Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2022/00831

 

 

 

2022 оны 03 сарын 29 өдөр                                 Дугаар 183/ШШ2022/00831                                  Улаанбаатар хот

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Барилгачид 4-127 тоотод байрлах Хөнх дама ХХК /РД:5371619/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Маршал таун хотхон, 103 дугаар байр 1 давхарт байрлах, Маршал кинг сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох

 

Гэрээний үүрэгт 193.505.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Чинбат

Хариуцагчийн төлөөлөгч: Г.Амартүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

                                   

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хөнх дама ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Хөнх дама ХХК-ны Харуул хамгаалалтын алба нь тус Кинг тауэр хотхонд харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлж ажиллахаар “Маршал Кинг” СӨХ-той 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн “Харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан өнөөдрийг хүртэл хамтран ажиллах байна “Маршал Кинг” СӨХ нь бидэнтэй хамтран ажиллаж эхэлсэн эхний сараас эхлэн харуул хамгаалалт хийсэн ажлын хөлсийг цаг хугацаандаа өгөхгүй хоцроож, дутуу цалин өгсөөр ирсэн. Мөнгө орохоор гүйцээгээд өгнөө гэж “Маршал Кинг” СӨХ-ны захирлууд, нягтлан нар нь худал ярьсаар өнөөдрийг хүрч байна. Бид ч энэ үгэнд нь итгэж хууртагдан ажилласаар өнөөдрийг хүрч байна. Хоёр тал санхүүгийн тооцоо нийлэх актыг, нийт 7 удаа тооцоо нийлж гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. “Маршал Кинг” СӨХ-оос манай байгууллагын авах авлага 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 127.770.000 төгрөгт хүрч үүнээс 2021 оны 06 дугаар сарын 30, 2021 оны 08 дугаар сарын 20, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд тус бүр 1.000,000 төгрөг буюу нийт 3,000,000 төгрөгийн авлагыг өгч өнөөдрийн байдлаар нийт 124,770,000 төгрөгийг авлага үлдсэн байна. Энэ их өр авлага үүссэн тул бид аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Бидний 2 талын байгуулсан гэрээний 7.,3-д зааснаар ажлын хөлсийг хугацаандаа өгөөгүй хоног тутамд нийт үнийн дунгийн 0.5 хувийн алданги тооцохоор заагдсан Одоогийн байдлаар алданги 286,548,050 төгрөг болсон боловч Иргэний хуулийн 232.4-д заасны дагуу алдангиа тооцвол 62,385,000 төгрөг болж байна Иймд манай байгууллагын хийж гүйцэтгэсэн ажлын хөлс хуульд заасан алдангийн хамтаа нийт 187,155,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Маршал кинг СӨХ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Танай шүүхэд гаргасан “Хөнх дама” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь харуул хамгаалалтын ажлын хөлсөнд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 127,770,000 төгрөг, үүнээс төлөгдсөн 3,000,000 төгрөгийг хасаж 124,770,000 төгрөг дээр алданги 62,385,000 төгрөгийг нэмж нийт 187,155,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. “Маршал Кинг” Сууц өмчлөгчдийн холбоо болон “Хөнх дама” ХХК-ийн хооронд нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаатай, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаатай, мөн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаатай гэрээнүүдийг байгуулсан боловч гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй, харуул хамгаалалтын үйл ажиллагааны талаар сууц өмчлөгч оршин суугчдаас байнга гомдол гардаг байсан ба 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны хооронд хамтран ажиллах гэрээний 7.1-д зааснаар СӨХ-д тогтмол 7 хоног бүр ажлын тайлан ирүүлэх үүргээ удаа дараа биелүүлээгүй болно. 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тус СӨХ-тэй гэрээ байгуулаагүй бөгөөд энэхүү хугацааны ажлын хөлсийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Гэрээ дүгнэх талаар “Хөнх дама” ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч одоо болтол гэрээгээ дүгнүүлээгүй. Иймд “Хөнх дама” ХХК-ийн 187,155,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгааг тайлбарлаж, гэрээний үүргийн биелэлтийн талаар гэрээг дүгнэж эцсийн байдлаар тооцоо нийлсний дараа дэлгэрэнгүй тайлбарыг холбогдох баримтуудын хамт гаргаж өгөх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Тусгай зөвшөөрлийн бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Гэрээт харуул хамгаалалтын гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Харуул хамгаалалтын гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №2020 1102-2 дугаар Гэрээт харуул хамгаалалтын гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Кинг тауэр хотхоны Маршал кинг СӨХ-оос цалин авсан болон хугацаа хэтэрч алданги тооцсон тухай тооцоо нийлсэн баримт, Тооцооны үлдэгдлийг баталгаа, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Хөнх дама ХХК-аас Маршал кинг СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Ууганбаярт хандсан “Авлага авах тухай” албан бичиг, итгэмжлэл, 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Кинг тауэр хотхоны Маршал кинг СӨХ-оос цалин авсан болон хугацаа хэтэрч алданги тооцсон тухай баримт, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Кинг тауэр хотхоны Маршал кинг СӨХ-оос цалин авсан болон хугацаа хэтэрч алданги тооцсон тухай баримт, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Кинг тауэр хотхоны Маршал кинг СӨХ-оос цалин авсан болон хугацаа хэтэрч алданги тооцсон тухай тооцоо нийлсэн баримт, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Кинг тауэр хотхоны Маршал кинг СӨХ-оос цалин авсан болон хугацаа хэтэрч алданги тооцсон тухай тооцоо нийлсэн баримт, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хөнх дама ХХК-аас Маршал таун хотхоны Маршал кинг СӨХ-ны удирдах зөвлөлд хандсан албан бичиг, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Маршал кинг СӨХ-ны Хөнх дама ХХК-ийн ЗОНЕ ХХА-тай Тооцоо нийлсэн ажлын протокол, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн хүртэлх хугацааны Маршал кинг СӨХ-аас гаргасан Хөнх дама ХХК-ийн Харуул хамгаалалтын тооцоо, Мөнгөн хөрөнгийн журнал, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Хөнх дама ХХК-аас Маршал кинг СӨХ-ны захиргаанд гаргасан албан бичиг, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 230 дугаар Хөнх дама ХХК-аас Маршал кинг СӨХ-ны захиргаанд гаргасан албан бичиг, 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Хөнх дама ХХК-аас Маршал кинг СӨХ-ны захиргаанд гаргасан Аюулгүй байдал хангах тухай албан бичиг, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Хөнх дама ХХК-аас Маршал кинг СӨХ-ны захиргаанд гаргасан Оршин суугчдын унадаг дугуй хадгалах өрөө гаргуулах тухай албан бичиг, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Хөнх дама ХХК-аас Маршал кинг СӨХ-ны захиргаанд гаргасан Автомашин угаалгын газрын бичиг, баримт зөвшөөрлийг тодруулах тухай албан бичиг, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 8/317 дугаар Хөнх дама ХХК-аас Маршал кинг СӨХ-ны удирдах зөвлөлд гаргасан Цалингийн авлага үүссэн тухай албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хөнх дама ХХК-аас Маршал кинг СӨХ-ны дарга Г.Амартүвшинд гаргасан Ажилчдын цалин хөлс авах тухай албан бичиг, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хөнх дама ХХК-ийн харуул хамгаалалтын тайлан, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн тайлан,

Хариуцагч талаас: СӨХ-ны гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хөнх дама ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 187.155.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Маршал кинг СӨХ-д холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 6.350.000 төгрөгөөр нэмэгдүүлж, 193.505.000 төгрөг гаргуулахаар шаардажээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2021.12.01-нээс 2021.12.15-ны хоорондох цалин 5.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Зохигчид 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэрээт харуул хамгаалалтын гэрээ байгуулж, ХУД 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршал таун хотхоны Кинг тауэр аппартментийн 116, 117, 118, 119, 120, 121, 122, 123, 125 дугаар байруудын орц, В1, В2 гражуудад гэмт халдлага хулгайчаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хамгаалалтын ажилтан, ресепшн ажиллуулахаар тохиролцжээ.

 

4. Мөн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Харуул хамгаалалтын гэрээг 2019 оны 08 дугаар сарын 01 хүртэл байгуулсан, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээт харуул хамгаалалтын гэрээнүүдийг байгуулсан ба энэ нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байна.  

 

5. 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр талууд Кинг тауэр хотхоны Маршал кинг СӨХ, Хөнх дама ХХК тооцоо нийлж, хугацаа хэтэрсэн цалин 127.770.000 төгрөг, алданги 286.548.050 төгрөг болсон талаар акт үйлдэж, тооцооны үлдэгдлийн баталгаа гаргажээ.

 

6. Хариуцагч Маршал кинг сууц өмчлөгчдийн холбоо нэхэмжлэгч нь ажлын тайлан ирүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээгээ дүгнээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч талууд 2018 оноос хойш харуул хамгаалалтын гэрээг удаа дараа байгуулж байсан, мөн тооцоо нийлж, акт үйлдэж байжээ.

 

7. Хариуцагч Маршал кинг СӨХ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр С.Магван, Д.Номин нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нар нь Хөнх дама ХХК-нд 2021 оны 04, 05 дугаар саруудад ажилд орсон байгаа тул тэдний мэдүүлгийг үнэлээгүй болно.

 

9. Тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш хариуцагч нь 3.000.000 төгрөг төлсөн, мөн нэмэгдүүлсэн шаардлагын 5.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх тул Маршал кинг СӨХ-с үндсэн төлбөр 129.770.000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.  

10. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дугаар тогтоол Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх хугацааг сунгах тухай, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолуудаар Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлжээ.

11. Улаанбаатар хотыг Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байсан байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасны дагуу алданги 62.385.000 төгрөгөөс 50 хувь багасгаж, 31.192.500 төгрөг, 1.350.000 төгрөгийн алдангиас 50 хувь багасгаж, 675.000 төгрөг, нийт алданги 31.867.500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв.

 

12. Иймд хариуцагч Маршал кинг СӨХ-ноос үндсэн төлбөр 129.770.000 төгрөг, алданги 31.867.500 төгрөг, нийт 161.637.500 төгрөг гаргуулж, Хөнх дама ХХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Маршал кинг СӨХ-оос 161.637.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хөнх дама ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31.867.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Хөнх дама ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.210.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Маршал кинг СӨХ-оос 966.137 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хөнх дама ХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО