Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/00962

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Х овогтой С,

 

Хариуцагч: Т  ХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэл,

 

Хариуцагч: М овогтой Б О нарт холбогдох,

 

Компанийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагч С., хариуцагч Б.О болон  с-Т  ХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагч нарын өмгөөлөгч М.Ш, иргэдийн төлөөлөгч Б.Ба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

 

 

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

 1. Нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч с-ТХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэл, С., Б.О нарт холбогдуулан Компанийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч ТХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Оюутцэцэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Нэхэмжлэгч ТХХК нь 2011 онд гадаад худалдаа, гэрээгээр уул уурхайн туслан гүйцэтгэгчийн үндсэн чиглэлээр үүсгэн байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Манай компани 2015 онд с-Таван толгой ХК-тай Таван толгойн нүүрсний ордын Цанхийн зүүн хэсэгт гэрээт олборлолт явуулахаар Уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ба үндэсний хэмжээний төсөлд хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж билээ. Үүнийг ч Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам үнэлж, сүүлийн гурван жил Топ-100 аж ахуйн нэгжээр шалгаруулж, үүнээс 2018 оны Топ-10 аж ахуйн нэгжийн нэгээр тодорч байсан. Монгол Улсын эдийн засгийн хөшүүрэг болсон хамгийн том төсөл болох Таван толгойн орд газарт нүүрс олборлолтын ажлыг явуулж, сүүлийн гурван жилийн хугацаанд 175 орчим тэрбумын татвар төлсөн байна. Гэтэл бидний явуулж буй ажил хөдөлмөрийг, 1000 гаруй ажилчдын хөдөлмөр, үнэ цэнээр босоон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хууль бус мэтээр байнга мэдэгдэл хийж, түүнчлэн ажилчдынхаа амь нас, эрүүл мэндийг үл хайхардаг мэтээр С. нь Эв санааны нэгдэл-с таван толгой гэх нэртэй фейсбүүк хуудсаараа дамжуулан нийтэлж, компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээ, мэдээллийг тараасаар байна. Тухайлбал, С. нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дээрх фейсбүүк цахим хуудсаараа с таван толгой ХК-ийн гэрээт компани болох ТХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдлын журмыг баримтлахгүй явж, 203 ажилчдын эрүүл мэнд, амь насыг хохироож байна гэж, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсад ажлын байрны хомсдол үүссэнийг далимдуулж зөвхөн ашгийн төлөө ажилчдын амь нас, эрүүл мэндийг үл огоорон ажиллуулж байгаа нь шүүхээр тогтоогдсон. Энэ компани ажилчидтайгаа мал мэт харьцдаг хэмээн илт үндэслэлгүй худал мэдээллийг олон нийтэд тараасан. 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн ТХХК-ийн үйл ажиллагааг яагаад зогсоохгүй байна вэ?, мөн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр с-Т ХК-ийн ашгийг хумсалж байгаа Хятадын ТХХК-ийг ярихгүй байна вэ гэж манай компанийг хууль зөрчигч болгож харуулсан худал мэдээллийг түгээсэн. 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хууль бус олборлолт явуулдаг ТХХК-ийн үйл ажиллагааг яаралтай зогсоож, сонгон шалгаруулалт зарлах шаардлагатай гэх мэтээр манай компанийн үйл ажиллагааг хууль бус болж харагдуулах худал мэдээллийг тарааж, компанийн ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар халдсан. Энэ талаараа мөн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Монгол Ньюс-д хэвлэлийн бага хурал хийж, хурлын төгсгөлд ТХХК-тай байгуулсан гэрээг өнөөг хүртэл олон улсын гэрээ гэж ташаа ойлголтоор төөрөгдүүлэн, тендерийн болон санхүүгийн хууль зөрчсөн нь с-Тавантолгой ХК-ийг санхүүгийн алдагдалд оруулах санааг агуулж, зохион байгуулалттайгаар хууль бусаар орлого олох гэмт бүлэглэлийн шинж байгааг мэргэжлийн байгууллагууд үндэсний аюулгүй байдлын үүднээс хандаж, анхаарлаа хандуулна гэдэгт итгэлтэй байна гэж манай компанийг олон нийтэд гэмт хэрэгтэн болгож харагдуулан, компанийн нэр хүндийг гутаан доромжилсон. С. нь хамгийн сүүлд л гэхэд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ТХХК нь Монгол хүний хөдөлмөрлөх эрхийн эсрэг үйлдлээ зогсоо гэх гарчиг бүхий нийтлэлийг цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд түгээж, иргэдийг худал мэдээ, мэдээллээр төөрөгдүүлсээр байна. Дээрх агуулга бүхий худал мэдээллүүдээр компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасан Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах эрхийг зөрчиж байна. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д зааснаар хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад мөн хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаардаг билээ. Нэхэмжлэгч компанийн хувьд гэрээнд тусгагдсан ажил үүргээ холбогдох хуулийн дагуу гүйцэтгэж, ажилчдын амь нас, эрүүл мэнд, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн явдал үгүй байтал Хууль бусаар олборлолт явуулж с-Т  ХК-ийн ашгийг хумсаллаа, ажилчдын эрх ашгийг дорд үзлээ хэмээн худал гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл тарааж, нэр хүндэд халдсан үйлдлийг гаргасаар байгаа учир ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймээс Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар мэдээллийг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийн уучлалт гуйхыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

 

 

2. Хариуцагч С. шүүхэд гаргасан тайлбартаа: с-Т  ХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн Эв санааны нэгдэл-с Т  фейсбүүк хуудас нь ажилчид өөрсдийн санаачилгаар нээж, ямар нэгэн хэмжүүр тавилгүй чөлөөтэй үг хэлэх эрхээр хангадаг групп бөгөөд зөрчигдөж байгаа үйлдлийг нийтэлдэг. С. миний бие тухайн фейсбүүк хуудсыг эзэмшдэггүй. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор батлагдсан Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага-ын 2.4-т зааснаар Веб сайтын үйлчилгээ эрхлэгч гэж харилцаа холбооны сүлжээг ашиглан олон нийтэд мэдээ, мэдээлэл болон бусад бүх төрлийн контентийг хүргэдэг иргэн болон хуулийн этгээд байдаг бөгөөд мөн шаардлагын 3.4-т зааснаар Харилцаа холбооны тухай хуулийн 12.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа мэдээ, мэдээллийн вэб сайтын үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хороонд бүртгүүлсэн байхыг шаарддаг. Миний бие тус хууль болон журмын дагуу дээрх фейсбүүк хуудсыг эзэмшдэггүй. Нэхэмжлэгч ТХХК өөрсдөө хууль зөрчсөн үйлдлээ шүүхэд нэхэмжлэл гаргаж хугацаа хожих зорилгоор ашиглаж байна. Тус компанийн ажилчид өөрсдөө нэгдэн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийг байгуулсан ба үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг ажилчдын дундаас сонгодог. Тус үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилчид болох 10 ажилчдыг нэгэн зэрэг ажлаас халсан нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг буюу үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглосон байхад ТХХК нь тус хуулийг зөрчиж 10 ажилтныг халж, тухайн маргаан танай шүүхээр шийдвэрлэгдэж, эргээд ажилдаа томилогдсон байдаг. Тус үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь ажилчдын ажиллаж, амрах таатай нөхцөлөөр хангах, ажилласан хөлсөө шударгаар үнэлүүлэхэд л гол зорилго оршдог. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар с-Т ХК-ийн ажилчид, эсхүл ТХХК-ийн ажилчид ямар нэгэн байдлаар хэвийн үйл ажиллагааг зогсоох жагсаал, ажил хаялт зарлаагүй болно. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 296 дугаартай с-Т ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор МҮ-011943 дугартай Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг с-Т ХК-ийн охин компани болох с-Тавантолгой майнинг ХХК-д шилжүүлэхээр болж, нийт хувьцааны 30 хүртэл хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан худалдах болсон. Энэ нь нийт Монгол Улсын иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 96,480 төгрөг авахаар байтал 30 хувийн хувьцааг зарсан тохиолдолд 70 хувийн хувьцааг Монгол Улсын нийт иргэдэд хуваахад нэг иргэнд 67.536 төгрөг ногдох байсан. Энэ нь Монгол Улсад ашиггүй бөгөөд хэт их хохиролтой байсан тул С., с-Тавантолгой ХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэл олон нийтэд мэдээлэл хүргэсний үр дүнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 146 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Ингэснээр Монгол Улсын төр, иргэдийн эрх ашиг зөрчигдөөгүй болно. Ийм тогтоол гарснаар Цанхийн зүүн хэсэгт уул ашиглалт, олборлолтын ажил хийж байгаа ТХХК-ийн эрх ашиг ямар нэгэн байдлаар зогсоогүй бөгөөд хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Нэхэмжлэгч ТХХК нь 1 м.куб олборлолтод 4,37 ам доллар авдаг бөгөөд бусад аж ахуйн нэгжүүд 6.300 төгрөг авдаг. Хариуцагчийн зүгээс ямар нэгэн худал мэдээлэл тараагаагүй. Нэхэмжлэлд дурдсан 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Монгол Ньюс-д хэвлэлийн бага хурал хийж, яриа өгсөн нь үнэн. Нэхэмжлэлийн бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

 

 

3. Хариуцагч с-Т ХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн болон хариуцагч Б.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг төлсөн баримт /хэргийн 1 дүгээр хавтасны 4 дүгээр тал/, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 290/20 дугаар Итгэмжлэл /хэргийн 1 дүгээр хавтасны 5-6, 8-9 дүгээр тал/, ТХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтасны 7 дугаар тал/, ТХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Файв хиллс холдингс пте лтд ГХОК болох тухай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтасны 10 дугаар тал/, ТХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 19/03 дугаар шийдвэр буюу гүйцэтгэх удирдлагын багийг томилсон тухай шийдвэр /хэргийн 1 дүгээр хавтасны 11 дүгээр тал/, Эв санааны нэгдэл-с Таван толгой фейсбүүк хаягнаас 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр, 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр, 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус тус нийтэлсэн гэх мэдээллийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтасны 12-18 дугаар тал/, ТХХК-ийн Ерөнхий захирал Жао Чиангийн гарын үсгийн баталгаа /хэргийн 1 дүгээр хавтасны 19 дүгээр тал/, ТХХК-ийн гүйцэтгэх захирал Э.О-ээс М.Д, Д.Э  нарт олгосон итгэмжлэл /хэргийн 1 дүгээр хавтасны 47 дугаар тал/, Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 8/2134 дүгээр албан бичиг /хэргийн 1 дүгээр хавтасны 56 дугаар тал/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албаны 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтасны 57 дугаар тал/, Улсын ерөнхий прокурорын газрын Эрүүгийн хэргийн архивын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1596 дугаар лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтасны 58 дугаар тал/, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн төрөлжсөн архивын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10638 дугаар лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтасны 59 дүгээр тал/, Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 80 дугаар албан бичиг /хэргийн 1 дүгээр хавтасны 67 дугаар тал/, Татварын ерөнхий газрын Талархал гэх баримт /хэргийн 1 дүгээр хавтасны 81 дүгээр тал/, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаас олгосон Талархал гэх баримт /хэргийн 1 дүгээр хавтасны 82 дугаар тал/, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаас олгосон Талархал гэх баримт /хэргийн 1 дүгээр хавтасны 83 дугаар тал/, с-Т ХК IPO хийхэд нэг алхам ойртлоо гэх гарчиг бүхий нийтлэлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтасны 84-85 дугаар тал/, с-Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо гэх гарчиг бүхий нийтлэлийн хуулбар /хэргийн 1 дүгээр хавтасны 87-89 дүгээр тал/, с-Тавантолгой ХК-ийн 2019, 2018, 2017, 2016, 2015 оны орлогын тайлан /хэргийн 90-94 дүгээр тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн ТХХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 95-101 дүгээр тал/, с-Тавантолгой ХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 01/1799 дүгээр албан бичиг /хэргийн 1 дүгээр хавтасны 107 дугаар тал/, с-Т ХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 01/2132 дугаар албан бичиг /хэргийн 1 дүгээр хавтасны 109 дүгээр тал/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ирүүлсэн  С гэх фейсбүүк хаягаас 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр нийтэлсэн Ил захидал гэх баримт /хэргийн 1 дүгээр хавтасны 217-220 дугаар тал/, Амар даатгал ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 21/04-001 дугаар албан бичиг /хэргийн 1 дүгээр хавтасны 236 дугаар тал/, ТХХК-ийн М.Д, Д.Э, У.Э нарт олгосон 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэл /хэргийн 2 дугаар хавтасны 14 дүгээр тал/, ТХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 2 дугаар хавтасны 15 дугаар тал/ зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

5. Хариуцагч талаас ирүүлсэн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн С.эс Ш.Т-т олгосон итгэмжлэл /хэргийн 1 дүгээр хавтасны 30 дугаар тал/, С.Эрдэнийн өмгөөлөгч М.Ш-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 1 дүгээр хавтасны 34-35 дугаар тал/, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 296 дугаар тогтоолын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтасны 42-43 дугаар тал/, Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл /хэргийн 44 дүгээр тал/, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Үндэсний аудитын газраас ирүүлсэн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 03/2823 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсаргасан с-Тавантолгой ХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүн, хувьцаа хуваарилалт, ногдол ашиг олголтод хийсэн дүгнэлтийн тайлан /хэргийн 1 дүгээр хавтасны 123-163 дугаар тал/, Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлээс А.Отгонжаргалд олгосон итгэмжлэл /хэргийн 1 дүгээр хавтасны 166 дугаар тал/, с-Тавантолгой ХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтасны 167 дугаар тал/, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон уурхайн хамтын ажиллагааны гэрээний эхний нэмэлт ЭТТ-2016/010 дугаар бүхий баримтын хуулбар /хэргийн 1 дүгээр хавтасны 168-173 дугаар тал/, ТХХК-иас с-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Т.Билгээ танаа гэх гарчиг бүхий албан тоотын хариу, итгэмжлэлийн хамт /хэргийн 1 дүгээр хавтасны 174-175 дугаар тал/, ТХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр 37 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ гэсэн баримт /хэргийн 1 дүгээр хавтасны 181-184 дүгээр тал/, Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 04/1326 дугаар албан бичиг /хэргийн 1 дүгээр хавтасны 185 дугаар тал/, хариуцагч Б.Оаас А.О-лд олгосон итгэмжлэл /хэргийн 1 дүгээр хавтасны 235 дугаар тал/, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 120/ШШ2019/00 дүгээр шийдвэр /хэргийн 2 дугаар хавтасны 16-20 дугаар тал/, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт гэх баримт /хэргийн 2 дугаар хавтасны 21 дүгээр тал/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2021/00000 дугаар шийдвэр зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

6. Шүүхийн бүрдүүлсэн буюу 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтасны 193-195, 197-205 дугаар тал/, гэрч Б.Оын шүүхэд өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтасны 196, 206-207 дугаар тал/, с-Тавантолгой ХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06/2477 дугаар албан бичгийн хариу, уг албан бичигт хавсарган ирүүлсэн с-Тавантолгой ХК-ийн Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч ТХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 37 сарын гэрээний дүгнэлт гэх баримт /хэргийн 1 дүгээр хавтасны 212-214 дүгээр тал/, хариуцагч С.Эрдэнийн хийсэн хэвлэлийн бага хурлын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтасны 244-247 дугаар тал/ зэрэг баримт бүрдсэн.

 

7. Иргэдийн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Компанийн нэр төрийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй хэмээн шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дээрх фейсбүүк цахим хуудсаараа с таван толгой ХК-ийн гэрээт компани болох ТХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдлын журмыг баримтлахгүй явж, 203 ажилчдын эрүүл мэнд, амь насыг хохироож байна гэж, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсад ажлын байрны хомсдол үүссэнийг далимдуулж зөвхөн ашгийн төлөө ажилчдын амь нас, эрүүл мэндийг үл огоорон ажиллуулж байгаа нь шүүхээр тогтоогдсон. Энэ компани ажилчидтайгаа мал мэт харьцдаг гэж, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн ТХХК-ийн үйл ажиллагааг яагаад зогсоохгүй байна вэ? гэж, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр с-Тавантогой ХК-ийн ашгийг хумсалж байгаа Хятадын ТХХК-ийг ярихгүй байна вэ гэж, 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хууль бус олборлолт явуулдаг ТХХК-ийн үйл ажиллагааг яаралтай зогсоож, сонгон шалгаруулалт зарлах шаардлагатай гэж, 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Монгол Ньюс-д хэвлэлийн бага хурал хийж, хурлын төгсгөлд ТХХК-тай байгуулсан гэрээг өнөөг хүртэл олон улсын гэрээ гэж ташаа ойлголтоор төөрөгдүүлэн, тендерийн болон санхүүгийн хууль зөрчсөн нь с-Тавантолгой ХК-ийг санхүүгийн алдагдалд оруулах санааг агуулж, зохион байгуулалттайгаар хууль бусаар орлого олох гэмт бүлэглэлийн шинж байгааг мэргэжлийн байгууллагууд үндэсний аюулгүй байдлын үүднээс хандаж, анхаарлаа хандуулна гэдэгт итгэлтэй байна гэж, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ТХХК нь Монгол хүний хөдөлмөрлөх эрхийн эсрэг үйлдлээ зогсоо гэх гарчиг бүхий нийтлэлийг цахим хуудсаар болон хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд түгээж, иргэдийг худал мэдээ, мэдээллээр төөрөгдүүлж, компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан хэмээн үзэж нэхэмжлэл гаргасан байна.

 

 

 

3. Хариуцагч с-Тавантолгой ХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэл болон Б.О нар Эв санааны нэгдэл с-Тавантогой фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлэл тараагаагүй, пост оруулаагүй хэмээн маргасан боловч хэргийн 1 дүгээр хавтасны 193-195, 197-205 дугаар талд авагдсан Үзлэгийн тэмдэглэл-ээс үзэхэд хэргийн 1 дүгээр хавтасны 15 дугаар хуудасны арын хэсэгт авагдсан 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нийтлэгдсэн ... Тийм л с Тавантолгойг ашигтай ажиллуулмаар байгаа юм бол яагаад компанийн ашгийг хумсалж байгаа хятадын ТХХК-ийг ярихгүй байгаа юм бэ гэх агуулга бүхий нийтлэлээс бусад нийтлэл нь устгагдсан талаар тэмдэглэгдсэн байна.

 

 

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.О тухайн фейсбүүк админы хувьд оруулсан пост мэдээллээ устгасан гэсэн мэдээлэл нотлогдсон боловч дээрх мэдээлэл олон нийтэд түгээгдсэнээр ТХХК-д ямар хор хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

 

 

4. Хариуцагч С. нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Монгол Ньюс хэвлэлийн бага хурал хийсэн талаараа маргаагүй ба тухайн мэдээллээс үүдэн ТХХК-д мөн л ямар хор хохирол учирсан нь тодорхойгүй байна.

 

5. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 120/ШШ2019/01 тоот шийдвэрээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, 29.4.1, 29.4.2 дахь хэсгүүдийг тус тус баримтлан Д.Мөнхжаргалын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн /хөдөлмөрийн эрүүл ахуй/ хяналтын улсын байцаагчийг с-Тавантолгой ХК болон ТХХК-иудын хамтарсан үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн комиссын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн актыг баталгаажуулсан үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт буюу дүгнэлт гарчээ.

 

Түүнчлэн хэргийн 1 дүгээр хавтасны 213-214 дүгээр талд авагдсан с-Тавантолгой ХК-ийн Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч ТХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 37 сарын гэрээний дүгнэлт гэсэн баримтаас үзэхэд 2018 оны 5 болон 7 дугаар сард үйлдвэрлэлийн осол гарч, хүний амь нас эрсэдсэн гэсэн дүгнэлт гарсан, энэ талаар хариуцагч С. 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Ил захидал-даа дурдсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Цаг хугацааны хувьд хариуцагч нарын нийтэлсэн постоос сүүлд гарсан эрхийн актууд болно гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

6. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна гэж заажээ.

 

7. Дээрх хуулийн зохицуулалтын гутаасан мэдээ гэдэг нь бодит байдалд нийцээгүй, иргэн, хуулийн этгээдийн хууль болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн буюу буруу, шударга бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг тарааснаар иргэн, хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг доройтуулсан байхыг ойлгохоор байна.

 

8. Гэтэл дээр дурдсан мэдээллүүдийн улмаас нэхэмжлэгч Т ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд нь хэрхэн нөлөөлсөн, түүний үнэлэмж хэрхэн гутаагдсан, дордсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүнд гутаагдсанаас ямар үр дагавар үүссэн болох нь тодорхойгүй.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагч нарын хууль бус үйлдэл байх, гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаарджээ.

 

10. Гэтэл талуудын гаргасан тайлбараар өнөөдрийг хүртэл ТХХК нь Цанхийн зүүн уурхайд олборлолт явуулж байгаа бөгөөд уг мэдээллүүдийн улмаас компанийн өдөр тутмын болон санхүүгийн үйл ажиллагаанд доголдол гарсан, бусад этгээдтэй байгуулсан гэрээ, хэлцэл цуцлагдсан зэрэг сөрөг үр дагавар үүсээгүй байна.

 

11. Дээр дурдсанчлан хуулийн этгээдийн хувьд зөвхөн ажил хэргийн нэр хүндийг хамгаалах Иргэний хуулийн холбогдох зохицуулалт үйлчлэх бөгөөд нэхэмжлэлд Компанийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан гэж бичсэн нь үндэслэлгүй, мөн Уучлалт гуйхыг даалгах тухай шаардлага гаргасан боловч дээрх хуульд уучлалт гуйх ойлголтыг тусгаагүй, гагцхүү няцаах үүрэг хүлээлгэснийг дурдах нь зүйтэй ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлон ирүүлээгүй байна.

 

12. Иргэдийн төлөөлөгч Б.Б  Компанийн нэр төрийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй хэмээн дүгнэлт гаргасан ба дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй болно.

 

13. Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.6, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан хариуцагч С., Б.О, с-Тавантолгой ХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлд тус тус холбогдох Компанийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэгч ТХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ТХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

15. Хариуцагч нарын хариу тайлбарын үндэслэл болгон дурдсан 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/00 тоот Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар батлагдсан аудитын тайлан нь тэдний нийтэлсэн мэдээллээс хойно баталгаажсан байх тул тухайн баримтыг шүүх үнэлж, дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.6, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан хариуцагч С., Б.О, с-Тавантолгой ХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлд тус тус холбогдох Компанийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэгч ТХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч ТХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

 

 

ШҮҮГЧИД Д.МӨНХЦЭЦЭГ

 

 

 

Г.СОЛОНГО