.А,

шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-н Д-д холбогдох эрүүгийн 2417000000093 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд **аймгийн **суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, *** байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт *** аймгийн *** сумын *** дугаар баг, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд *** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** оны 07 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх Б овогтой Н-н Д /РД:***/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр хасуулсан үедээ дахин согтуугаар **аймгийн ***сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн 51-63 ГСА улсын дугаартай Тоёота Пассо загварын тээврийн хэрэгслийг 1,73 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000000093 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Н.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоо эмнэлэгт хэвтэж байгаа. Дахин тээврийн хэрэгсэл жолоодох боломжгүй болсон гэв.

2. Шүүгдэгч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тухайн үед болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлсэн байгаа, тийм болохоор би өмнөх гэрчийн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй байна. Миний тухайд өөрийн хийсэн үйлдэлд үнэн санаанаасаа гэмшиж байна, би өөринйхөө үйлдлийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байна, хуулийн дагуу арга хэмжээ авхуулахад татгалзах зүйл байхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

3. Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр би замын цагдаагийн тасгийн өдрийн эргүүлд Сүмбэр сумын 3 дугаар багт олон нийтийн цагдаа Б.О-н хамт 10 цаг 00 минутаас 17 цагийн хооронд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд Сүмбэр сумын 3 дугаар баг Найрмадал хотхоны 8 дугаар байрны хажууд явж байтал 51-63 ГСА улсын дугаартай, улаан хүрэн өнгийн “Toyota Passo” маркийн машинтай хүн явж байхаар нь зогсоож шалгахад жолооч Д гэх хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан бөгөөд нүдээр харахад архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байгаа нь мэдэгдэж байсан. Тэгэхээр нь би тухайн хүнийг машинтай нь хамт аймгийн цагдаагийн хэлтэс дээр авчирч ирээд согтуурлын зэрэг шалгадаг драйгер багажаар шалгаж үзэхэд 1,73 гэсэн тоон үзүүлэлт заасан. Тухайн үед Д гэх хүн би айраг уусан байсан чинь аймгийн Шүүхээс дуудахаар нь яараад машинаа жолоодоод гараад ирсэн гэж ярьж байсан. Тэгээд тухайн хүний тээврийн хэрэгслийг нь түр саатуулах хашаанд байрлуулаад, жолоочийг эгч нь гэх хүнд хүлээлгэж өгсөн. Харин тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь бичиг баримтаа өмнө нь хураалгасан гэх шалтгаанаар өгөөгүй, жолооны үнэмлэхийг нь асуухад эрхээ хасуулсан байгаа гэж хэлэхээр нь албанд ашигладаг X Cover маркийн торгуулийн багажаар жолоочийн мэдээллийг шалгаж үзэхэд тухайн жолооч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 06 дугаар сард хасуулсан байсан. Тухайн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл гэмт хэргийн шинжтэй байсан тул бүртгэлээр оруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,

4. Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Манай нөхөр Д бид хоёр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 1-5-74 тоотод хоёулахнаа амьдардаг, манай хүүхдүүд бүгд тусдаа гарцгаасан, бид хоёр хоёулаа өндөр насны тэтгэвэрт гарсан. Манай нөхөр хүнд тусархуу, өрөвчхөн, өөрт нь юм байвал хүнд өгчихдөг хүн байгаа юм. Миний нөхөр гарын үзүүрээр юм хийчихдэг, сантехникийн ажил хийдэг, түүнийг нь хүмүүс ашиглаад юм хийлгэчихээд архи өгчихдөг болсон байсан. Манай нөхөр хүний өөдөөс “Үгүй” гэж хэлж чадахгүй, хүний аясаар л байдаг хүн байгаа юм. Д архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ янз бүрийн муухай ааш зан гаргаад байдаггүй, гэр орондоо ажилсаг, үг дуун цөөтэй, найз нөхдийн хүрээлэл сайтай хүн юм. Би 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр яваад 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ирсэн, энэ хооронд манай нөхөр Д гэртээ ганцаараа байсан, энэ үедээ л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

5. Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ

Манай хүргэн ах Д нь гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна, Д ах 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тархины хагалгаанд орсон, одоогоор биеийн байдал хүндэвтэр, сахиуртай байгаа гэсэн. Би өөрөө очиж нүдээрээ хараагүй болохоор сайн мэдэхгүй байна, манай эгч Э над руу утсаар яриад болсон зүйлийн талаар хэлээд цагдаагийн байгууллага дээр Д-ийн шалгагдаж байгаа байцаагч дээр очоод энэ тухай хэлээд өгөөч гэсний дагуу би ирж мэдэгдэж байгаа нь энэ юм. Д ахын саяны орсон тархины хагалгаа нь түүний ясыг цоолоод тархинд нь цусыг шимэгдүүлэг гуурс тавьсан байгаа гэсэн бөгөөд тухайн эмчилгээ нь үр дүн бага бол цаашаа дахин том хагалгаанд орно гэж байсан. Түүнийг хагалгаанд орсон талаарх зураг над руу явуулсан байна, түүнийг нь нотлох баримтаар гаргаж өгнө... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

6. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

7. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/232 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

8. Шүүгдэгч Н.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дугаар хуудас/

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 36-39 дүгээр дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч Н.Д-д холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Н.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр хасуулсан үедээ дахин согтуугаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн 51-63 ГСА улсын дугаартай Тоёота Пассо загварын тээврийн хэрэгслийг 1,73 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.Д гэм буруугийн шүүх хуралдаанд “100 хувь миний буруу” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Н.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ шүүхээр хасуулсан үедээ дахин согтуугаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн 51-63 ГСА улсын дугаартай Тоёота Пассо маркийн тээврийн хэрэгслийг 1,73 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт болсон байна гэж үзлээ.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Н.Д нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлжээ. Шүүгдэгч Н.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 1 жилийн хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Түүнчлэн шүүгдэгч Н.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь согтолтын зэрэг шалгасан тухай тэмдэглэл, Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Н.О-н 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн рапорт, гэрч Н.О-н мэдүүлэг, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ЗШ/232 дугаартай шийтгэврийн хуулбар, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Н.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Д нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Н.Д нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Н.Д-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгч Н.Д-ийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Н.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд уг зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 3500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоол оногдуулсан торгох ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.Д эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Н.Д-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Н.Д-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Н.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 13 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 1 жил 9 сар 13 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Н.Д-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 төгрөгөөр торгох ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь тархины хагалгаанд орсон байдлыг харгалзан түүнийг 6 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр эмчилгээ хийлгэхээс бусад тохиолдод Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 9 сар 13 хоногийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Н-н Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Д-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ял дээр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 9 /ес/ сар 13 /арван гурав/ хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 1 /нэг/ жил 9 /ес/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ид Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3000000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь 6 /зургаа/ сарын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр эмчилгээ хийлгэхээс бусад тохиолдод Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 9 /ес/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ЭНХМАНДАХ