Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2026/00100

 

“В” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.10.01-ний өдрийн 192/ШШ2025/07798 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.05-ны өдрийн 210/МА2025/00061 дүгээр магадлалтай,

 

“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй

С.Лд холбогдох,

 

2019.11.12-ны өдрийн 2019/004 дугаартай “Таун хаус захиалан бариулах тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хэлцлээр шилжүүлсэн Хаягт байрлах, 264,31 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 500,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, хариуцагч С.Л, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “В” ХХК хариуцагч С.Лд холбогдуулан 2019.11.12-ны өдрийн 2019/004 дугаартай “Таун хаус захиалан бариулах тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хэлцлээр шилжүүлсэн Хаягт байрлах, 264,31 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 500,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.10.01-ний өдрийн 192/ШШ2025/07798 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “В” ХХК болон С.Л нарын хооронд байгуулагдсан 2019.11.12-ны өдрийн 2019/004 дугаартай Таун хаус захиалан бариулах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч С.Лгээс 330,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 170,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Лгээс улсын тэмдэгтийн хураамжид 1,807,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.05-ны өдрийн 210/МА2025/00061 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.10.01-ний өдрийн 192/ШШ2025/07798 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “В” ХХК-ийн гаргасан хариуцагч С.Лд холбогдох 2019.11.12-ны өдрийн 2019/004 дугаартай “Таун хаус захиалан бариулах тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хэлцлээр шилжүүлсэн Хаягт байрлах, 264.31 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 500,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1,807,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1, 172.2.2, 172.2.3-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлийн тухай

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг дүгнэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус үндэслэн “...5.5.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар талуудын хооронд байгуулагдсан 2019.11.12-ны өдрийн 2019/004 дугаартай Таун хаус захиалан бариулах тухай гэрээ нь анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг бүрмөсөн шилжүүлэх хүсэл зоригийг гэрээний талуудын хэн аль нь илэрхийлээгүй, зээлийн барьцаанд барьцаалах зорилгоор С.Лгийн өмчлөлд бүртгүүлэх өмчийн хэлцлийн бүрдүүлбэрийг хангах зорилготой, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь тогтоогдож байна. ...” гэжээ.

Харин давж заалдах шатны шүүх “В” ХХК болон С.Л нарын хооронд байгуулагдсан 2019/004 дугаартай Таун хаус захиалан бариулах тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэл биш гэж дүгнэхдээ “...Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “В” ХХК нь “Л” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн тус компанид өгөх хувийн сууцыг хариуцагч С.Лд шилжүүлэхээр гэрээ байгуулж, өмчлөх эрхийг түүнд шилжүүлж гэрээний эрх, үүрэг хэрэгжиж дуусгавар болсон байх тул дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэхгүй...” гэх байдлаар тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан 2019/004 дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д хамаарахгүй бөгөөд уг Таун хаус захиалан бариулах гэрээ нь бодит байдал дээр өмчлөх эрх шилжсэнээр хэрэгжиж дуусгавар болсон гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар дүгнэсэн үндэслэлээ нэхэмжлэгч компани нь “Л” ХХК-д өглөгтэй, “Л” ХХК нь С.Мд өглөгтэй байсны үр дүнд Таун хаусны өмчлөх эрхийг нэхэмжлэгчээс С.М /С.Л/ руу шилжүүлсэн байна гээд, Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т үндэслэн үүрэг гүйцэтгүүлэгч солигдож шаардах эрх шилжсэн гэж тайлбарласан. Тодруулбал, магадлалын Хянавал хэсгийн 5 дахь хэсгийн 2 дахь догол мөрөнд “... “В” ХХК-ийн Д.Рд шилжүүлсэн 9 ширхэг хувийн сууцнаас нэгийг нь ийнхүү “Л” ХХК-ийн хүсэлтээр С.Лд шилжүүлэн өгсөн учир үүрэг гүйцэтгүүлэгч солигдсон гэж үзнэ. Энэхүү хувийн сууцыг С.М болон Л ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний төлбөрт тооцсон тул С.Л мөнгө төлөх үүрэг хүлээхгүй...” гэжээ.

Гэтэл хэрэгт “Л” ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасны дагуу шаардах эрх шилжүүлсэн үйл явдал болоогүй, мөн шаардах эрх шилжүүлсэнтэй холбоотой нэг ч баримт хэрэгт авагдаагүй байхад илт үндэслэл муутай дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Түүнчлэн “Л” ХХК нь С.Мд өртэй бус харин ч С.Мгаас авлагатай бөгөөд үүнийгээ нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно. Тодруулбал, хэргийн 24-29 дүгээр хуудаст С.М болон “Л” ХХК-ийн хооронд байгуулагдсан 19/17, 19/18, 19/19 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ авагдсан байх ба уг гэрээгээр С.М нь 7 орон сууцыг “Л” ХХК-д шилжүүлэх үүрэгтэй байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул орон сууцны төлбөрт төлсөн хөрөнгөө буцаан шаардаж буй маргаан тусдаа хянан шийдвэрлэгдэж байгаа болно. Энэ талаар хэрэгт авагдсан “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Мд холбогдох маргаанд шүүгчийн хэрэг үүсгэсэн захирамжаар нотлогдоно. Мөн уг хэргийн 2025.06.16-ны өдрийн 192/ТМ2025/08966 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүхийн зүгээс “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Мд холбогдох хэргийн талаар асууж тодруулсан байдаг.

 Нэхэмжлэгч болон С.Л нар нь 2019/004 дугаартай Таун хаус захиалан бариулах гэрээг дүр үзүүлэн байгуулах болсны учир нь гагцхүү иргэн Н.Гтой байгуулсан Зээлийн гэрээний барьцаа болгох зорилготой байсан. Түүнээс биш нэхэмжлэгч нь иргэн С.М болон “Л” ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах- худалдан авах гэрээний үүргийг хариуцаж, өөрсдийн барьсан таун хаусыг С.Лгийн нэр дээр шилжүүлсэн, үүрэг гүйцэтгүүлэгч томилогдсон асуудал огтоос байхгүй.

Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд болоогүй үйл баримтыг болсон мэтээр дүгнэн Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасны дагуу шаардах эрх нэхэмжлэгчээс “Л” ХХК-д шилжсэн гэж үзсэн бөгөөд энэ байдлаар дүгнэвэл хариуцагч С.Л нь үүрэг гүйцэтгүүлэгч “В” ХХК, “Л” ХХК-ийн аль байхаас үл хамааран маргаан бүхий таун хаусыг худалдан авах хүсэл зориггүй байсан. Энэ талаар хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан тайлбар, шүүх хурлууд дээр хангалттай тодорхой илэрхийлж байсан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хурал дээр ч мөн адил хэлж байсан болно. Энэ нь хэргийн 48-50 дугаар хуудсанд байх хариуцагчийн хариу тайлбар, тус хэргийн 2025.06.16-ны өдрийн 192/Тм2025/08966 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, 2025.10.01-ний өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, 2026.01.06-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлүүдээр нотлогдоно.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлийн тухайд

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84.1-г зөрчсөн. Нийслэлийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2026.01.05-ны өдөр болсон бөгөөд даргалагч шүүгчээр Б.М, илтгэгч шүүгчээр Н.Г, бүрэлдэхүүнд Б.А шүүгч оролцон давж заалдах шатны шүүх хурал явагдсан. Гэтэл Б.А шүүгч “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Мд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэн, тус хэрэг маргаанд “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Лд холбогдох тус хэргийн хариуцагч болох С.Лг гэрчээр асуусан, тус хэрэг маргааны талаар бүрэн ойлголттой байсан болно. Дүгнэж хэлбэл Улсын дээд шүүхийн 2023.01.12-ны өдрийн 05 дугаартай “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 5.2.3-т “уг хэрэг маргаан”-ыг “...эсхүл тухайн хэргийн хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарласнаар тусдаа хэрэг үүсгэсэн бол тэдгээр хэргүүд мөн адил хамаарахыг тайлбарлав” гэснийг зөрчиж байна.

Түүнчлэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Мд холбогдох хэрэгт “Л” ХХК-ийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт үндэслэн “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Лд холбогдох хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусах хүртэл хугацаанд түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг Б.А шүүгч хүлээн авч хянаад татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Б.А шүүгч нь “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Мд холбогдох хэрэгт хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байсан улмаар тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Лд холбогдох хэргийн талаар мэдэж байсан болно. Эндээс үзэхэд давж заалдах шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд Б.А шүүгч оролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэл мөн.

4.3. Шүүгч зөвхөн нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах ёстой байтал хэрэгт байхгүй зүйлийг хийсвэрээр үнэлэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн үйлдэл болсон. Тодруулбал, давж заалдах шатны шүүх хэрэгт байхгүй, огт болоогүй үйл баримтыг хийсвэрээр дүгнэн “В” ХХК нь С.Лгээс орон сууцны үнийг шаардах эрхийг “Л” ХХК-д шилүүлсэн байна.” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон бөгөөд мөн хуулийн 25.2.2, 116.2-т заасан “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчиж, магадлал гаргасан. Тухайлбал, магадлалын хянавал хэсгийн 5 дахь хэсгийн 2 дахь догол мөрөнд “В” ХХК-ийн Д.Рд шилжүүлэх 9 ширхэг хувийн сууцнаас нэгийг нь ийнхүү “Л” ХХК-ийн хүсэлтээр С.Лд шилжүүлэн өгсөн учир үүрэг гүйцэтгүүлэгч солигдсон гэж үзнэ. Энэхүү хувийн сууцыг С.М болон “Л” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний төлбөрт тооцсон тул С.Л мөнгө төлөх үүрэг хүлээхгүй” гэж дүгнэсэн нь хэрэгт огт хамааралгүй, энэ талаарх ямар ч нотлох баримт байхгүй, хариуцагч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, маргаагүй байхад огт үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Түүнчлэн, магадлалын 8 дахь хэсгийн 3 дахь догол мөрөнд “...хариуцагч С.Л нь авах ёстой авлагдаа энэхүү хувийн сууцыг авсан байх тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шууд дүгнэх боломжгүй юм” гэсэн мөн л хийсвэр дүгнэлт хийсэн бөгөөд эсрэгээрээ “Л” ХХК нь С.Мгаас 150,941,500 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Мөн хэрэгт С.Л нь  Н.Гоос авсан зээлийн мөнгийг С.Мд шилжүүлсэн дансны хуулга гаргаж өгсөн, өөрөөр хэлбэл С.Л нь “Л” ХХК-аас ямар нэгэн авлага байхгүй болох нь харагдана. Гэтэл С.Л нь маргаан бүхий орон сууцыг төлбөртөө тооцож авсан гэдэг нь огт үндэслэлгүй дүгнэлт юм. Мөн магадлалын 8 дахь хэсгийн 4 дэх догол мөрөнд “Анхан шатны шүүх “В” ХХК нь Д.Р буюу “Л” ХХК нь С.Мд өглөгтэй, улмаар С.М нь өөрийн “Л” ХХК-аас авах авлагадаа тус компанийн “В” ХХК-аас авах хувийн сууцыг шилжүүлэн авсан харилцааг зөв тогтоогоогүйгээс хариуцагч С.Лг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь буруу болжээ” гэж дүгнэсэн. Гэтэл энэ нөхцөл байдал нь эсрэгээрээ буюу нэхэмжлэгч нь Д.Рд огт өр төлбөргүй, “Л” ХХК нь С.Мгаас 150,941,500 төгрөгийг нэхэмжилж байгаа, С.М нь “Л” ХХК-аас авах авлагадаа маргаан бүхий орон сууцыг тооцож авсан үйл баримт, нотлох баримт огтоос байхгүй байхад ийм дүгнэлт хийсэн нь мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчиж буй үйлдэл юм.

Иймд талуудын хүсэл зоригийн илэрхийллийг өөрөөр тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчиж, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.

4.4. Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн үндэслэлийн тухайд: Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан 2019/004 дугаартай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”-д хамаарахгүй, хэрэгжиж дуусгавар болсон хүчин төгөлдөр хэлцэл гэх байдлаар дүгнэсэн нь хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэх үндэслэл юм.

Учир нь Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн 17 дугаартай тогтоолын 5.2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно” гэж тайлбарласан байдаг. Уг тогтоолд тайлбарласны дагуу “В” ХХК болон С.Л нарын хооронд байгуулагдсан гэрээ нь өмчлөх эрхийг бүрмөсөн шилжүүлж авах, улмаар орон сууцны үнийг төлөх үр дүнд хүрэх зорилгогүй, орон сууцны өмчлөх эрхийг 500,0 сая төгрөгөөр шилжүүлж авах хэлцэл хийх хүсэл зориггүй, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан дүр үзүүлж хийсэн хэлцэлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, талууд дүр үзүүлж гэрээ байгуулах болсон хүсэл зоригийн илэрхийлэл нь зөвхөн Н.Г болон С.Л нарын хооронд байгуулагдсан 120,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий Зээлийн гэрээний барьцаа болгох зорилготой байсан бөгөөд өөр бусад гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах санаа зорилго анхнаасаа байгаагүй болно.

Улсын дээд шүүхийн тайлбарт дүр үзүүлж хийсэн хэлцэл нь үр дүнд хүрэх зорилгогүй байдаг гэж тайлбарласны дагуу “В” ХХК-аас С.Л рүү Таун хаусны өмчлөх эрхийг бүрмөсөн шилжүүлэх эрх зүйн үр дагаварт хүрэх санаа зорилго талуудын аль альд нь байгаагүй бөгөөд “В” ХХК нь С.Л болон “Л” ХХК-ийн аль нэгнээс таун хаусны төлбөрийг авсан зүйл огтоос байхгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хийсэн үндэслэл, дүгнэлтийн дагуу таун хаусны үнийн дүнгийн хэмжээгээр хохирч байна.

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

 

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2026.03.26-ны өдрийн 001/ШХТ2026/00322 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цын гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгч “В” ХХК хариуцагч С.Лд холбогдуулан 2019.11.12-ны өдрийн 2019/004 дугаартай “Таун хаус захиалан бариулах тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хэлцлээр шилжүүлсэн Хаягт байрлах, 264,31 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 500,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “ ... С.Лтэй 2019.11.12-ны өдөр 2019/004 дугаартай “Таун хаус захиалан бариулах тухай гэрээ”-г байгуулсан, 2019.12.20-ны өдөр манай компани өөрийн хөрөнгөөр барьсан Б.Г хувийн сууцыг С.Лгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгсөн. Уг хувийн сууцыг С.Лгийн хувийн өмчлөлд шилжүүлэх хүсэл зориг анхнаасаа байгаагүй. “Л” ХХК болон С.М нарын хооронд байгуулагдсан 19/17, 19/18, 19/19 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний нэг хэсэг болох 120,000,000 төгрөгийн барьцаа болгох зорилгоор уг хувийн сууцны өмчлөх эрхийг түр шилжүүлж өгсөн. С.Л нь хувийн сууцыг шилжүүлж авсны үндсэн дээр барьцаалж 120,000,000 төгрөгийн зээл авсан. Барьцааны зүйлийн өмчлөлийг бусдад шилжүүлж өгснөөр уг хувийн сууцыг буцааж авах боломжгүй болсон. ...” гэж тодорхойлсон.

 

7. Хариуцагч С.Л нэхэмжлэлийн эс зөвшөөрч гаргасан тайлбартаа “… Миний бизнесийн хамтрагч С.М “Л” ХХК-тай 2019.07.26-ны өдөр 19/17, 19/18, 19/19 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнүүдийг байгуулсан. “Л” ХХК үнэ төлөх үүргээ биелүүлээгүй, “В” ХХК нь “Л” ХХК-ийн захирал Д.Рд худалдсан 9 ширхэг амины орон сууцны нэг нь 2352/5 тоот амины орон сууц бөгөөд 330 сая төгрөгт худалдсан. Д.Ргийн хүсэлтээр уг орон сууцны гэрчилгээг С.Лгийн нэр дээр гаргаж өгсөн. Уг хувийн орон сууцыг барьцаалж зээл авсан, мөнгийг “Л” ХХК-ийн төлбөрт С.М авсан. Зээлийг төлөөгүй тул шүүхийн шийдвэрээр барьцаа болох 2325/5 тоот хувийн сууцны өмчлөх эрхийг зээлдэгч Н.Гт шилжүүлсэн.” гэжээ. 

 

8 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ:

8.1. Талуудын хооронд 2019.11.12-ны өдөр 2019/004 дугаартай, Таун хаус захиалан бариулах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр “В” ХХК-ийн захиалгаар “Б” ХХК-ийн барьж буй Б.Г, 264.31 м.кв таун хаусыг 2019.12.15-ны өдрийн дотор захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч С.Л нь 500,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн, өмчлөгчөөр С.Л бүртгэгдсэн.

8.2. С.Л нь иргэн Н.Гтой байгуулсан 2020.02.12-ны өдрийн 120,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт уг хувийн сууцыг барьцаалсан.

8.3. Талуудын хооронд байгуулагдсан 2019.11.12-ны өдрийн 2019/004 дугаартай таун хаус захиалан бариулах тухай гэрээ нь анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг бүрмөсөн шилжүүлэх хүсэл зориг илэрхийлэгдээгүй, зээлийн барьцаанд барьцаалах зорилгоор С.Лгийн өмчлөлд бүртгүүлэх өмчийн хэлцлийн бүрдүүлбэрийг хангах зорилготой, дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

8.4.Хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

8.5. Хариуцагч С.Л иргэн Н.Гтой байгуулсан зээлийн гэрээний үүрэг 212,136,000 төгрөгт тооцон гэрээний зүйл болох уг хувийн сууцны өмчлөх эрхийг Н.Гт шилжүүлсэн.

8.6. Улмаар Н.Гоос Б.Гийн өмчлөлд худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжсэн, тул биет байдлаар нь буцааж, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгах боломжгүй.

8.7. “В” ХХК нь Н.Гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үедээ хувийн сууцыг 330,000,000 төгрөгийн үнэлгээтэй тухай тайлбарласан тул уг үнийн дүнгээр нэхэмжлэлийг хангана гэжээ. 

 

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... “В” ХХК-аас Д.Рд 9 ширхэг орон сууцыг 3,210,000,000 төгрөгт өгөхөөр тохирсон, уг орон сууцнаас маргаан бүхий хувийн сууцыг “Л” ХХК-ийн хүсэлтээр хариуцагч С.Л шилжүүлж үүрэг гүйцэтгүүлэгч солигдсон, уг хувийн сууцыг С.М болон “Л” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний төлбөрт тооцсон тул С.Л мөнгө төлөх үүрэг хүлээхгүй гэж дүгнэжээ.  

 

10. Хоёр шатны шүүх Иргэний хуулийн зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэснээс өөр өөр шийдэл гаргасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна. 

 

11. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т “дүр үзүүлж хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байх, мөн зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.”  гэж тус тус заажээ.

11.1. Нэхэмжлэгч “В” ХХК болон хариуцагч С.Л нарын хооронд  2019.11.12-ны өдөр 2019/004 дугаартай “Таун хаус захиалан бариулах тухай гэрээ” байгуулагдсан, гэрээний дагуу Б.Г, 264.31 м.кв таун хаус буюу амины орон сууцны өмчлөх эрх С.Лд шилжиж улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн, С.Л гэрээнд заасан үнэ болох 500,000,000 төгрөгийг төлөөгүй талаарх үйл баримтыг хоёр шатны шүүх зөв дүгнэсэн.

11.2. Уг гэрээг анхан шатны шүүх дүр үзүүлж хийсэн хэлцэл тул байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байна гэж зөв дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүх “Л” ХХК нь “В” ХХК-тай байгуулсан амины орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу 9 амины орон сууцыг шилжүүлэн авах эрхтэй, мөн иргэн С.Мтай байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авах орон сууцны үнэ төлөх үүрэгтэй, С.Мд үнэ төлөх үүргээ биелүүлж чадаагүйгээс “В” ХХК-аас шилжүүлэн авах 1 амины орон сууцыг барьцаалж зээл авах эрхийг С.Мд олгож, уг зээлээр өөрийн төлөх орон сууцны үнэ төлөх үүргийг гүйцэтгэхээр С.Мгийн нэрлэн заасан этгээд болох С.Лгийн өмчлөлд маргаан бүхий амины орон сууцыг шилжүүлснээр шаардах эрх шилжсэн тул маргаан бүхийн Таун хаус захиалан бариулах гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

Учир нь нэхэмжлэгч “В” ХХК болон хариуцагч С.Л нарын хооронд 2019.11.12-ны өдөр 2019/004 дугаартай “Таун хаус захиалан бариулах тухай гэрээ” байгуулагдсанаар нэг талаас гэрээний зүйл болох амины орон сууцыг С.Лгийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас уг амины орон сууцны үнэ болох 500,000,000 төгрөгийг С.Л төлөх үүргийг тус тус хүлээнэ. Гэтэл бодитоор С.Л нь уг амины орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах, үнийг төлөх, “В” ХХК нь уг амины орон сууцны өмчлөх эрхийг С.Лд шилжүүлж, түүнээс үнийг авах хүсэл зориг илэрхийлэгдээгүй, өмчлөх эрх түр хугацаагаар С.Лд шилжсэн нөхцөл байдлууд тогтоогдсон. Энэ нь дараах баримтуудаар тогтоогдоно.

11.2.1. “Л” ХХК нь С.Мтай 2019.07.26-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах 19/17, 19/18, 19/19 тоот гэрээг байгуулж, уг гэрээнүүдэд дурдсан 7 орон сууцыг худалдан авч, үнийг арматур болон бэлэн мөнгөөр төлөхөөр тохиролцсон.

11.2.2. С.М 2020.01.30-ны өдөр “Л” ХХК-д гаргасан хүсэлтдээ: “ ... 2019.07.26-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах 19/17, 19/18, 19/19 тоот гэрээний төлбөр хийгдээгүй. ... Танай санал болгосон Хаягтай, 264.31 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө /Ү-ХХХХХХХ/-ийг 150,000,000 хүртэл төгрөгийн зээл авахад барьцаа болгохоор харилцан зөвшилцсөний дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийг миний бизнесийн хамтрагч болох С.Лгийн нэр дээр шилжүүлсэн. Энэхүү үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл авахад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг тухайн банк, ББСБ-ын нэр дээр шилжүүлэх шаардлагатай болсон бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл шилжүүлэхэд үүсэн гарах бүх зардал болон хүү, алданги, үндсэн зээл түүнээс үүдэн гарах бүх эрсдэлийг танай компани хариуцна гэдгээ албан ёсоор шийдвэрлэж бичгээр мэдэгдэнэ үү” гэжээ.

11.2.3. “Л” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020.02.12-ны өдрийн 20/04 тоот тогтоолд “Л” ХХК-ийн 2019.07.26-ны өдөр байгуулсан 19/17, 19/18, 19/19 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу иргэн С.Лгийн нэр дээр авсан 6 хувийн хүүтэй зээлийн төлбөрүүд болох зээлийн хүү, хугацаа хэтрүүлсэн алданги, үндсэн зээлийг батлан даалт гаргаж хариуцах” талаар дурдсан.

11.2.4. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.10.08-ны өдрийн 183/ШЗ2020/14162 дугаар “Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах” тухай захирамжаар С.Л нь 2020.09.27-ны өдөр Н.Гт 212,136,000 төгрөгийг төлөх, үүргээ биелүүлэхгүй бол Хаягтай, 264.31 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсоныг баталжээ.

11.2.5. Нийслэлийн улсын бүртгэлийн газар 2021.02.03-ны өдөр Н.Гт Хаягтай, 264.31 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж эрхийн улсын бүртгэлийн Ү-ХХХХХХХ дугаарт бүртгэж гэрчилгээ олгожээ.

11.3. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т: “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно.” гэж заажээ.

Хэрэгт “В” ХХК болон “Л” ХХК-ийн хооронд маргаан бүхий амины орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой аливаа баримт байхгүй. “Л” ХХК-ийн эрх бүхий этгээд, мөн хариуцагч талын тайлбарт тусгагдсан иргэн Д.Рг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах болон эдгээртэй холбоотой тайлбараа нотлох талаар хариуцагч тал хүсэлт гаргаагүй байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх “В” ХХК-ийн Д.Рд шилжүүлэх 9 ширхэг хувийн сууцнаас нэгийг нь “Л” ХХК-ийн хүсэлтээр шилжүүлэн өгсөн учир үүрэг гүйцэтгүүлэгч солигдсон гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь “В” ХХК болон Д.Р нарын хооронд байгуулагдсан гэх 9 ширхэг хувийн сууцны өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой хэлцэл хүчин төгөлдөр эсэх талаар эргэлзээтэй байгаа тохиолдолд Д.Ргийн шаардах эрх хуульд заасан журмын дагуу шилжсэн гэж дүгнэхгүй.

11.5. Нэгтгэн дүгнэвэл үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл хуульд заасан журмын дагуу хийгдээгүй тохиолдолд хариуцагч С.Лг маргаан бүхий амины орон сууцны өмчлөх эрхийг хуулийн дагуу шилжүүлэн авсан гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т “Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно” гэж зааснаар маргаан бүхий амины орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалахад хуулийн дагуу өмчлөгч гэрээг байгуулах учиртай.

Иймд “В” ХХК өөрийн өмчлөлийн амины орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч С.Лд шилжүүлэх, С.Л нь уг амины орон сууцны үнийг төлж өмчлөлдөө шилжүүлж авах хүсэл зориг тус тус илэрхийлэгдээгүй, хэлцлийн хоёр талын аль аль нь уг үр дагаварт хүргэх зорилгогүй байсныг анхан шатны шүүх зөв дүгнэж, тэдгээрийн хооронд байгуулагдсан 2019.11.12-ны өдөр 2019/004 дугаартай “Таун хаус захиалан бариулах тухай гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар “дүр үзүүлж хийсэн” хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

11.6 Маргаан бүхий амины орон сууц дээр дурдсанаар шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Н.Гийн өмчлөлд 2021.02.03-ны өдөр, Н.Гийн өмчлөлөөс иргэн Г.Хын өмчлөлд 2021.06.25 шилжсэнээр хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг бодитоор арилгах боломжгүй болсон гэх үндэслэлээр үнийг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг зөв хэрэглэжээ.

11.7. Маргаан бүхийн амины орон сууцны үнэ гэрээгээр тохиролцсон 500,000,000 төгрөг биш харин 330,000,000 төгрөг гэж үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлтэд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.   

 

12. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 болон үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотойгоор шаардах эрхийг зохицуулсан мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг давхар баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг залруулах нь зүйтэй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар заасан бол мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг тус тус зохицуулжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн бөгөөд уг зүйлийн 56.5-д заасан үр дагаврыг шууд арилгахаар заасныг хэрэглэх нь илүү оновчтой.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.-д “Иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэж заажээ.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.А нь энэ хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байх тул тэрээр татгалзан гарах үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй болсон тул гомдлын энэ хэсгийг хүлээн авах боломжгүй. 

 

14. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хариуцагч С.Лгээс 330,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний алдааг залруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.01.05-ны өдрийн 210/МА2025/00061 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.10.01-ний өдрийн 192/ШШ2025/07798 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цын гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “В” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.02.23-ны өдөр 2,657,950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                 

               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Н.БАЯРМАА

              ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ

                                                                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                       Б.УНДРАХ

                                                                                       Х.ЭРДЭНЭСУВД