| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2024/0105/э |
| Дугаар | 2024/ШЦТ/106 |
| Огноо | 2024-10-24 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Р.А,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт О-н М-д холбогдох эрүүгийн 2417000000115 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны ***дугаар сарын ***-нд **** аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл **, *** аймгийн ** *** дугаар баг, *** гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт О-н М /РД:ЕЙ/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч О.М нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суМ-н 2 дугаар баг, Ханангийн эгнээнд байрлах засмал зам дээр 67-69 ГСА улсын дугаартай “Тоёота Ипсум” загварын тээврийн хэрэгслийг 1.30 хувийн согтолттойгоор жолоодон заМ-н хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.М нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суМ-н 2 дугаар баг, Ханангийн эгнээнд байрлах засмал зам дээр 67-69 ГСА улсын дугаартай “Тоёота Ипсум” загварын тээврийн хэрэгслийг 1.30 хувийн согтолттойгоор жолоодон заМ-н хөдөлгөөнд оролцсон болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1-2 дугаар хуудас/,
2. Гэрч Н.О-н “...2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би замын цагдаагийн тасгийн өдрийн эргүүлд Сүмбэр сумын 3 дугаар багт олон нийтийн цагдаа Б.О-н хамт 10 цагаас Баянтал босоо тэнхлэгийн А0101 авто зам дээр цагийн менежментийн үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд тухайн замаас Говьсүмбэр-ЗаМ-н-Үүд чиглэлийн замд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр Говьсүмбэр аймагт 14 цагийн орчим орж ирээд Сүмбэр 2 дугаар баг Ханангийн эгнээний засмал замаар явж байтал 67-69 ГСА улсын дугаартай цагаан хүрэн өнгийн “Ipsum” маркийн машинтай хүн баруун талаас зүүн тийшээ чиглэлтэй явж байхаар нь зогсоож шалгахад жолооч О.М гэх хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан бөгөөд нүдээр харахад архи согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байгаа нь мэдэгдэж байсан. Тэгэхээр нь би тухайн хүнийг машинтай нь хамт аймгийн цагдаагийн хэлтэс дээр авч ирээд согтолтын зэрэг шалгадаг драйгер багажаар шалгаж үзэхэд 1.30 гэсэн тоон үзүүлэлт гарсан. Тухайн үед М гэх хүн би найзындаа 2-3 стакан айраг уусан гэж ярьж байсан бөгөөд хажуудаа үл таних эрэгтэй хүнтэй хамт явж байсан бөгөөд тухайн хүн нь ч гэсэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгээд тухайн хүний тээврийн хэрэгслийг нь түр саатуулах хашаанд байрлуулаад жолоочийг нь эхнэр нь гэх хүнд хүлээлгэж өгсөн. Харин тухайн хүнээс жолооны үнэмлэхийг нь асуухад ямар нэгэн зүйл хэлэхгүй болохоор нь Х Cover маркийн торгуулийн багажаар жолоочийн мэдээллийг шалгаж үзэхэд тухайн жолооч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 05 дугаар сард хасуулсан байсан. Тухайн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож заМ-н хөдөлгөөнд оролцсон үйлдэл гэмт хэргийн шинжтэй байсан тул бүртгэлээр оруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
3. Гэрч Д.М-н “...Би 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр өөрийнхөө найз Б-н гэрт нь очоод танилынхаа машины цахилгааны массыг нь үзүүлсэн. Тэгээд машинаа засч дуусчихаад би Сүмбэр суМ-н 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Амутай гэдэг нэртэй дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай Экс нэртэй 1 шил архи аваад түүнийгээ найз Б-тай хамт хувааж уугаад талдаа орж байтал миний төрсөн дүү М аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа миний гар утас руу залгаад өдрийн хоол дөхүүлэх хүнгүй болсон тул өдрийн хоол дөхүүлээд өгөөч гэж ярьсан. Тэгэхээр нь би өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор өөрийн найз М-ийн гар утас руу залгаад эмнэлэг рүү хоол дөхүүлээд өгөөч гэж гуйсан. Тэгтэл М би айраг уучихсан байна гэж хэлэхээр нь хэр зэрэг уусан юм бэ гэж асуусан чинь М би хүнээс 5 литр айраг авсан, түүнээсээ 1 стакан хэртэй уусан байна гэж хэлэхээр нь би тэгвэл гайгүй бол хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал М өөрийнхөө цагаан өнгийн Ipsum маркийн тээврийн хэрэгслээ жолоодчихсон ганцаараа манай гэрт ирсэн. Тэгэхээр нь би түүний машинд нь суугаад Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг орж дүүдээ хоол өгчихөөд буцаад гэр лүүгээ хүргүүлэх гээд явж байтал Сүмбэр суМ-н 2 дугаар баг, Ханангийн эгнээний засмал замаар явж байтал цагдаа зогсоогоод шалгасан. Тэгтэл М-ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд цагдаагийн байгууллага руу авч явсан. Цагдаа дээр ирээд М-ийг согтуурал шалгадаг багажаар шалгасан чинь согтолттой байна гэж байсан. Би яг хэдэн хувийн согтолттой гарсан эсэхийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
4. Гэрч Д.Ц-ын “Манай найз М их ажилсаг, машин техник янзлах ажилд их сайн, техник сэтгэлгээтэй, хүний үгэнд сайн ордог, өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг, гарын дүүтэй, ямар ч зүйлийг хийнэ л гэдэг хүн байгаа юм. Мөн найз нөхдийн хүрээлэл сайтай, бусдад тустай, архи согтууруулах ундаа хааяа хэрэглэдэг ч гэсэн ямар нэгэн муухай ааш зан байхгүй, хүнтэй нийцэрхэг, тоглоом наргиа сайн даадаг, одоогийн байдлаар эхнэр хүүхэдгүй байгаа, өмнө нь эхнэртэй байсан ч түүнээсээ тусдаа амьдардаг. Амьдралын төлөө л зүтгэж яваа залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
5. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
6. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ЗШ/** дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,
7. Шүүгдэгч О.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан гэрч Н.О, Д.М нарын мэдүүлэг, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2024/ЗШ/** дугаартай шийтгэврийн хуулбар, шүүгдэгч О.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч О.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.М нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Г.Э нарын хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч О.М нь тухайн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2900000 төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Шүүгдэгч О.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2 900 000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч О.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ