Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/086

 

 

т

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч Б.С

Нарийн бичгийн дарга Д.Номингоо нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/269 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр Б.С  холбогдох эрүүгийн 2014002520277 дугаар хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, овогт Б.С , ... улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2013 оны 11 сарын 06-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хувьд ногдох эд хөрөнгөнөөс 200.000 төгрөг хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж 2 жилийн хянан харгалзсан, мөн 2016 оны 03 сарын 23-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан

Б.С  нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Цохио худгийн хоолой гэх газраас 2018 оны 11 сард *******гийн эзэмшлийн 7 тооны адууг хулгайлж бусдад 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.С  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.С  холбогдуулан 7 тооны адуу хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс зарим үйлдэл буюу 6 тооны адуу хулгайлсан гэсэн үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Хадныхан овогт Б.С ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.С т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч Б.С  оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Б.С  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 08 сарын 11-ний өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч Б.С ын эзэмшлийн мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг хурааж, улсын орлого болгож, Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.С ын эзэмшлийн мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикпь битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бугуйлыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгаж, Шүүгдэгч Б.С  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор ******* 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар эсэргүүцэлдээ:

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлгүй байна. Шүүхээс шүүгдэгч Б.С ыг бусдын 7 тооны адуу хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогч, гэрчийн өгсөн таамаг төдий мэдүүлэгт үндэслэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан танилцуулж, хууль сануулж мэдүүлэг авсан төдийгүй шүүгдэгч Б.С ын зүгээс гэрч *******гийн адуунд түүний хулгайлж нядалсан гэх алга зүсмийн азарга байсныг мэдэж байсан болоод өөрийн эзэмшлийн юм шиг асууж, айлын адуунаас тухайн азаргыг барьж авч хүнсэндээ хэрэглэсэн байдаг.

Тиймээс тэр тухайн азаргыг хаана байгааг мэдэж байсан төдийгүй хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт тухайн Б.С ын хулгайлсан гэх алаг зүсмийн үрээ нь шинээр азарга тавьсан үрээ байсан, манайх 3 азаргатай адуутай бөгөөд азарга болгох үүднээс гүү тастаж өгсөн, азарга адуу нь хэзээ ч өөрийн хураасан гүүнээс салж, орхиж явдаггүй, хэн нэгэн хүчээр салгаснаас болоод айлын адуунд ганцаараа явж байх, Б.С  нь манай азаргыг бусдын адуунд ганцаараа байсныг мэдсэн болоод сураглаж очиж авч нядалсан зэргээс харахад алаг зүсмийн азаргатай адуу болох 7 тооны адууг Б.С  хулгайлсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргээ эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд түүний 1 тооны адуу хулгайлсан гэх мэдүүлэг зэрэгт бодитоор үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦ/269 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Б.С ыг Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Цохио худгийн хоолой гэх газраас 2018 оны 11 дүгээр сард *******гийн эзэмшлийн 7 тооны адууг хулгайлж бусдад 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.С ыг 7 тооны адууг хулгайлсан гэх баримт хэрэгт авагдаагүй байдаг тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтдээ: Б.С ыг бусдын 7 тооны адууг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл Б.С  нь 2018 оны 11 сард *******гийн эзэмшлийн 1 тооны хар алаг адууг хулгайлж бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогджээ.

Дээрх үйл баримт нь эрүүгийн 2014002520277 дугаар хэрэгт авагдсан хохирогч *******, гэрч *******, *******, *******, *******, *******, нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Энх-нахиа ХХК-ийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 162 дугаар дүгнэлт, Б.С ын хэргээ хүлээн мэдүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******гийн 1 тооны адууг хулгайлсан Б.С ын үйлдэлд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг шүүгдэгчийн үйлдсэн хэргийн хүрээнд хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Б.С ын бусдын 1 тооны адууг бусдын адуунд байхад нь хулгайлан авч, улмаар хохирогч *******д 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 1 жлийн хугацаагаар хорих ял оногдуулан шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Прокурорын зүгээс Б.С ыг хохирогч *******гийн 7 тооны адууг хулгайлж, 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх боловч хэрэгт авагдсан баримтуудаар Б.С  нь бусдын 6 тооны адууг хулгайлсан үйлдэл нь нотлогдоогүй, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн гүйцэт тогтоогдоогүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Б.С ын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 76 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/269 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн 48 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. 10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 76 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Г.УЛАМБАЯР

                   ШҮҮГЧИД                                                       Д.ЭРДЭНЭБИЛЭГ

 

                                                                              Б.БОЛОР-ЭРДЭНЭ