| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/00597/И |
| Дугаар | 183/ШШ2022/00920 |
| Огноо | 2022-04-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2022/00920
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, Сөүлийн гудамж, 0 хороолол, Богд ар 000 тоот хаягт байрлах, Т ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Буянт ухаа 00 гудамж, 000 тоот хаягт оршин суух, Д овогт О-ы Б /РД:УХ82012411/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 30 374 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр О.Б ТХХК-тай 02000335 дугаар зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулж, 13 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийг хангуулахаар LEXUS LX470 УРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч мөнгийг хүлээн авч талуудын хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон хүчин төгөлдөр гэрээ байгуулсан. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 13 000 000 төгрөг, хүү 10 874 500 төгрөг, алданги 6 500 000 төгрөг, нийт 30 374 500 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүрэг гүйцэтгэх хугацааг 687 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл огт зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дууссан. Талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд ашиглалтад байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана гэж тохиролцсоны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байх хугацаанд О.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай байгууллагаас гэрээний үүргээ удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй бөгөөд автомашиныг устгаж, одоогоор тус тээврийн хэрэгсэл олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болоод байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 30 374 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү... гэв.
Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 02 сарын 15-ны өдрийн 02000335 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн фидуцийн гэрээ, барьцаат зээлийн тооцооны хуудас гэх баримт, 0000 УБР улсын дугаартай авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар, баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч О.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 374 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс 27 690 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 2 684 500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...зээлдэгч зээл, зээлийн хүүг төлөх гэрээний үүргээ зөрчсөн, зээлийг төлүүлэхээр зээлдэгчтэй удаа дараа уулзаж, төлбөр төлөхийг мэдэгдсэн боловч гэрээний үүрэг биелэгдээгүй тул үндсэн зээлийн төлбөр 13 000 000 төгрөг, зээлийн хүү 10 874 500 төгрөг, алданги 6 500 000 нийт 30 374 500 төгрөгийг гаргуулна, фидуцийн гэрээний зүйл болох автомашин олдохгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийг хангуулах боломжгүй байна... гэж тайлбарлав.
3. Хариуцагч О.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай ямар нэг тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.
4. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваариас үзэхэд зээлдүүлэгч Т ХХК нь 13 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, зээлдэгч О.Б-т олгох, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, хүүгийн төлбөрийг төлөх, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан 02000335 дугаар бүхий барьцаат зээлийн тооцооны хуудас гэх баримтад хариуцагч О.Б зээлийн мөнгөн хөрөнгө болох 13 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар баталгаажуулж гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн төлөлт огт хийгээгүй гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч уг тайлбарыг үгүйсгэн, няцаасан тайлбар, баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан бөгөөд талууд зээлийн гэрээний хугацааг сунгаж, гэрээнд өөрчлөлт оруулсан гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч О.Б-ээс гэрээгээр тохирсон хугацааны хүүг шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны хүүг шаардаж эрхгүй болно.
Хариуцагч О.Б нь үндсэн зээл 13 000 000 төгрөг, гэрээгээр тохирсон хугацааны хүү 5 460 000 /нэг сарын хүү 455 000 х12 сар/, нийт 18 460 000 төгрөгийн үүрэг гүйцэтгээгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.3, 2.12-т хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т заасан зохицуулалтад нийцэх тул нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч О.Б-ээс зээл, зээлийн хүүгийн төлбөрт 18 460 000 төгрөг, мөн хуулийн 232.4-т заасанд нийцүүлэн алданги 9 230 000 төгрөг, нийт 27 690 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.
Иймд хариуцагч О.Бээс зээлийн гэрээний үүрэгт 27 690 000 төгрөгийг гаруулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 684 500 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүх, хариуцагчид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчийн эдлэх эрх хүлээх үүргийг тайлбарласан боловч хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй. Мөн өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасныг үндэслэн 2022.03.17-ны өдөр хариуцагчийн 000000 дугаарын утсаар мэдэгдэж, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагаврыг тайлбарласан хэдий ч тэрээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан дурдсан баримт, хүсэлт ирүүлээгүй учир шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч О.Б-ээс 27 690 000 төгрөгийг гаруулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 684 500 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 296 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ