Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2022/00724

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, жуков оффис хаягт байрлах Х ХХК РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 0 байр, 00 тоот хаягт байрлах Ц-ийн М /РД:000000000/,

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж,0 байр, 00 тоот хаягт байрлах, Д-ийн С / РД:000000000/ нарт холбогдох,

 Зээлийн гэрээний үүрэгт 142 203 491 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Х.Х, хариуцагч буюу хариуцагч Д.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Ц.М, Ц.С нар нь Х ХХК-наас 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулж 132 100 000 төгрөгийг 16,8 хувийн хүүтэй 96 сарын хугацаатай зээлийн барьцаанд Ц.М-ийн өмчлөлийн JTMHU0J7H41503 арлын УНГ0000 улсын дугаартай бор өнгийн Toyota Land Cruiser 200 маркийн авто машиныг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 21 861 059,2 төгрөг, хүүгийн төлбөрт 54 829 345,88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13 738,64 төгрөг, нийт 76 704 143,72 төгрөгийг төлсөн байна. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс зээлдэгч нарт зээлээ төлөх тухай мэдэгдэл бичгээр өгч, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөгдөөгүй. Иймд зээлдэгч Ц.М, Д.С нараас үндсэн зээлийн төлбөрт 110 238 940,8 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 31 964 550,37 төгрөг, нийт 142 203 491,17 төгрөгийг гаргуулж, мөн тухайн барьцааны хөрөнгө болох ланд 200 маркийн авто машинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ц.М миний бие 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 132 100 000 төгрөгийн автомашины зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй 96 сарын хугацаатай авсан. Зээл авснаас хойш эргэн төлөх хуваарийн дагуу төлж байсан бөгөөд 2019 оны сүүлээс цар тахал, хөл хорионы улмаас орлого байхгүй бизнес доголдон зээлийн хугацаа хэтэрсэн. Гэвч зээлийг өөрийн бололцоогоор өнөөдрийн байдлаар 76 704 143,72 төгрөг төлөөд байна. Х нь өнөөдрийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр зээлийн гэрээг өөрийн сонирхлоор цуцлан нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь надаас шалтгаалаагүй хүчин зүйл болох дэлхийг хамарсан цар тахлын улмаас бизнес зогсож орлогогүй болсон. Хугацаа хэтэрсэн төлбөрийн талаар банкны зүгээс мэдэгдэл миний гарт өгсөн зүйл байхгүй. Мөн зээлийн гэрээний эцсийн хугацаа 2025 оны 08 дугаар сард дуусах тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 08 сарын 11-ний өдрийн ЗГ000000000 тоот гэрээ, мөн өдрийн БГ00000000 тоот барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, зээлийн дансны хуулга, зээлийн бүртгэлийн карт, 2021 оны 05 сарын 13-ны өдрийн 00/0000 тоот, 2021 оны 06 сарын 15-ны өдрийн 00/0000 тоот, 2021 оны 09 сарын 14-ны өдрийн 00/0000 тоот зээл төлөх мэдэгдэл эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч нараас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХХК хариуцагч Д.С, Ц.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 142 203 491 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зээлдэгч зээл, зээлийн хүүг төлөх гэрээний үүргээ зөрчсөн, зээлийг төлүүлэхээр зээлдэгчтэй удаа дараа уулзаж, төлбөр төлөх мэдэгдэл өгсөн боловч гэрээний үүрэг биелэгдээгүй тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 110 238 940,8 төгрөг, зээлийн хүү 31 964 550,37 төгрөг, нийт 142 203 491,17 төгрөгийг гаргуулна, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч гэрээ байгуулсан, гэрээний дагуу мөнгөн хөрөнгө хүлээн авсан үйл баримт болон зээлийн тооцооллын талаар маргаагүй. Харин ...цар тахлын улмаас зээлийг хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Банк хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар гэрээг цуцалж байгаа нь үндэслэлгүй... гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигч 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ЗГ000000000000 дугаартай зээлийн гэрээ байгуулж, Х 132 100 000 төгрөгийг тээврийн хэрэгслийн зориулалтаар жилийн 16,8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч Ц.М, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.С нар гэрээнд заасан эргэн төлөх хуваарийн дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож JTMHU0J7H41503 арлын 0000УНГ улсын дугаартай бор өнгийн Toyota Land Cruiser 200 маркийн авто машиныг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан.

 

Зээлийн болон барьцааны гэрээг талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, Авто тээврийн үндэсний төв болох бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.

 

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурсан, гэрээг хуулийн хүрээнд, сайн дурын үндсэн дээр бичгээр үйлдэж, баталгаажуулсан байх тул хэн аль нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Түүнчлэн үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

 

Гэрээний дагуу банк зээлийн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлд 21 861 059,2 төгрөг, үндсэн хүүд 54 829 345,88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13 738,64 нийт 76 704 143,72 төгрөгийг төлсөн, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

 

Гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 61/1054 тоот, 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 00/0000 тоот, 2021 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн 00/0000 тоот зээл төлөх мэдэгдэл гэх баримтаар тогтоогдож байх ба хариуцагч тухайн баримтыг үгүйсгэн няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дуусах хэдий ч зээлдэгч нар гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг удаа дараа зөрчсөн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээг цуцлах нь хууль болон гэрээнд заасан нэхэмжлэгчийн эрх бөгөөд тэрээр энэ эрхээ хэрэгжүүлж, гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтрүүлсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар 2017 оны 08 сарын 11-ний өдөр ЗГ000000000000 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй ба зээлийн тооцоолол үндэслэлтэй байх тул хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр 110 238 940,8 төгрөг, зээлийн хүү 31 964 550,37 төгрөг, нийт 142 203 491,17 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул хариуцагч нар шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.М, Д.С нараас 142 203 491,17 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Ц.М, Д.С нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох JTMHU0J7H41503 арлын УНГ0000 улсын дугаартай бор өнгийн Toyota Land Cruiser 200 маркийн авто машиныг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 939 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.М, Д.С нараас улсын тэмдэгтийн хураамж 939 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-нд олгосугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ