Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 11

 

Ж А Ф-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00457/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1188 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ж А Ф-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ш-” ХК-д холбогдох

“Цалин түүний алданги, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал болон холбогдох бусад зардалд нийт 465.331.760 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “Хариуцагчийн цалин хөлсөнд олгосон 223.747.61 доллар буюу 531.358.061 төгрөгийг буцаан гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч М.Бадралын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Ж А Ф-ээс:

           “Ш-” ХК-тай Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийг үндэслэн 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн гэрээ байгуулан “Ш-” ХК-ийн санхүү эрхэлсэн захирлын албан тушаалд жилийн 200.000 ам.долларын цалинтайгаар ажиллах, мөн дараах хангамжтайгаар ажиллуулахаар гэрээний 2.5, 5 дугаар зүйлүүдэд заасан байдаг. Үүнд: олон улсын даатгал /эрүүл мэнд/, машин, жолооч, нисэх онгоцны зардал /тодорхой тохиолдолд/, хоолны зардал 1 сард 1.000.000 хүртэлх төгрөг, байрны зардал: Ш-д байрлах бол үнэ төлбөргүй Улаанбаатарт байрлах бол ашиглалтын зардлыг оролцуулаад 1 сард 4.000 хүртэлх ам.доллар хамаарч байна. “Ш-” ХК-ийн санхүү эрхэлсэн захирлаар 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг дуустал үлгэр жишээ байдлаар ажилласан. “Ш- ХК нь хамгийн сүүлд 2016 оны 04 дүгээр сар дуусталх хугацааны цалин, 2016 оны 01 дүгээр сар дуусталх хугацаанд гэрээний 2.5 дугаар зүйлд заасан олон улсын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг олгож, түүнээс хойш шалтгаангүйгээр 2016 оны 05 дугаар сараас хойш 6 сарын цалин болох 100.000.02 ам.доллар, 2016 оны 02 дугаар сараас хойш 9 сарын олон улсын эрүүл мэндийн даатгалын шимтгэл болох 20.665.44 ам.долларыг тус тус төлөөгүй.. “Ш-” ХК нь хамгийн сүүлд 2016 оны 03 дугаар сард. өмнө нь төлөгдөөгүй байсан эрүүл мэндийн зардалд 2.514.90 ам.доллар, бусад зардалд 99.99 ам.доллар, 2016 оны 01 дүгээр сарын Аетнагийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 2.240.55 ам.доллар, 2016 оны 01 дүгээр сарын Хюманагийн хараа болон шүдний даатгалын шимтгэлд 55.61 ам.доллар, нийт 4.911.05 ам.доллар. 2016 оны 04 дүгээр сараас хойш ажилласан хугацааны цалин, өөрийн төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардлыг нөхөн авах хүсэлтээ  “Ш-” ХК-д удаа дараа гаргасан боловч “Ш-” ХК-аас ямар нэгэн хариу аваагүй, цалин олон улсын эрүүл мэндийн даатгалын зардал өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байна. Иймд 2016 оны 05 дугаар сараас 2016 оны 10 дугаар сар дуусталх хугацааны цалин болох 100.000.02 ам.доллар, 2016 оны 02 дугаар сараас 10 дугаар сар дуусталх хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал болох 20.665.44 ам.долларыг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн мэдэгдлийг “Ш-” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ж П-, гүйцэтгэх захирал Б.Б- нарт batbaatar@sharyngol6com, [email protected] цахим шуудангаар хаягуудаар нь хүргүүлсэн бөгөөд тус мэдэгдлээр “Ш-” ХК тус хугацаанд төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг тухайн өдрөөр харилцан цуцалсанд тооцож, хөдөлмөр эрхлэлтээ зогсоохыг сануулсан. Гэвч энэ хугацаанд “Ш-” ХК-ийн дээр дурдсан албан тушаалтнуудаас ямар нэгэн хариу аваагүй байна. Сүүлийн шаардлагад хариу ирүүлээгүй тул итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсгийг үндэслэн “Ш-” ХК-ийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид дээрх 7 дугаар хэсэгт дурдсан гомдол гаргахдаа “Ш-” ХК-д тус компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисс гомдлыг хүлээн авсан эсэх тухайгаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэхэд бичгээр мэдэгдээгүй тохиолдолд “Ш-” ХК-д хөдөлмөрийн маргаан таслах комисс байдаггүй гэж ойлгон холбогдох нэхэмжлэлийг харьяа шүүхэд гаргахдаа мэдэгдсэн мэдэгдлийг мөн хүргүүлсэн. Тус мэдэгдлийн дагуу гомдол хүлээн авсан, хүлээн авахаас татгалзсан эсэх тухай ямар ч мэдэгдэл ирүүлээгүй болно. Иймд бид “Ш-” ХК-ийг хөдөлмөрийн маргаан таслах комиссгүй бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрч байна гэж үзэж танай шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

            Хариуцагч “Ш-” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайвангаас:

Нэхэмжлэгч Ж А Ф-ын нэхэмжлэлийг бүхэлд нь дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Монгол Улсад Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд ажил хөдөлмөр эрхэлж байгаа бүх хүн Хөдөлмөрийн тухай хууль болон ажил олгогчтойгоо байгуулсан гэрээнд заасан үндэслэл журмын дагуу цалин авах эрхтэй байдаг. Тодруулбал “Ш-” ХК болон Жэймс Алберт Флорис нарын хооронд 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний 2.2 дахь хэсэгт ажлын байр буюу хаана байрлаж ажил үүргээ гүйцэтгэх тухай, мөн гэрээний 4 дүгээр зүйлд 7 хоногт хэдэн цаг ажиллах тухай, амралтын өдрүүдийн тухай, жилд яаж эдлэх тухай маш тодорхой тусгасан. Гэвч нэхэмжлэгч Жэймс Алберт Флорис нь 2016 оны 05 дугаар сараас бүр өмнө аль эрт 2014 оноос ажил хөдөлмөрөө гүйцэтгэхгүй Монгол улсаас гараад явчихсан хүнийг ажил үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж цалин тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасан бөгөөд энэхүү заалтын цагаар ажлын хөлсийг тооцон, хэдэн цаг ажилласан буюу хөдөлмөрийнх нь үр дүнд тохируулан цалин олгохоор тохиролцсон нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4.1 дэх хэсэг зааснаас тодорхой харагдана. Цалин тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй тул цалинг тогтоосон хугацаанд олгоогүйн алданги гэх 121.352.146 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй. ...хуульчийн зардал 42.301.306 төгрөг болон баримт бичиг гэрчлүүлэх, илгээхтэй холбоотой зардал гэх, 1.000.494 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал 51.494.763 төгрөгийг зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.5 дахь хэсгийг үндэслэн нэхэмжилж байгаагаа дурджээ. Гэрээний 2.5-д ажилтан нь ажил олгогчийн зардлаар олон улсын даатгалд хамрагдах эрхтэй гэж заасан бөгөөд энэхүү заалтыг хэрэгжүүлэхийн тулд “Ш-” ХК нь даатгалын үйл ажиллагаа явуулдаг этгээдтэй харилцан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр даатгалын зардлыг “Ш-” ХК нь гаргана. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбар гаргажээ.

            Хариуцагч “Ш-” ХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Америкийн Нэгдсэн Улсын иргэн Ж А Ф- нь “Ш-” ХК-д ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс олж авах эрх буюу Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь аль 2015 оны 01 дүгээр сард дууссан. Мөн оныхоо 6 сараас хойш Монгол улсад дахин ирээгүй буюу ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгээгүй. Гэсэн ч “Ш-” ХК нь 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл нийт түүнд 223.747.61 ам.долларын цалин хөлс олгосон. Тодруулбал 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14915.37 ам.доллар, 3 дугаар сарын 25-ны өдөр 14916.5 ам.доллар, 4 дүгээр сарын 24-ны өдөр 14916.29 ам.доллар, 5 дугаар сарын 26-ны өдөр 14915.04 ам.доллар, 6 дугаар сарын 26-ны өдөр 14912.68 ам.доллар, 8 дугаар сарын 06-ны өдөр 14915.9 ам.доллар, 9 дүгээр сарын 04-ны 14916.61 ам.доллар, 9 дүгээр сарын 30-ны өдөр 14916.81 ам.доллар, 10 дугаар сарын 26-ны өдөр 14916.86 ам.доллар, 11 дүгээр сарын 25-нд 14916.77 ам.доллар, 12-р сарын 31-нд 14916.91 ам.доллар, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 14917.06 ам.доллар, 3 дугаар сарын 01-ний 14917.83 ам.доллар, 3-р сарын 28-нд 14918.86 ам.доллар, 5-р сарын 10-нд 14918.12 ам.долларыг тус тус цалин хөлсөнд олгосон.

...Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн дагуу гадаадын иргэн нь Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж цалин хөлс авахын тулд хөдөлмөрийн гэрээ байгуулснаар шууд хөдөлмөр эрхэлж болохгүй гагцхүү хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсны үндсэн дээр л хөдөлмөрийн харилцааг эхлүүлж, хөдөлмөрийн харилцааг хуулийн дагуу үргэлжлүүлэх боломжтой байдаг. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь дууссан тохиолдолд дууссан хугацаанаас эхлэн хөдөлмөр эрхэлж цалин хөлс авах нь хууль бус бөгөөд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох үр дагавартай тул Америкийн Нэгдсэн Улсын иргэн Ж А Ф-ийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл дууссанаар хөдөлмөр эрхлүүлж, цалин хөлс олгох үүрэг дуусгавар болно. Иймд “Шарын шол” ХК нь 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд цалин хөлсийг үүрэг үүсээгүй байхад олгосон байх бөгөөд Ж А Ф- мөн хугацаанд нийт 223.747.61 ам.долларын мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул хөрөнгө шилжүүлсэн “Ш-” ХК-д буцаан шаардахаар эрхтэй билээ. Иймд цалин хөлсөнд олгосон 223.747.61 ам.долларыг Ж А Ф-оос буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа:

Ж А Ф-ийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан гэх үндэслэлийн тухайд: Гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулиуд болон Монгол улсын Засгын газар, түүний эрх бүхий байгууллагуудаас гаргасан эрх зүйн актуудаар зохицуулагдаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 113.1 дугаар хэсэгт “ажил олгогч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гадаадын иргэнийг ажиллуулж болно” гэж зааснаас үзвэл ажил олгогч болон гадаадын иргэн хоорондын хөдөлмөрийн харилцаа үүсэх эсэх нь төрийн байгууллагын аливаа шийдвэрээс үл хамаарч байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг үндэслэн хөдөлмөрийн гэрээний эрх, үүргийг тодорхойлдог журам Монгол Улсад байхгүй. Гэтэл хариуцагч “Ш-” ХК хөдөлмөрийн харилцааг зохих ёсоор дуусгавар болгоогүй атлаа Ж А Ф-ийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг 2015 оны 1 дүгээр сард цуцлуулснаар “Ш-” ХК-ийн хөдөлмөрийн харилцаанд хүлээх үүрэг дуусгавар болсон мэтээр тайлбар хийж байгаа нь илт хууль зүйн үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх тухайд: Хариуцагч “Ш-” ХК-ийн хөдөлмөр эрхлэлтийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болоогүй байхад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэгч Ж А Ф-т олгосон цалинг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. ....Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийн гэрээний дагуу олгогдох цалин, хөдөлмөрийн хөлсний тухай ойлголтыг эдийн засгийн болон эрх зүйн агуулгаар авч үзэх нь зүйтэй. Нэхэмжлэгч нь болон “Ш-” ХК-ийн хоорондын харилцаа дуусгавар болоогүй байснаар зогсохгүй “Ш-” ХК-д нэхэмжлэгч үргэлжлүүлэн ажилласаар байсан бөгөөд тийм ч учраас түүний цалинг сөрөг нэхэмжлэлд дурдсан хугацаанд олгож байсан нь хэнд ч илэрхий. Гэтэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасныг энэ маргаанд хамаатуулан тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэл, хамааралгүй байна. Иймд хариуцагч “Ш-” ХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1188 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ш- ХК-аас 249.183.050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж А Ф-т олгож, үлдэх 216.148.710 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, 531.358.061 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар 2016 оны 5 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны олгох цалин олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Ш-” ХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.484.609 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 2.814.741 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.4038.065 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж А Ф-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал давж заалдсан гомдолдоо:

Нэг. Ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн эсэх тухайд:

а) Гэрээгээр тохиролцсон ажлын байр, оффист ажиллаагүй:

2012 оны 9 сарын 1-ний өдрийн контрактын гэрээний 2.2-т “Ажилтны ажлын байр нь Монгол улс, Улаанбаатар хот дахь ажил олгогчийн төв оффис байна. нэхэмжлэгч энэ талаар “гадаадаас ажиллахыг зөвшөөрсөн” гэх тайлбарыг хийдэг ч ажил олгогчоос тийм зөвшөөрөл өгөөгүй, гэрээнд өөрчлөлт оруулсан нотлох баримтгүй байхад нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбарыг шүүх хүлээн зөвшөөрч, гадаадаас ажил, үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь буруу болсон. Нэхэмжлэгч нь 2014-09-18-ны өдөр Монгол улсаас бүрмөсөн явах хүртлээ контрактын гэрээний дагуу ажил, үүргээ гүйцэтгэсэн бөгөөд түүнээс хойш ажил олгогчтой гэрээгээр тохиролцсон ажлын байрандаа ажиллаагүй болно.

б) Тогтоосон цагаар ажиллаагүй:

Контрактын гэрээний 4 дүгээр зүйлд ажилтны ажил, амралтын цагийг зохицуулсан бөгөөд 4.1-д “Ажилтан нь долоо хоногийн 40 хүртэл цаг ажиллана”, 4.2-т “Ердийн ажлын цаг Даваагаас Баасан гаригт 09:00 цагаас 18:00 цагийн хооронд өдөрт 8 цаг байна”,

в) Ажлын үр дүн гаргаагүй:

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “...ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох...”, 25 дугаар зүйлийн 25.3-д “...ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг...”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно.” гэж тус тус зааснаас үзвэл туйлын тодорхой нэг агуулгыг илтгэх нь хөдөлмөрийн ямар гэрээгээр ажиллаж байгаагаас үл хамааран ажилтан ажлын үр дүн гарган ажиллавал ажил олгогч түүнд нь тохирсон цалин хөлс, урамшуулал олгох үүрэг хүлээнэ. Энэ нь ч хөдөлмөрийн харилцааны үндсэн зарчимд нийцнэ. ... ажилтны хийсэн ажлын үр дүнд тохирсон цалин хөлсийг олгох эсэхтэй холбогдох маргаан юм. Контрактын гэрээ цуцлагдсан байсан ч ажилтан ажлын үр дүн гаргасан бол түүндээ тохирсон цалин хөлс шаардах нь зүйн хэрэг бол контрактын гэрээ цуцлагдаагүй байхад ажилтан бодитоор ажиллаагүй, ажлын үр дүн гараагүй бол цалин хөлс нэхэмжлэх эрхгүй юм.

Хоёр. Нотлох баримтыг үнэлсэн тухайд

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн АНУ-аас ажиллаж байсан нь нотлогдох талаар шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлт нэг бүрийг хэрэгт авагдсан иш татаж буй нотлох баримтад хэрхэн нийцэж буйг авч үзэх нь зүйтэй.

а) “Нэхэмжлэгч Ж А Ф- нь АНУ-д байх хугацаандаа... Х.Уянгатай [email protected] имэйл хаягаар 2016 оны 6 сар хүртэл харилцаж.., Б.Гэрэлт-Одын gereltod@ sharyngol.mn хаягаар.., Э.Ариунжаргал нь өөрийн [email protected] хаягаар харилцаж байсан гэсэн мэдүүлэг...”

Уг дүгнэлтэд дурдагдаж буй нэг ч имэйл нь нотлох баримтаар авагдаагүйгээс гадна гэрчээр асуугдсан этгээдүүд нь урьд нэхэмжлэгчийн шууд удирдлага доор ажиллаж байсан ажилчид бөгөөд тус гэрчийн мэдүүлгээр ажил олгогчид ажилласан байсныг нотлохгүй юм.

б) “...2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Ш-” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б-ын [email protected] цахим хаягаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор цалин хөлс болон эрүүл мэндийн даатгалын зардлыг нөхөн төлөх мөн тухайн өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай албан бичгийг хүргүүлсэн болох нь гэрч Б.Б-ын хөдөлмөр эрхлэлтийг цуцлах асуудлыг би шийддэггүй гэж цахимаар хүсэлт ирснийг үгүйсгээгүй мэдүүлэг”

Хариуцагч “Ш-” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б- гэрч байх этгээд бишээс гадна 3 хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад Б.Б-ын гэрчээр асуугдсан нэг ч мэдүүлэг байхгүй болно. Улмаар шүүхийн даалгавраар хийгдсэн шүүхийн үзлэгээр [email protected] цахим хаяг руу ямар ч имэйл ирээгүй болох нь тогтоогдсон байхад шүүх хэрэгт авагдаагүй, шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдаагүй, огт байхгүй баримтыг иш татаж буй нь ноцтой алдаа болно.

в) “...Цахим шуудан хүргүүлж харилцаж байсан талаарх албан ёсны эрх бүхий орчуулгын компаниар орчуулж ирсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна”

Мөн шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа баримтуудыг ИХШХШТХ-ийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан журмаар нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг гаргахад шүүх хангасан ба ийнхүү хасахаар заасан баримтад нь дээрх имэйлийн орчуулга гэх баримтууд хамаарч байхад шүүх хассан нотлох баримтаа үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ- ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримт үнэлэх зохицуулалтад нийцэхгүй байна.

Түүнчлэн шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргасан дээрх хүсэлтийг шүүгч даруй шийдвэрлэх журамтай боловч шүүхийн шийдвэртэй хамтатган шийдвэрлэсэн буруу болсон ба энэ нь дээрх хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан хэргийн оролцогчийн эрх зөрчигдөхөд хүргэсэн.

Гурав. Шүүх Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч нь гадаадын иргэн тул түүний хөдөлмөрийн харилцаа Хөдөлмөрийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэг зааснаар Хөдөлмөрийн тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулиудаар давхар зохицуулагддаг.

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д зааснаар эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл байгаа нөхцөлд нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээ хүчин төгөлдөр байх боломжтой. Харин хөдөлмөрийн эрхлэх зөвшөөрөл хүчингүй болсон нөхцөлд нэхэмжлэгчтэй байгуулсан контрактын гэрээ хүчин төгөлдөр байх боломжгүй. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн 14 дүгээр талд “хөдөлмөр эрхлэлтийн гэрээ цуцлагдсан талаар холбогдох бичиг баримтыг эрх бүхий байгууллагад хүргүүлж, зохих журмын дагуу зөвшөөрөл авсан эсэх нь тогтоогдохгүй, энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна” гэсэн дүгнэлт байгаа нь Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал болсон. Уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг нь гадаадын иргэн өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, өөр байгууллагад ажиллах зөвшөөрөл авахтай холбоотой харилцааг зохицуулсан байхад анхан шатны шүүх уг заалтыг үндэслэн хариуцагчийг гэрээ цуцлах зөвшөөрөл авсан эсэх нь тогтоогдохгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Дөрөв. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Талуудын хооронд үүссэн маргаан нь нэхэмжлэгчийг ажлаас халсан. өөр ажилд шилжүүлсэнтэй холбогдох маргаан биш учир Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан маргаанд хамаарна.

Гэвч нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 1-ээс 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан гээд энэ хугацааны цалингаа нэхэмжилж 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд хандсан байгаа нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байдаг. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сард цалин авах ёстой гэж үзэж байсан бол мөн үеэсээ хойш 3 сарын дотор 5 дугаар сарын цалинтай холбогдох гомдлоо гаргах ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх энэхүү хөөн хэлэлцэх хугацааны талаар ямар ч хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг барьж маргааныг шийдвэрлэсэн болно. Иймд анхан шатны шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ж А Ф- нь хариуцагч “Ш-” ХК-д холбогдуулан 2016 оны 5 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны цалин 100. 000,02 ам доллар буюу 249.183.050 төгрөг, түүний алданги 48.700,01 ам доллар буюу 121.352.146 төгрөг, 2016 оны 2 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарыг дуустал 9 сарын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зардал 20.665,44 ам доллар буюу 51.494.763 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан зардал 401,51 ам доллар буюу 1.000.494 төгрөг, хуульчийн зардал 16.976 ам доллар буюу 42.301.306 төгрөг нийт 465.331.760 төгрөгийг гаргуулах, хариуцагч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл нийтдээ 14 сарын цалин 223.747,061 ам доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцож 531.358.061 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Хариуцагч нь гэрээний 2.2-т заасан ажлын байранд ажил үүрэг гүйцэтгээгүй 2014 онд Монгол улсаас гарч явсан тул цалин түүний алданги шаардах эрхгүй, гэрээний 2.5-д ажилтан нь ажил олгогчийн зардлаар олон улсын даатгалд хамрагдах эрхтэй гэж заасан бөгөөд энэхүү заалтыг хэрэгжүүлэхийн тулд “Ш-” ХК нь даатгалын үйл ажиллагаа явуулдаг этгээдтэй харилцан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр даатгалын зардлыг “Ш-” ХК хариуцах тул эрүүл мэндийн даатгалын зардлыг зөвшөөрөхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлсний төлөө гарсан зардал буюу өмгөөлөгчийн зардлыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хариуцагч нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр  2015 оны 02 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл нийтдээ 14 сарын цалин 223.747.061 ам доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар тооцож 531.358.061 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

Шүүх “Ш-” ХК-аас 249.183.050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж А Ф-т олгож, үлдэх 216.148.710 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, 531.358.061 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын гол үндэслэл нь хариуцагчаас нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн 249.183.050 төгрөгийг зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгохыг хүсчээ.

Хэргийг давж заалдах гомдолд зааснаар хязгаарлахгүйгээр бүхэлд хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 113.1 дугаар хэсэгт “ажил олгогч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гадаадын иргэнийг ажиллуулж болно” гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгч Ж А Ф- нь хариуцагч “Ш-” ХК-тай 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн гэрээг англи хэл дээр байгуулсан бөгөөд нэхэмжлэгч нь эрх бүхий орчуулгын байгууллагаар орчуулуулж шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн нь хуульд заасан шаардлага хангасан байна.

Дээрх гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна” гэж заасан контрактын гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэлтийн гэрээний хугацаа тус гэрээний 2.3, 3-р зүйлд зааснаар ...энэхүү гэрээнд заасан нөхцлийн дагуу аль ч тал нь нөгөө талдаа бичгээр мэдэгдэл өгөөгүй тохиолдолд хүчин төгөлдөр болох өдрөөс нэг жилийн ой бүр дээр дахин нэг жилээр автоматаар сунгагдах...гэж зааснаар талуудын хооронд хийгдсэн гэрээ сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Нөгөөтэйгүүр хариуцагч тал нэхэмжлэгчийг хууль болон хөдөлмөр эрхлэх гэрээ, байгууллагын дүрэм, дотоод журам зэргийг зөрчсөн гэж гэрээгээ цуцалсан тухай баримтыг  шүүхэд гаргаж өгөөгүй байх тул зохигчдын хооронд үүссэн гэрээ хүчин төгөлдөр хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байна гэж үзнэ.

Хариуцагч “Ш-” ХК нь Ж А Ф-т 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цалин хөлсийг олгож шилжүүлж байсан талаар хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-41.1.4-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7-д зааснаар ажлаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалттай боловч хөдөлмөрийн гэрээг хариуцагч “Ш-” ХК дуусгавар болгоогүй, энэ талаар хариуцагч талаас хуульд заасан үүргийн дагуу нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хариуцагч” Ш-” ХК-аас 2016 оны 5 сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цалинг хөдөлмөр эрхлэлтийн гэрээний 2.4-д заасан хэмжээгээр нэхэмжлэх эрхтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний  хувьд хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан шийдвэрлэсэн нь буруу.

Гэрээний дагуу ажилласан хугацааны цалинг нэхэмжлэгчид  олгоогүй байх тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгчид түүний шаардсан цалинг олгох үндэслэлтэй юм.

Нэхэмжлэлийн бусад шаардлагын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг үгүйсгэх баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчид цалин олгосон нь буруу тул хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн гомдлыг хангах боломжгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч тал хөдөлмөрийн гэрээгээ цуцлаагүй байхдаа олгосон цалинг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэгчээс гаргуулах боломжгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрт хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хариуцагчийн гомдлыг хангаагүй тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1188 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын:

“Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Ш-” ХК-аас 249.183.050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж А Ф-т олгож, үлдэх 216.148.710 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, 531.358.061 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож” гэснийг

“Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 49 дүгээр зүйлийн 49.1, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Ш-” ХК-аас 249.183.050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж А Ф-т олгож, үлдэх 216.148.710 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, 531.358.061 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.060.656 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                 ШҮҮГЧИД                                   Л.АМАРСАНАА

                                                                                                                     С.ОЮУНЦЭЦЭГ