Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 12

 

“А Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00627/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1063 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “А Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Т-т холбогдох

“Зээлээр бараа бүтээгдэхүүн борлуулах гэрээний төлбөрийн үлдэгдэл 20.723.269 төгрөг, алданги 10.361.634 төгрөг нийт 31.084.903 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй”, “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулах, 4.254.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хатанзоригийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хатанзориг, хариуцагч Б.Т-, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч “А Ү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ган-Эрдэнэ, итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнчимэг нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           “А Ү” ХХК нь иргэн Б.Т-тэй 2011 оны 05 дугаар сарын 09-нд зээлээр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ хугацаанд 70.063.800 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг 7 удаагийн татан авалтаар нийлүүлж үүнээс 38.349.069 төгрөг төлж 20.723.269 төгрөгийн үлдэгдэл гарч гэрээний дагуу алдангийн хамт нийт 31.084.903 төгрөгийг шаардаж байна. 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хугацаанд нийт 4 удаа тооцоо нийлж гэрээний дагуу 4 удаа цалин холбогдох зардал бодож олгосон бөгөөд 3-ыг нь иргэн Б.Т-ийн дансанд шилжүүлж үлдэгдлийг нь тооцооноос хасаж тооцсон байдаг. Гэрээний дагуу алданги 50 хувиас хэтрэхгүй учраас энэ шаардлагыг гаргаж байна. ...Б.Т- Отгонсүрэнгийн борлуулалт хийсэн сумдын борлуулалтын барааны үнийг хувийнхаа дансаар авдаг. Цалин сард 1.690.000 төгрөг авах ёстой байсан гэж тайлбарлаж байна. Сар болгоны эцэст агуулахын үлдэгдлээ тооцоод тэгээд цалинг тооцоод явж байсан. 2011 оны 05 дугаар сарын 30-нд 840.110 төгрөг орсон. 2011 оны 6 сарын 30-нд 1.328.960 төгрөг, 2011 оны 7 сарын 30-нд 1.087.658 төгрөг шилжүүлсэн.  Бараа бүтээгдэхүүний мөнгийг гүйцэт тушаахгүй авлагын хэмжээ их болоод ирэхээр  нь сүүлийн 8 дугаар сарын 31, 9 сарын 30-ны тооцоог бараа бүтээгдэхүүний үнээс хасаж тооцсон байгаа. Тооцоо нийлсэн явцад Б.Т- нь байгууллагын түлшний картыг хувийн хэрэгцээндээ ашигласан байсныг тооцоод нийт 20.723.269 төгрөгийн тооцоо болсон. “А Ү” ХХК нь Б.Т-тэй зээлээр бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ хийсний үр дүнд 7 жил хохироод явж байна. Зөвхөн гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт шаардаж байгаа гэжээ.

            Хариуцагч Б.Т-  шүүхэд гаргасан тайлбартаа:

2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээнд миний бие 20.000.000 төгрөгийг бараа авч үүний 20 хувь буюу 6.000.000 төгрөгийг төлж үлдсэн төлбөрт өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалж архийг авсан. 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Батцэнгэл нь “А Ү” ХХК-ийн захирал Шагдарсүрэн гэх хүний гарын үсэгтэй, Ш.Отгонсүрэнг ажилд авсан тушаалтай дагуулж ирсэн. Ш.Отгонсүрэнг манай ажилтан юмаа. Бидэнтэй хөдөлмөрийн гэрээ хийсэн. Батцэнгэл Б.Т- ах та туслаач ээ Ш.Отгонсүрэн хөдөө орон нутагт борлуулалт хийх юм. Та өөрийнхөө авсан архинаас таслаад склад гаргаж өгөөд болж өгвөл машин олж өгөөд хамт ажиллаач гэсэн. Тэр үед би дургүйцсэн. Яагаад би өөрийнхөө бэлэн мөнгөөр авсан бараагаа Ш.Отгонсүрэнтэй хуваалцах ёстой юм бэ гэж асуусан. Батцэнгэл та Дархан дотроо борлуулалт хийж байгаа биз дээ. 2011 оны 9 сарын 20-нд “А Ү” ХХК-иас нийт 7 хүн ирж миний ажлыг хүлээж авсан. Би бүх тооцоог нь шахаад 537.000 төгрөгийн үлдэгдэл гарсан. Би эхнэр өвдсөн гээд Алтанхуяг гэх хүнд Дархан дотор түгээлт хийхээр хариуцуулсан байсан бөгөөд түүний тооцооноос баталгаажаагүй идсэн уусан нь мэдэгдэхгүй ийм тооцоо гарч ирсэн. Тэр тооцоог би өөрийн “А Ү” ХХК-иас авах тооцооноос хасуулахаар тохирсон. Ш.Отгонсүрэнгийн тооцооноос 19.125.000 төгрөгийн архи хөдөө орон нутагт үлдэгдэлтэй гарсан. Намайг ажлаа өгснөөс хойш Ш.Отгонсүрэн ажлаа хийж явж байгаад цагдаад шалгагдсан байсан. 19.125.000 төгрөгийг өөрөө аваад идсэн гээд энэ тухайгаа өөрөө гарын үсгээ зурж баталгаажуулаад хүлээн зөвшөөрсөн байгаа. ... Миний дансанд үндсэндээ 2 удаа цалин орж ирсэн. ... Үндсэндээ сард надад 1.690.000 төгрөг өгөх ёстой, яагаад гэвэл бараа бүтээгдэхүүн дээрээ үнэ нэмээгүй үүний алдагдлыг тус компани төлөх ёстой. ... Би энэ шаардаад байгаа мөнгийг төлөхгүй. Харин өөрийн дутуу авсан мөнгөө шаардаж байна гэжээ.

            Хариуцагч Б.Т- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“А Ү” ХХК-иас өөрийн барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгөө, мөн гэрээний дагуу орж ирээгүй 4.254.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Энэ цалин биш миний олох ёстой байсан орлогыг нэмж олгоё гэж тохирсны дагуу шаардаж байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнчимэг  шүүхэд гаргасан  тайлбартаа:

Бидний хоорондох асуудал нь 4 сар 20 хоногийн тооцоо байгаа. 5 удаагийн тооцооны 3 удаагийн тооцоог бэлэн мөнгөний баримтаар шилжүүлсэн. 8, 9 сарын тооцоог төлбөрөөс хасаж тооцсон. Б.Т- өнөөдөр тооцоогүй гээд байна. Б.Т- гуайд бараа хүлээлгэж өгсөн падааны дагуу шаардаж байна. Бид Б.Т- гуайг буруугүй гэсэн бол Ш.Отгонсүрэнгээс шаардаад явах боломжтой байсан. Барьцаалсан хүлэмжийг бид ашиглах боломжгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1063 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар хариуцагч Б.Т-өөс 31.084.903 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч “Арвай үндэс” ХХК-аас 4.254.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Арвай үндэс” ХХК, хариуцагч Б.Т- нарын хооронд байгуулсан 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ дуусгавар болсонд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313.375 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153.220 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70.200 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хатанзориг давж заалдсан гомдолдоо:

...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан гэж дараах давж гомдлыг гаргаж байна.

....Ш.Отгонсүрэнгийн орон нутагт нийлүүлсэн, дутагдуулсан гэх бараа, бүтээгдэхүүний төлбөрийг Б.Т- нь авч тооцоог дуусгаж байсан талаар гэрчүүд нотолсон байна. Тухайлбал гэрч Б.Болортуяа, Л.Басбаяр, Б.Бямбадорж, Д.Цэрэнноров, Х.Оролмаа, Л.Алтанхуяг, Б.Пүнтэй нарын эрүүгийн хэрэгт өгч байсан мэдүүлгээр 2013 оны 08 дугаар сарын 19 ний өдрийг хүртэлх хугацаанд төлбөрийг авч тооцоог дуусгавар болгож байсан талаар мэдүүлсэн. Эдгээр гэрчийн мэдүүлгээр Б.Т- нь “А Ү” ХХК-тай байгуулсан зээлээр бараа, бүтээгдэхүүн борлуулах гэрээний үүргийг хэрэгжүүлж байсан нь нотлогдож байна. Ш.Отгонсүрэнг “А Ү” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтан тул компанид учруулсан хохирлыг хариуцах гэж маргаж байгаа боловч тухайн нийлүүлсэн барааны төлбөрийг Б.Т- авч байсан үйлдэл нь дээрх гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Энэ тохиолдолд Ш.Отгонсүрэнд бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгснөөр “А Ү” ХХК-ийн өмнө хүлээсэн үүрэг нь дуусгавар болсон гэж дүгнэсэн нь шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Тухайн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт гэрээний хугацаа дууссан боловч гэрээт борлуулагч үлдэгдэл төлбөрийг төлж дуусах хүртэлх хугацаагаар гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэрээний хугацаа дууссан нь төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан тул хариуцагч нь гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй. Зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг бүрэн төлж дуусаагүй тохиолдолд түүний үүргийг гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн барьцааны үүрэг дуусгавар болохгүй.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Улсын Ерөнхий Прокурорын газрын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 5/15 дугаар Прокурорын шийдвэрт өөрчлөлт оруулах тухай тогтоолыг үндэслэл болгож хариуцагчийг гэрээний үүргийг хариуцахгүй хэмээн дүгнэсэн. Тухайн прокурорын тогтоолоор яллагдагч Ш.Отгонсүрэнгийн завших гэмт хэргийн шинжтэй үйлдлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, яллагдагч Б.Т-ийн “А Ү” ХХК-ийн бараа, бүтээгдэхүүнийг хувьдаа завшсан үйлдэл нь тогтоогдохгүй байна гэж өөрчлөлт оруулсан байна. Прокурорын тогтоолоор хариуцагчийн завших гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь гаргасан эсэхэд нь дүгнэлт гаргаж байгаа бөгөөд гэрээний үүргийг гүйцэтгэлд дүгнэлтийг гаргаагүй тухайн асуудлыг зөвхөн шүүх шийдвэрлэх эрхтэй байхаар хуульчилсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүхээс нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн талаар дүгнэлт өгөх шаардлагыг анхан шатны шүүх хэрэгжүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож “А Ү” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            “А Ү” ХХК нь нэхэмжлэл гаргаж “зээлээр бараа, бүтээгдэхүүн борлуулах гэрээ”-ний үүрэг 20.723.269 төгрөгийг алдангийн хамт нийт 31.084.903  төгрөг  гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргахдаа “...2011 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээнд миний бие 20.000.000 төгрөгийн бараа авч үнийн 20 хувь буюу  6.000000 төгрөгийг төлж үлдсэн төлбөрт өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, архи авсан. 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “А Ү” ХХК-ийн захирал Шагдарсүрэн гэх хүний гарын үсэгтэй Отгонсүрэнг ажилд авсан тушаалтай дагуулж  ирсэн...,  ...Отгонсүрэнд  баримтаар өөрийн авсан архинаас өгсөн..., Отгонсүрэнгийн тооцооноос 19.125.000  төгрөг дутсан..., ... энэ тухайгаа тэр хүлээн зөвшөөрсөн байгаа..., би энэ шаардаад байгаа мөнгийг төлөхгүй ...” гэсэн тайлбар өгсөн байна. Хариуцагч Б.Т- сөрөг   нэхэмжлэл гаргаж “Үл хөдлөх хөрөнгөө чөлөөлүүлэх, гэрээний дагуу өгөх ёстой байсан 4.254.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ

            Анхан шатны шүүх 31.084.903 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, 4.254.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгож, 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г дуусгавар болсонд тооцож  шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгч “А Ү” ХХК нь  2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн  “Зээлээр бараа бүтээгдэхүүн борлуулах гэрээ”-г шаардлагынхаа  үндэслэл болгожээ.

            “А Ү” ХХК-ны үндсэн эрхлэх үйл ажиллагаа нь Архины үйлдвэрлэл  эрхэлдэг, Б.Т- нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, дээрх гэрээгээр талууд  чанарын өндөр үзүүлэлт бүхий  хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээг хангахуйц, бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлдвэрийн үнээр түгээх, харилцан борлуулалтын үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах, гэрээт борлуулагч нь нийлүүлэгч талын баталсан үнийг мөрдлөг  болгон борлуулах, нийлүүлэгч нь “Хөх Чингис” , “Арвай”, “Үндэс” нэрийн бүтээгдэхүүн  нийлүүлэх, борлуулалтын хөнгөлөлт, урамшуулал болон цалин урамшууллыг   төлөвлөгөөний биелэлтийг үндэслэн  борлуулагчийн дансанд шилжүүлэх  гэснээс үзвэл  талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлд заасан даалгаврын гэрээ  хийгдсэн гэж  үзэх үндэслэлтэй.

             “А Ү” ХХК-ийн нэрийн өмнөөс түүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг, тогтоосон үнээр нь борлуулж, борлуулалтын дүнгээс Б.Т-т хөлс  төлж  байгаа  байдал нь  даалгаврын  гэрээний  шинжийг  агуулсан байна.

            Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах  гэрээ нь Иргэний хуулийн  243 дугаар зүйлд заасан Худалдах, худалдан авах  гэрээний  нэг төрөл юм. Худалдах, худалдан авах гэдэг нь худалдагч гэрээний зүйл болсон эд хөрөнгө, оюуны үнэт зүйл, эд хөрөнгийн эрхийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тэдгээрийг хүлээн авч, тохиролцсон үнийг төлөхтэй холбогдсон  эрх,  үүргийн нэгдэл юм.

            Ийм учир шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлж,  холбогдох хуулийг оновчтой хэрэглээгүй  тул  шүүхийн шийдвэрт дээрх дүгнэлттэй  холбоотойгоор хууль хэрэглээний  өөрчлөлт оруулж байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдлыг  дараах үндэслэлээр хангахгүй  орхих нь зүйтэй гэж дүгнэв.

            Аливаа нэхэмжлэлийн  шаардлага  тодорхой  үндэслэлтэй байдаг.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ дутагдуулсан 20.723.269 төгрөг, алданги  10.361.634 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардаж, холбогдох нотлох баримтыг  шүүхэд ирүүлсэн.

            Хэрэгт авагдсан нотлох баримт болсон үйл баримтаас үзвэл  2011 оны 05 дугаар сарын 02-аас 2011 оны 8 дугаар сарын 15-ны хооронд  нийлүүлсэн бараа, өгсөн авсан  мөнгөний хэмжээний талаар талууд маргаагүй, дутагдуулсан 20.723.269 төгрөгийн  талаар маргасан байна.

            Б.Т- “А Ү” ХХК-иас бүтээгдэхүүн авдаг, түүнээс  Ш.Отгонсүрэнд өгдөг, Ш.Отгонсүрэн борлуулсан барааны үнийг Б.Т-т өгч  Б.Т- компанид  үнийг  төлж тооцоог хийх зарчмаар ажиллаж байсан.

            “А Ү” ХХК-ийн   захирлын  2011 оны  05 дугаар сарын 18-ны  өдрийн  27 дугаар  тушаалаар Ш.Отгонсүрэнг  борлуулалтын менежерийн ажилд  томилж  \хэргийн 31 дүгээр тал\, түүнтэй хөдөлмөрийн гэрээ \хэргийн 37 дугаар тал\, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ\ хэргийн 38 дугаар тал\ байгуулсан  учир Ш.Отгонсүрэн компанийн   ажилтан юм.

            Ш.Отгонсүрэн нь Б.Т-өөс хүлээн авсан бараа бүтээгдэхүүнийг   борлуулсан боловч барааны үнэ 20.723.269 төгрөгийг өгөөгүй дутагдуулсан болох нь  Ш.Отгонсүрэнгийн цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэгт шалгагдахдаа өгсөн мэдүүлэг \хэргийн 106-111 дүгээр тал\, компанийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон  С.Мөнгөнчимэг \хэргийн 96-99 дүгээр тал\, гэрч Ч.Батцэнгэл \хэргийн 100-101 дүгээр тал\, Д.Болортуяа \хэргийн 103-104 дүгээр тал\, хохирогч Ц.Батбаяр \хэргийн 102 дугаар тал\ нарын мэдүүлэг, Б.Т- Ш.Отгонсүрэн нарын тооцоо нийлсэн акт \хэргийн 93 дугаар тал\,-аар тогтоогдсон.

            “А Ү” ХХК нь хариуцагч Б.Т-ийг гэрээнд зааснаар эрсдэлийг  гэрээт борлуулагч хариуцах үүрэгтэй гэж буруутгаж байгаа боловч гэрээний 2.11-т “...хүлээн авсан  үеэс эхлэн эрсдэлийг  хариуцна”  гэж гэхдээ энэ нь тээвэрлэлтийн  явцад учирч болох эрсдэл байхаар байна. Ш.Отгонсүрэн, “А Ү” ХХК хоёрын  байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ажилтан зөрчсөнд Б.Т-  буруугүй бөгөөд Б.Т- нь  даалгавар өгөгчийн хүсэл зоригийн дагуу  өөрийн тооцоотой бараанаас Ш.Отгонсүрэнд өгсөн байх тул Б.Т-өөс дутагдуулсан бараа, бүтээгдэхүүний үнийг  гаргуулах хуулийн үндэслэлгүй байна.

            Иймд  шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээв.

            Шүүх  сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 4.254.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн шийдвэрт гомдол гаргаагүй, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ  Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн болохыг дурдаж байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1063 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 160 дугаар зүйлийн 160.1.1...” гэснийг “Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 219 дүгээр зүйлийн  219.1, 160 дугаар зүйлийн 160.1.1...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг  хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313.380 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                                    

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                               ШҮҮГЧИД                                     Л.АМАРСАНАА       

                                                                                                                     С.ЭНХЖАРГАЛ