| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2024/1143/Э/220/2024/0618 |
| Дугаар | 2024/ШЦТ/1157 |
| Огноо | 2024-10-29 |
| Зүйл хэсэг | 20.11.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1157
2024 10 29 2024/ШЦТ/1157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,
нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Н.Өнөрбаяр /Нийслэлийн прокурор/,
шинжээч /цахимаар/,
шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч А.Кадирбек, Х.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........ овогт Б.Н-д холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гадаад хэлний багш мэргэжилтэй, “.............” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
........ овогт Б.Н /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчимд “...........” ХХК-ийн захирал Ё.М-тай утсаар холбогдож “хэрэглээний бохир ус соруулна” гэж дуудлага өгч, гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг буюу жолооч С.Л-ыг ашиглан үйлдвэрийн байрны гадна байрлах ёмсокноос 20 тонн хөдөлгүүр, хурдны хайрцгийн болон тосолгооны тосны хаягдал буюу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 116 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Аюултай хог хаягдлын жагсаалт”-ын 13 дугаар зүйлд багтсан хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдлыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчимд соруулуулж, зориулалтын бус газар буюу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хэрэглээний бохир усыг татан зайлуулах 50 см диаметртэй төв коллектор шугам руу мөн өдрийн 21 цагийн орчимд хаясан гэмт хэрэ.гт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “.........” ХХК нь 2019 онд байгуулагдаад 6 жилийн хугацаанд бүх төрлийн машин, механизмаас ашиглаад хэрэггүй болсон моторын тосыг ашиглаад дизел түлш хийх төсөл боловсруулаад, хэрэгжүүлээд явж байгаа. Би 2019 оноос хойш уг төслийг үүсгэн байгуулагч, төслийн менежер гэж явж байгаад 2023 оны 10 дугаар сараас эхлэн уг компанийн 100 хувь хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал хийгээд явж байгаа. Би тухайн үед хэрэг үүссэн шалтгаан нь “........” компанийн захирал М гэдэг хүнтэй ярьж хог хаягдал хаяуулахаар ярьсан. Тухайн хог хаягдал нь цэвэр ажилласан тос масло биш байсан. Тухайн ашигласан тос маслыг бид нар мөнгөөр худалдаж авдаг учраас буцаагаад хүнд мөнгө төлөөд хаяулах шаардлага байхгүй. Хаяулсан хог хаягдал нь ашигласан маслыг дахин боловсруулаад эцсийн байдлаар саарал шингэн хог хаягдал байсан. Би зориулалтын хог хаягдал хаядаг газар хандаж, мөнгийг нь төлөөд, зориулалтын дагуу хог хаягдлыг шийдүүлж байна гэж өөрөө ойлгоод ийм үйлдэл хийсэн. Би санаатайгаар Аюултай хог хаягдал гэдгийг мэдээд, ийм үйлдэл хийгээгүй. Тухайн үед Л гээд хог хаях жолооч ирээд энэ хог хаягдлыг соруулахад би үйлдвэр дээрээ байсан. Жолооч нь ямар учиртай гэдгийг асуухад би тос маслоос гаргаж авсан гэдгээ хэлсэн. Би жолоочтой яриад хог хаягдлыг барагцаалаад 20 тонн юм шиг байна гэж бодоод бичсэн. Би Аюултай хог хаягдал гэж мэдээгүй хаяулсан нь миний буруу. Тэр буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хууль мэдэхгүй байгаа тул Зөрчлийн хэрэг үү, Эрүүгийн хэрэг үү гэдгийг мэдэхгүй байна. Тэрийг эрхэм шүүгч шийдвэрлэх байх гэж бодож байна. Миний хувьд 2019 оноос эхлэн Монгол улсдаа ээлтэй, гарч байгаа хог хаягдлыг дахин боловсруулаад Монгол улсад ээлтэй хэрэгцээтэй бүтээгдэхүүн гаргахын төлөө өнөөдрийг хүртэл зорьж ажиллаж байгаа. Цаашдаа ч энэ үзэл баримтлалаар ажиллана. 2023 оны судалгаагаар Улаанбаатар хотод гэхэд 6 сая тонн ажилласан тос масло гардаг гэсэн судалгаа гарсан. Тэр ажилласан тос масло хог хаягдлыг ямар газар дахин боловсруулдаг мөн хаана хаяж, устгадаг талаар судалгаа байхгүй. Би өөрийгөө энэ хог хаягдлыг дахин боловсруулаад гаргаж байгаа дизел түлш Олон улсын стандартад нийцсэн түлш гаргаад тодорхой хэмжээгээр хог хаягдлыг дахин боловсруулж байгаа гэж үзэж байгаа” гэв.
Шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Химийн Э гэж илэрч байгаа. Аюултай хог хаягдал мөн эсэхийг манай байгууллага дүгнэлт гаргахгүй. Аюултай хог хаягдал биш мөн талаар дүгнэлт гаргаагүй. Манайх концентрацийн талаар нарийвчилж тогтоохгүй. Хувь хэмжээг зааж өгөөгүй. Зөвхөн нэршлээрээ байдаг. Концетрацаас хүний биед нөлөөлөх байдал шалтгаална. Манай хориглосон жагсаалтад нэршил байгаа боловч тоо хэмжээ байдаггүй. Концетрац бага байвал ямар ч хор нөлөө үзүүлэхгүй гэж ойлгож болохгүй. Энэ бодис илрэх л бол их ч бай бага ч бай хортой аюултай байдалд хамаарна гэсэн ойлголт мөн. Концентраци бага байвал хоргүй гэж үзэхгүй. Бага байвал үзүүлэх нөлөөлөл жаахан багасна гэж үзнэ. Нэгээс доош буюу бага концетрацтай байвал шинжилгээгээр илрэхгүй. Тоо хэмжээг нь тогтоогоогүй ч илэрч байгаа нь их байсан. Бага байсан бол шинжилгээгээр илрэхгүй. Маш өндөр их хэмжээтэй байсан тул шинжилгээгээр гарсан байгаа. Нийт 3 савнаас дээж авсан. Сая шүүх хуралд орсон шинжээчтэй хамаагүй хэсгийг дүгнэлтдээ дурдаад явна. Энэ бол ёнкс дотроос авсан түүхий эдээс авсан дээж байгаа” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн: “...Хэргийн газрын үзлэг эхлэхээс өмнө Онцгой байдлын алба хаагчид үйлдвэрийн хашааны зүүн урд болон баруун хойд талын бохирын цооногт хэмжилт “.....” маркийн дарайгер багажаар хэмжихэд “.............” объектын зүүн урд байрлах хашааны гадна талын бохирын цооногийн агаарын нэгдлээс хэмжихэд 50 PPM хэмжих багаж дээр илэрсэн, үйлдвэрийн баруун урд талын хашаан дотор байрлах Бохирын цооногийн агаарын нэгдлээс хэмжиж үзэхэд багажийн гуурсаар дээд хязгаарт тулсан гэж хэлснийг тэмдэглэл болгон үзлэгт тусгаж үзлэгийн явцыг өөр газарт үргэлжлүүлэн явуулахаар тогтож дуусгав. Автомашинаар “О” худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн урд талд байрлах бохирын цооногийн дэргэд ирж GPS төхөөрөмж ашиглан байршлыг тогтооход Е.107.12.60, N.47.47.53 гэсэн солбилцолыг зааж байх бөгөөд бохирын худгийн ойр орчимд үзлэг хийхэд цооногийн урд болон хойд талаараа шороон замтай, замын шороо маш их суларсан, автомашины гэрлийн тусгалд тоосонцор их хэмжээтэй үүссэн, цооногийн нүхийг 116 см диаметрийн хэмжээтэй дугуй хэлбэртэй бетон тагаар тагласан байсныг №Н үсгээр тэмдэглэж үзлэг хийхэд цооногийн зүүн талд суурийн бетон блок хөндлөн байрласан, цооногийн бетон тагийг хөдөлгөж үзлэг хийхзд бохирын ус тунасан байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч цооногийн ойр орчимд их хэмжээтэй сул шороотой хөрстэй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Бохирын цооногийн урд талд цэнхэр өнгийн төмөр дээвэртэй, цагаан өнгийн төмөр жорлон, зүүн харсан цэнхэр өнгийн төмөр хаалгатай жорлон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийн явцад “.......” ХХК-ийн жолооч С.Л-аас аль цооног бохир асгасан талаар тодруулахад 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр түлшнээс ялгарсан шингэн зүйлийг №Н үсгээр тэмдэглэсэн цооногт асгасан гэж зааж байлаа...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 20-26 дахь тал/,
- 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт төв замаас Зэвсэгт хүчний **** дугаар анги салдаг уулзвараар ертөнцийн зүгээр урагш 800 орчим метр яваад “..........” ХХК-ийн тос масло дахин боловсруулах үйлдвэрийн саарал өнгийн дөрвөн тал блокон хашаа байв. ...Үзлэгийг цааш үргэлжлүүлэн “4” ширхэг ёмкостод хийж, ёмкостуудыг хойд талаас эхлэн 1, 3, 4, 5 дугаараар тэмдэглэв. Дээрх ёмкостуудын дээд талдаа тагтай түүгээр дамжуулж дээж авах боломжтой байсан тул хамгийн урд талын буюу 5 дугаартай ёмкостод суурилуулсан төмөр шатаар дээшээ гарахад “4” ёмкостыг хооронд нь төмөр шат, гүүр мэт зүйлээр дамнуулан тавьж хооронд нь холбож явах боломжтой болгосон байх ба “1” дугаартай хар, бор өнгийн ёмкостоос дээж авахаар дээд талын тагыг “4” ширхэг боолтоор боосон байсныг тайлан авч доторх агууламжийг харахад ёмкостны ёроол хэсгээр шар, бор өнгийн шингэний агууламжтай, дзэрх шингэнээс газ мэт хурц үнэр хүчтэй үнэртэх ба дээрх шингэнээс шинжилгээнд зориулан нэг удаагийн хуванцар саванд 100 мл шингэний агууламжийг модонд ундааны хоосон савыг зүсэж тогтоогоод хутгаж авав. Урд талаас хоёр дахь буюу “3” дугаартай ёмкостын дээд тагыг нээж нүдэн баримжаагаар харахад тал шахуу шингэний агууламжтай байснаас мөн нэг удаагийн хуванцар саванд 100 мл шингэний агууламж дээж болгон авав, “4” дугаартай ёмкостын дээд тагыг нээж үзэхэд талаас дээш харагдах ба мөн нэг удаагийн хуванцар саванд 100 мл шингэний агууламж дээж болгон авав. “5” дугаартай буюу урд талын шаттай ёмкостын тагыг нээж үзэхэд мөн талаас дээш хэмжээтэй байсан тул нэг удаагийн хуванцар саванд 100 мл шингэний агууламж дээж болгон авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 27-31 дэх тал/,
- 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл, үзлэг хийсэн: “...ёнкос дотор агуулагдаж байсан үл мэдэгдэх шингэнээс шинжилгээнд зориулж дээж авна “1” гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 32-36 дахь тал/,
- 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн: “...2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ...19 цаг 25 минут 20 секундэд...бохирын ус соруулдаг автомашин орж ирж байгаа дүрс бичигдсэнийг гэрэл зургаар бэхжүүлэв...20 цаг 01 минут 33 секундэд бохирын машин соруулж дуусгаад хөдөлж байгаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 118- 120 дахь тал/,
- Ё.Л-ын Самсунг А53 маркийн гар утсанд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 125-128 дахь тал/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 131 дэх тал/,
- Гэрч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би “.............” ХХК-нд 2022 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл ажиллаж байна. Намайг ажилд орсон цагаас хойш огт үйл ажиллагаа явуулаагүй байж байгаад 2023 оны 09 дүгээр сард нэг ажиллаж байна гэж байгаад засаг захиргаанаас үнэр танар гарлаа гэж ирж шалгаад ажиллуулахгүй байсан, өнөөдрийг хүртэл огт ажиллаагүй байна. Миний ажилладаг “..............” ХХК-нд хэдэн ажилтантай болохыг мэдэхгүй, үйлдвэр дээр тэр болгон хүн ирээд байдаггүй, би эхнэр Ц-ийн хамтаар тогтмол байрладаг, манай үйлдвэрийн захирал Н гэж хүн байдаг. Хааяадаа 3-4 хятад ажилчид ирчихсэн харагдаж байдаг, яг юу хийдэг болохыг мэдэхгүй, би тэд нарыг ажиллуулах юм байх гэж бодсон. Тэд нар үйлдвэр дээр байрладаггүй, Улаанбаатар хотоос ирцгээдэг гэж сонссон. Манай компани ажилласан масло аваад дахин боловсруулдаг гэж ойлгосон. Би яг нарийн ширийн зүйлсийг нь мэдэхгүй. Би манаач хийхээс гадна автомашин засварын газруудаар явж автомашины ажилласан маслонууд зөөж авчираад үйлдвэрийн хашаанд байрлах ёмсокт руу юүлж хийдэг юм. Тэр масло нь тэр болгон бас олдоод байдаггүй болохоор үе үе явж авчирдаг. Миний авчирсан маслонууд үйлдвэрийн хашаанд байрлах зэрэгцээ байрласан 3 ширхэг саарал ёмсоктуудад хийдэг. Манай үйлдвэрийн хашаанд нийт 4 ёмсокт зэрэгцээд байдаг, хамгийн захын хар өнгийн төмөр ёмсоктод юу байдгийг мэдэхгүй, тэр лүү юм хийдэггүй юм. Манайхаас 3 ёмсоктоос намайг байхад масло авч байгаагүй. ...Автомашины засварын газраас авчирсан ашигласан масло, тосыг хятад ажилчид лабораторид шинжилж үзээд чанартайг нь нэг төмөр сав руу, чанар муутай хаягдлыг нь өөр төмөр сав руу ялгаж хийж байгаа харагддаг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 56-60 дахь тал/,
- Гэрч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд байгууллагын ****** дугаарын утас мөн өөрийн ****** дугаарын хувь утсаар бохир ус соруулах дуудлага хүлээн авдаг. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад ****** дугаарын утаснаас миний ****** дугаарын утас руу дуудлага ирсэн ба тухайн дуудлага нь Налайх дүүргийн Г-д байрлах байгууллага бохир усаа соруулъя гэсэн дуудлага байсан. Ингээд би тухайн үед хамгийн ойр явж байгаа бохирын машины жолоочтой холбогдоод тухайн дуудлагыг шилжүүлэн өгсөн. Ингэхдээ би жолоочдоо хэрэглээний бохир ус соруулах дуудлага гэж хэлсэн. Учир нь тухайн дуудлага өгсөн хүн нь хэрэглээний бохир ус гэж хэлсэн байсан. Үүний дагуу 19 цагийн үед манай ажилтан .......... нь ****УНО улсын дугаартай Hyunda маркийн бохир ус сордог машинтай тухайн байгууллагын хашаанд очиж 20 тонн шингэн бохирыг нь соруулан Налайх дүүргийн “О” худалдааны төвийн хойд талын худагт асгасан байдаг. ...Манай жолооч С........... 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр надад “...........” ХХК-ийн бохирыг соруулж байхад хурц үнэр гараад байхаар нь ажилчдаас нь асуухад “ажилласан маслоны ус” гэж хэлж байсан талаар хэлсэн. Тэгэхээр .......... өөрөө ч соруулж байх үедээ л ажилласан маслоны ус гэж мэдсэн байгаа юм. Гэхдээ .......... нь ажилласан маслоны ус гэхээр нь мөн л бохир ус гэж бодоод соруулчихсан юм. Ажилласан маслоны усыг химийн хорт аюултай бодис, аюултай хог гэж .......... мэдэхгүй шүү дээ. Би ч бас мэдэхгүй ээ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 65-67 дахь тал/,
- Гэрч С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нийтдээ 5 удаагийн бохирын тээвэрлэлт хийсэн. Хамгийн сүүлийн буюу оройн 19 цагийн орчим Налайх дүүргийн нутаг дэвсгэр, ...........-ийн орчим автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрээс 20 орчим тонн шингэн ачсан. Ачсан 20 орчим тонн шингэнээ оройн 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “О” худалдааны төвийн баруун хойд талд байрлалтай бохирын төв шугамд асгасан. Тэгээд би ****УНО улсын дугаартай тээврийн хэрэгслээ Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах грашид байрлуулаад буусан. Өнөөдөр 15 цагийн орчим Нисэхийн эцэс орчим байрлалтай “Т” эмийн үйлдвэрийн 30 тонн бохирыг ачаад Дүнжингаравын зам дагуу байх бохирын худагт асгаад байж байхад цагдаагийн алба хаагч нар ирсэн. ...Манай байгууллагад уг мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрээс дуудлага өгөхдөө “ажилласан маслонаас ялгаж авсан ус соруулна” гэж дуудлага өгсөн тухай манай захирал М надад хэлж явуулсан. Би уг дуудлагын дагуу очиход ойролцоогоор 30 орчим тонны багтаамжтай ил тавьсан 4 ёмкост байсан. Би ертөнцийн зүгээр баруун захын ёмкосноос 20 орчим тонн бохирыг соруулахад тос масло, дизель түлш, газ мэт хурц үнэр үнэртэж байсан. Би тухайн үедээ тэр байгууллагын ажилчдаас ямар шингэн ачиж байгаа талаар асуухад ажилласан маслонаас ялгаж авсан ус байгаа юм гэж хэлсэн. ...Манай байгууллага бол бохир ус л тээвэрлэх зориулалттай. Тэрнээс биш шатамхай, тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэх хориотой байдаг. Надад анх манай захирал хэлэхдээ бохир ус гэж танилцуулсан. Ачиж байх явцад тос масло, дизель түлш, газ мэт хурц үнэр үнэртэхээр нь ажилчдаас нь асуухад бохир ус гэж хэлсэн. Манай байгууллага хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа байнга өгч ажилд гаргадаг. ...Би уг 20 тонн шингэнийг ийм айхтар үр дагавартай, хор хөнөөлтэй шингэн гэж мэдээгүй. Ачихгүй байх талаар холбогдох дарга удирдлагадаа мэдэгдээгүй. ...Байнга хийдэг бохир ачих ажил шигээ санаад ****УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ ачаад бохирын төв шугаманд асгасан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 70-71 дэх тал/,
- Гэрч Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ус сувгийн удирдах газарт 2004 оноос хойш ажиллаж байгаа. Одоогоор шугамын ашиглалт засварын албанд шугамын техникчээр ажиллаж байна. ...Өнөөдөр өглөө 10 цагийн орчим Ус сувгийн төвийн хяналт удирдлагын төвөөс “Хан-Уул дүургийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, ....сургуулийн орчимд бохирын шугам бөглөрч их хэмжээний газ үнэртэж байна” гэх дуудлага ирсэн дуудлагын дагуу очиход Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, ....сургуулийн дундын шугам бөглөрсөн байсан. Шугамын бөглөөг гаргаад төвийн худаг буюу 59 дүгээр худагт хорт хий хэмжигч багажаар хэмжилт хийхэд зөвшөөрөгдсөн хэмжээнээс 5 дахин их заачих хэмжээний газ мэт зүйл үнэртэж байсан. Тэгээд хяналт удирдлагын төвд мэдэгдээд Хан-Уул дүүргээс ертөнцийн зүгээр зүүн зүгт 1000 диаметр хэмжээтэй бохирын хоолойг шалгахаар болсон. Зүүн зүгт Дүнжингарав худалдааны төвөөс экологийн цагдаагийн алба болон Онцгой байдлын албаны хаагч нарын хамт Налайхаас эхэлж үзлэг хийхээр болсон. Бохирын худгийн эхлэх цэг болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” хиамны үйлдвэрээс зүүн зүгт 500 орчим метр зайд “1” дугаарын худаг эхэлж үзлэг хийхэд хотын төвд үнэртэж байсан үнэр үнэртээгүй, баруун тийш үзлэг хийж явахад “....” ХХК-ийн хашааны гадна залгаа байрлалтай 10 дугаар худгаас газ мэт зүйл үнэртэж эхэлсэн байдалтай байсан. Тзр худгаас Онцгой байдлын алба хаагч нар дээж авсан. Үргэлжлүүлэн 12 дугаар худаг буюу “....” ХХК-ийн үйлдвэрээс оруулгатай худгийг шалгахад газ мэт зүйл их хэмжээгээр үнэртсэн. Тэгэхээр нь уг 12 дугаар худагт холболттой “....” ХХК-ийн хашаан дотор байх хэрэглэгчийн худгийг үзэхэд 12 дугаар худгаас илүү хэмжээтэй газ мэт зүйл үнэртэж байсан. “....” ХХК-ийн үйлдвэрт орж тунгаагуур, тос баригчийг нь шалгахад зүгээр байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 83-84 дэх тал/,
- Гэрч Д.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..............” ХХК нь үйлдвэрийн явцад болон түүхий эдээс гарсан аюултай хог хаягдлыг Монгол Улсын хог хаягдлын тухай хуульд заасны дагуу аюултай хог хаягдлыг устгах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр устгуулна. Монгол улсад аюултай шингэн, хуурай хог хаягдлыг устгах тоног төхөөрөмжтэй тусгай зөвшөөрөлтэй компани байгаа. Тухайлбал аюултай шингэн, хуурай хог хаягдлыг устгадаг тусгай зөвшөөрөлтэй, зориулалтын тоног төхөөрөмжтэй “Э” ХХК нь одоо Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. “...........” ХХК нь үйлдвэрийн явцад болон түүхий эдээс гарсан аюултай шингэн хог хаягдлыг тухайн ойролцоо байрлаж байгаа “Э” ХХК-иар устгуулах ёстой байсан. Тухайн “Э” компанийг мэдэхгүй бол холбогдох байгууллагаас асуух ёстой байсан боловч өөрсдийн хариуцлагагүйгээс болж бохирын шугам руу аюултай хог хаягдал, химийн бодисыг асгасан. Уг асуудлаас болж мэргэжлийн зөвлөлөөс тухайн хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байгаа. Тухайн компанид тусгай зөвшөөрөл олгоход мэргэжлийн зөвлөл ажилласан ба миний бие гишүүнээр ажилласан байдаг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 79-80 дахь тал/,
- Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2006 оноос хойш Ус сувгийн удирдах газарт бохир усны шугамын инженерээр ажиллаж байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 200 гаруй салбар болон төв коллектор шугам байдаг. Миний хувьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн бохир усны шугамыг хариуцан ажилладаг. Налайх дүүргийн “О” худалдааны төвийн хойд талд байрладаг бохир зөөврийн цэг, бохирын шугам нь Баянзүрх дүүрэгт хамаардаг тул би хариуцдаг юм. Тухайн бохирын шугам нь Налайх дүүргийн хэрэглээнээс гарч байгаа бохир усыг татан зайлуулах 50см диаметртэй коллектор шугам юм. 40см-ээс дээш диаметртэй бол төв том хэмжээтэй гэж үзэн коллектор шугам гэж нэрлэдэг. Тухайн газарт бохир зөөврийн цэг байрладаг учир нь бохирын шугам нь коллектор юм. Хажууд нь шугамын худаг /траншейн/ байрладаг. Манай Ус сувгийн удирдах газартай шингэн тээврийн компаниуд “Хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах” гэрээ байгуулан ажилладаг ба иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хэрэглээнээс гарсан бохир усыг тээвэрлэн бохир зөөврийн цэгт асгадаг. Бохир зөөврийн цэгт асгасан бохир усны хог нь шүүгдэн үлдэж бохир ус нь бохирын шугамаар урсаж цааш илүү том хэмжээтэй коллекторуудтай буюу төв шугамтай нийлэн төв цэвэрлэх байгууламж руу очдог юм. Бохир зөөврийн цэгт аюултай хог хаягдал, химийн хорт болон аюултай бодис асгаж болохгүй, зөвхөн бохир ус асгахыг зөвшөөрдөг. Хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний 3.1 дүгээр зүйлд стандартад заасан бохир ус асгана гэж тусгасан байгаа Тэгэхээр бохир уснаас өөр аюултай хог хаягдал, химийн бодис асгаж болохгүй. Хулгайгаар шингэн бохир асгаж байгаа хувь хүн, аж ахуй нэгжүүд нь бохир зөөврийн цэг рүү биш хажууд нь байх худаг /траншейн/ руу шингэн бохироо асгах үе байдаг. Энэ үед хог нь шүүгдэхгүй шууд бохирын шугам руу урсана гэсэн үг...” гэх мэдүүлэг /1хх-ийн 75-76 дахь тал/,
- Шүүх Шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаагийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн **** дугаартай шинжээчийн: “1.Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар ууганд хийсэн хуванцар савтай шар өнгийн шингэнээс ууршимтгай органик нэгдэл (VOC) болох толуол (toluene), бензол (benzene) илэрсэн. “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуванцар савтай хар өнгийн шингэн, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуванцар савтай хар өнгийн шингэн, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуванцар савтай хар өнгийн шингэн зэргээс ууршимтгай органик нэгдэл болох (VOC) толуол (toluene) илэрсэн. 2.Илэрсэн толуол (toluene), бензол (benzene) нь Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалтын 707 болон 708 дугаар жагсаалтад багтсан байна. 3.4.5.6.Эдгээр асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулт өгөх боломжгүй. Уг бодисуудыг юунд ашигладаг болон хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй эсэх талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж тодруулах боломжтой” гэх дүгнэлт /1хх-ийн 95-98 дахь тал/,
- Шүүх Шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.З-ийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн **** дугаартай шинжээчийн: “1.Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “****УНО дугаартай бохир соруулдаг тээврийн хэрэгслээс авсан шингэн зүйл бэхжүүлсэн а/д Г.С 2023.10.16 нд” гэсэн хаягтай хуванцар савтай хөр өнгийн шингэнээс ууршимтгай органик нэгдэл (VOC) болох толуол (toluene) илэрсэн. 2.Илэрсэн толуол (toluene) нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалтын 708 дугаар жагсаалтад багтсан байна. 3.4.5.6.Эдгээр асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулт өгөх боломжгүй” гэх дүгнэлт /1хх-ийн 102-104 дэх тал,
- Шинжээч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...**** дугаартай дүгнэлтэд тусгасан бензол бодис нь ирүүлсэн 4 дээжний “1” гэх хаягтай савтай бодисноос илэрсэн бензол (benzene) бодисын хор аюулын хувьд лавлах мэдээллээс харахад эрхтэнүүдийг хүчтэй цочрооно. Хордсон тохиолдолд хүний биед төв мэдрэлийн системд хямрал үүсгэдэг хүний нүдэнд хүрвэл гэмтээнэ. Харин уг бодис нь удаан хугацаанд агаарт дэгдэх, уг бодисноос хурц хордлого авбал хүний арьсанд, амьсгалын эрхтэнд толгой өвдөх бөөлжих өвчин эмгэг үүсгэнэ...3,4,5 дугаартай, 5099 дугаартай дүгнэлтийн 1 дугаартай дээжүүдээс Толуол (toluene) бодис илэрсэн...уураар хүн амьсгалсан тохиолдолд ухаан алдах ба үхлийн аюулд ч хүргэх боломжтой. Хорт аюултай бодис. Удаан хугацаагаар хордсон тохиолдолд элэг, бөөрийг ихээр гэмтээнэ. Мөн урагт нөлөөлж өвчлүүлнэ...” гэх мэдүүлэг /3хх-ийн 1-2 дахь тал/,
- Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газраас 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн *** дугаартай: “...Иймээс ариутгах татуургын шугам сүлжээ болон бохир зөөврийн цэг нь аюултай хог хаягдал, химийн хорт болон аюултай бодисыг асгах, устгахыг зөвшөөрсөн зориулалтын цэг биш болно” гэх албан тоот /1хх-ийн 145 дахь тал/,
- Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газраас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн **** дугаартай: “Их Монгол, Баянмонгол хороолол орчмын хэрэглэгчдээс 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бохир усны шугамаас хурц үнэр үнэртэж байна гэсэн гомдлын дагуу Налайх ф-500мм коллектор, Туул-1 коллектор, Өмнөдийн ф-1000мм коллекторуудад үзлэг шалгалт хийсэн. Тухайн үед манай байгууллагын эзэмшлийн шугам хоолойд ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй бөгөөд шугамын трассын дагуу бохир усны худгуудад хүхэрт устөрөгч их хэмжээгээр хуримтлагдсан байсан” гэх албан тоот /1хх-ийн 148 дахь тал/,
- Улсын бүртгэлийн еренхий газрын 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ***** дугаартай албан бичиг, түүний хавсралт /3хх-ийн 161-216 дахь тал/,
- Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар ОНӨХХТҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн **** дугаартай албан бичиг /1хх-ийн 145 дахь тал/,
- Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ***** дугаартай: “1. Дээж №3. Ашигласан маслоны савнаас авсан дээж. Хар өнгөтэй, хурц үнэртэй, өтгөвтөр бодис. Органик уусгагчид бүрэн ууссан Хийн хроматографийн шинжилгээгээр С5-С35 хүртэлх нүүрстөрөгчийн атомтой, 70-450°С-ийн температурын хязгаарт буцлах нүүрс ус төрөгчид агуулсан органик хольц байх, боломжтой. 2. Дээж-2 Ашигласан маслыг боловсруулсны дараах үлдэгдлийн дээж (очиж авсан). Хар өнгийн, өтгөн цэлцэгнүүр маягийн төлөв байдалтай, хурц үнэртэй. Органик уусгагчид ууссан хэсэг 58%, үл уусах хатуу хэсэг-42% (цэлцэгнүүр маягийн зунгааралдсан төлөв байдалтай). Органик уусгагчид ууссан хэсгийн хроматографийн шинжилгээгээр С20-С30 хүртэлх нүүрстөрөгчийн атомтой нүүрс ус төрөгчдийн хольц байна. Буцлах температур нь 350-450°С. Мазут, моторын тосны төрлийн бодисын үлдэгдэл байх боломжтой. Эдгээр хаягдал нь нефтийн хүнд түлшний тос, нэрлэгийн үлдэгдэлд хамаарах хольц бөгөөд БОАЖС, ЭМС-ын А356/396 хамтарсан тушаалын 3-р хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилал”-ын “Хавдар үүсгэгч 1В” ангилалд хамаарна” гэх шинжилгээний хариу /1хх-ийн 111 дэх тал/,
- Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хаягдал маслоны найрлагатай бодис байсан. Уг бодис нь нефтийн хүнд түлшний тос, нэрлэгийн үлдэгдэл буюу аюулын байдлаараа химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад хамаардаг. Мөн Хог хаягдлын тухай хуулиар хорт аюултай хог хаягдлын жагсаалтад хамаарах бодис байна...1В ангилалд нефтийн төрлийн бодисууд хамаардаг. Удаан хугацаанд агаарт дэгдэх, хүмүүс амьсгалах тохиолдолд хүнд хавдар үүсгэх магадлалтай гэж үздэг. Амьтан дээр туршиж үзэхэд нотлогдсон...” гэх мэдүүлэг /3хх-ийн 5-6 дахь тал/,
- Яллагдагч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Нийслэлийн прокурорын газраас 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан ******** дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Би уг үйлдлийг санаатай гаргаагүй болохоор хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Харин миний зүгээс яллагдагчаар татагдаж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэвэл би түүхий эдээс гарсан бодисыг аюултай хог хаягдал гэж мэдээгүй. Мөн .......... ХХК-д дуудлага өгөхдөө хаана асгахыг нь би заагаагүй. Өөр мэдүүлэг өгөхгүй. Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бичгээр хүсэлт гаргана . Манай компани мэдэх ёстой боловч асгуулсан. Харин сүүлд хэрэг гарсны хууль дүрэм журмаа судалсны дараа мэдсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 215-216 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “...50,625,000 төгрөг...” гэх ***** дугаартай үнэлгээний тайлан /2хх-ийн 239-246 дахь тал/,
- 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, бараа бүтээгдэхүүний нэгжийн болон нийт үнэ, дансны хуулга,
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой “...... их сургууль Хүмүүнлэгийн сургуулийн бакалаврын диломын хуулбар,
- 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Худалдааны хамтран ажиллах урсгал гэрээ”,
- 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 000247662 дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ”,
- Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 1 ширхэг сиди зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчимд “Маргад Эрдэнэ Уул” ХХК-ийн захирал ..........тай утсаар холбогдож “хэрэглээний бохир ус соруулна” гэж дуудлага өгч, гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг буюу жолооч С...........ыг ашиглан үйлдвэрийн байрны гадна байрлах ёмкосноос 20 тонн хөдөлгүүр, хурдны хайрцгийн болон тосолгооны тосны хаягдал буюу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 116 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Аюултай хог хаягдлын жагсаалт”-ын 13 дугаар зүйлд багтсан хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдлыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчимд соруулуулж, зориулалтын бус газар буюу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хэрэглээний бохир усыг татан зайлуулах 50 см диаметртэй төв коллектор шугам руу мөн өдрийн 21 цагийн орчимд хаясан болох нь: 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн: “...Хэргийн газрын үзлэг эхлэхээс өмнө Онцгой байдлын алба хаагчид үйлдвэрийн хашааны зүүн урд болон баруун хойд талын бохирын цооногт хэмжилт “.....” маркийн дарайгер багажаар хэмжихэд “.........” объектын зүүн урд байрлах хашааны гадна талын бохирын цооногийн агаарын нэгдлээс хэмжихэд 50 PPM хэмжих багаж дээр илэрсэн, үйлдвэрийн баруун урд талын хашаан дотор байрлах Бохирын цооногийн агаарын нэгдлээс хэмжиж үзэхэд багажийн гуурсаар дээд хязгаарт тулсан гэж хэлснийг тэмдэглэл болгон үзлэгт тусгаж үзлэгийн явцыг өөр газарт үргэлжлүүлэн явуулахаар тогтож дуусгав. Автомашинаар “О” худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн урд талд байрлах бохирын цооногийн дэргэд ирж GPS төхөөрөмж ашиглан байршлыг тогтооход Е.107.12.60, N.47.47.53 гэсэн солбилцолыг зааж байх бөгөөд бохирын худгийн ойр орчимд үзлэг хийхэд цооногийн урд болон хойд талаараа шороон замтай, замын шороо маш их суларсан, автомашины гэрлийн тусгалд тоосонцор их хэмжээтэй үүссэн, цооногийн нүхийг 116 см диаметрийн хэмжээтэй дугуй хэлбэртэй бетон тагаар тагласан байсныг №Н үсгээр тэмдэглэж үзлэг хийхэд цооногийн зүүн талд суурийн бетон блок хөндлөн байрласан, цооногийн бетон тагийг хөдөлгөж үзлэг хийхзд бохирын ус тунасан байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч цооногийн ойр орчимд их хэмжээтэй сул шороотой хөрстэй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Бохирын цооногийн урд талд цэнхэр өнгийн төмөр дээвэртэй, цагаан өнгийн төмөр жорлон, зүүн харсан цэнхэр өнгийн төмөр хаалгатай жорлон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийн явцад “.......” ХХК-ийн жолооч С-аас аль цооног бохир асгасан талаар тодруулахад 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр түлшнээс ялгарсан шингэн зүйлийг №Н үсгээр тэмдэглэсэн цооногт асгасан гэж зааж байлаа...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт төв замаас Зэвсэгт хүчний 337 дугаар анги салдаг уулзвараар ертөнцийн зүгээр урагш 800 орчим метр яваад “...........” ХХК-ийн тос масло дахин боловсруулах үйлдвэрийн саарал өнгийн дөрвөн тал блокон хашаа байв. ...Үзлэгийг цааш үргэлжлүүлэн “4” ширхэг ёмкостод хийж, ёмкостуудыг хойд талаас эхлэн 1, 3, 4, 5 дугаараар тэмдэглэв. Дээрх ёмкостуудын дээд талдаа тагтай түүгээр дамжуулж дээж авах боломжтой байсан тул хамгийн урд талын буюу 5 дугаартай ёмкостод суурилуулсан төмөр шатаар дээшээ гарахад “4” ёмкостыг хооронд нь төмөр шат, гүүр мэт зүйлээр дамнуулан тавьж хооронд нь холбож явах боломжтой болгосон байх ба “1” дугаартай хар, бор өнгийн ёмкостоос дээж авахаар дээд талын тагыг “4” ширхэг боолтоор боосон байсныг тайлан авч доторх агууламжийг харахад ёмкостны ёроол хэсгээр шар, бор өнгийн шингэний агууламжтай, дзэрх шингэнээс газ мэт хурц үнэр хүчтэй үнэртэх ба дээрх шингэнээс шинжилгээнд зориулан нэг удаагийн хуванцар саванд 100 мл шингэний агууламжийг модонд ундааны хоосон савыг зүсэж тогтоогоод хутгаж авав. Урд талаас хоёр дахь буюу “3” дугаартай ёмкостын дээд тагыг нээж нүдэн баримжаагаар харахад тал шахуу шингэний агууламжтай байснаас мөн нэг удаагийн хуванцар саванд 100 мл шингэний агууламж дээж болгон авав, “4” дугаартай ёмкостын дээд тагыг нээж үзэхэд талаас дээш харагдах ба мөн нэг удаагийн хуванцар саванд 100 мл шингэний агууламж дээж болгон авав. “5” дугаартай буюу урд талын шаттай ёмкостын тагыг нээж үзэхэд мөн талаас дээш хэмжээтэй байсан тул нэг удаагийн хуванцар саванд 100 мл шингэний агууламж дээж болгон авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл, үзлэг хийсэн: “...ёнкос дотор агуулагдаж байсан үл мэдэгдэх шингэнээс шинжилгээнд зориулж дээж авна “1” гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн: “...2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ...19 цаг 25 минут 20 секундэд...бохирын ус соруулдаг автомашин орж ирж байгаа дүрс бичигдсэнийг гэрэл зургаар бэхжүүлэв...20 цаг 01 минут 33 секундэд бохирын машин соруулж дуусгаад хөдөлж байгаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ё...........ын Самсунг А53 маркийн гар утсанд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Ч.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би “..........” ХХК-нд 2022 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл ажиллаж байна. Намайг ажилд орсон цагаас хойш огт үйл ажиллагаа явуулаагүй байж байгаад 2023 оны 09 дүгээр сард нэг ажиллаж байна гэж байгаад засаг захиргаанаас үнэр танар гарлаа гэж ирж шалгаад ажиллуулахгүй байсан, ...Манай компани ажилласан масло аваад дахин боловсруулдаг гэж ойлгосон. Би яг нарийн ширийн зүйлсийг нь мэдэхгүй. Би манаач хийхээс гадна автомашин засварын газруудаар явж автомашины ажилласан маслонууд зөөж авчираад үйлдвэрийн хашаанд байрлах ёмсокт руу юүлж хийдэг юм. Тэр масло нь тэр болгон бас олдоод байдаггүй болохоор үе үе явж авчирдаг. Миний авчирсан маслонууд үйлдвэрийн хашаанд байрлах зэрэгцээ байрласан 3 ширхэг саарал ёмсоктуудад хийдэг. Манай үйлдвэрийн хашаанд нийт 4 ёмсокт зэрэгцээд байдаг, хамгийн захын хар өнгийн төмөр ёмсоктод юу байдгийг мэдэхгүй, тэр лүү юм хийдэггүй юм. Манайхаас 3 ёмсоктоос намайг байхад масло авч байгаагүй. ...Автомашины засварын газраас авчирсан ашигласан масло, тосыг хятад ажилчид лабораторид шинжилж үзээд чанартайг нь нэг төмөр сав руу, чанар муутай хаягдлыг нь өөр төмөр сав руу ялгаж хийж байгаа харагддаг...” гэх мэдүүлэг, гэрч .......... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд байгууллагын ****** дугаарын утас мөн өөрийн ****** дугаарын хувь утсаар бохир ус соруулах дуудлага хүлээн авдаг. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг өнгөрч байхад ****** дугаарын утаснаас миний ****** дугаарын утас руу дуудлага ирсэн ба тухайн дуудлага нь Налайх дүүргийн ...........од байрлах байгууллага бохир усаа соруулъя гэсэн дуудлага байсан. Ингээд би тухайн үед хамгийн ойр явж байгаа бохирын машины жолоочтой холбогдоод тухайн дуудлагыг шилжүүлэн өгсөн. Ингэхдээ би жолоочдоо хэрэглээний бохир ус соруулах дуудлага гэж хэлсэн. Учир нь тухайн дуудлага өгсөн хүн нь хэрэглээний бохир ус гэж хэлсэн байсан. Үүний дагуу 19 цагийн үед манай ажилтан .......... нь ****УНО улсын дугаартай ........ маркийн бохир ус сордог машинтай тухайн байгууллагын хашаанд очиж 20 тонн шингэн бохирыг нь соруулан Налайх дүүргийн “О” худалдааны төвийн хойд талын худагт асгасан байдаг. ...Манай жолооч С........... 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр надад “...........” ХХК-ийн бохирыг соруулж байхад хурц үнэр гараад байхаар нь ажилчдаас нь асуухад “ажилласан маслоны ус” гэж хэлж байсан талаар хэлсэн. Тэгэхээр .......... өөрөө ч соруулж байх үедээ л ажилласан маслоны ус гэж мэдсэн байгаа юм. Гэхдээ .......... нь ажилласан маслоны ус гэхээр нь мөн л бохир ус гэж бодоод соруулчихсан юм. Ажилласан маслоны усыг химийн хорт аюултай бодис, аюултай хог гэж .......... мэдэхгүй шүү дээ. Би ч бас мэдэхгүй ээ...” гэх мэдүүлэг, гэрч С........... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нийтдээ 5 удаагийн бохирын тээвэрлэлт хийсэн. Хамгийн сүүлийн буюу оройн 19 цагийн орчим Налайх дүүргийн нутаг дэвсгэр, ...........ийн орчим автомашины мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрээс 20 орчим тонн шингэн ачсан. Ачсан 20 орчим тонн шингэнээ оройн 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “О” худалдааны төвийн баруун хойд талд байрлалтай бохирын төв шугамд асгасан. Тэгээд би ****УНО улсын дугаартай тээврийн хэрэгслээ Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах грашид байрлуулаад буусан. Өнөөдөр 15 цагийн орчим Нисэхийн эцэс орчим байрлалтай “Т” эмийн үйлдвэрийн 30 тонн бохирыг ачаад Дүнжингаравын зам дагуу байх бохирын худагт асгаад байж байхад цагдаагийн алба хаагч нар ирсэн. ...Манай байгууллагад уг мотор, кропны хаягдал тос масло дахин боловсруулж, дизелийн түлш үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрээс дуудлага өгөхдөө “ажилласан маслонаас ялгаж авсан ус соруулна” гэж дуудлага өгсөн тухай манай захирал М надад хэлж явуулсан. Би уг дуудлагын дагуу очиход ойролцоогоор 30 орчим тонны багтаамжтай ил тавьсан 4 ёмкост байсан. Би ертөнцийн зүгээр баруун захын ёмкосноос 20 орчим тонн бохирыг соруулахад тос масло, дизель түлш, газ мэт хурц үнэр үнэртэж байсан. Би тухайн үедээ тэр байгууллагын ажилчдаас ямар шингэн ачиж байгаа талаар асуухад ажилласан маслонаас ялгаж авсан ус байгаа юм гэж хэлсэн. ...Манай байгууллага бол бохир ус л тээвэрлэх зориулалттай. Тэрнээс биш шатамхай, тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэх хориотой байдаг. Надад анх манай захирал хэлэхдээ бохир ус гэж танилцуулсан. Ачиж байх явцад тос масло, дизель түлш, газ мэт хурц үнэр үнэртэхээр нь ажилчдаас нь асуухад бохир ус гэж хэлсэн. Манай байгууллага хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа байнга өгч ажилд гаргадаг. ...Би уг 20 тонн шингэнийг ийм айхтар үр дагавартай, хор хөнөөлтэй шингэж гэж мэдээгүй. Ачихгүй байх талаар холбогдох дарга удирдлагадаа мэдэгдээгүй. ...Байнга хийдэг бохир ачих ажил шигээ санаад ****УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ ачаад бохирын төв шугаманд асгасан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ус сувгийн удирдах газарт 2004 оноос хойш ажиллаж байгаа. Одоогоор шугамын ашиглалт засварын албанд шугамын техникчээр ажиллаж байна. ...Өнөөдөр өглөө 10 цагийн орчим Ус сувгийн төвийн хяналт удирдлагын төвөөс “Хан-Уул дүургийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, ....сургуулийн орчимд бохирын шугам бөглөрч их хэмжээний газ үнэртэж байна” гэх дуудлага ирсэн дуудлагын дагуу очиход Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, ....сургуулийн дундын шугам бөглөрсөн байсан. Шугамын бөглөөг гаргаад төвийн худаг буюу 59 дүгээр худагт хорт хий хэмжигч багажаар хэмжилт хийхэд зөвшөөрөгдсөн хэмжээнээс 5 дахин их заачих хэмжээний газ мэт зүйл үнэртэж байсан. Тэгээд хяналт удирдлагын төвд мэдэгдээд Хан-Уул дүүргээс ертөнцийн зүгээр зүүн зүгт 1000 диаметр хэмжээтэй бохирын хоолойг шалгахаар болсон. Зүүн зүгт Дүнжингарав худалдааны төвөөс экологийн цагдаагийн алба болон Онцгой байдлын албаны хаагч нарын хамт Налайхаас эхэлж үзлэг хийхээр болсон. Бохирын худгийн эхлэх цэг болох Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” хиамны үйлдвэрээс зүүн зүгт 500 орчим метр зайд “1” дугаарын худаг эхэлж үзлэг хийхэд хотын төвд үнэртэж байсан үнэр үнэртээгүй, баруун тийш үзлэг хийж явахад “....” ХХК-ийн хашааны гадна залгаа байрлалтай 10 дугаар худгаас газ мэт зүйл үнэртэж эхэлсэн байдалтай байсан. Тэр худгаас Онцгой байдлын алба хаагч нар дээж авсан. Үргэлжлүүлэн 12 дугаар худаг буюу “....” ХХК-ийн үйлдвэрээс оруулгатай худгийг шалгахад газ мэт зүйл их хэмжээгээр үнэртсэн. Тэгэхээр нь уг 12 дугаар худагт холболттой “....” ХХК-ийн хашаан дотор байх хэрэглэгчийн худгийг үзэхэд 12 дугаар худгаас илүү хэмжээтэй газ мэт зүйл үнэртэж байсан. “....” ХХК-ийн үйлдвэрт орж тунгаагуур, тос баригчийг нь шалгахад зүгээр байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..............” ХХК нь үйлдвэрийн явцад болон түүхий эдээс гарсан аюултай хог хаягдлыг Монгол Улсын хог хаягдлын тухай хуульд заасны дагуу аюултай хог хаягдлыг устгах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр устгуулна. Монгол улсад аюултай шингэн, хуурай хог хаягдлыг устгах тоног төхөөрөмжтэй тусгай зөвшөөрөлтэй компани байгаа. Тухайлбал аюултай шингэн, хуурай хог хаягдлыг устгадаг тусгай зөвшөөрөлтэй, зориулалтын тоног төхөөрөмжтэй “Э” ХХК нь одоо Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. “...........” ХХК нь үйлдвэрийн явцад болон түүхий эдээс гарсан аюултай шингэн хог хаягдлыг тухайн ойролцоо байрлаж байгаа “Э” ХХК-иар устгуулах ёстой байсан. Тухайн “Э” компанийг мэдэхгүй бол холбогдох байгууллагаас асуух ёстой байсан боловч өөрсдийн хариуцлагагүйгээс болж бохирын шугам руу аюултай хог хаягдал, химийн бодисыг асгасан. Уг асуудлаас болж мэргэжлийн зөвлөлөөс тухайн хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байгаа. Тухайн компанид тусгай зөвшөөрөл олгоход мэргэжлийн зөвлөл ажилласан ба миний бие гишүүнээр ажилласан байдаг...” гэх мэдүүлэг, гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2006 оноос хойш Ус сувгийн удирдах газарт бохир усны шугамын инженерээр ажиллаж байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 200 гаруй салбар болон төв колектор шугам байдаг. Миний хувьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн бохир усны шугамын хариуцан ажилладаг. Налайх дүүргийн “О” худалдааны төвийн хойд талд байрладаг бохир зөөврийн цэг, бохирын шугам нь Баянзүрх дүүрэгт хамаардаг тул би хариуцдаг юм. Тухайн бохирын шугам нь Налайх дүүргийн хэрэглээнээс гарч байгаа бохир усыг татан зайлуулах 50см диаметртэй коллектор шугам юм. 40см-ээс дээш диаметртэй бол төв том хэмжээтэй гэж үзэн коллектор шугам гэж нэрлэдэг. Тухайн газарт бохир зөөврийн цэг байрладаг учир нь бохирын шугам нь колектор юм. Хажууд нь шугамын худаг /траншейн/ байрладаг. Манай Ус сувгийн удирдах газартай шингэн тээврийн компаниуд “Хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах” гэрээ байгуулан ажилладаг ба иргэн, аж ахуй нэгж, байгууллагын хэрэглээнээс гарсан бохир усыг тээвэрлэн бохир зөөврийн цэгт асгадаг. Бохир зөөврийн цэгт асгасан бохир усны хог нь шүүгдэн үлдэж бохир ус нь бохирын шугамаар урсаж цааш илүү том хэмжээтэй коллекторуудтай буюу төв шугамтай нийлэн төв цэвэрлэх байгууламж руу очдог юм. Бохир зөөврийн цэгт аюултай хог хаягдал, химийн хорт болон аюултай бодис асгаж болохгүй, зөвхөн бохир ус асгахыг зөвшөөрдөг. Хэрэглээнээс гарсан бохир ус гатан зайлуулах гэрээний 3.1 дүгээр зүйлд стандартад заасан бохир ус асгана гэж тусгасан байгаа Тэгэхээр бохир уснаас өөр аюултай хог хаягдал, химийн бодис асгаж болохгүй. Хулгайгаар шингэн бохир асгаж байгаа хувь хүн, аж ахуй нэгжүүд нь бохир зөөврийн цэг рүү биш хажууд нь байх худаг /траншейн/ руу шингэн бохироо асгах үе байдаг. Энэ үед хог нь шүүгдэхгүй шууд бохирын шугам руу урсана гэсэн үг...” гэх мэдүүлэг, Шүүх Шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа гийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4995 дугаартай шинжээчийн: “1.Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар ууганд хийсэн хуванцар савтай шар өнгийн шингэнээс ууршимтгай органик нэгдэл (VOC) болох толуол (toluene), бензол (benzene) илэрсэн. “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуванцар савтай хар өнгийн шингэн, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуванцар савтай хар өнгийн шингэн, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуванцар савтай хар өнгийн шингэн зэргээс ууршимтгай органик нэгдэл болох (VOC) толуол (toluene) илэрсэн. 2.Илэрсэн толуол (toluene), бензол (benzene) нь Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалтын 707 болон 708 дугаар жагсаалтад багтсан байна. 3.4.5.6.Эдгээр асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулт өгөх боломжгүй. Уг бодисуудыг юунд ашигладаг болон хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй эсэх талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж тодруулах боломжтой” гэх дүгнэлт, Шүүх Шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжилгээний лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Д.З-ийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5099 дугаартай шинжээчийн: “1.Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “****УНО дугаартай бохир соруулдаг тээврийн хэрэгслээс авсан шингэн зүйл бэхжүүлсэн а/д Г.Сайнбаяр 2023.10.16 нд” гэсэн хаягтай хуванцар савтай хөр өнгийн шингэнээс ууршимтгай органик нэгдэл (VOC) болох толуол (toluene) илэрсэн. 2.Илэрсэн толуол (toluene) нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамааруулсан бодисын жагсаалтын 708 дугаар жагсаалтад багтсан байна. 3.4.5.6.Эдгээр асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулт өгөх боломжгүй” гэх дүгнэлт, шинжээч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...**** дугаартай дүгнэлтэд тусгасан бензол бодис нь ирүүлсэн 4 дээжний “1” гэх хаягтай савтай бодисноос илэрсэн бензол (benzene) бодисын хор аюулын хувьд лавлах мэдээллээс харахад эрхтэнүүдийг хүчтэй цочрооно. Хордсон тохиолдолд хүний биед төв мэдрэлийн системд хямрал үүсгэдэг хүний нүдэнд хүрвэл гэмтээнэ. Харин уг бодис нь удаан хугацаанд агаарт дэгдэх, уг бодисноос хурц хордлого авбал хүний арьсанд, амьсгалын эрхтэнд толгой өвдөх бөөлжих өвчин эмгэг үүсгэнэ...3,4,5 дугаартай, 5099 дугаартай дүгнэлтийн 1 дугаартай дээжүүдээс Толуол (toluene) бодис илэрсэн...уураар хүн амьсгалсан тохиолдолд ухаан алдах ба үхлийн аюулд ч хүртэх боломжтой. Хорт аюултай бодис. Удаан хугацаагаар хордсон тохиолдолд элэг, бөөрийг ихээр гэмтээнэ. Мөн урагт нөлөөлж өвчлүүлнэ...” гэх мэдүүлэг, Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газраас 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн *** дугаартай: “...Иймээс ариутгах татуургын шугам сүлжээ болон бохир зөөврийн цэг нь аюултай хог хаягдал, химийн хорт болон аюултай бодисыг асгах, устгахыг зөвшөөрсөн зориулалтын цэг биш болно” гэх албан тоот, Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газраас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн **** дугаартай: “Их Монгол, Баянмонгол хороолол орчмын хэрэглэгчдээс 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бохир усны шугамаас хурц үнэр үнэртэж байна гэсэн гомдлын дагуу Налайх ф-500мм коллектор, Туул-1 коллектор, Өмнөдийн ф-1000мм коллекторуудад үзлэг шалгалт хийсэн. Тухайн үед манай байгууллагын эзэмшлийн шугам хоолойд ямар нэгэн эвдрэл гэмтэл гараагүй бөгөөд шугамын трассын дагуу бохир усны худгуудад хүхэрт устөрөгч их хэмжээгээр хуримтлагдсан байсан” гэх албан тоот, Улсын бүртгэлийн еренхий газрын 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн **** дугаартай албан бичиг, түүний хавсралт, Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар ОНӨХХТҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн *** дугаартай албан бичиг, Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай: “1. Дээж №3. Ашигласан маслоны савнаас авсан дээж. Хар өнгөтэй, хурц үнэртэй, өтгөвтөр бодис. Органик уусгагчид бүрэн ууссан Хийн хроматографийн шинжилгээгээр С5-С35 хүртэлх нүүрстөрөгчийн атомтой, 70-450°С-ийн температурын хязгаарт буцлах нүүрс ус төрөгчид агуулсан органик хольц байх, боломжтой. 2. Дээж-2 Ашигласан маслыг боловсруулсны дараах үлдэгдлийн дээж (очиж авсан). Хар өнгийн, өтгөн цэлцэгнүүр маягийн төлөв байдалтай, хурц үнэртэй. Органик уусгагчид ууссан хэсэг 58%, үл уусах хатуу хэсэг-42% (цэлцэгнүүр маягийн зунгааралдсан төлөв байдалтай). Органик уусгагчид ууссан хэсгийн хроматографийн шинжилгээгээр С20-С30 хүртэлх нүүрстөрөгчийн атомтой нүүрс ус төрөгчдийн хольц байна. Буцлах температур нь 350-450°С. Мазут, моторын тосны төрлийн бодисын үлдэгдэл байх боломжтой. Эдгээр хаягдал нь нефтийн хүнд түлшний тос, нэрлэгийн үлдэгдэлд хамаарах хольц бөгөөд БОАЖС, ЭМС-ын А356/396 хамтарсан тушаалын 3-р хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилал”-ын “Хавдар үүсгэгч 1В” ангилалд хамаарна” гэх шинжилгээний хариу, гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хаягдал маслоны найрлагатай бодис байсан. Уг бодис нь нефтийн хүнд түлшний тос, нэрлэгийн үлдэгдэл буюу аюулын байдлаараа химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад хамаардаг. Мөн Хог хаягдлын тухай хуулиар хорт аюултай хог хаягдлын жагсаалтад хамаарах бодис байна...1В ангилалд нефтийн төрлийн бодисууд хамаардаг. Удаан хугацаанд агаард дэгдэх, хүмүүс амьсгалах тохиолдолд хүнд хавдар үүсгэх магадлалтай гэж үздэг. Амьтан дээр туршиж үзэхэд нотлогдсон...” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “...50,625,000 төгрөг...” гэх №***** дугаартай үнэлгээний тайлан, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, бараа бүтээгдэхүүний нэгжийн болон нийт үнэ, дансны хуулга, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ***** дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 1 ширхэг сиди зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэдээс Улаанбаатар хотын хэмжээнд газ үнэртэж байна гэх дуудлага мэдээллийг эрх бүхий байгууллагуудад ирүүлснээр хаанаас гарч байгааг илрүүлэхээр ОБГ-аас, цагдаагийн байгууллагатай хамтран ажилласны үр дүнд тухайн шүүгдэгч Б.Н нь “.........” компаниар Аюултай хог хаягдлын жагсаалтад орсон моторын тосны үлдэгдэл шингэнийг зориулалтын бус газар хаясан нь тогтоогдсон. Тухайн үйлдэл дээр өмгөөлөгч нарын маргаж байгаа асуудал дээр хүний эрүүл мэндэд хортой эсэх асуудал дээр ямар нэгэн байдлаар шинжээчийн дүгнэлт, эсвэл байгаль орчинд хортой нөлөө үзүүлэх үү гэдэг асуудал байгаа. Нэгэнт муу усны нүх рүү хаясан тул тухайн газраа үлдэхгүй тул тухайн бодисыг ачсан машин, ёнкс зэргээс дээж авч шинжилгээ хийсэн. Шинжилгээний үр дүнд химийн хорт бодис агуулагдаж байна. Мөн энэ бол моторын тос байх боломжтой гэдгийг Хими технологийн хүрээлэнгийн шинжилгээгээр тогтоосны улмаас гэмт хэргийн шинж нь шүүгдэгч Б.Н-ын явуулж байсан үйлдвэрийн тусгай зөвшөөрөл нь Аюултай хог хаягдлыг хадгалах, цуглуулах, боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал байна гэж үзэж зүйлчлэл хийсэн. Монгол улсын хэмжээнд өнөөдрийн энэ бохирын асуудал бүрэн цэвэрлэгдэж байна уу эсэх дээр асуудалтай. Тийм учраас Туул гол руу шингээд алга болдог. Хэрэв энэ их бодис зориулалтын бусаар устгалд орсон тохиололд бид нар Туул голын доош байрлаж байгаа мал аж ахуйтай иргэдийн байрлаж байгаа ундаалж байгаа ус, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгааг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжгүй. Тийм учраас бид нар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд дээр дүгнэлт хийсэн. Ус сувгийн газраас хэрэв хохирол учирсан бол нэхэмжлэх боломжтой гэж хэлсэн боловч одоогийн байдлаар бодитойгоор учирсан гомдол мэдээлэл байхгүй байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж буюу “хүний эрүүл мэндэд хортой нөлөөлөх, хорт хавдар үүсгэх бодис тухайн шингэнд агуулагдаж байна гэж үзэн хортой бодис гэж үзэж, тухайн бодисыг зориулалтын бус газар хаясан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж шүүхэд хэргийг шилжүүлсэн. Иргэдийн гомдол мэдээлэлд үндэслэн хүний эрүүл мэндэд хортой аюултай бодис гэж үзэж хэргийг зүйлчилсэн. Хими технологийн шинжээчийн дүгнэлт нь баталгааждаг шинжилгээний төрөл байгаа. Иймд шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Өмгөөлөгч нарын ярьж байгаа хими технологийн шинжээч нараас гаргаж байгаа дүгнэлттэй холбоотой шинжээчийн байгууллагаас гадуур хийгддэг. Мэргэжлийн байгууллагын албан тамга тэмдэг дарагдсанаар тухайн шинжээчийн дүгнэлт баталгааждаг мөрдөн шалгах ажиллагаанд шинжилгээний төрөл байгаа. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. ...Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиар зохицуулагдсан харилцаа ялгаатай. Зөрчлийн тухай хуулиар тодорхой процесс ажиллагаа явагдаж байгаа нь нийгмийн аюулын хувьд бага. Тодорхой үйл ажиллагаа яригддаг. Б.Н-ын хувьд өөрийн компанийн зүгээс үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөө залуу хүн. Өөрийн хариуцаж байгаа салбарын ажлыг хариуцлагатай хандаагүйгээс болж том аюул эрсдлийг дагуулж байдаг. Энэ үйл байдлаараа тодорхой санамж авсан байх гэж үзэж байна. Өмгөөлөгч нарын ярьж байгаа дээр мэдээж хүнээ өмгөөлж байгаа учраас гэрэл гэгээтэй талаас нь ярьж байгаа байх. Гэхдээ энэ бол ардаа том асуудал үүсэх бүрэн боломжтой. Тийм учраас Аюултай хог хаягдал, химийн хорт бодистой харьцаж байгаа компаниуд нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй ч гэсэн цаана нь ямар нөхцөл байдал үүсэж байгаа гэдгээс Эрүүгийн хууль тогтоомжоор эдгээр асуудал зохицуулагдаад явж байгаа. Яагаад химийн шинжээч нар энэ бодисууд жагсаалтад багтсан тайлбар зэргээс харахад хүний эрүүл мэндэд хорт хавдар гэдэг зүйл үүсгэх, хүний эрхтэн тогтолцоонд шууд үхэлд хүргэх аюул гэж яагаад нэрлээд байна. Монголчууд тогтоосон юм биш. Олон улсын хэмжээнд ямар нөлөөтэй гэдгийг тогтоосон байгаа. Мотор хоропны тосыг аж ахуй нэгжүүд үйл ажиллагаандаа аваад хэрэглэдэг. Аюултай зүйл нь их хэмжээгээр үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бол шууд төв цэвэрлэх байгууламжид хийснээр бүхэл бүтэн хотын хэмжээнд 2, 3 хүн яригдаж явж байна. Үүнээс харахад энэ ямар том үр дагавартай байсан байна. Үүнийг бас тогтоосноор бусад компаниуд үйл ажиллагаандаа анхаарах том асуудал болсон. Хүний эрүүл мэндэд аюултай тул зориулалтын газарт устгах ёстой гэдгийг мэдэж байсан өөрөө гэж хэлсэн. Налайхад мөн ийм ижил төрлийн компани байдаг. Би бас өөр компаниудыг харж байхад Олон улсад бас Аюултай хорт бодисыг устгахад өндөр зардалтай асуудал болдог. Монгол улс хэрхэн устгах талаар нарийн зохицуулсан компаниудыг жигдлээд явсан юм байхгүй. Гэтэл зүгээр бохир соруулдаг хүнээр соруулаад хаясан нь аюултай тул гэмт хэрэг гэж үзэж оруулж ирсэн шалтгаан гэж үү гэж байна. А.Кадирбек өмгөөлөгч Аюултай хог хаягдал гэж үзээд, моторын тос гэж оруулж ирсэн гэж байна. Гэтэл яалт ч үгүй энэ нь моторын тос, хропны тос. Энэ өөрөө зүйлчлэлийн хувьд химийн хортой аюултай бодис гэж үзэх үү, хог хаягдал гэж үзэх үү гэхээр хэргийн үндсэн шинж нь Аюултай хог хаягдлыг зориулалтын бус газар асгасан нь гэмт хэргийн шинжийг агуулж байгаа учраас тухайн зүйлчлэлээр зүйлчилж оруулж ирсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Кадирбек гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн зүгээс дараах дүнэлтийг гаргаж байна. Манай үйлчлүүлэгч үйл баримтын хувьд маргах зүйл байхгүй. Буруутай асуудлыг хүлээн зөвшөөрч байна. “...........” компани нь хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйлдвэр ашигласан хаягдал тос масло дахин боловсруулах замаар бүтээгдэхүүн гаргадаг. Хаягдал тосонд байгаа химийн Э тусдаа шугамаар гардаг. Ингээд дахин боловсруулахад гарсан саарал ус, хаягдал тосноос гардаг химийн Э нь өөр шугамаар дамжин тусдаа гардаг. Тэгэхээр хаягдал тос масло ашиглаад гарсан саарал ус нь Аюултай хог хаягдал байсан уу гэдгийг шүүгдэгчийн хувьд мэдэх боломжтой байсан. Гэмт хэргийг энэ хүн яаж үйлдсэн бэ гэдэг дээр бид нарын гэм буруугийн дүгнэх асуудал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг шийддэг. Өмгөөлөгчийн зүгээс энэ хүний эрх ашгийг хамгаалж байгаа учраас нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнэлтдээ хэлэхийг хүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт энэ хүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсвэл энэ хүний үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ямар гэмт хэрэг үйлдсэн гэдгийг шүүхээс дүгнэдэг. Прокурор Монгол улсын засгийн газрын 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 116 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар гарсан “Аюултай хог хаягдлын жагсаалтын 13 дугаар зүйлд багтсан” хүний эрүүл мэндэд хор аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд ямар гэмт хэрэг үйлдсэн бэ гэдгийг өмгөөлөгчийн зүгээс дүгнээд үзэхэд Засгийн газрын 2013 оны тогтоолын 13 дээр ямар төрлийн хог хаягдлын аюултай хог хаягдлын жагсаалд багтсан бэ “хөдөлгүүр, тосны хаягдал” өөрөөр хэлбэл энэ бол тосны тухай яриад байгаа. Үүнийг машин унаж байгаа хүн бүхэн мэдэж байгаа. Энд 5 төрлийн тос байна гээд ард нь тодорхой заасан байгаа. Энэ бол хлор агуулсан тос, хлор агуулаагүй эрдсийн тос, тосолгооны нийллэг тос, био задралд түргэн ордог, хөдөлгүүр, хурдны хайрцагны тосолгооны тоснуудыг аюултай хог хаягдал уг тогтоолын хавсралтаа баталсан байна. Яг ямар хог асагсан гээд үзэхэд Засгийн газрын тогтоолын хавсралтын 13 дахь заалтад заасан тос масло биш байгаад байна. Энэ хэнд ч ойлгох асуудал. Энэ хүн тэр тос масло худалдаж аваад боловсруулаад гарсан хог хаягдал байгаа. Тэр гарсан хог хаягдал бол тос биш. Гаргаж байгаа шингэн зүйл нь өөрөө 13 дугаар зүйлд заасан хог хаягдал байна гэдгийг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа. Шингэн хог хаягдал дотор 2 төрлийн химийн Э байна гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан. Илэрхийн химийн Эийн нэгэнд “бензол” гэдэг нь химийн хорт бодис гэдэгт орж байгаа. Гэхдээ тодорхой хэмжээгээр зөвшөөрдөг хэмжээ байдаг. Монгол улсын Байгаль орчны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал байгаа. Уг тушаалд химийн хорт бодисын ангилал гээд энэ ангилал дотроо хортой, хоргүй, зөвшөөрөгдсөн болох концерацийг нь заасан. Тэгэхээр хортой бодис 0.5 хувиас доош илэрвэл хоргүй, дээш бол хортой байна гэж үзэж байгаа. Гэтэл прокурорын яллах дүгнэлт дээр аюултай хог хаягдал гэдэг гэмт хэргийн үндсэн шинжийг ялгаж оруулж ирээгүй учраас энэ талаар бид дүгнэх нь илүүц асуудал болж байгаа. Хэрэв хэргийг үүгээр яллаж байгаа бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр 2024 оны 05 дугаар сарын хурал дээр тодорхой хэлж байсан. Өөрөөр хэлбэл хүний эрх ашгийг хамгаалж байгаагийн хувьд бол 2 төрлийн Э илэрсэн гэж шинжээч дүгнэсэн бол энэ Эийн зөвшөөрөгдсөн хэмжээг хэр хэмжээнд байвал хортой байх байсан талаар тогтоож оруулж ирэх ёстой байсан. Урьдчилсан хэлэлцүүлэг дээр энэ шинжээр чинь яллах дүгнэлт үйлдээгүй, аюултай хог хаягдал гэдэг Засгийн газрын журамд үндэслэн яллаж байгаа учраас бид энэ хүсэлтээсээ татгалзсан. Шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүгчийн захирамжид авагдсан. Энэ хүний гэм буруутай эсэх асуудлыг шүүх шийднэ. Аюултай хог хаягдал гэдгийг Засгийн газрын 13 дугаар тогтоолын 13 дугаар бүлэгт жагсаалтад байгаа эсэхийг шүүх анхааран үзнэ үү. Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн журамд Аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, устгах журам байгаа. Уг журмын 3.4 дүгээр хэсэгт аюултай хог хаягдлыг устгах тээвэрлэх талаар тодорхой заасан журмыг “...........” компани боловсруулаад, үүний дагуу Аюултай хог хаягдлын устгалд оруулах байсан боловч уг журмыг баримтлаагүй. Яагаад гэвэл анхны удаа тухайн хог хаягдлыг хаяж байгаа тул “.........” компани хог хаягдлын компанид хог хаягдал хаях ажил хийлгэсэн. Бидний хувьд тухайн журмыг баримтлаагүйгээс Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 24 дэх заалтад Аюултай хог хаягдлыг хэрхэн устгах талаар заасан журмыг зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдэл харагдаж байна. Бид нарын хаяулсан хог бол шингэн зүйл байгаа. Шинжээчийн дүгнэлт дээр Дээж-2 дээр байгаа зүйл бол бид нарын хаяулсан зүйл биш. Гэтэл дээж-2 дээр байгаа шинжилгээний дээж бол өтгөн хар байгаа. Гэм буруутай эсэх асуудлыг шүүхээс шийдвэрлэнэ. Миний үйлчлүүлэгч хайнга хандсан үйлдэлдээ гэмшиж байгаа. ...Хүн ямар хэрэгт буруутгагдаж байгаагаа мэдэх эрхтэй. Тиймдээ ч бид нар хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа. Би үйлчлүүлэгчдээ тайлбарлаж хэлэхэд хүндрэлтэй асуудал үүсэж байна. Засгийн газрын тогтоолын 16 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан “Аюултай хортой хог хаягдлын жагсаалтад багтсан хог хаягдал зориулалтын бус газар хаясан” гэж прокурор яллаж байгаа. Бид хэргийн үйл баримтыг ярихад 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээр яагаад үүнийг хөдөлгүүр болон хурдны хайрцагны тос гэж гаргаж болоогүй юм бэ, тэгж дүгнэлт гаргах боломжгүй. Тэр тосыг аваад дахин боловсруулах ажиллагааны явцад тодорхой хэмжээний хог хаягдал гарсан. Энэ хог хаягдал нь тухайн жагсаалтын 13 дугаар зүйлд тодорхойлсон Аюултай хог хаягдал биш гэдэг санаагаа хэлж байгаа. Гэтэл энэ асуудлаар яллаж байгаа тохиолдолд энэ хүн хуульд заасан эрх нь хөндөгдөж байна. Энэ асуудлаар яллахад хүндрэлтэй асуудал байгаа учраас үүнийг тайлбарлаж дүгнэлтээ гаргаж байгаа. Дээрээс нь тос уу эсвэл ямар төрлийн хог хаягдал байсан гэхээр саарал өнгийн шингэн зүйл гээд бүх шинжээчийн дүгнэлтэд гарсан. Тэгэхээр бид энгийн логикоор харахад тос байсан уу, ус байсан уу гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Зөрчлийн шинжтэй асуудал байна гэдэг асуудлыг үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дээрдүүлэх талаас ярьсан. Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 24 дэх заалтад Хог хаягдлын тухай хууль, тэр дундаа аюултай хог хаягдал цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаагаа хуульд заасан шаардлагын дагуу биелүүлээгүйгээс аюултай хог хаягдлыг зориулалтын бус газар хаяулсан асуудал нь Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 24 дэх заалтад заасан шинжтэй байгаа талаар хууль тогтоогч нар тодорхойлоод өгсөн байна. Тэгэхээр аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа нь хуульд заасан нөхцөл журмыг баримтлаагүй гэдэг нь ямар журмаар яаж тодорхойлж өгсөн гэхээр Засгийн газрын журмын 4.15 дугаар зүйлд тодорхой заасан. Өөрөөр хэлбэл устгахын тулд эхлээд онцгой байдлын зохицуулагчид холбогдох байгууллагад танилцуулаад ийм аргаар устгана гээд төлөвлөгөөгөө танилцуулаад ийм ажиллагаа нь хийгээгүй нь буруу болсон. Энэ харин эрүүгийн хэрэг үү, зөрчил байна уу гэдгийг шүүх тогтоох байх. Бид тодорхой хэмжээний хууль тогтоомжийг биелүүлж ажиллаагүйгээс гарсан гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ нь аюултай хог хаягдал мөн эсэх дээр шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэх байх” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Чинбат гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Миний хувьд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр хэрэг шүүхийн шатанд ирснээс хойш орсон. Б.Н-ын хувьд гэм буруу дээр маргадаггүй. Төслийн эхлүүлэхээс өнөөдрийг хүртэл бүх ажлыг эхлүүлж, ажиллуулж байгаа хүний хувьд тухайн шингэн хог хаягдлыг журмын бусаар хаяулсанд харамсаж байгаа. Шүүгдэгчийн хувьд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “.........” компанийн М захиралтай холбогдоод 600,000 төгрөгийн төлбөр төлөөд үйлдвэрээс ялгарсан саарал шингэн хог хаягдлыг хүлээлгэн өгсөн. Тухайн компанийн жолооч .......... ****-УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлдээ соруулаад асгасан. Тухайн жолооч болох Л-ын зүгээс юунаас гарсан ямар шингэн бэ гэдэг талаар асуусан байдаг. Энэ талаар М захирал мөн мэдүүлэгтээ дурдсан. Ингээд жолооч Л нь тухайн шингэн хог хаягдлын шугам руу асгасан. Хог хаягдлын тухай хуульд үүсгэгч гээд тухайн хог хаядлыг өмчлөгч этгээд хариуцана. Хог хаягдлыг өмчлөх эрх нь гэрээний үндсэн дээр шилжиж болдог гэж 5.2 дахь заалтад заасан. Ингээд өмчлөх эрх шилжүүлэхээр өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болж дараагийн өмчлөгчид тээвэрлэх, боловсруулах, устгах үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөх эрх үүснэ гэж заасан. Энэ дээр эрх зүйн харилцаа үүсэж байгаа дээр Н ашигласан масло, тосыг өөртөө өмчлөх эрхийг шилжүүлж аваад, дизел түлш хийж, саарал тосны хаягдал гарсан. Уг саарал тосыг М захиралд шилжүүлсэн ийм асуудал эрх зүйн харилцаа үүсэж байгааг шүүхээс анхааран үзнэ үү. Өмчлөх эрх шилжсэнээр дагаад эрсдэл нь давхар шилждэг талаар Иргэний хуульд заасныг шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ анхааран үзнэ үү. Гэмт хэргийн объектив шинж нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдлыг зориулалтын бус газар хаясан гэх үйлдэл байгаа. Энэ хэрэг дээр Н, ..........т хог хаягдал өгөөд .......... хаяж байгаа асуудал дээр анхааран дүгнэж өгнө үү. “...........” компанийн нийгэмд үзүүлж байгаа нийгмийн хариуцлагын үр нөлөө асар өндөр гэж үзсэн. Улаанбаатар хот болон 21 аймгийн хүрээнд 1500.00.00 орчим машин, механиз хүнд машин механизм явж байгаа. Хүнд даацын уурхай үйлдвэрүүдээс ашигласан тос масло их хэмжээгээр гардаг. Уг хаягдлыг хэрхэн тогтоосон талаар судалгаа байхгүй, тухайн хаягдлыг хадгалаад байдаг нөхцөл байдалтай байдаг. Харин манай зүгээс уг ашигласан тос түлшийг авч дахин боловсруулж, ашиглаж, хог хаягдлын хор нөлөөг багасгаж байгаа. Уг үйлдвэрээс гарсан хог хаягдал буюу саарал тос гэж гарсныг хаях ийм зориулалттай үйлдвэр байгаа. Үүн дээр ийм нөхцөл байдал дээр Н-ын хувийн байдал талаас нь харвал улсынхаа эдийн засаг олон зүйлд үр нөлөөтэй төсөл байгаа гэдгийг шүүхийн зүгээс анхааран үзнэ үү. Шүүхээс гэм буруугийн асуудлыг эцэслэн дүгнэх байх гэж үзэж байна. ...Энэ хэрэг дээр ажиллаж байхад Н-тай олон удаа уулзсан. Энэ хүний хувьд гэм буруугаа ойлгож энэ үйл явдлын талаар сайн ойлгосон гэж үзэж байгаа. Улсын яллагч машин механизмын хөдөлгүүрийн тос гэж зүйлчилж оруулж ирсэн. Тэгэхээр хөдөлгүүрийн тосны хаягдал гэж үзэхээр хөдөлгүүрийн тос нь 60 орчим бодисоос бүрддэг. Одоо Н-ын хаяад байгаа бодис нь бензол, телол гэдэг хоёр төрлийн бодис байгаа. Энэ хоёр бодис нь улсын яллагчийн хэлээд хурдны болон тосолгооны хог хаягдал гэдэгт хамаарах эсэх нь тодорхойгүй. Эцэст нь Б.Н-ын хувьд шүүхээс зөрчлийн хэрэг байна уу, эрүүгийн хэрэгт гэм буруутай гэж үзвэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлд “Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисийг хаях” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисийг зориулалтын бус газар хаясан, хог хаягдлын зэрэглэлийг санаатайгаар буруу тогтоож зориулалтын бус газар хаясан, устгасан, улсын хилээр нэвтрүүлсэн бол…” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан байдаг.
Шүүгдэгч Б.Н нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн орчимд “...............” ХХК-ийн захирал ..........тай утсаар холбогдож “хэрэглээний бохир ус соруулна” гэж дуудлага өгч, гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг буюу жолооч С...........ыг ашиглан үйлдвэрийн байрны гадна байрлах ёмкосноос 20 тонн хөдөлгүүр, хурдны хайрцгийн болон тосолгооны тосны хаягдал буюу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 116 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Аюултай хог хаягдлын жагсаалт”-ын 13 дугаар зүйлд багтсан хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдлыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчимд соруулуулж, зориулалтын бус газар буюу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хэрэглээний бохир усыг татан зайлуулах 50 см диаметртэй төв коллектор шугам руу мөн өдрийн 21 цагийн орчимд хаясан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисийг зориулалтын бус газар хаясан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хог хаягдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. “хог хаягдал” гэж өмчлөгч этгээд хэрэглэхгүй болсон эд юмс, материалыг; 4.1.2. “аюултай хог хаягдал” гэж тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдлыг хэлнэ гэж хуульчилсан.
Зориулалтын бус газар хаясан гэж Хог хаягдлын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан стандартыг зөрчсөн, энгийн хог хаягдлын цэгт хаясан, химийн хорт болон аюултай бодис, тэдгээрийн хаягдлыг хоргүй ба аюулгүй болгон зайлуулаагүй байхыг ойлгоно.
Шүүгдэгч Б.Н-ын хаяулсан ажилласан тос маслыг дахин боловсруулаад ялгарч гарсан саарал ус гэх хог хаягдал нь химийн хорт бодис агуулсан, уг бодисууд нь хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх хорт хавдар үүсгэгч агуулсан, үхэлд ч хүргэх аюултай болох нь удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд Н нь уг хаягдал гэх саарал усыг аюултай эсэхийг зохих журмын дагуу шалгаагүйгээс зохих журмын дагуу устгаагүй болохоо өөрөө ч мэдүүлж байна.
Иймд шүүгдэгч Б.Н-ын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисийг зориулалтын бус газар хаясан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Зөрчлийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 24 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хариуцлага хүлээх ёстой гэх боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчлийн хэрэг гэж үзэхээр хуульчилсан.
Мөн яллах дүгнэлтэд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 116 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Аюултай хог хаягдлын жагсаалт”-ын 13 дугаар зүйлд заасан химийн аюултай хог хаягдалд орохгүй, энэ бодис нь түлш түүхий эд биш боловсрогдсон саарал ус гэж өмгөөлөгч нар мэтгэлцэх боловч хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал биш болохыг нотлоогүй. Уг саарал ус гэх хаягдлыг хадгалсан сав, зөөвөрлөсөн машины емкос, асгасан гэх газраас авсан дээжүүдэд хийсэн шинжилгээ, шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн няцаасан баримтгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хаяуулсан саарал ус гэгч нь химийн хорт бодис агуулсан, уг бодис нь хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хаягдал болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, биенээ давхар нотолсон эргэлзээгүй байх тул шүүх үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болгосон болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлэлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хуулийн зорилго, шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж хэр хэмжээ зэргийг харгалзан үзсэн. Иймд шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хаваст хэрэгт авагдсан 1 ширхэг Сиди, мемориг хэргийн хамт хадгалах саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Кадирбек эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үздэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үлсдэн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үздэг. Миний үйлчлүүлэгчийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэлийн лавлагаагаар харагдаж байгаа. Мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт ярьсан. Монгол улсад хэрэгтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх явцад гарсан алдаа гарсан. Ажил хийж байгаа хүн алдаа гаргадаг. Алдаа гарахад байгаль орчин, хүний эрүүл мэндэд хохирол учирхаас өмнө арга хэмжээ авсан тул хохирол хор уршиг учраагүй байгааг харгалзан прокурорын торгох эрүүгийн хариуцлагын саналыг дэмжиж байна. Гэхдээ хуульд зааснаар 7 сая төгрөгөөр торгож өгнө үү. Яагаад торгох ялын хэмжээг багасгаад өгөөч гэж байна гэхээр хавтаст хэрэгт Б.Н-ын нийгмийн даатгал төлдөг баримт авагсдан. Сард 1.500.000 төгрөгийн цалинтай. Жилд тооцоход 11 сая төгрөг орчим байна. Тэгэхээр дундажлаад үзнэ. Мэдээж амьдарч байгаа тул хэрэгцээ гарна. Тэгэхээр үүнийг 50 хувиар тооцоод тодорхой хэмжээгээр торгох ялыг шүүхээс оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Чинбат эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нөхцөл байдлыг буруугаар тооцож, андуурсны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн байж болзошгүй гэдэг байдлаар өмгөөлөгчийн зүгээс санал гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд, шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд нөхцөл байдлыг сайн тодруулаагүй, буруу ойлгож, шингэн хог хаягдлыг саарал ус гэж гэм буруугаар ойлгож байсан гэдэг нөхцөл байдал тогтоогдож байгаа гэж үзэж байгаа тул торгох ялын хэмжээг бууруулж 7000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгож, 6 сараас 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр шийдэж өгнө үү” гэв.
Шүүх шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан, үйлдэгдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Бусад асуудал:
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди, 1 ширхэг мемори картыг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........ овогт Б.Н-ыг “Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисийг зориулалтын бус газар хаясан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Н-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи, 1 ширхэг мемори картыг хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ