Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2022/00913

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Б овогтой А ы А ын нэхэмжлэлтэй

 

 

 

Хариуцагч: Н -д холбогдох,

 

 

 

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

 1. Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Н-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч А.А нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Миний бие 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч Н-тай №НАЗУ-ОС-14-05/-04 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Шигтгээ-1 орон сууцны 9 дүгээр давхар, 45 тоотод байрлах, 43,28 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг 77.904.000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Миний бие гэрээнд заасан хугацаанд төлбөрийн бүрэн төлж барагдуулсан боловч гүйцэтгэгч нь орон сууцны өмчлөх эрхийг надад шилжүүлэн өгөхгүй гэрээний 1.6-д заасныг зөрчиж байна. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжихээр заасан байна. Энэ талаар би хариуцагч Н-д удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн бодитой үр дүн гараагүй, мөн орон сууцныхаа гэрчилгээг гаргуулан аваагүйгээс үүдэн би өмчлөх эрхээ бодитой хэрэгжүүлж чадахгүй урт хугацаанд хохироод байна. Иймд 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №НАЗУ-ОС-14-05/04 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г үндэслэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шигтгээ-1 орон сууцны 9 дүгээр давхарын 45 тоотод байрлах, 43,28 метр квадрат талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр иргэн А.А намайг тогтоож өгнө үү гэжээ.

 

 

 

2. Хариуцагч Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бүрэнжаргал шүүхэд гаргасан тайлбар болон хүсэлтдээ: Тус шүүхэд иргэн А.Аын гаргасан Н-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Манай компани иргэн А.Атай 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр №НАЗУ-ОС-14-05/04 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Шигтгээ-1 орон сууцны 9 дүгээр давхар, 45 тоотод байрлах, 43,28 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг захиалгаар барьж, ашиглалтад оруулан, захиалагчийн өмчлөлд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Иргэн А.А бидэнтэй байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлж, орон сууцны төлбөр 77.904.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Мөн тус орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа тул иргэн А.Аын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. А.Аын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

 

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж 547.470 төгрөг төлсөн баримт, А.Ааас Н.Ариунтунгалагт олгосон итгэмжлэл, 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №НАЗУ-ОС-14-05/04 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ, 77.904.000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төлсөн тухай кассын орлогын ордер зэргийг ирүүлсэн.

 

 

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компаниас иргэн Н.Бүрэнжаргалд олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалагийн гаргасан хүсэлтийн дагуу Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2/357 дугаар лавлагаа, Н-ийн иргэн Б.Мөнхцацралтад олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг баримт бүрджээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

 

 

2. Талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр №НАЗУ-ОС-14-05/04 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Шигтгээ-1 орон сууцны 9 дүгээр давхар, 45 тоотод байрлах, 43.28 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг гүйцэтгэгч нь захиалгаар барьж ашиглалтад оруулах, гэрээнд заасны дагуу захиалагч төлбөр төлөх үүргийг хүлээсэн байна.

 

 

 

3. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба захиалагч А.А гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлж үүргээ биелүүлсэн талаар талууд маргаагүй.

 

 

 

4. Хэдийгээр орон сууц ашиглалтад орж, нэхэмжлэгч уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гүйцэтгэгч тал буюу Н нь өнөөдрийг хүртэл хугацаанд шилжүүлж өгөөгүй ажээ.

 

 

5. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан тул нэхэмжлэгч А.А уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

 

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.

 

 

 

7. Иймд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар нэхэмжлэгч А.Аыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Шигтгээ-1 орон сууцны 1 дүгээр орц, 9 давхарын 45 тоотод байрлах, 43,28 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.

 

 

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н-иас 547.470 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ат олгоно.

 

 

 

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бүрэнжаргал нар өөрсдийнх нь эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.5-д зааснаар зохигчдын эзгүйд хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар нэхэмжлэгч А.Аыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Шигтгээ-1 орон сууцны 1 дүгээр орцны 9 давхарын 45 тоотод байрлах, 43,28 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547.470 /таван зуун дөчин долоон мянга дөрвөн зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н-иас 547.470 /таван зуун дөчин долоон мянга дөрвөн зуун дал/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ат олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА