Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2022/00732

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч:, Ю овогтой Г ын Б ийн нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Б овогтой Н ын С ад холбогдох,

 

 

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 23.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Бэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа, хариуцагч Н.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

 1. Нэхэмжлэгч Г.Бэ нь хариуцагч Н.Сад холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэг 23.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Г.Бэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Миний бие хариуцагч Н.Стай 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж нэг иж бүрдэл бүхий ундаа, усны үйлдвэрийн тоног төхөөрөмж, бэлдэц түүхий эдийг 83.000.000 төгрөгөөр худалдсан. Гэрээний дагуу Н.Сад эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй тоног төхөөрөмж, бэлдэц түүхий эдийг хүлээлгэн өгсөн ба түүний үнээс 60.000.000 төгрөгийг авсан. Харин үлдэх 23.000.000 төгрөгийг төлөөгүй, одоо болтол өгөөгүй тул шүүхэд хандаж байна. Уг 23.000.000 төгрөгийг Н.С 3 хувааж буюу 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 8.000.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 8.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 7.000.000 төгрөгийг тус тус төлөхөөр тохирсон байсан. Иймд хариуцагч Н.Саас гэрээний дагуу 23.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн ярьж байгаагаар түүхий эд бэлдэцийг би одоо буцаан авах боломжгүй, тухайн түүхий эдийн чанар мууддаг, хугацаатай эд зүйл байдаг бөгөөд авлаа гээд надад ямар ч ашиггүй. Мөн тоног төхөөрөмж биет байдлын доголдолтой байсан гэж байгаа боловч энэ талаар надад шаардлага гаргаж байгаагүй, би биет байдлын доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэн өгсөн тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй гэжээ.

 

 

 

2. Хариуцагч Н.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Бээс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр өмнө ашиглагдаж байсан хагас автомат цэвэр усны тоног төхөөрөмж болон 2 ширхэг микроавтобуыг 60.000.000 төгрөгөөр тооцон худалдан авсан. Түүнийг дагалдуулж түүхий эд болох хар өнгийн хуванцар савны бэлдэцийг 23.000.000 төгрөгөөр тооцон өгсөн. Урьд нь ярилцаж тохирсны дагуу 60.000.000 төгрөгийг бэлнээр төлсөн ба дагалдуулан өгсөн түүхий эдийн мөнгийг дараа төлөхөөр болсон. Уг тоног төхөөрөмжийг худалдан авч, цэвэр усны үйлдввэрлэлийг эхлүүлсэн боловч үйлдвэрийн тоног төхөөрөмжид үе үе саатал гарч, эвдрэл үүсдэг ба үүнийг байнга засуулж цаг алдах, мөн инженер, техникийн ажилчдыг ажиллуулж тооцоолоогүй зардал их гарсан. Ингээд эхний нэг дэх жил бид хавар, намрын идэвхитэй үеийн борлуулалтаас орлого олоогүй, алдагдал хүлээсэн. Түүнчлэн хар өнгийн савны бэлдэцийг ашиглах боломж бидний төлөвлөсөн зах зээлд үүсээгүй тул төлбөр төлөөгүй. Ингээд дараа жил нь цар тахалтай холбоотой зөвхөн манайх гэлтгүй бүх аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн тул төлбөр төлөх боломж гараагүй. Бид 23.000.000 төгрөгийг төлөх боломжгүй бөгөөд хэрэглэгдэхгүй байгаа сав баглаа боодолтойгоо байгаа бэлдэцүүдийг буцаан өгөх саналтай байна. Мөн бид Герман улсаас яг адил төрлийн тоног төхөөрөмж судалхад харьцангүй бага үнээр оруулж ирэх боломжтой байсныг мэдсэн ба Г.Бэ хэтэрхий өндөр үнэтэй, мөн биет байдлын доголдолдтой тоног төхөөрөмж бидэнд зарсан байгааг дурдмаар байна гэжээ.

 

 

 

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж 272.950 төгрөг төлсөн баримт, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1047 дугаартай Худалдах-худалдан авах гэрээ /Хөдлөх эд хөрөнгө/ гэсэн баримт, Г.Бэ, Н.С нарын иргэний үнэмлэхний хуулбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 60 дугаар тэмдэглэл, Г.Бээс Ц.Батзаяад олгосон итгэмжлэл, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 26А-15/8115 дугаар албан бичиг зэргийг тус тус ирүүлсэн.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

 

 

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Г.Бэ, хариуцагч Н.С нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1047 дугаартай Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Н.С нь Г.Бээс ундаа, усны үйлдвэрийн тоног төхөөрөмж, бэлдэц түүхий эдийн иж бүрдлийг 83.000.000 төгрөгөөр тооцон худалдан авах, урьдчилгаа 60.000.000 төгрөгийг бэлнээр төлөх, үлдэх 23.000.000 төгрөгийг 3 хувааж буюу 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 8.000.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 8.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 7.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Бэд төлөхөөр тус тус тохиролцсон байна. Мөн гэрээний дагуу үйлдвэрийн тоног төхөөрөмж болон түүхий эд бэлдэцийг худалдан авагчид шилжүүлэн өгсөн талаар дурджээ.

 

 

 

3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний дагуу хүлээлгэн өгсөн бэлдэц, түүхий эдийн үнэ 23.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

 

 

 

4. Хэдийгээр хариуцагч Н.С нь Шилжүүлэн өгсөн үйлдвэрийн тоног төхөөрөмж нь биет байдлын доголдолтой байсны улмаас байнга засвар үйлчилгээ хийлгэж, төлөвлөөгүй зардал их гарсан, мөн бэлдэц түүхий эдийг бид хэрэглэхгүй тул буцаан өгөх хүсэлтэй байна хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ тодорхойлсон боловч тэрээр хүлээн авсан тоног төхөөрөмжийг биет байдлын доголдолтой байсан талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

 

 

 

5. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илэрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-т заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан ба хариуцагч уг хугацааг хэтрүүлсэн байх тул түүний дээрх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй болно.

 

 

 

6. Мөн талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний 3.2-т ... үлдэгдэл төлбөр 23.000.000 төгрөгийг хувааж буюу 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 8.000.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 8.000.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 7.000.000 төгрөг тус тус төлөх-өөр тохиролцсон байх бөгөөд хариуцагчаас энэхүү мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 

 

7. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Н.Саас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 23.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бэд олгож шийдвэрлэв.

 

 

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Саас 272.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бэд олгоно.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Н.Саас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 23.000.000 /хорин гурван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бэд олгосугай.

 

 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272.950 /хоёр зуун далан хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Саас 272.950 /хоёр зуун далан хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Бэд олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА