Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 112/ШШ2022/0030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

 Нэхэмжлэгч: А.П

 Хариуцагч: Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.А

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : Д.Г  нарын хоорондын  2022 оны 01 сарын 03-наас 04 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажиллаж байсан, ажилгүй байсан ажлын хоногуудын цалин болох 4.284,374 (дөрвөн сая хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун далан дөрвөн) төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий  маргааныг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч  А.П нь  аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.А холбогдуулан 2022 оны 01 сарын 03-наас 04 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажиллаж байсан, ажилгүй байсан ажлын хоногуудын цалин болох 4 284 374 (дөрвөн сая хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун далан дөрвөн) төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахаар  маргаж байна.

          2. Нэхэмжлэгч А.П шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ: А-гийн П би 2007 оноос хойш Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Газрын удирдлагын хэлтсийн даргаар тасралтгүй 14 жил ажиллаж байгаад тус газрын даргын 2020 оны 11 сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар жирэмсний амралт авсан. 2020 оны 12 дугаар сарын 29-нд охин Э-ийг төрүүлсэн. Хүүхдээ асарч байгаад 2021 оны 11 сарын 22-ны өдөр ажилдаа орох өргөдлөө байгууллагадаа өгсөн.

            Өргөдлийн дагуу 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс ажилдаа орсон. Ажлаа хийж байтал 2022 оны 01 сарын 26-ны өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга 2022 оны 01 сарын 26-ны өдрийн 36 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 сарын 22-ны өдрийн 393 тоот тогтоолд А.Пийн нэр орсон хууль бусаар томилогдсон тул ажлын байраар хангах боломжгүй, шалгалтад орж байж ажлаа хийх боломжтой. Ажлын байранд тавигдах шаардлага хангасан тохиолдолд ажиллуулна гэсэн хариу өгсөн.

           Би уг хариуг эс зөвшөөрч Монгол Улсын Төрийн албаны зөвлөл болон Говь- Алтай аймгийн салбар зөвлөлд гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 04 сарын 11-ны өдрийн 01/757 дугаар албан бичгээр А.П намайг Газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож хариу мэдэгдэхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгасан хариу ирүүлсэн.

           Энэ тоотын дагуу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2022 оны 05 сарын 02-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн түр томилсон. Мөн байгууллагын даргын 2022 оны 06 сарын 08-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар Газрын удирдлагын хэлтсийн даргын үүрэгт ажпаас чөлөөлөгдөж, Б/41 дүгээр тушаалаар Газар зохион байгуулалт, төлөвлөлт, газар өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 03-наас 26-ныг хүртэл ажилласан боловч цалин олгогдоогүй, 2022 оны 01 дүгээр сарын 03-наас 04 сарын 30-ны өдрийн хооронд ажилласан болон ажилгүй байж цалингаараа хохирсон. Иймд А.П надад Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг үндэслэн ажилгүй байсан мөн ажиллаад цалин олгогдоогүй хугацааны нөхөх олговор болох 4.284,374 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

           3. Нэхэмжлэгч А.П шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: А.П миний бие 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр жирэмсний амралтаа байгууллагын даргын тушаалаар авсан. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өргөдөл гаргасан. Өргөдөлдөө А.П миний бие 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа эргэж орох хүсэлттэй байгаа тул хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэж өргөдөл гаргасан. 2021 оны 12 дугаар сард Д.Г дарга болон газрын даргатай өргөдөл гаргаснаас хойш 2 удаа очиж уулзаж ажилдаа орох талаар хэлэлцээд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс ажилдаа эргэж орсон. Ажилдаа эргэж ороод ажиллаж байгаад 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байхад 01 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаар албан бичгээр энэ ажилд ажиллуулах боломжгүй гэдэг хариу өгсөн. Тэрнээс хойш ажлаа гүйцэтгээгүй байж байгаад 05 дугаар сараас ажилдаа орсон байгаа. Тэгэхээр ажилласан болон ажилгүй байсан хугацаанд миний буруутай ажиллагаа биш захиргааны байгууллагын буруутай ажиллагаанаас болж эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа. Нэгдүгээрт: Ажилдаа эргэж орох эрх зөрчигдсөн, нөхөн олговор авах эрх зөрчигдсөн, мөн миний ажилласан жил тасарсан байгаа. Энэ эрхүүд зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан байгаа. 12 дугаар сарын 22-ны өдөр ажилдаа орох талаар Д.Г даргатай очиж уулзсан. 28-нд очиж уулзахад 31-ний өдөр ярь гэхээр нь өөрийнх нь гар утас руу холбогдож ярьсан. 01 дүгээр сарын 03-нд ирж ажилла гэсэн. Ажилдаа орно гэдэг байдлаар ажлын хувцас өмсөөд ажилдаа очсон. Газрын удирдлагын хэлтсийн дарга, барилга хот байгуулалтын даргатай нэг өрөөнд суудаг. Намайг ажилдаа орохыг зөвшөөрөөд албан бичиг цохогдсон, зөвшөөрөөд ажиллуулсан. Намайг ажилдаа ороход бичиг хэрэг чөлөөтэй байсан. Тэгээд тушаалыг бичиг хэрэг ирэхээр гаргая гэж тохиролцоод ажилдаа орсон. Ажилдаа орчихоод тушаал яасан бэ гэхэд хууль зүйн хэлтэст хянагдаж байгаа түр хүлээж бай гэдэг байдлаар хариу өгсөн. Төрийн албаны зөвлөлийн 393 дугаар тогтоолын нэгдүгээрт миний нэр орсон. Ард нь жирэмсний амралттай гэдгийг заасан байгаа. Төрийн албаны зөвлөлийн тогтоол 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр албан бичгээр хүрсэн байдаг. Үүнийг төрийн албаны зөвлөл гаргаж өгөөгүй байна. Би 36 дугаар албан бичгийг авахдаа бичиг хэргээс хуулбарлуулж авсан. Албан бичиг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрийн байгууллагын дарга нарт тогтоол хэрэгжүүлж чиглэл өгөх албан бичиг ирсэн байгаа гэв.

          4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Миний бие 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан. Тус албан тушаалд томилогдон ажиллахаас өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр А.П ажилдаа орох хүсэлтийг өгсөн байдаг.

           Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 393 дугаар тогтоол 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай байгууллагад ирүүлсэн. Тус тогтоолын хэрэгжилтийг хангаж нэр бүхий албан тушаалтнуудыг ажлаас түр чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан А.Пийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс ажилд орохоор ирэхэд нь би зөвшөөрөөгүй. Тушаалын хэрэгжилтийг биелүүлж тусгай шалгалтанд орж тэнцвэл эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох тул шалгалтаа өгөөд ажилдаа ор. Одоо тушаал  гарган ажиллуулах боломжгүй учир ажиллах шаардлагагүй гэхэд А.П тэр зүгээр цалин хамаагүй ээ би ажлаа хийж байя гэдэг хариултыг надад өгсөн.  А.П нь Төрийн албаны салбар зөвлөлд өргөдөл  гаргаж тус өргөдлийн хариуд Газрын удирдлагын хэлтсийн даргаар томилох албан бичиг ирүүлсэн. Иймд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон. Иймд А.Пийг ажиллуулах тушаал гаргаагүй, холбогдох тушаал шийдвэргүй байхад цалинг бодох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

          5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: А.П нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажилдаа орох хүсэлттэй ирсэн. Төрийн албаны зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг танилцуулсан байгаа. Тогтоолын хэрэгжилтийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хангаж ирүүлнэ үү гэсэн. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж өөрийг чинь ажилд авах боломжгүй байна гэдгийг хэлсэн. Тэгэхэд А.П нь хэзээ тушаал гаргах нь хамаагүй ажилдаа орно гэсэн. 1 дүгээр сард удирдах ажилтны зөвлөгөөнтэй Улаанбаатар хотод ажиллаж байсан. Тухайн иргэнд төрийн албаны салбар зөвлөлтэй холбоотой зөвлөгөө авсан боловч тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилла гэдэг салбар зөвлөлөөс чиглэл өгсөн байгаа. Иймээс тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6.Нэхэмжлэгч А.П нь анх аймгийн Газрын албаны даргын 2007 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар тушаалаар Бэлчээр зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр томилдогдон ажилласанаас хойш 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын Б/12 дугаар тушаалаар ахлах мэргэжилтэн, 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар Газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байгаад тус газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 дугаар тушаалаар жирэмсний амралтаа авсан.

7. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн үүрэгт ажилдаа орохоор хүсэлт гаргасан боловч ажил олгогч түүнийг ажлын байранд томилсон шийдвэр гаргаагүй харин А.П 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл Газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байхад 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаар албан бичгээр “...Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 393 дугаар тогтоолоор хууль бус албан томилгоог чөлөөлөх талаар үүрэг даалгавар өгсөн. Уг тогтоолд таныг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33.3, 43.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзсэн тул дээрх тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилд орох өргөдлийг хүлээн авах боломжгүй байна ...тогтоолыг хэрэгжүүлэхээр тус зөрчилтэй ажлын байранд төрийн албаны тусгай шалгалтыг зарлуулах захиалгыг хүргүүлж байгаа ба энэхүү шалгалтад орох нь танд нээлттэй бөгөөд зөрчил арилсан нөхцөлд дээрх ажлын байранд ажиллуулах боломжтой байна” гэсэн мэдэгдэл хүргүүлсэн байна.

            8. Нэхэмжлэгч энэ байдлыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь Cалбар зөвлөлд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гомдол гаргасанд аймгийн Cалбар зөвлөлөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар албан бичгээр “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 393 дугаар тогтоолоор таны томилгоог Төрийн албаны тухай хуулийг зөрчиж, хууль бусаар томилсон гэж үзсэн байна” гэсэн хариу өгсөн.

            9. Харин Төрийн албаны зөвлөлд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасанд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01/757 дугаар албан бичгээр “...таныг Газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилоход төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ өгөөгүй, зохих журмын дагуу Салбар зөвлөлөөс нэр дэвшүүлээгүй байхад томилсон нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчжээ ...та үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан байх тул Газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилж, дараа нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 393 дугаар тогтоолын холбогдох хэсгийг биелүүлж, Газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, ахлах мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргаж, Төрийн албаны зөвлөлд хариу ирүүлэхийг Газрын, харилцаа, барилга хот байгуулалтын газарт мэдэгдсэн болно” гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.

            10. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна”, хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-т “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ”, хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3-т “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох”, 66.1.6-т “хууль тогтоомжид нийцүүлэн эрх хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах” гэж заасан.

11. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 393 дугаар “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” тогтоолын 5 дугаар хавсралтаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар А.Пийг Газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийг тус тус  зөрчсөн болохыг тогтоож, томилсон шийдвэрийг хүчингүй болгохыг томилох эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгож, Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасны дагуу төрийн албаны сул орон тоог чадахуйн зарчмыг баримтлан нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр өрсөлдүүлэн нөхөх арга хэмжээ авахыг даалгаж, тогтоолын биелэлтийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд ирүүлж, уг тогтоолын хэрэгжилтийг танилцуулж, тайлагнахыг Говь-Алтай аймгийн Засаг дарга болон холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.

12. Төрийн албаны зөвлөлөөс хяналт шалгалт явуулж нэхэмжлэгчийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд хууль зөрчин томилогдсон, томилсон шийдвэрийг хүчингүй болгох, нээлттэй сонгон шалгаруулалт зарлах талаар үүрэг болгож, эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргасан байхад Зөвлөлийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй төрийн захиргааны байгууллага буюу Газрын, харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаас А.Пийг Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-т “Хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй...” гэж зааснаар албан тушаалд нь томилоход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнийг шүүх харгалзан үзэхээр байна.

13. Захиргааны хэргийн шүүх нь  хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд А.П хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад эрхэлж байсан албан тушаалдаа ажиллах хүсэлт гаргахад ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулаагүй, Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлж ажиллах талаар мэдэгдэл хүргүүлсэн байгааг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын шууд буруутай үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй байх тул 2022 оны 01 сарын 03-наас 04 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажиллаж байсан, ажилгүй байсан ажлын хоногуудын цалин болох 4.284,374 (дөрвөн сая хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун далан дөрвөн) төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

14.Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01/757 дугаар албан бичгийн хүрээнд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар А.Пийг Газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилж, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар Газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн Б/41 дугаар тушаалаар Газар зохион байгуулалт, төлөвлөлт, өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилон Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлсэн байна.

          15. Мөн хавтаст хэргийн материалд авагдсан нэхэмжлэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 12 сар, 2022 оны 2, 3, 4 дүгээр сар хүртэл жирэмсний болон хүүхэд асрах чөлөөний нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн харин 2022 оны 1 дүгээр сарын шимтгэл төлөгдөөгүй тасарсан байна. А.П 2022 оны 01 дүгээр сарын 03-наас 26-ны өдөр хүртэл ажилласан боловч ажилд нь томилсон шийдвэр гаргаагүй нөхцөлд ажил олгогчийн зүгээс хүүхэд асрах чөлөөтэй байсан  гэж үзэн хүүхэд асрах чөлөөний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэйг дурдах нь зүйтэй байна.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.14 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 65 дугаар зүйлийн 65.6,  66 дугаар зүйлийн 66.1.6,  Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч А.Пийн Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Д.Ат холбогдуулан гаргасан 2022 оны 01 сарын 03-наас 04 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажиллаж байсан, ажилгүй байсан ажлын хоногуудын цалин болох 4.284,374 (дөрвөн сая хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун далан дөрвөн) төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ