| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2024/0106/э |
| Дугаар | 2024/ШЦТ/108 |
| Огноо | 2024-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Т.Д,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-н овогт Ц-н Т-т холбогдох эрүүгийн 2417000000113 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19*** оны ** дүгээр сарын **-нд *** аймгийн ***суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, эхнэр *** хүүхдийн хамт ***** аймгийн ****** сумын 2 дугаар баг, ****** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Ц*н Т /РД:ЗК/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 06-ны орой Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хорихын 75 дугаар байрны 1 дүгээр орцонд хохирогч П.Г-тэй үл ялих зүйлээс болж маргалдан, хувийн таарамжгүй харилцаа үүсэж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа удаа дараалан цохих, газар унагах, газар унасан байхад нь толгой нүүр, зүүн мөр хэсэгт нь хөлөөрөө өшиглөж дэвсэх зэргээр зодож, биед нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы болон доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхины язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, салстын цус хуралт, зүүн бугалгад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2417000000113 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Би тэр хүнийг танихгүй. Ямар нэгэн хувийн өс хонзон байхгүй. Миний үйлдлийн улмаас гэмгүй хүнийг хохироочихлоо. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаж байгаа зүйл байхгүй. Миний хувьд сэтгэл зүйн хувьд хүнд байгаа. Тэр хүнд ч хүнд хохирол учруулчихлаа. Тухайн өдөр гэртээ байж байтал Хорихын 75 дугаар байранд амьдардаг манай нэг ах сонгуульд 5 дугаар багаас нэр дэвшээч гэж гуйгаад байхаар нь уулзахгүй байж байгаад уулзсан. Гашууны эгнээний дэлгүүр орж 0,75 литрийн хэмжээтэй 1 шил архи авсан. Ороод тэр архийг уусан. Дараа нь эхнэрээ явуулаад архи авсан. Өөрөө тасраад унасан. Би ардаас нь унтах шиг л болсон. Өөр санаж байгаа юм санахгүй байгаа гэв.
2. Шүүгдэгч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах Хорихын 75 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхарт П.Г гэх хүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож биед нь хөнгөн зэргийг гэмтэл учруулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
3. Хохирогч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр манай том хүүхэд Г.Т Дорноговь аймгаас эхнэр хүүхдүүдийн хамт 17 цагийн үед ирсэн. Тэгээд Хорихын 75 дугаар байрны тог тасраад 23 цагийн үед ирнэ гэхээр нь тоггүй гэрт байлгаж байхаар гадаа гаргаж Сүмбэр Гарден орж салхилуулья гээд эхнэр Ш.Х 2 ачийг түрүүлж авч гараад машинд суух гээд гарсан. Би бага хүү Г.Т-тэй гарах гээд гэрийн түлхүүр хайж байгаад түлхүүрээ олоод хаалгаа түгжих гэж байтал 3 давхраас нэг залуу шатаар гарч ирээд манай өөдөөс харсан айл руу орох гэж байсан. Би хаалга цоожлоод шатаар буух гэтэл намайг тэр залуу “хөөе” гэж дуудсан. Тэгэхээр нь би эргээд хартал миний нүүрний зүүн хэсэгт оч манарах шиг болоод нэг мэдсэн чинь газарт унасан байсан чинь миний нүүрэн дээр газар хавсраад дэвслээд байсан. Тэгээд намайг зодож байсан залуу түр зодохоо болихоор нь би босоод доош 3 давхар луу буух гэсэн чинь нөгөө залуу 4 давхраас доош 3 давхар луу буудаг хэсэгт гараа алдалж зогсоод намайг буулгахгүй байсан. Доор 3 давхрын урууддаг шатан дээр манай хүүхэд “аавыг минь аллаа” гээд орилж байсан. Тэгэхээр нь би “чи яагаад намайг цохиж зодож байгаа юм” гэсэн чинь намайг зодож байсан залуу “чамайг ална шүү” гэх мэтээр орилж чарлаад байсан. Тэгэхээр нь би буцаад дээш 5 давхар луу зугтааж гүйж гарах гэтэл араас гүйж гарч ирээд намайг дахиж татаж унагаагаад миний толгой болон зүүн гарын мөр хэсэг рүү хавсарч дэвслээд байсан. Тэгсэн доод давхраас манай хүүхэд бахирч гарч ирээд “аавыг минь аллаа, та болиоч” гэж гуйсан чинь намайг зодож байсан залуу хүүхэд харчихаад намайг улам ихээр газар луу хавсарч мөргүүлээд байсан. Би зодуулж байхдаа хүүхдэдээ “ээжийгээ гараад дууд” гэж хэлсэн. Тэгээд хүүхэд гүйж гараад эхнэрийг дуудах гээд гараад явсан. Удалгүй эрээн хувцастай 3 залуу гүйж ирээд салгах гэтэл намайг зодож байсан залуу ойртуулахгүй “ойртвол ална шүү” гээд байсан болохоор тухайн 3 залуу салгаж чадаагүй. Тэгээд удалгүй манай эхнэр доороос гарч ирээд “чи яагаад манай нөхрийг зодож байгаа юм бэ” гээд орилсон чинь намайг зодож байсан залуу буруу хараад зогсохоор нь би хажуугаар нь гүйж зугтаасан. Эхнэр доод давхарт байсан болохоор хамт гараад гүйж машиндаа суугаад явж байтал эргүүлийн цагдаа нар явж байхаар нь болсон асуудлын талаар хэлсэн. Би гомдолтой байна, одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
4. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон П.Г нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдөр нийт 1 396 853 төгрөгийн зардал гарсан байна. Нийт 1 396 853 төгрөгийн зардал гарсан байх бөгөөд дээрх мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
5. Гэрч Ш.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2024 оны 09 дүгээр сарын 06-ны орой гэртээ буюу Сүмбэр сумын 1 дүгээр баг Хорихын 75 дугаар байрны 1 дүгээр орц, 4 давхарт 12 тоотод байж байгаад 19 цаг өнгөрч байхад дэлгүүр орох гээд нөхөр Г, хүү Т нарын хамт гарсан. Тухайн үед би 2 жаахан хүүхэд аваад түрүүлж гараад машиндаа хүлээгээд сууж байсан бөгөөд араас нөхөр Г, Т нар гарч ирэх байсан боловч гарч ирэхгүй удаад байхаар нь би утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд буцаад араас нь ордог юм уу гээд байж байсан чинь манай хүү Т “ээжээ аавыг нэг том биетэй ах зодоод байна авраарай” гээд чарлаад гараад ирсэн. Тэгээд би 75 дугаар байрны 1 дүгээр орц руу ороод 4 давхарт гараад ирсэн чинь манай нөхөр Г-ийг хананд шахчихсан 1 залуу зогсож байсан. 3 давхарт нь 3 залуу байсан. Би тэр 4 залууг нийлээд зодсон байна гэж андуураад 3 давхарт байсан 3 залуу руу та нар аав шигээ хүн зодлоо гэсэн чинь “эгчээ та андуураад байна хүүхэд авраарай гэсэн чимээнээр бид гурав нэг давхраас гарч ирээд байж байна, энэ залууг танихгүй юм байна, манай байрны залуу биш байна, бид нарын танихгүй хүн байна” гэж хэлсэн. Би 3 давхрын шатнаас 4 давхар луу нөхөр лүүгээ ойртох гэхээр нөгөө залуу нөхөр Г-ийг өшиглөх гээд эсвэл гараараа цохих гээд байсан. Тэгээд тэнд байсан 3 залуугийн нэг нь болох цэргийн хувцастай залуу 4 давхарт гараад нөгөө том биетэй залууг цааш нь түлхэж байгаад манай нөхөр Г-ийг наашаа татаж авсан. Тэгээд би нөхрөө аваад шатаар буугаад машиндаа суулгаад хөдөлсөн. Араас нөгөө залуу хөл нүцгэн гүйгээд хүрээд ирсэн, гартаа чулуу барьсан байсан байх. Тэгээд урагшаа хөдлөөд явж байх замдаа цагдаатай таараад болсон асуудлын талаар хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
6. Насанд хүрээгүй гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сүмбэр сумын 1 дүгээр баг, 75 дугаар байрны 1 дүгээр орц 4 давхар 12 тоотоос 19 цаг өнгөрч байхад аав Г-ийн хамт гарч ирсэн. Тухайн үед ээж Х, аав Г бид гурав дэлгүүр орох гэж байсан бөгөөд ээж түрүүлээд гараад явсан байсан. Тэгээд аав бид хоёр гараад ирсэн чинь сагс тоглоод байдаг Т гэж ах нилээн согтуу над руу “ална шүү” гээд байсан. Би согтуу хүн тоглоод байна даа гэж бодоод аавыг аваад буух гэж байсан чинь Т ах аавыг барьж аваад заамдаад цамцнаас нь боогоод байсан. Тэгэхээр нь би аавыг татаж аваад доошоо буух гээд байсан чинь над руу дайраад байхаар нь би доод давхар луу зугтаасан чинь Т ах араас “чамайг гүйцдэггүй юм бол аавыг нь алнаа” гээд байсан. Тэгээд би буцаад 5 давхарт гараад ирсэн чинь аавыг шалан дээр дарчихсан баруун гараараа толгой хэсэг рүү 3-4 удаа цохиод хөлөөрөө толгой хэсэг рүү нь 2, 3 удаа дэвсээд байсан. Өдийгөөд ирэхээр нь дэвсээд толгойн ар хэсгээрээ аав хана мөргөөд байсан. Тэгээд Т ах над руу дайраад миний гарнаас бариад авсан. Тэгсэн аав доошоо зугтаах гэсэн чинь аавыг толгойноос нь татаад арагш нь суулгасан. Тэр үед хориход ажилладаг 3 ах гарч ирээд аавын урдуур ороод тэр ахыг холдуулаад би гараа татаж аваад орцноос гараад ээжийг дуудсан бөгөөд би машинд 2 дүүг хараад үлдсэн. Ээж ороод явсан, удаагүй ээж аавыг дагуулаад гараад ирсэн. Тэгээд машинд суугаад хөдөлсөн чинь Т ах араас чулуу бариад гүйгээд байсан. Тэгээд урагшаа ахынх руу явж байх замд цагдаа таараад ээж болсон асуудлын талаар цагдаад хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
7. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 239 дугаартай дүгнэлтэд:
- П.Г-ийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы болон доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхины язарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, салстын цус хуралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтлүүд нь нийлээд болон тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч Л.Ж гэжээ /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
8. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/,
9. Хохирогч П.Г-ийн өвчний түүх /хх-ийн 63-90 дүгээр хуудас/,
10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч Ц.Т холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Ц.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 06-ны орой Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хорихын 75 дугаар байрны 1 дүгээр орцонд хохирогч П.Г-тэй үл ялих зүйлээс болж маргалдан, хувийн таарамжгүй харилцаа үүсэж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа удаа дараалан цохих, газар унагах, газар унасан байхад нь толгой нүүр, зүүн мөр хэсэгт нь хөлөөрөө өшиглөж дэвсэх зэргээр зодож, биед нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы болон доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхины язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, салстын цус хуралт, зүүн бугалгад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Т гэм буруугийн шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 06-ны орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хорихын 75 дугаар байрны 1 дүгээр орцонд хохирогч П.Г-тэй үл ялих зүйлээс болж маргалдан, хувийн таарамжгүй харилцаа үүсэж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа удаа дараалан цохих, газар унагах, газар унасан байхад нь толгой нүүр, зүүн мөр хэсэгт нь хөлөөрөө өшиглөж дэвсэх зэргээр зодож, биед нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы болон доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхины язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, салстын цус хуралт, зүүн бугалгад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна гэж үзлээ.
Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.Т нь хохирогч П.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Түүнчлэн шүүгдэгч Ц.Т нь хохирогч П.Г-ийн нүүр хэсэгт гараараа удаа дараалан цохих, газар унагах, газар унасан байхад нь толгой нүүр, зүүн мөр хэсэгт нь хөлөөрөө өшиглөж дэвсэх зэргээр зодож, биед нь тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хананы болон доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод зовхины язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, салстын цус хуралт, зүүн бугалгад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Г, гэрч Ш.Х, насанд хүрээгүй гэрч Г.Т нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 239 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Т нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Ц.Т нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ц.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Г-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Т нь хохирогч П.Г-эд төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болохыг дурдлаа.
Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул хохирогч П.Гэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөр болох 1 396 853 төгрөгийг шүүгдэгч Ц.Т-аас гаргуулж, иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэсд олгох нь зүйтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Ц.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Т эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ц.Т-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ц.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц-н Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч П.Г нь хохирол нэхэмжлээгүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-аас 1 396 853 /нэг сая гурван зуун ерэн зургаан мянга найман зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч буюу Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ