Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2020/0714

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Дүгнэлт бичсэн: Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Э,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч Ж.Т,

Гуравдагч этгээд: Н м ХХК,

Гомдлын шаардлага: Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 0157175 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор М.Э, хариуцагч Ж.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч М.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6.4 дүгээр зүйлд Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг Засгийн газар тогтооно гэж, мөн хуулийн 7.2 дугаар зүйлд Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн харьяа байгууллага, аж ахуйн нэгж өөрийн аппаратад дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлнэ гэж заасан байх ба дээрх хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд Засгийн газар 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралтаар Аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам-ыг баталж, төрийн хяналт шалгалтад хамрагдах өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллага нь өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам-тай байхаар тусгайлан заасан байна.

Харин дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулахаар Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хуульчилж өгсөн.

Гэтэл зөрчлийг шалгасан материалд авагдсан бичгийн нотлох баримтуудтай танилцахад эрх бүхий албан тушаалтан Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд ...Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг зөрчсөн зөрчил үйлдсэнийг холбогдогчийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар тогтоогдож байна гэж бичсэн байх боловч Н м ХХК нь дотоод хяналтын журам тогтоож ажиллаагүй талаар нотлох баримт материалд огт авагдаагүй, холбогдогчоос мэдүүлэг авахдаа дээрх журам байгаа эсэхийг асууж тодруулаагүй буюу дотоод хяналтын журмыг тогтоож мөрдүүлж ажилладаг эсэхийг шалгаж тогтоох ажиллагаа явуулаагүй шийтгэл оногдуулсан байна.

Мөн Аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам-ын 3.4 дэх заалтад Дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтан нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны онцлог, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, хэмжээ, зохион байгуулалтын бүтэц, харьяалагдах нэгж, объектын тоог харгалзан тухайн жилд хийх хяналт шалгалтын ажлын тусгайлсан төлөвлөгөөг боловсруулан эрх бүхий албан тушаалтнаар батлуулан мөрдөж ажиллана

Дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтан нь эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэнэ гэж заасны дагуу Н м ХХК нь дотоод хяналт шалгалт хийх ажлын төлөвлөгөөг тухайн сарын 01-нд батлуулан, үр дүнг тооцох ... хяналтын ажилтнууд тухайн сард багтааж дотоод хяналт шалгалтыг явуулаагүй тайлан ирүүлээгүй тохиолдолд цалингийн арга хэмжээ авахаар Дотоод хяналт шалгалтын журам-д тусгаж өгсөн байна.

Өөрөөр хэлбэл байгууллага дотоод хяналтын журмыг баталж мөрдүүлэх талаар арга хэмжээ аваагүй бол Зөрчлийн тухай хуульд шийтгэл оногдуулахаар, харин байгууллагын хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий ажилтнууд дотоод журмын хэрэгжилтийг хангаж ажиллагаагүй буюу хяналт шалгалтыг явуулаагүй тохиолдолд байгууллага өөрийн дотоод журамд зааснаар хариуцлага тооцохоор зохицуулсан байхад Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй,

Мөн Н м ХХК-ийн шинжилгээний бичиггүй өндөг зарж байсан үйлдэл нь дотоод хяналтын журмыг дагаж мөрдөж ажиллаагүйгээс болсон гэж шууд дүгнэх тус тус үндэслэлгүй байх тул эрх бүхий албан тушаалтан хуулийг төсөөтэй хэрэглэж шийтгэл оногдуулсан гэж үзэхээр байна.

Иймд Мал эмнэлгийн улсын хяналтын байцаагч Ж.Тын холбогдогч Н м ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэх шударга ёсны зарчим, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэх хууль ёсны зарчимд нийцэхгүй үндэслэлгүй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 0157175 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн.

Тухайн албан хаагчийг хуулийг төсөөтэй хэрэглэж шийтгэлийг оногдуулсан гэж үзээд байгаа. Иргэнээс гаргасан гомдол нь шинжилгээний бичиггүй өндөг зарсан гэж байгаа. Эрх бүхий албан тушаалтан ч гэсэн хэлж байгаа шинжилгээний бичиггүй өндөг зарна гэдэг бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.

Хэрэв хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж байвал Зөрчлийн тухай хуулийн 6.15.3.1-т зааснаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн зарсан гэх зүйл анги байгаа. Энэ зүйл ангиар шалгаж тогтоон шийтгэл оногдуулах боломжтой. Бүртгэл хөтлөлт бас байгаагүй гэж байсан. Бүртгэл хөтлөлт байхгүй гэх бас зүйл заалт байгаа. Гэхдээ яг зүйл заалтыг нь санахгүй байна. Шинжилгээний бичиггүй өндөг зарсан нь дотоод хяналт шалгалтын журам огт батлаагүйгээс болсон гэж шууд хуулийг төсөөтэй хэрэглэх үндэслэлгүй.

Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар шинжилгээний бичигтэй өндөг зарсан уу, зараагүй юу гэдэг асуудлуудыг тогтоож мэдүүлэг тайлбар авсан болохоос биш дотоод хяналтын журмаа мөрдүүлсэн үү гэх талаар цуглуулсан нотлох баримт байхгүй. Шаардлагатай байсан бол хэрэг нээгээд шалгаж, шийтгэл оногдуулж болох байсан.

Хариуцагч Ж.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гомдлын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн. Хугацаа нь дууссан үед шинжилгээний бичиггүй өндөг худалдаалж байна гэж гомдол ирүүлсэн байгаа. Өндөг нь маш эрсдэлтэй бүтээгдэхүүн байдаг. Тухайн дэлгүүрт хүнсний хордлого гараагүй ч гэсэн, шинжилгээний бичлэг байхгүй, ямар нэгэн бүртгэл хөтлөлт байхгүй. Энэ нь дотоод хяналтын журам мөрдүүлж ажиллаагүй гэсэн үндэслэлтэй гэж үзсэн. Мөн дотоод хяналтын төлөвлөгөө боловсруулаад, түүний дагуу тайлангаа тавиад улиралд нэгээс доошгүй удаа тайлангаа хэлэлцүүлж, архивлан мэдээллийн сан үүсгэж байх ёстой боловч гуравдагч этгээдэд ийм зүйл байгаагүй.

Мөн хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгж нь түүхий эд бүтээгдэхүүний сорьц, дээж авч дотоодын болон хөндлөнгийн лабораторийн шинжилгээ хийлгэж байх ёстой. Мөн хэзээ хаанаас ирсэн талаар бүртгэл хөтлөлт, тухайн бүтээгдэхүүний хэдэн температур яаж хадгалах тэр бүр бүх бүртгэл байгаагүй. Иймд дотоод хяналтын журам мөрдүүлж ажиллаагүй гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгуулийн шийтгэлийн арга хэмжээг авсан.

Тухайн хяналт шалгалтын үеэр нотлох баримт, надад гаргаж өгөх ямар нэгэн нотлох баримт гэх хавсаргаж өгөх зүйл байгаагүй. Яагаад ингээд бүртгэл хөтлөөгүй юм бэ? Яагаад ингээд та нар дотоод хяналтын журмаа мөрдүүлж ажиллаагүй юм бэ гэхэд байгууллагын менежер нь алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа.

Дотоод хяналтын журмыг дараа өдөр нь авч ирж үзүүлсэн. Журам байлаа гээд мөрдүүлж ажиллаж байна гэсэн үг биш гэж үзэж байгаа. Тухайн журамдаа зохицуулаад төлөвлөгөөгөө боловсруулаад, тайлангаа хэрэгжүүлээд явах ёстой. Энэ бүгдгийг хэрэгжүүлж ажиллаагүй.

Тухайн хяналт шалгалтын үеэр гаргаж өгөөгүй зүйлүүдийг би нөхөж хэлтэс дээрээ дуудаад асууж байсан. Тэгэхэд журмаа авч өглөө гэхэд түүн дээрээ үндэслээд төлөвлөгөөгөө боловсруулаад тайлангаа гаргаад, тухайн өндгөө яаж хадгалсан бүртгэл гэх мэт бүх зүйлээ л надад үзүүлэх ёстой байсан гэж үзэж байгаа. Журам байлаа гээд тухайн дотоод хяналтаа хийсэн гэсэн үг биш гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүртгэл болоод өндөгний шинжилгээний бичлэг зэргийг тухай үедээ хийсэн байдаг. Хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Хариуцагч нь бүртгэл хөтлөлт байгаагүй гэж байна. Тухайн үед байсан. Маргааш өдөр нь холбогдох баримт бичгийг шаардсан байсан. Бид нар аваачиж өгсөн. Дотоод байгууллагын журам, бүх шалгалтын дэвтрийг өгсөн байгаа. Тэрийг улсын байцаагч нь холбогдох хэрэгт хавсаргаагүй байсан. Хугацаа дууссан гэдгийг байцаагч нь тогтоогоогүй. Ямар ч шинжилгээ гэх мэт зүйл аваагүй учир хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр дүгнэлтийг хангаж шийдвэрлэлээ.

            Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч Ж.Т нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.А-аас Н м дэлгүүр хугацаа нь дууссан, шинжилгээний бичиггүй өндөг зарж байна гэсэн гомдлын дагуу шалгалт хийж, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 0157175 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 1,000,00, төгрөгийн шийтгэл ногдуулжээ.

            Прокуророос хууль буруу хэрэглэсэн гэж, хариуцагчаас шалгалтын явцад журмыг гаргаж өгөөгүй, журам байгаа хэдий ч мөрдүүлж ажлаагүй гэж, гуравдагч этгээдээс 2018 ны 01 дүгээр сарын 01-ны өдөр компанийн дотоод хяналт шалгалтын журмыг баталсан гэж тус тус маргажээ.

            Зөрчлийн тухай хуулийн 11.12 дугаар зүйлийн 1.2-т дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.

            Дээрх хуулийн зохицуулалт нь дотоод хяналт шалгалтын журмыг огт батлаагүй тохиолдолд шийтгэл ногдуулахаар хуульчилжээ. Гэтэл Н м ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 ны 01 дүгээр сарын 01-ны өдрийн 187 дугаар тушаалаар дотоод хяналт шалгалтын журмыг баталсан байх хариуцагчаас журам тогтоож мөрдүүлээгүй үндэслэлээр шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино гэж заасан зорилгод хийцэхгүй байна.

            Иймд дүгнэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Харин энэхүү шүүхийн шийдвэрээр шинжилгээний бичиггүй өндөг худалдан борлуулсан гэх зөрчлийг үгүйсгэхгүй бөгөөд хариуцагчаас дээрх зөрчил нь зөрчлийн тухайн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзвэл холбогдох арга хэмжээ авах эрхийг хязгаарлахгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 11.12 дугаар зүйлийн 1.2-т тус тус заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Э дүгнэлттэй, Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч Ж.Тд холбогдох 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 0157175 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн дүгнэлтийг бүхэлд нь хангасугай.

2. Прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ