| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03381/И |
| Дугаар | 001/ХТ2026/00135 |
| Огноо | 2026-05-28 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2026/00135
Н.Огийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Э.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/09158 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2026/00411 дүгээр магадлалтай,
Н.Огийн нэхэмжлэлтэй
Э.Т, Д.Э нарт холбогдох,
Гэрээний үүрэгт 74,812,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг
Хариуцагч Д.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.О, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч Э.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Э.Т, Д.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөр 35,000,000 төгрөг, хүү 14,785,000 төгрөг, алданги 24,937,500 төгрөг, нийт 74,812,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны явцад хариуцагч Э.Тт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзжээ. Хариуцагч Д.Э нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, талийгаач 15,000,000 төгрөгийг аваагүй гэж тайлбарлан маргажээ.
2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.11.10-ны өдрийн 192/ШШ2025/09158 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Эгаас 35,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Од олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 39,812,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.О хариуцагч Э.Тт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.02.25-ны өдрийн 210/МА2026/00411 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.11.10-ны өдрийн 192/ШШ2025/09158 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Д.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.
4. Хариуцагч Д.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. Хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хууль хэрэглээний зөрүү гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар үнэлээгүйгээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шүүхүүд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, мөн хуулийн 536 дугаар зүйлийн 536.1, 536.2-т заасан зохицуулалтуудад хууль хэрэглээний зөрүү гаргасан. Анхан шатны шүүх “Талуудын байгуулсан гэрээний шаардах эрхийн тухайд хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч тал хэтрүүлсэн, нэхэмжлэгч нь биеийн эрүүл мэндийн байдлаас хэтрүүлсэн, нэхэмжлэгч нь биеийн эрүүл мэндийн байдлаас болж нэхэмжлэлээ гаргаж чадахгүй байсан гэдэг нь үндэслэлгүй гэж маргаж байх боловч шүүх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй... талуудын байгуулсан гэрээний хугацаа 2020.12.31-ний өдөр гэрээний хугацаа дуусаж, улмаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацаан дуусахаас өмнө буюу зээлдэгч Д.Э нь 2023.10.09-ний өдөр нас барсан байх ба нэхэмжлэгч нь энэ хугацаанд зээлийн гэрээний үүрэг шаардах боломжгүй байсан нөхцөл үүссэн байна” гэж,
Давж заалдах шатны шүүх “...талийгаач Д.Эийн амьд ахуйдаа бусадтай байгуулсан гэрээний үүргийг өвлөн авсан өвийн хэмжээгээр хариуцах үүрэгтэй гэсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй ... Нэхэмжлэгч болон талийгаач Д.Э нарын хооронд байгуулсан гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг 202.12.31-ний өдөр гэж заасан тул гэрээний үүргийг шаардах эрхийн 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2023.12.31-ний өдрөөр дуусгавар болохоор байна. Д.Э нь 2023.10.09-ний өдөр нас барсан байх бөгөөд нэхэмжлэгч нь талийгаачийн гүйцэтгэвэл зохих үүргийг түүний хууль ёсны өвлөгчөөс гаргуулахаар 2024.05.20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д заасан хугацаанд багтжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Д.Эийг нас барснаас хойш нэг жилийн дотор өвлөгчөөс үүргийг шаардсанаар гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэх ба анхан шатны шүүх энэ тухай зөв дүгнэжээ” гэж тус тус дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүх Иргэний хуулийн 536.1-д хэсэгт заасныг хэрэглэдэггүй ба Иргэний хуульд заасан гэрээний үүргийн 3 жилийн хугацааны талаар дүгнэлт хийдэг.
Харин давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 536.1-д хэсэгт заасныг хэрэглэдэг ч мөн зүйлийн 536.2-д “Үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ хуулийн 536.1-д заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж заасныг хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл, дээрх зохицуулалтуудад заасан тусгай хугацаанд хийгдэх гомдлын шаардлага гаргаагүй, хариу өгөөгүй, түүнтэй холбоотой нотлох баримтгүй зэрэг нөхцөл байдлууд байхад шүүхүүд хэрэглээгүй нь хуульд нийцэхгүй, хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарч байгаа болно.
Мөн талууд хөөн хэлэлцэх хугацаа дууссанд маргаагүй, харин нэхэмжлэгчээс эрүүл мэндийн шалтгаантай байсан учир хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргадаг. Хүсэлтдээ өвчний талаарх баримтаа гаргаж өгдөг ба ихэнх шинжилгээний хариуц, нэг удаа элэг шилжүүлэн суулгах баримт байдаг ба эмчилгээ нь хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө дууссан байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөл үүссэн гэж дүгнэсэн нь буруу юм. Нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гаргасан байдаг ба хөөн хэлэлцэх хугацаан дотор итгэмжлэлээр эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Зээлийн гэрээгээр гэрээний үүргийг торгоор төлөхөөр тохиролцсон байдаг ба талийгаач нь торго худалдах үйл ажиллагаа эрхэлдэг байсан ба түүнтэй олон жил хамт ажилласан ажилтан нь нэхэмжлэгчийг ирээд торго авдаг байсан гэж хэлдэг боловч гэрчээр асуулгах хүсэлт гаргаад утасны дугаарын өгсөн боловч хүсэлтийг хангаагүй. Бидний зүгээс гэрчийн гэрийн хаягийг олох боломжгүй ба хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар оршин суугаа хаяг нь хүний хувийн мэдээлэл тул өөрийнх нь зөвшөөрөлгүй бидэнд ч өгөхгүй байгаа юм. Хэрэв гэрчийн мэдүүлэг авсан бол хэдэн метр, хичнээн тооны торго авсан нь тодорхой болж, үүргээ биелүүлж байсныг нотлох байсан. Талийгаач Д.Эийг мэддэг ах, дүү, төрөл, садангийн хүмүүс нь хүнд өртэй байдаггүй өртэй бол хурдан төлж дуусгадаг байсан гэж тайлбарладаг. Дээрх гэрчтэй холбоотой асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Иймд дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалаар 35,0 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.04.15-ны өдрийн 001/ШХТ2026/00527 дугаар тогтоолоор хариуцагч Д.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бын гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
7. Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Э.Т, Д.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөр 35,000,000 төгрөг, хүү 14,785,000 төгрөг, алданги 24,937,500 төгрөг, нийт 74,812,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “…Талийгаач Д.Этэй найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд бид хоорондоо мөнгө өгч, авч зээлдүүлдэг байсан. Д.Э нь хорт хавдар тусаж улмаар зээлсэн нийт өр төлбөрийг дүгнэж, 2019.11.15-ны өдөр нотариатаар тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу үндсэн төлбөрт 35,000,000 төгрөг, гэрээний заасан хуваарийн дагуу төлбөр төлөгдөөгүй тохиолдолд болон хүү, алданги төлнө. Д.Э нь 2023.10.09-ний өдөр нас барж, улмаар түүний төрсөн дүү Д.Э түүний өвийг хүлээн авсан тул дээрх 35,000,000 төгрөгийг, хүү 14,785,000 төгрөг, алданги 24,937,500 төгрөг, нийт 74,812,500 төгрөгийг гаргуулна. Энэ хугацаанд би элэг солиулах хагалгаанд 2 удаа орсон бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаас дээрх төлбөрийг нэхэмжилж чадахгүй өдийг хүрсэн. Хариуцагч Э.Т нь өв хүлээн авахаас татгалзсан тул түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэж тайлбарласан.
8. Хариуцагч Д.Э нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ “...Гэрээний үүргийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэрээний дагуу 2020.11.31-ний өдрөөс эхлэн шаардах эрх үүссэн, нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сард гаргадаг. Шаардах эрх үүссэнээс хойш 3 гаруй жилийн хугацаа өнгөрсөн. Зээлийн гэрээг харвал хариуцагч 35,000,000 төгрөг бүхэлд нь авсан уу, үгүй юу гэдэг нөхцөл байдал үүсдэг. 15,000,000 төгрөг дансаар орсон, хэрэгт цугларсан баримтаас харвал 20,000,000 төгрөг зээлээр авсан байдаг. 2019.02.29-ний өдөр өмнө гараар бичээд зээл авч байснаа баталгаажуулж нотариат орсон байдаг. Талийгаачийг амьд сэрүүн байхад нэхэмжлэл гаргахгүй, шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй явж байгаад нас барсных нь дараа гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь эргэлзээтэй байна. Хэдийгээр Д.Э нь өвлөгч боловч өвлөн авсан хөрөнгийн хэмжээ нь тодорхойгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй.” гэж маргажээ.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “…Нэхэмжлэгч Н.О талийгаач Д.Э нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй ... гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний шаардлагыг хангасан байна. ... Зээлдэгч Д.Э нь 2023.10.09-ний өдөр нас барсан, түүний хууль ёсны өвлөгч Э.Т нь 2024.09.17-ны өдөр өв хүлээн авахаас татгалзсан, 2024.10.07-ны өдөр Д.Э нь өв хүлээн авах хүсэлтийг гаргаж, 2024.11.02-ны өдрийн ХХХХ дугаар Өвлөх эрхийн гэрчилгээгээр Хаягт байрлалтай, хөшигийн үзүүр, 99,415 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг, Хаягт байрлалтай, бараатын уулын зүүн талд, 30,000 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг, Хаягт байрлалтай, их оорцог уулын ард, 99,977 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг, 2024.11.04-ний өдрийн ХХХХ дугаар Өвлөх эрхийн гэрчилгээгээр “О” ХХК-ийн 100 хувийн хувьцааг, “И” ХХК-ийн 100 хувийн хувьцааг тус тус өвлөн авсан, өвлөн авсан эд хөрөнгүүдийн үнэ тодорхойгүй. Гэрээний хугацаа 2020.12.31-ний өдөр дууссан, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хугацаа дуусахаас өмнө Д.Э 2023.10.09-ний өдөр нас барсан, нэхэмжлэгч нь энэ хугацаанд зээлийн гэрээний үүрэг шаардах боломжгүй нөхцөл үүссэн, 2024.05.20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хуульд зааснаар талийгаач Д.Эийн өв 2024.10.09-ний өдөр нээгдсэнээр хууль ёсны өвлөгч Д.Эд холбогдуулан шаардлага гаргасан, нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаандаа гаргасан, 2019.02.21-ний өдрийн Зээлийн гэрээний 3.4-т бэлнээр 15,000,000 төгрөгийг 2019.02.21 өдөр зээлдэгчид хүлээлгэн өгсөн, хүлээн авсан Д.Э гэж гарын үсэг зурж, 20,000төг х7,500 =15,000,000 төгрөг гэсэн нь дээрх зээлийн мөнгийг хариуцагч бэлнээр авсныг нотолсон, уг гэрээгээр тохирсон хүү, алдангийн тооцоолол тодорхой бус байх тул шүүх үндсэн зээлийн төлбөр 35,000,000 төгрөгийг хариуцагч Д.Эгаас гаргуулна.” гэж дүгнэжээ.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “...Д.Эийг нас барснаас хойш нэг жилийн дотор гэрээний үүргийг өвлөгчөөс шаардсан нь хуульд заасан тусгай хугацааны дотор өвлөгчөөс үүргийг шаардсанаар гэрээний үүргийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэх ба анхан шатны шүүх энэ тухай зөв дүгнэжээ. … нэхэмжлэгч, талийгаач нарын байгуулсан гэрээний 2.1-т Д.Э нь 35,000,000 төгрөгийг Н.Огоос хүлээн авсныг талууд баталгаажуулсан, Д.Э нь зээлээ торгоор тооцон төлж байсан гэх татгалзал, давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Гэрчээр асуулгахыг хүссэн этгээдийг шүүхэд дуудан ирүүлэх хаягийг хүсэлт гаргагч өөрөө тодорхойлох учиртай. Шүүх гэрчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулахгүй тул энэ талаар шүүхийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн.
11. Маргаанд гэрээний үүрэг гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацаа болон өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч гомдлын шаардлага гаргах хугацааны талаар зохицуулалтуудын хууль хэрэглээний зөрүүг арилгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хянан хэлэлцэв.
12. Хоёр шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоожээ.
12.1. Нэхэмжлэгч Н.О болон Д.Э нарын хооронд 2019.11.15-ны өдөр “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-г бичгээр байгуулсан, Д.Э нь 2018.07.20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018.12.20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019.02.21-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг зээлсэн, 2019 оны 8 сараас эхлэн сар бүрийн 2,5 хувийн хүүтэй, 2020.12.31-нээс хойш 3,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,2 хувиар алданги тооцохоор, гэрээний 3.2-т зааснаар үндсэн зээл болох 35,000,000 төгрөгийг 2020.12.31-ний дотор төлөх тохиролцсон.
12.2. Зээлдэгч Д.Э нь 2023.10.09-ний өдөр нас барсан.
12.3. Д.Эийн хүү Э.Т нь 2024.09.17-ны өдөр өв хүлээн авахаас татгалзсан.
12.4. Д.Эийн дүү Д.Э 2024.10.07-ны өдөр өв хүлээн авах хүсэлт гаргасан, 2024.11.02-ны өдрийн ХХХХ дугаар Өвлөх эрхийн гэрчилгээгээр Төв аймгийн Хаягт байрлалтай, хөшигийн үзүүр, 99,415 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг, Хаягт байрлалтай, бараатын уулын зүүн талд, 30,000 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг, Хаягт байрлалтай, их оорцог уулын ард, 99,977 м.кв талбайтай газар эзэмших эрх ,
2024.11.04-ний өдрийн ХХХХ дугаар Өвлөх эрхийн гэрчилгээгээр “О” ХХК-ийн 100 хувийн хувьцааг, “И” ХХК-ийн 100 хувийн хувьцааг тус тус өвлөн авсан.
13. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;”, 536 дугаар зүйлийн 536.1-д “Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана”, 536.2-т “Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1-д заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно” гэж тус тус заажээ.
13.1. Нэхэмжлэгч Н.О болон Д.Э нарын хооронд 2019.11.15-ны өдөр байгуулагдсан “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-нд үндсэн зээл болох 35,000,000 төгрөгийг 2020.12.31-ний өдөр төлнө гэж тохиролцсон ба уг хугацааг дуусаагүй байхад үүрэг гүйцэтгэгч Д.Э нь 2023.10.09-ний өдөр нас барсан байна. Иймд үүрэг гүйцэтгүүлэгчийг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэхгүй.
13.2. Өв залгамжлалын журмаар өвлүүлэгчийн үүргийг өвлөгчөөс шаардах үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хуульд өөрөөр зохицуулна. Өөрөөр хэлбэл, өвийн журмаар өвлүүлэгчийн гүйцэтгэх үүрэг өвлөгчид шилжих хугацаатай холбоотойгоор өвийн журмаар хуульд зааснаар эрх залгамжлан авах тохиолдолд өвлүүлэгчийн бусдын өмнө гүйцэтгэх гэрээний шаардах эрхийн хугацааг үргэлжлүүлэн тоолохоор зохицуулаагүй байна. Гэрээний эрх зүйн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа, өв залгамжлалын журмаар шаардах эрх шилжүүлсний улмаас өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч гомдлын шаардлага гаргах хугацаа өөр өөр зохицуулалттай.
Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч гомдлын шаардлага гаргахад Иргэний хуулийн 536 дугаар зүйлд заасан журмыг баримтална.
Талийгаач Д.Эийг өвийг дүү Д.Э нь 2024.11.02 болон 2024.11.04-ний өдөр тус тус хүлээн авчээ.
Өвлүүлэгч Д.Эийг гүйцэтгэх зохих үүрэг болох “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-ний үүргийн талаар гомдлын шаардлагыг Н.О нь өв нээгдсэн 2023.10.09-ний өдрөөс хойш 1 жилийн буюу 2024.10.09-ний өдрийн дотор өвлөгч Д.Эд гаргах ёстой. Нэхэмжлэгч Н.О нь гомдлын шаардлагыг өвлөгч Д.Эд гаргаж, түүнээс хариу авсан өдрөөс хойш 1 жилийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах учиртай. Нэхэмжлэгч Н.О нь гомдлын шаардлага гаргалгүйгээр шүүхэд 2024.05.20-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь гомдлын шаардлага гаргах хугацааны дотор байна.
14. Нэхэмжлэгч Н.О болон Д.Э нарын хооронд 2019.11.15-ны өдөр байгуулагдсан “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу үндсэн зээл гэж тодорхойлогдсон 35,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг хүлээн авсан нь эргэлзээтэй гэх тайлбараа хариуцагч Д.Э нотлох үүрэгтэй.
Уг гэрээнд 2018.07.20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2018.12.20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019.02.21-ний өдөр 15,000,000 төгрөг зээлсэн зээлийн гэрээний огноонуудыг дурдаж, нийт үндсэн төлбөрийн хэмжээг 35,000,000 төгрөг гэж тодорхойлсон, үүнээс маргаж буй 2019.02.21-ний өдрийн зээлийн гэрээний 3.4-т “бэлнээр 15,000,000 төгрөгийг 2019.02.21-ний өдөр зээлдэгчид хүлээлгэн өгсөн” бичсэнийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар үгийн шууд утгаар тайлбарлавал үйлдлийг өнгөрсөн цаг дээр илэрхийлсэн тул уг мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн гэж дүгнэнэ. Эдгээр баримтыг хариуцагч Д.Э Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар үгүйсгэсэн баримтыг гаргаагүй.
Иймд хоёр шатны шүүх хариуцагч Д.Эгаас 35,000,000 төгрөгийг гаргуулж Н.Од олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хоёр шатны шүүх зээлийн гэрээгээр тохирсон хүү, алдангийн тооцоолол тодорхой бус гэж дүгнэсэнд нэхэмжлэгч Н.О гомдол гаргаагүй.
15. Хариуцагч Э.Т өв хүлээн авахаас татгалзсантай холбоотойгоор нэхэмжлэгч Н.О түүнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан, анхан шатны шүүх татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нийцсэн байна.
16. Хариуцагч Д.Э нь талийгаач Д.Э зээлийг торгоор тооцож төлж байсныг нотлуулахаар гэрчээс мэдүүлэг авхуулах хүсэлтийг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн ба уг шийдлийн талаар гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хангахгүй орхисныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэхгүй. Учир нь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025.09.04-ний өдөр н.Сг гэрчээр асуулгах хүсэлт гаргахдаа хаягийг бичээгүй, мөн өдөр шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаагүй, уг хугацаанаас хойш 2 сарын хугацаанд гэрчийн мэдээллийг олж өгч чадаагүй гэх үндэслэл бүхий тайлбар гаргаагүй тохиолдолд шүүхийг буруутгах боломжгүй болно.
17. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/09158 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2026/00411 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Э нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.03.31-ний өдөр 332,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН